Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл
Нийтлэл
УЕПГ-ЫН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТӨВИЙН ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН НӨХЦЛИЙГ СУДЛАХ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛ Ph.D Б.ӨНӨРМАА:ШҮҮГЧИЙН ДОТООД ИТГЭЛ БА НОТЛОХ БАРИМТЫГ ҮНЭЛЭХ АЖИЛЛАГАА

Шүүх эрх мэдлийн нэр хүндийн нэг гол шалгуур нь шүүхийн шийдвэрийн бодит үндэслэл буюу шүүгчийн дотоод итгэлд тулгуурлаж тухайн үйл баримтад өгч буй эрх зүйн шинжлэх ухааны онол, хуулийн хэрэглээг хослуулан гаргасан хууль зүйн дүгнэлт бөгөөд шүүхийн шийдвэрийн хүч чадал нь тухайн шийдвэрийн хөдөлбөргүй байдал, шийдвэр хэлбэрэлтгүй хэрэгждэгт оршино. Энэ утгаараа шүүх нь тухайн шийдвэрлэж буй асуудлын нөхцөл байдлыг таамгаар хуульд нийцүүлэгч бус нийгмийн шударга ёсыг бодитойгоор хэрэгжүүлэгч, түүний бодит баталгаа болж байдаг.

Шүүхийн шийдвэрийн бодитой, итгэл үнэмшил төрүүлэхүйц чанар нь

- аливаа үйл баримтын мөн чанар, тухайн үйл баримтад холбогдогч, оролцогч, хамааралтай хүмүүсийн эсрэг тэсрэг сонирхлын агуулга, сэдэлт, зорилгыг танин мэдэж

- үйл баримтыг /гэмт хэрэг, зөрчил/ бий болгосон шалтгаан, нөхцөл болон шууд ба шууд бус нөлөөлөл, хүчин зүйл,

-гэм буруутайд тооцогдсон хүн нөгөө талд хохирогч эсхүл хохирогчийн зүй бус харьцаа, үйлдэлээс шалтгаалсан нөхцөл байдлыг бүхэлд нь авч үзэн дүгнэлт гаргахдаа тухайн үйл баримт хамаарах эрх зүйн зохицуулалтыг эх сурвалж, агуулгаар нь тайлбарлахад орших бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл хэр бодитой болсон эсэхийг харуулдаг. Үүнийг ЭХХШТХ-ийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт буюу шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал-ыг шүүхийн тогтоолд тусгана гэсэн хуулийн заалтын агуулгаас харж болно.

Шүүхээр бодит үнэнийг тогтоох нь хуулийн дагуу хэргийн материалд авагдсан нотлох баримтыг шинжлэн судлах, үнэлж дүгнэх үйл явцуудын нэгдэл юм. Энд шүүх тухайн нотлох баримтын эх сурвалж, цуглуулсан арга хэрэгсэл нь хуульд нийцсэн эсэх, нотлох баримт өөрөө тухайн хэлэлцэгдэж байгаа хэргийн нөхөл байдлыг нотлох, эсхүл үгүйсгэх чадвартай эсэхэд гол анхаарлаа төвлөрүүлнэ. Шүүгч нотлох баримтыг өөрийн мэдлэг чадвар, оюун санаа, хүсэл зоригийн чанаруудад тулгуурласан дотоод итгэлээрээ үнэлэх нь сэтгэл зүйн өвөрмөц үйл явц юм.[1]

Шүүгчийн дотоод итгэл гэдэг нь хувь хүний асуудалд хандах сэтгэл зүйн хандлага ч биш хувийн итгэл үнэмшил ч биш бөгөөд аливаа хэрэг, маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтын хүрээг зөв тодорхойлж эх сурвалжийг тогтоосон, тэдгээр нь хөдөлбөргүй нотлогдсон талаар хуульчийн мэргэжлийн ур чадварт тулгуурласан итгэл үнэмшил бөгөөд уг итгэл үнэмшилээ хуульд нийцүүлж гаргасан шийдвэрээр баталгаажуулж байдаг.

Шүүхийн шийдвэрийн чанар нь шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтад хийсэн дүгнэлт, харьцуулалт, хууль тогтоомжийн агуулгыг тайлбарласан байдал, шийдвэр бүхэлдээ эргэлзээгүй, ойлгомжтой тодорхой байх шинжүүдээр хэмжигддэг байна.

2010-2013 онд Европын Сэргээн босголт Хөгжлийн Банкны санхүүжилтээр Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн улсууд, Монгол, Гүрж, Зүүн Өмнөд Европын орнууд зэрэг өөрийн үйл ажиллагаа явуулж буй ихэнх орны шүүхийн шийдвэрийн чанарын судалгааг хийсэн.[2] Агуулгаар нь авч үзвэл шүүхийн шийдвэрийн эргэлзээгүй, бодитой байхыг 7 шалгуур буюу

  1.  цэгцтэй байдал ба бүтэц;
  2. талуудын дэвшүүлсэн тайлбарыг авч үзэх;
  3. холбогдох хууль тогтоомжид хийсэн дүн шинжилгээ;
  4. нотлох баримтын үнэлгээ;
  5. шийдвэр гаргах үндэслэл;
  6. оршин буй жишгийн эрх зүйн зохицол;
  7. шийдвэрт нөлөөлөх аливаа хууль тогтоомжийн шинж, процессын асуудлуудыг харгалзан үздэг байна.

Дээрх шалгуурууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл /Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэц/, 36.6 дугаар зүйл /Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэг/, 36.7 дугаар зүйл /Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг/, 36.9 дүгээр зүйл /Шүүхийн цагаатгах тогтоол/, 39.6 дугаар зүйл /Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх/ гэсэн заалтуудад тусгалаа олсон байна.

Шүүхийн зарим шийдвэрт дүн шинжилгээ хийхэд хуульд заасан шалгуурыг хангаагүй, бүтцийн хувьд хуульд нийцээгүй, үйл баримтад дүгнэлт хийлгүй нотлох баримтыг хуулбарлан бичдэг байдал оршсоор байна.

        Шүүгчийн дотоод итгэл нь хууль ёсыг гуйвалтгүй сахих, шүүх эрх мэдлийн зорилт, нийгмийн шударга ёсыг хангах, хувийн хариуцлагаа ухамсарлах, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх талаар түүний үнэлэмжийн чиг баримжаатай холбоотой төлөвшин тогтдог сэтгэл зүйн болон ёс суртахууны шинжтэй нарийн үйл явц бөгөөд гаргаж буй шийдвэр нь ч энэ утгаараа хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан байх ёстой. Тухайлвал:

1. Тогтоолын удиртгал хэсэгт “..... Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .... дугаар зүйлийн ... дахь хэсгийн -д зааснаар яллах дүгнэлт  үйлдэж  ирүүлсэн ....-д холбогдох эрүүгийн .....тоот хэргийг хянан хэлэцэв” гэж ихэвчлэн бичиж байна. ЭХХШТХ-ийн 32.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “прокурор....яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлнэ” гэжээ. Прокурорын газар буюу байгууллага яллах дүгнэлт үйлдэх хуулийн зохицуулалт байхгүй байна.

2. ЭХХШТХ-ийн 36.7 дугаар зүйлд зааснаар шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэг нь гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ гэжээ.

Тогтоолд “...хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж..” ихэвчлэн дүгнэж байгаа нь хэт ерөнхий байна.

Зүй нь Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой” гэж дүгнэвэл нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд өгч буй дүгнэлт бөгөөд нотлох баримтын ач холбогдлыг тодотгосон үнэлэлт юм.

 Мөн нотлох баримтуудыг “хамааралтай, хангалттай” гэж дүгнэсэн боловч нотлох баримтын хамаарлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй буюу хохирогчид учирсан гэмтэл, хохирол шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн шалтгаант холбоонд  дүгнэлт хийхгүй байх тохиолдол байна..

3. Шүүхийн шийтгэх тогтоолын хэсгийн гэм буруутайд тооцох хэсэгт ЭХХШТХ-ийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой,  хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаасан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тусгана гэжээ.

Шүүх нотлох баримтын агуулгыг дурьдаж байгаа боловч улсын яллагчийн дүгнэлтийг дурьдахгүй байна. Улсын яллагчийн дүгнэлт, прокурорын яллах дүгнэлт нь хоёр өөр дүгнэлт бөгөөд прокурор яллагдагчийг гэм буруутай гэж үзэн шүүхэд шилжүүлэхдээ үйлддэг эрх зүйн хэлбэрийг прокурорын яллах дүгнэлт гэнэ.

            Улсын яллагчийн дүгнэлт гэдэг нь ЭХХШТХ-ийн 34.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож нотлох баримт, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар шүүх хуралдааны явцад илэрхийлсэн санал юм. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд бүрэн тусгагдсан байх ёстой. Шүүхийн шийдвэрт улсын яллагч шүүх хуралдааны явцад ямар санал гаргасан, шүүх саналыг хүлээн авсан эсэх, улсын яллагчийн мэтгэлцсэн үндэслэл зэргийг дурьдахгүй байх тохиолдол байна. Шүүгдэгчийн гэм бурууг тогтооход улсын яллагчийн байр суурь чухал ач холбогдолтой байдаг

4. Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэх тохиолдол байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь “Гэм буруугаа хүлээсэн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” нийтлэг зохьцуулалт бөгөөд “хүн” гэсэн субъектэд өсвөр насны хүн бас хамаарна.

ЭХЕА-ийн Наймдугаар бүлэг нь өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл, ялын төрөл, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлийг зохьцуулсан бөгөөд хорих ял оногдуулсан бол түүнийг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөхөөр бол ЭХЕА-ийн 6.7 дугаар зүйлийг баримтлах ёстой.

Дүгнэлт. Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлага нь шүүгч тухайн үйл баримт болон түүнийг нотлох баримтыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан журам, дүрэм мөн олон улсын нэгдэн орсон гэрээ конвенцийн заалтад нийцүүлэн дотоод итгэлд тулгуурлан гаргасан хууль зүйн дүгнэлтээс хамаардаг бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх нь мэргэжлийн ур чадвараас шалтгаалдаг процесс юм.

 


 
Санал асуулга
Статистик мэдээ
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
164
Өчигдөр
208
7 хоногт
2546
Сүүлийн сард
10433
Сүүлийн жилд
112363
Нийт хандалт
113115