Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Ярилцлага
ПРОКУРОР Ш.БААСАНДОРЖИЙН "РОМ-ГЕРМАНЫ ЭРҮҮГИЙН ПРОЦЕСС" НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

1 030 2018/02/26

Прокурорын бичсэн бас нэгэн ном уншигчдийн гар дээр очлоо. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор,Франц улсын магистратурын үндэсний их сургуулийн гадаад магистрат төгсөгч, Хууль сахиулахын их сургуулийн докторант Ширчмаагийн Баасандорж "Ром-Германы эрүүгийн процесс" номыг бичиж, гаргажээ. Энэ хүү ном нь Эртний Ромын эрүүгийн процесс, Франкын эзэнт гүрний эрүүгийн процесс, Францын хаант засаглалын үеийн эрүүгийн процесс, Францын хувьсгалын үеийн эрүүгийн процесс, өнөө үеийн эрүүгийн процесс гээд түүхэн цаг үеийн үечлэлээр нь танилцан судалж , суралцахад ач холбогдолтой бүтээл болжээ.

 Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар, Франц Улсын Шүүх яамны харъяа Магистратурын үндэсний сургуультай /Шүүгч, Прокурорын мэргэжлийн сургууль/ хамтран ажиллахаар 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр "Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулснаар хоёр талын хамтын ажиллагаа амжилттай үргэлжилж байгаа юм. Ш.Баасандорж нь Франц улсын Магистратурын үндэсний их сургуулийн магистрат анхны прокурор билээ. "Магистрат" гэдэг нь Францын эрх зүйн тогтолоцоогоор бол өндөр зэрэглэлийн шүүгч, прокурор юм байна. Түүний явсан замаар манай олон хуульч, тэр дундаа прокурорууд явж энэ агуу улсын хууль эрх зүйг судлах боломжтой. 

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор,Франц улсын магистратурын үндэсний их сургуулийн гадаад магистрат төгсөгч, Хууль сахиулахын их сургуулийн докторант Ш.Баасандоржтой түүний бичсэн номын талаар ярилцлаа.

ФРАНЦААС БУЦАХДАА БЭЛЭГ СЭЛТ БИШ, ФРАНЦЫН ХУУЛЬ ЗҮЙН НОМ, СЭТГҮҮЛ, СУРАХ БИЧИГЭЭР ГАР ТЭЭШ, БАГАЖАА ДҮҮРГЭЖ БИЛЭЭ

"Франц Улсын Эрүүгийн процессын хууль, тогтоомжийн түүхэн уламжлал, шинэчлэлийн талаар ” ном бичих санаа хэзээ төрөв ?

-Би  2015 онд Франц Улсын Магистратурын Үндэсний сургуульд сурч байхдаа анх Францын эрх зүйн талаар ном бичих санаа төрж, хичээл, сургалтын явцад судалсан материалаа хадгалж эхэлсэн. Би урьд нь Франц Улсад ажиллаж амьдарч байсан болохоор тус сургуульд сурч байх хугацаандаа Франц Улстай танилцахад биш Магистратурын үндэсний сургуулиас аль болох их зүйл сурч, мэдэж  ирэхийг зорьж ажилласан. Чөлөөт цагаараа  номын сан, буудалдаа хичээлээ хийнэ. Дэлгүүр, музей, бусад үзвэр үйлчилгээний газраар бараг л ороогүй. Урьд нь  Францын музейгээр хангалттай зочилж  үзсэн. Тиймээс гол анхаарлаа сургалт, хичээлдээ зориулсан. Францаас буцахдаа бэлэг сэлт биш, францын хууль зүйн ном, сэтгүүл, сурах бичиг, хуулиар гар тээш, багажаа дүүргэж билээ. Бүүр илүү ачааны мөнгө төлж авчирсан гээд бод доо. Ном их хүнд байдаг. Дээр нь Францад ном их үнэтэй, боломжийн хэмжээнд өөрөө ном худалдаж авсан, түүнээс гадна Магистратурын Үндэсний сургуулийн номын сан 2015 онд хэвлэсэн эрүүгийн хууль, эрүүгийн процессын хуулиа  акталж байхад нь гуйж авсан. Номын сангаас 1980 –иад оны ганц нэг ном авахаас гадна хэрэглэж буй сургалтын гарын авлагаас нь хувилж авчирсан юм. Эрүүгийн болон эрүүгийн процессын хууль нь баримжаагаар дөрвөн хуруу зузаан хууль шүү дээ. Лав л миний гар тээшинд номууд маань багтаагүй, ачааны цүнхэндээ хувцас, номоо хамтад нь чихсэн  юм даг. Надад франц эрх зүйн тогтолцоо, эрх зүйн талаар тодорхой ойлголт, мэдлэг, дээр нь ном, сурах бичиг байгаад байдаг. Юун түрүүн эрүүгийн эрх зүй, эрүүгийн процессын чиглэлээр ном бичихээр шийдлээ. Эхлээд эрүүгийн эрх зүй юу, эрүүгийн процессын чиглэлээр бичих үү гээд эргэлзлээ. Тэгж байгаад эрүүгийн процессын чиглэлээр бичихээр барьж авсан юм. Гэтэл унших судлах зүйл маш их байдаг, бичиж байх явцад мэдэхгүй франц нэр томьёо гараад ирнэ, тэгэхээр нь тэрийг цааш нь ухаж судална, цаг их авна, зарим үедээ ер нь болье гээд орхино, зарим үед буцаж барьж авна. Үндсэн ажлынхаа хажуугаар, чөлөө заваараа бичиж байгаа болохоор ахиц муутай явдаг байлаа. За тэгээд найруулга талаас нь засна. Үндсэндээ энэ номыг 2 жилийн хугацаанд бичиж гаргасан юм байна. Номны хэмжээ нь их биш ч гэсэн доторх агуулга нь сонирхолтой болсон байх гэж найдаж байна.

МОНГОЛ УЛС НЬ ЭХ ГАЗРЫН ЭРХ ЗҮЙН БҮЛД БАГТАЖ БАЙГАА БОЛ ЭХ ГАЗРЫН ЭРХ ЗҮЙН БҮЛИЙН ГОЛ ХОЁР УЛС БОЛОХ ФРАНЦ, ГЕРМАН УЛСЫН ЭРХ ЗҮЙГ САЙН СУДЛАХ ЁСТОЙ

-Номныхоо талаар товч танилцуулвал ?

-Ном гурван бүлэг, 16 гарчиг, сэдвээс бүрдэж байгаа. Францын Улсын эрх зүй нь Эртний Ромын эрх зүйгээс эхтэй тул эрүүгийн процесс нь мөн ялгаагүй эхтэй гэж ойлгож болно. Тиймээс түүхэн уламжлал талаас нь бичиж, Эртний Ромын эрүүгийн процесс, Франкын эзэнт гүрний эрүүгийн процесс, Францын хаант засаглалын үеийн эрүүгийн процесс, Францын хувьсгалын үеийн эрүүгийн процесс, өнөө үеийн эрүүгийн процесс гээд түүхэн цаг үеийн үечлэлээр нь гаргаж тавихыг зорьсон юм. Гэхдээ аль болох онцлог талаас нь бичихийг хичээсэн. Дээр нь Францын эрүүгийн процессын нэр томьёог эрдэм шинжилгээ, судалгаа, практик хэрэглээнд, эргэлтэнд оруулах санаа давхар яваа. Тиймээс франц, латин, англи, орос зэрэг үг хэллэгийг мэдэх хэмжээндээ хадмал хийж давхар оруулсан. Монгол Улс нь эх газрын эрх зүйн бүлд багтаж байгаа бол эх газрын эрх зүйн бүлийн гол хоёр улс болох Франц, Герман улсын эрх зүйг сайн судлах ёстой. Германы эрх зүйн талаар харьцангуй сайн судалдаг. Германы төсөл, хөтөлбөр ч хэрэгжидэг. Харин манайд Франц Улсын эрх зүй бараг судлагдаагүйтэй адил. Судлахдаа хуулийг тэр чигээр нь судалдаггүй юмаа гэхэд тухайн эрх зүйн талаарх хамгийн гол нэр томьёо, томьёололыг судалж нэг мөр ойлгож, оновчтой монголоор орчуулж буулгах шаардлагатай юм. Хэдхэн жишээ хэлье. Франц жишигээр бол прокурор нь шүүх эрх мэдэлдээ багтана. Өөрөөр хэлбэл, англиар бичиж буй "French judiciary” гэсэн нэршил, нэр томьёонд Францын шүүх, прокурор аль аль нь багтана. Үүнийг гадна талаас нь англи үг хэллэг талаас харж орчуулбал зөвхөн Францын шүүх л гэж орчуулж, ойлгоно. Францын эрх зүйг англи хэлээр дамжуулж судлах нь ийм буруу ойлголт өгөх эрсдэлтэй байдаг. Францын "Poursuite” гэх нэр томьёо, нэршил нь оросын "преследование” гэсэн нэр томьёо, нэршилтэй, үүнээс "opportunité des poursuites” гэсэн эрх мэдэл урган гарна. Англиар "discretionary power to prosecute” гэж буулгана. Францын мөрдөн байцаалт гэсэн нэршил "enquête” бөгөөд оросоор "следствие” гэсэн үг. Эдгээр нэршлээс үзвэл цагдаа нь мөрдөн байцаалт эрхэлдэг бол прокурор нь мөрдөн шалгадаг юм байна гэдэг нь ойлгогдоно. Тэгэхээр хуучин хуулийн нэр томьёолол зөв байжээ гэсэн үг. Миний тэрлэсэн жижигхэн номонд энэ мэт эрүүгийн процессын нэршил, нэр томьёо, эрүүгийн процессын журам, түүний арга зам зохих хэмжээгээр тусгагдахын зэрэгцээ Францад хэрхэн хэрэглэгддэг талаар авч үзсэн болно. Түүнээс гадна Францын эрүүгийн процессын түүхэн уламжлал, хөгжилд тодоор дурьдагддаг 1498, 1536, 1539 оны ордоннонсе-уудын талаар товч авч үзсэн. За тэгээд дэлхийн анхны эрүүгийн процессын төрөлжсөн хууль болох 1670 оны ордоннонсе, дараа үеийнх нь 1795 оны эрүүгийн процессын хууль, 1808 оны эрүүгийн процессын хуулиудын талаар болон өнөө үеийн 1958 оны эрүүгийн процессын хуулийн талаар авч үзэж, судалж гаргаж тавьснаар миний ном танин мэдэхүйн хүрээнд их зүйл өгөх байх. Дээр нь 2013 оны Францын шүүх, прокурорын статистик үзүүлэлтийг оруулсан нь сонирхолтой, амьд болсон болов уу. Мөн Европын улс орнуудын прокурорын чиг үүрэг, онцлогийн талаар судалсан франц судлаачийн бүтээлээс ишлэл аван оруулсан зүйлүүд ч бий

ФРАНЦ УЛС НЬ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫГ ДЭЛХИЙД АНХЛАН БАЙГУУЛЖ, ЧИГ ҮҮРЭГ, СТАТУС ЗЭРГИЙГ ТОГТООЖ ӨГСӨН БАЙДАГ

-Франц Улс нь дэлхийн түүхэнд анх удаа прокурорын байгууллагыг байгуулж чиг үүргийг тогтоосон улс. Одоо прокурорын байгууллага нь манайхаас ямар ялгаатай ямар чиг үүргийг хэрэгжүүлдэг бэ?

 -Франц нь Эртний Ромын эрх зүйг өвлөж аваад Дундад зууны үед болон хувьсгалаас хойшхи үедээ шүүн таслах олон нэр төрлийн шүүхүүдийг байгуулж, шүүн таслах чиглэлээр асар их өв уламжлал, туршлага хуримтуулсан улс. Энэ их өв уламжлалын зэрэгцээ Прокурорын байгууллагыг дэлхийд анхлан байгуулж, чиг үүрэг, статус зэргийг тогтоож өгсөн байдаг. Францын прокурорын алба нь 715 жилийн түүхтэй байгууллага. Францчууд прокурорын алба  нь Эртний Грек, Эртний Ромд үүсэж бий болоогүй, Францад үүсэж байгуулагдсан гэдгээр өнөө хир бахархдаг. Францын прокурор нь гэмт хэргийг гурван арга замаар шийдвэрлэдэг бүрэн эрхтэй байдаг. Гурав дахь арга зам буюу альтернатив процедур нь манай улсад бүрэн гүйцэт нутагшаагүй байна. Мөн прокурор эрүүгийн хэргийг хурдавчилсан журам, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй. Хурдавчилсан болон хялбаршуулсан журмыг манайхан арай өөрөөр хольж хуульчлаад байх шиг байх юм.

- Таны номноос Франц Улсын эрүүгийн процессын хууль тогтоомжийн талаар ойлголт авлаа. Танин мэдэхүйн ач холбогдолтой ном болжээ?

-Тийм үү, дахин баярласнаа илэрхийлье, Залуу судлаач, залуучуудад санаа, сэдэл авах олон хууль зүйн нэр томьёонууд бий, судлахад хялбарыг бодоод франц болон бусад хэлээр давхар хадмал хийсэн болохоор интернeтээр хайхад амар байх болов уу. Дээр хэлсэнчлэн гадаад улс орнуудын Үндсэн хуулийн эрх зүйг судлахдаа Францын Үндсэн хуулийн эрх зүйг эхэлж судлах шаардлага байдагтай адилхан эх газрын эрх зүйн бүлийн эрүүгийн процессыг судалъя гэвэл Францын эрүүгийн процессыг эхлэн судлах шаардлагатай. Байшингийн хундаам барихгүйгээр  байшин барьж болдоггүйтэй адилхан ойлголт юм шүү. Яагаад гэвэл эрүүгийн эрх зүй, эрүүгийн процессын эрх зүй, иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, хувь хүний эрх, эрх чөлөөний тунхаглал гээд бүгд Францаас эхтэй юм. Оросод суралцаж байсан манай эрдэмтэн, судлаачид Оросууд Германы эрх зүйгээс илүүтэй Францын эрх зүйг судалдаг гэж ярьдаг. Энэ чинь нэг л юм хэлээд байгаа хэрэг.

ЕВРОПЫН ХОЛБОО НЬ ХОЛБООНЫХОО САНХҮҮГИЙН АШИГ СОНИРХОЛД ХАРШ, ХАЛДСАН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТЭМЦЭХ ЗОРИЛГОТОЙ, МӨРДӨН ШАЛГАХ ЭРХ ХЭМЖЭЭТЭЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫГ БАЙГУУЛЖ БАЙНА

- Та номондоо Европын прокурорын газрын тухай бичсэн байх юм. Энэ ямар учиртай юм бэ ?

-Европын прокурорын газар нь дэлхий нийтийн прокурорын байгууллагын хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлно гэж боддог. Европын холбоо, холбооныхоо санхүүгийн ашиг сонирхлоо хэрхэн хамгаалах, Европын төсөв, санхүү, сан, фонд, хөрөнгө мөнгөө хэрхэн хамгаалах, зарцуулалтад нь хэрхэн хяналт тавих, зарцуулалтын явцад гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэх, ашиглан шамшигдуулсан эсэх, авлига, албан тушаалтны гэмт үйлдэл байгаа эсэх, Европын холбооны татвараас зайлсхийж байгаа эсэх зэрэг өргөн хүрээнд хянах, холбооны санхүүгийн ашиг сонирхолд харш, халдсан хууль бус үйл ажиллагаатай тэмцэх зорилготой, мөрдөн шалгах эрх хэмжээтэй прокурорын газрыг байгуулж байна.  Европын нэгдсэн прокурорын газар Франц, Герман улсын хамтын хүчтэй шаардлагын  үндсэн дээр байгуулагдаж байна. Энэ байгууллагын анхны үзэл санаа, баримтлал, онол нь Францын хуульч Мирей Делмас Марти-гаас эхтэй юм.

Хэрвээ манайд прокурорын байгууллагадаа ийм эрх мэдэл өгвөл юу болох вэ? Та төсөөлдөө ? Прокурорын ерөнхий хяналт сэргэж байна гээд прокурор төсөв, санхүү хянах нь байна, бүүр зарцуулалтыг шалгах нь байна гээд...,шуугих байх. Одоогоор манай улсад энэ байгууллагын талаар мэдэж, ярьж,  судалж байгаа хүн алга. Тиймээс оруулсан хэрэг.

МАГИСТРАТУРЫН ҮНДЭСНИЙ СУРГУУЛИЙН УРИА ЮУ ГЭЭЧ. "МАГИСТРАТУРЫН ҮНДЭСНИЙ СУРГУУЛЬД ХУУЛИЙН АМИН СҮНС ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИГ” ЮМ

 -Ярилцлагаа таны Франц Улсад суралцсан талаар үргэлжлүүлье. Та Франц Улсад багагүй хугацаанд суралцаж, амьдарсан. Энэ талаараа сонин ярьвал ?

- Франц Улс нь эртний соёл, иргэншилтэй, хөгжингүй улсуудын нэг. Түүх, соёл нь гайхамшигтай. Парис хот нь тэр чигээрээ музей. Ийм улсад хэсэгхэн хугацаанд ч ажиллаж амьдарна гэдэг гайхалтай. Парисын музейгээс гадна Ерөнхийлөгчийн ордон, Төрийн зөвлөлийн ордон (Захиргааны дээд шүүх), Үндэсний ассамблей, Сенатын ордон, Гадаад харилцааны яам, Соёлын яам зэрэг төр захиргааны байгууллагуудад орж, үзэж байлаа. Намар болгон нээлттэй хаалганы өдрүүд болж түүхэн дурсгалт газрууд, орд харшууд ард түмэндээ үнэгүй үүд, хаалгаа нээдэг юм. Тэр үеэр нь дээрх газруудтай үр хүүхэдтэйгээ хамт үзэж билээ. Харин Дээд шүүх, Парисын шүүхэд зочлох боломж Магистратурын үндэсний сургуульд сурч байхад гарсан юм. Тэр үеэр Дээд шүүхийн Тэргүүн ерөнхийлөгч буюу ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор нартай танилцах боломж гарч, уулзаж байсан нь сайхан дурсамж юм. Би Франц руу суралцахаар явж байсан талаараа аян замын тэмдэглэл маягаар бичиж, прокурорын сайтад тавьж байсан. Мөн Магистратурын үндэсний сургуулийн талаар болон хэрхэн суралцах талаар нийтлэл бичиж сайтад тавьсан. Тус сургуульд сурч байх үеэр Францын хорих байгууллагын үндэсний сургуульд очиж танилцахдаа тусгай хамгаалалт, тоноглол бүхий номын санд нь зочилж Монтескьегийн Хуулийн амин сүнс номны эх хувийг өөрийн гараар барьж үзсэн нь Францад байсан хугацааны хамгийн дурсгалтай мөч юм. Хуулийн амин сүнс гэснээс би чамд нэг зүйл хэлье. Манай Магистратурын үндэсний сургуулийн уриа юу гээч. "Магистратурын үндэсний сургуульд хуулийн амин сүнс цэцэглэн хөгжиг” юм.

- Таны цаашдын судалгааны төлөвлөгөө юу вэ ?

- Францын эрүүгийн эрх зүйн онолын  ном бичихээр дөнгөж эхэлчихээд байна. Мөн Францын Эрүүгийн процессын нэр томьёог, тайлбартай хамт, тэрхүү нэр томьёо нь Англид байдаг эсэх талаар нэг ном бичихээр эхэлж байна. Ром-Германы эрүүгийн процессын чиглэлээр ном бичсэн юм болохоор Англи-Саксоны эрүүгийн процессын чиглэлээр нэг ном бичих хэтийн төлөвлөгөө бий. Хууль сахиулах их сургуулийн докторантурт сурж байгаа болохоор зайлшгүй судлах, бичих  шаардлага байх юм.

-Та докторантурт сурж байгаа юм байна. Та ямар сэдвээр хамгаалах гэж байна ?

 -Франц, Монгол Улсын эрүүгийн процессын харьцуулсан эрх зүйн чиглэлээр хамгаалах санаатай байна. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлынхаа хүрээнд Францын шүүх, прокурорт очиж судалгаа хийх хүсэл, сонирхол их л байна. Францад сурч байхдаа танилцаж, дотно нөхөрлөсөн Магистратурын үндэсний сургуулийн захирал асан Игзави Ронсин нь Францын орон нутгийн нэг мужийн давж заалдах шатны шүүхийн тэргүүн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа. Намайг судалгаа хийхийг ихэд дэмжиж өөрийн шүүхдээ уриад л байна. Францад шүүхийн хамгийн гол эрх мэдэл давж заалдах шатны шүүхдээ байдаг юм. Тиймээс давж заалдах шатны шүүхэд судалгаа хийнэ гэдэг том боломж юм. Намайг Улсын Ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэст ажиллаж байх үеэр Францын нэг хотын ерөнхий прокурор айлчилж байсан юм. Түүний айлчлал нь Монголд хоёр 7 хоног үргэлжилсэн бөгөөд бид хоёр хамт ажиллаж, их дотно танилцаж нөхөрлөсөн юм. Түүнийг Жон-Кристоф Муллер гэдэг. Байнга л имэйлээр харилцаатай байдаг. Тэр одоо Парис хотын давж заалдах шатны шүүхийн дэргэдэх Прокурорын ерөнхий газарт Санхүү, эдийн засгийн гэмт хэргийн хяналт хариуцсан хэлтсийн орлогч прокуророор ажиллаж байна. Францад дахин очиж суралцах, судалгаа хийхийг дэмжиж байгаа. Энэ хоёр эрхмүүд хувиасаа их дэмжиж байдагт нь баярлаж явдаг.

- Таны цаашдын судалгааны ажил болон ном бүтээх ажилд тань амжилт хүсье.

- Гялайлаа, номын цагаан буян ивээг.

Магистратурын үндэсний сургуулийн захирал  Игзави Ронсин-ы хамт​​

Франц Улсын Пау хотын прокурор асан, Парис хотын Давж заалдах шатны шүүхийн дэргэдэх Ерөнхий прокурорын газрын орлогч прокурор Жон-Кристоф Муллер-ын хамт

"ФРАНЦ УЛСЫН ЭРҮҮГИЙН ПРОЦЕССЫН ХУУЛЬ, ТОГТООМЖИЙН ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ” НОМ ИХ СОНИРХОЛТОЙ НОМ БОЛСОН БАЙХ ТУЛ ТА БҮХЭН СОНИРХОЖ УНШААРАЙ.

Ш.Баасандоржийн prokuror.mnсайтанд нийтлэгдэж байсан нийтлэлүүдийг доорх  линкээр орж уншаарай.

http://prokuror.mn/index.php?newsid=938

http://prokuror.mn/index.php?newsid=734

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
199
Өчигдөр
201
7 хоногт
1564
Сүүлийн сард
4423
Сүүлийн жилд
80057
Нийт хандалт
173317