Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл Шилэн данс Холбоо барих
Онцлох мэдээ
БНСУ-Д ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ШАЛГАХДАА МЭРГЭЖЛИЙН ШИНЖЭЭЧ, МӨРДӨГЧ, ПРОКУРОР ЗЭРЭГ ХАМТАРСАН БАГ АЖИЛЛАДАГ

Бүгд Найрамдах Солонгос Улсын  КОЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас  зохион байгуулагдсан туршлага судалж, мэргэжил дээшлүүлэх сургалтад  Улсын Ерөнхий прокурор газраас болон Нийслэл,Тээвэр, Аймаг, Дүүрэг, Сум дундын прокурорын газрын нийт  12 прокурор хамрагдаад иржээ. Уг сургалтын талаар УЕПГ-ын Сургалт, судалгааны төвийн дэргэдэх Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судлах хүрээлэнгийн захирал, доктор Б.Өнөрмаа, УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор Х.Батчимэг нартай ярилцлаа.

 -Сургалтын агуулга болон сэдвийн талаар танилцуулна уу?

-Б.ӨнөрмааБүгд Найрамдах Солонгос Улсын  КОЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас 2018 оны 04 дүгээр сарын 11-нээс 27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Монголын прокуроруудад зориулсан сургалт”-нд Улс, Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газрын 12  прокурор хамрагдлаа. Энэ удаагийн сургалтын агуулга нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурорын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх түүнчлэн эрүүгийн хэргийг шалгахад цахим нотлох баримтыг илрүүлэх, бэхжүүлэх, нотлох баримтын хэмжээнд үнэлэх зэрэг Солонгос улсын эрүүгийн хэрэг шалгах, шийдвэрлэх олон дэвшилттэй туршлага, шинэлэг санааг тусгасан сайхан сургалт болж өнгөрлөө. Сургалтаар  БНСУ-ын прокурорын байгууллагын тогтолцоотой танилцахаас гадна “Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах арга зүй”, “БНСУ-ын прокурорын байгууллагын тогтолцоо”, “БНСУ-ын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тойм”, “Кorea information system of criminal justice services (kics)”, “Албан тушаалын байдлаа ашигласан" гэх мэт авилгын гэмт хэргийн эсрэг тусгай мөрдөн шалгалтын практик, кэйс”, “Дижитал нотлох баримт албадан хураах журамдижитал шинжлэн магадлахуйн ур чадварын тухай ойлголт”, “Мобайл шинжлэн магадлахуйн ойлголт, тодорхойлолт, шинжлэн магадлахын хэрэгсэл ашиглаж зураглал хийх ур чадвар”, “Авилгын эсрэг олон улсын хамтын ажиллагаа”, “Солонгос улсын гэмт хэргийн орлого буцаах тогтолцоо кэйс” зэрэг хичээлүүд орж цахим нотлох баримтын талаарх онолын мэдлэгийг бататгах практик сургалт орсон нь маш үр дүнтэй боллоо.

-Манай улсын эрх зүйн орчинд авууштай ямар сайн туршлага байна гэж харсан бэ?

-Б.Өнөрмаа: Нотлох баримтыг илрүүлэх, бэхжүүлэх, үнэлэх процесс цаг үеээ дагаж техник, технологийн дэвшлийг ашиглан өндөр төвшинд хөгжсөн байна. Аливаа гэмт хэргийг илрүүлэх нотлохдоо уламжлалт арга буюу мэдүүлэг болон бодит  материаллаг нотлох баримтад тулгуурлахаас илүү тухайн хүний гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт, шалтгаан,  гэмт хэрэгт хамааралтай хүн, хуулийн этгээдийн мэдээлэл зэргийг гэмт хэрэг үйлдсэн  хүний ашиглаж хэрэглэж байсан гар утас, компьютер, зөөврийн компьютер, флэш, диск, камер зэрэг цахим мэдээлэл хадгалагдаж болох бүхий л хэрэгсэлд үзлэг хийж гэмт хэрэг үйлдэхээс өмнө болон дараах бүхий л үйлдлийг цаг хугацаа, орон зайгаар хөдөлшгүй нотолж байгаа нь дэвшилттэй байсан.

Мөн эдийн засгийн болон авилга албан тушаалын гэмт хэрэгт санхүүгийн эх сурвалжийг прокурор шалгаж тогтоож байгаа ажиллагаа нь гайхалтай байсан. Манай улсад сүүлийн үед цахим гэмт хэрэг өсч байгаа мөн гэмт хэрэг үйлдэхдээ дижитал хэрэгсэл ашиглаж байгаа интернет банк ашиглаж үйлдэж байгаа залилангийн хэрэг, мөнгө угаах зэрэг олон төрлийн гэмт хэргийг илрүүлэх, нотлоход өнөөдөр цахим нотолгоог магадлан шинжлэх аргыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай болж байна. Гэвч боловсон хүчин бэлтгэх, техник технологийг нэвтрүүлэх, тоног төхөөрөмжөөр хангах гээд цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагдах төсөл, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх боломжтой болов уу гэж бодогдсон. Мөн эрүүгийн хэргийг шалгахдаа мэргэжлийн шинжээч, прокурор, мөрдөгч зэрэг хамтарсан баг ажилладаг нь хэргийг шуурхай шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж өөрсдөө тайлбарлаж байсан. Цагдаагийн байгууллага, прокурор, шүүх нь мэдээллийн нэгдсэн системд холбогдсон нь цаг хугацаа,  эдийн засгийн маш том хэмнэлтийг бий болгосон бөгөөд эрүүгийн хэргийн хөдөлгөөнийг лавлагаа авахгүйгээр мэдээллийн сангаас шууд харах боломжтой болгосон зэрэг олон дэвшилттэй зүйлүүдтэй бид танилцаад ирлээ.

-Х.Батчимэг: Солонгос улсын прокурорын байгууллага нь хэрэг мөрдөх эрхтэй байгууллага бөгөөд гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн гомдол, мэдээллийг прокурор өөрөө шалгаж, мөрдөх, мэдүүлэг авах, нотлох баримтуудыг өөрөө цуглуулах зэргээр идэвхитэй оролцдог субъект болохыг онцлон хэлэх нь зүйтэй байх. Үүнтэй зэрэгцээд цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг шалгаж эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгасан хэргүүдэд ч хяналт тавьж, хэргийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэдэг. Харин прокурор өөрөө мөрдсөн хэргүүдээ прокурорын газрын мөрдөгчийн туслалцаатайгаар буюу мөрдөн шалгах ажлыг ахлан гүйцэтгэдэг юм байна лээ.

БНСУ-д  прокурор нь тус улсад гарч байгаа томоохон хэргүүдийг шалгадаг тул төрийн зүгээс хэргийг илрүүлэх, шалгах, мөрдөх ажилд нь хараат бусаар ажиллах бүх техник, тоног төхөөрөмжөөр хангасан төдийгүй энэ ажилд маш их хөрөнгө төсөвлөдөг.

-Солонгос Улсын прокурорын байгууллагын тогтолцоо, онцлогийг юу гэж дүгнэсэн бэ?

-Б.Өнөрмаа: Солонгосын УЕПГ-т Авилга, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс байдаг бөгөөд уг хэлтэст эдийн засаг, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн шинжээч мөн прокурорын мөрдөгч ажилладаг бөгөөд дээрх гэмт хэргийг шалгахад албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээдийн санхүүгийн гүйлгээ, тайлантай холбоотой бүхий л мэдээлэлд өөрсдөө дүгнэлт гаргадаг, харьяа прокурорын газарт шалгагдаж буй хэрэгт дэмжлэг үзүүлдэг юм байна. Солонгос Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэд шинжилгээний институт ажилладаг бөгөөд хар тамхи, мансууруулах бодис, DNH, цахим нотлох баримтыг шинжлэн магадлах орчин үеийн техник технологийн иж бүрэн лаборатори ажиллуулж, дүгнэлт гаргадаг юм байна.

 -Х.Батчимэг: Солонгос улсын прокурорын газар нь Хууль зүйн яамандаа харьяалагддаг бөгөөд Хууль зүйн яам нь прокурорын байгууллага, хууль зүйн институт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зэргийг мэргэжлийн удирдлагаар хангах үйл ажиллагааг явуулдаг, харин цагдаагийн байгууллага нь Дотоод хэргийн яамандаа харьяалагддаг. Прокурорыг өмгөөлөх эрх авсан хуульчаас томилох бөгөөд Солонгос улсад нийтдээ 2100 орчим прокурор ажилладаг бөгөөд прокурорт туслах зорилгоор мөрдөгч нар ажилладаг, эдгээр мөрдөгчийг прокурорын байгууллагын дарга томилох ба прокурорын байгууллага нь прокуророосоо илүү олон мөрдөгчтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиндаа прокурор мөрдөн шалгах ажиллагааг даргална гэсэн зохицуулалттай, мөн шүүх хуралдаанд прокурор яллах чиг үүргийг хэрэгжүүлэхдээ нь өмгөөлөгчтэй тэгш эрхтэй оролцдог. Өөрөөр хэлбэл эрх зүйн тогтолцооны хувьд Эх газрын тогтолцоо давамгайлдаг хэдий ч шүүх хуралдааны процесс нь илүү Англо-Саксоны эрх зүйн тогтолцоо тойгоороо манайхтай төстэй санагдсан. Тус улсад прокурор яллагдагчтай ял наймаалах зохицуулалт байхгүй, мөн сонгодог утгаараа тангарагтны шүүх байхгүй ч иргэдийн оролцоог хангах үүднээс шүүх хуралдаанд ажиглалт хийх, санал гаргах эрхтэй хүмүүс суудаг, эдгээрийн шийдвэр нь шүүхийн шийдвэрт нөлөөлдөггүй.  Хууль зүйн институт нь шинээр томилогдсон прокурорыг 1 жилээр сургаж дадлагажуулахаас гадна тусгай сэдвүүдээр прокурор, мөрдөгч нарт байнга сургалт зохион явуулдаг.

-Солонгос улс нь авилгын гэмт хэрэгтэй тэмцэж илрүүлдгээрээ дэлхийд дээгүүр ордог улс. Энэ улсын туршлагаас хуваалцана уу?

-Б.Өнөрмаа: Солонгос улсын Прокурорын байгууллагын эрхэм зорилго нь том гэмт хэргийг тайван орхихгүй гэсэн зорилго бөгөөд үүнийгээ тайлбарлахдаа том гэмт хэрэг нь ардаа эрх мэдэл, санхүүгийн чадвартай байдаг ба хүчгүй эмзэг давхаргыг зовоодог. Ийм гэмт хэрэг нь олон талын оролцоотой бөгөөд илрүүлэх  нийгмийн эмч нь прокурор гэж үздэг. Тиймээс олон нийтийн салбарт гарсан албан тушаалын болон эрх мэдэлтнүүдийн үйлдсэн авилгын гэмт хэрэг, хувийн хэвшлийн салбарт гарсан их хэмжээний өмч хөрөнгийн болон нийтийн эрх ашигтай шууд болон шууд бусаар холбоотой авилгын хэргүүд, олныг хамарч хохироосон гэмт хэргүүдийг прокурор мөрдөн шалгаж хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдаанд яллаж оролцдог онцлогтой. Эдгээр хэргүүдийг тусгай мөрдөн шалгах ажиллагаагаар шалгах бөгөөд Солонгосын прокурор, мөрдөгчид нь дагнаж ажилладаг тул маш их мэргэшсэн байдаг. Авилгын гэмт хэргийг мөрдөхдөө хөрөнгө мөшгөх ажиллагаагаар ихэвчлэн эхлүүлэх бөгөөд энэ шатанд данс нэг бүрийн харилцаа хамаарлыг тогтоодог. Ингэж тогтоохдоо тусгай програм ашиглах бөгөөд уг програмаар шалгаж байгаа дансанд ямар гүйлгээ хийгдсэн болохыг, хэдийд хэний данс руу зарлага гарсан, хэний данснаас орлого хийгдсэн зэргийг шууд татаж хараад харилцаа, хань хамсааг нь тогтоох ажиллагааг хийдэг. Ийнхүү нууцаар судалсны дараа сэжүүр олж авч, улмаар нэгжлэг хийх, эд зүйл хураан авах, хөрөнгө битүүмжлэх зэрэг ажиллагааг хийж хэргийг шалгаж эхэлнэ. Мэдээж дижитал форейнсикийн шинжлэн магадлах ажиллагааг давхар хийнэ. Ийм маягаар хэргийг нотолж тогтоодог. Хамгийн гол нь хуульчдын ур чадвар сайн, эрх зүйн орчин хангалттай бүрдсэн, шалгах тогтоох ажиллагаанд төрийн зүгээс хангалттай төсөв баталдаг, нотлох олон арга хэлбэрүүдийг ашигласнаар хэргийг илрүүлж, шалгаж тогтоодог гэж товчхондоо дүгнэж болно.

-Програм хангамжийн хувьд Солонгос улс хэр дэвшилттэй ажилладаг вэ? Хуулийн байгууллагууд нь хоорондын хэргийн хөдөлгөөнийг хэрхэн шийдвэрлэсэн байдаг вэ?

-Х.Батчимэг: Цагдаа, прокурор, шүүх, хууль зүйн яам /шийдвэр гүйцэтгэх/ нь хоорондоо 1 програм хангамжтай. KICS гэж нэрлэдэг бөгөөд манайхтай төстэй. Цагдаагийн оруулсан мэдээлэл дээр прокурор мэдээллээ нэмж оруулна, шүүх хэрэгтэй мэдээллээ харахаас гадна нэмж мэдээлэл оруулдаг. Эдгээр байгууллагуудын хооронд албан бичиг цаасаар бараг дамждаггүй, бүх бичиг баримт програмаас гарч хоорондоо харилцдаг гэж ойлгосон. Албан тушаалтнууд цахим гарын үсгээр хэргээ шилжүүлэх бөгөөд шийдвэрүүдийг нь харах боломжтой. Түүнээс гадна энэ програмын онцлог нь хэргийг шалгах ажиллагаатай холбоотой олон үйлдлүүдийг програмчилсан байдгаараа давуу талтай байсан. Тухайлбал хэрэгт холбогдогчийн утсаар ярьсныг шалгах бол програмаас автоматаар үүрэн телефоны газар луу хүсэлт илгээгдэх бөгөөд хариу нь шууд ирдэг, энэ маягаар хилээр орж, гарсан тухай лавлагааг ч цагаачлалын албанаас авдаг юм байна лээ. Иргэд ч өөрийн харах эрхээрээ энэ програмыг ашиглах бөгөөд шүүхээс торгууль хүлээлгэлээ гэхэд энэ програмаар мэдэгдээд эргээд торгуулиа төлсөн эсэхийг нь харах, хянах зэргээр ажилладаг програм хангамж байсан. Ер нь Солонгос улс өндөр хөгжилтэй орны хувьд техникийн дэвшилт, ололттой хуулийн байгууллагууд нь мөр зэрэгцэн ажиллаж чаддаг, хөрөнгө мөнгө төсөвлөдөг, прокурор, мөрдөгчдөө байнга энэ чиглэлээр сургаж цаг үеэс нь хорогдуулалгүй ажиллахад байнга анхаарч ажилладаг нь их таалагдсан.

-Тоон ул мөр шинжлэн судлах чиглэлээр сургалт түлхүү явагдсан гэж хэлсэн, энэ талаар ойлголт өгнө үү?

-Х.Батчимэг: Digital forensic буюу тоон ул мөр шинжлэн судлах аргаар гэмт хэргийг илрүүлэх арга нь Солонгос улсад сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж байгаа салбар юм. Учир нь хувь хүн бүр, тэр ч байтугай компани, байгууллага хүртэл өөрийн аливаа асуудлаа техникээр шийдвэрлэж байгаа эрин үед хэргийг шалгаж илрүүлэхдээ гар утас, зөөврийн компьютер, компьютер зэргээс холбоотой мэдээллүүдийг авч шинжлэн судалж хэргийг шалгаж тогтоож байгаа ажиллагааг тоон ул мөр шинжлэн судлах аргаар хэргийг нотлох ажиллагаа гэж товчхондоо тайлбарлаж болно. Яагаад тоон ул мөр гэж нэрлэсэн бэ гэхээр дээрх хэрэгслүүд дээр мэдээлэл нь тоон хэлбэрээр бичигдэж үлдэх бөгөөд эдгээрийг устгасан ч гэсэн сэргээн тогтоож болдог тул тоон ул мөр гэж нэрлэжээ. Тухайлбал нэг этгээд гэмт хэрэгт холбогдлоо гэхэд прокурор гар утас, зөөврийн компьютерт нь үзлэг хийхээр шүүхээс зөвшөөрөл авсны үндсэн дээрээс тухайн эд зүйлүүдээс нь хэрэгт холбоотой нотлох баримтуудыг авах бөгөөд үүндээ магадалгаа гаргана. Электрон шуудангийн захидлууд, фото зургууд, интернетээр зочилж байсан цахим хаягууд, эдгээрээс ямар, ямар мэдээллийг хэдэн удаа үзсэн, татаж авсан эсэх, цахимаар гүйлгээ хийж байсан, төлбөр төлсөн эсэх зэрэгт тухайн этгээдийн гэмт үйлдэлтэй холбоотой байж болох, мөн хувийн байдлуудыг нь тогтоож болох бүхий л зүйлүүдийг энэ аргаар шинжлэн судалж, эрүүгийн хэрэгт нотлох баримт болгодог. Жишээлбэл мансууруулах бодис борлуулсан гэх хэргийг шалгалаа гэхэд мансууруулах бодистой холбоотой цахим хаягууд руу орсон, хайлт хийсэн, интернетээр захиалга өгсөн, цахимаар төлбөр төлсөн зэрэг мэдээллүүдийг нь аваад нотлох баримт болгодог. Хэрвээ тухайн этгээд нотлох баримтуудаа устгасан бол сэргээж, энэ талаар магадалгаандаа тусгана. Шүүхээс нь хүний хувийн эд зүйлсээс мэдээлэл авах гэж байгаа бол зөвхөн хэрэгт холбоотой баримтуудаа ав гэсэн шаардлагыг прокурорт тавих бөгөөд прокурор тухайн хэрэгт холбоотой баримтуудаа хэргийн газраас шууд авах нь төвөгтэй байсан тул зөвхөн холбоотой баримтуудыг авах бас нэг програм хангамжийг нэвтрүүлсэн байна. Энэ програм нь түлхүүр үгээр хэрэгтэй мэдээллүүдээ түүвэрлэж авдаг. Түүнчлэн лаборатори дээрээ ирээд мэдээллүүдэд анализ хийхдээ ч сэжигтэн, яллагдагч, өмгөөлөгчийн нүдэн дээр нотлох баримтуудад дүн шинжилгээ хийх ба тэдгээр нь байхгүй тохиолдолд шинжилгээ хийсэн талаарх бичлэгээ хэргийн хамт шүүхэд хүргүүлдэг байна. Ингэснээр прокурор нотлох баримт өөрсдөө хуурамчаар хийсэн гэх маргаанаас зайлсхийдэг юм байна.

Үзсэн, сурсан, туршлага судалсан талаараа сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Та хоёрын цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Сурсан зүйлүүдээ амьдралд хэрэгжүүлж прокурорын байгуулладаа тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.

-Б.Өнөрмаа: Сургалтаар бидэнд “Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах арга зүй”-г заасан нь цаашид төсөл бичих, удаан хугацааны ажлын төлөвлөгөө гаргахад маш их ач холбогдолтой сургалт болсон.  Солонгосын сургалтын институтээс бидэнд өгсөн нэг даалгавар нь бидэнд заасан арга зүйгээр тодорхой нэг үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж эргэж танилцуулах, цаашид дээрх арга зүйг прокуроруудад зааж сургах, ажилдаа хэвшил болгох юм. Тухайлвал удаан хугацааны сургалтын төлөвлөгөө, жижиг төсөл, хөтөлбөрт дээрх арга зүйг ашиглах боломжтой юм билээ. Нэг удаагийн ярилцлагаар 16 хоногийн хугацаанд үзсэн сурсан зүйлээ бүгдийг мэдээлэх боломжгүй байна л даа. Сургалтад хамрагдсан прокурорууд маань үзсэн хичээлүүдээ ангилаад мэдээлэл боловсруулж байгаа. Цаашдаа хичээл болгож заана, мөн амьдралд хэрэгжүүлэх тал дээр хичээж ажиллах болно.

Ярилцсанд баярлалаа.  

 

БНСУ-Д  ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ШАЛГАХДАА МЭРГЭЖЛИЙН ШИНЖЭЭЧ,  МӨРДӨГЧ, ПРОКУРОР ЗЭРЭГ ХАМТАРСАН БАГ   АЖИЛЛАДАГ
БНСУ-Д  ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ШАЛГАХДАА МЭРГЭЖЛИЙН ШИНЖЭЭЧ,  МӨРДӨГЧ, ПРОКУРОР ЗЭРЭГ ХАМТАРСАН БАГ   АЖИЛЛАДАГ
БНСУ-Д  ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ШАЛГАХДАА МЭРГЭЖЛИЙН ШИНЖЭЭЧ,  МӨРДӨГЧ, ПРОКУРОР ЗЭРЭГ ХАМТАРСАН БАГ   АЖИЛЛАДАГ
Санал асуулга
Статистик мэдээ
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
127
Өчигдөр
597
7 хоногт
2047
Сүүлийн сард
12718
Сүүлийн жилд
69174
Нийт хандалт
69174