Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл Шилэн данс Холбоо барих
Онцлох мэдээ
ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН ДОКТОРАНТ, ХУУЛЬЧ, ПРОКУРОР Ш.БААСАНДОРЖ: БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ҮНДЭСНИЙ ЖЕНДАРМЫН БОЛОН ҮНДЭСНИЙ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ

ORIGIN AND DEVELOPMENT OF THE NATIONAL POLICE AND THE NATIONAL GENDARMERIE OF THE FRENCH REPUBLIC

ТОВЧ АГУУЛГА

БНФУ-ын үндэсний жендарм, үндэсний цагдаагийн байгууллагын үүсэл, хөгжлийг тоймлон судалж, эх газрын эрх зүйн бүлийг үндэслэгч, гол төлөөлөгч тус улсын жендарм, цагдаагийн байгууллагын чиг үүрэг, мөн чанарыг түүхэн үечлэлээр авч үзэж судалгааны эргэлтэд оруулах, цаашид гүнзгийрүүлэн судлах санал дэвшүүлэхэд оршино.

ABSTRACT

We have been summarized the origin and development of the National Police and the National Gendarmerie of the French Republic. The representative and founder of continental law, we take into account the role and function of the police department in the country and proposes the circulation of police science and propose a more in-depth study of researchers.

 ТҮЛХҮҮР ҮГ

БНФУ-ын үндэсний жендарм, үндэсний цагдаагийн байгууллагын үүсэл, хөгжил, шүүх болон цагдаагийн байгууллагын уялдаа холбоо, харилцан хамаарал, жендарм, цагдаагийн чиг үүрэг, шүүхийн мөрдөн байцаалт, цагдаагийн мөрдөн байцаалт, комиссар мөрдөн байцаагч, цагдаагийн женерал лейтенант, эрүүгийн лейтенант, цэргийн шүүх, тусгай шүүх, шүүхийн цагдаа, захиргааны цагдаагийн ялгаа, цагдаа судлал.

KEYWORDS

Origin and development of the National Police and the National Gendarmerie of the French Republic, coherence and interdependence, depending on the police and the gendarmerie, judicial investigation, police investigations, commissioner-investigator, lieutenant general of police, criminal lieutenant, military justice, particular justice, criminal investigation police, administrative police, police study.

УДИРТГАЛ

Цагдаа (фр:police) хэмээх үг нь (фр:terminologie) хэд хэдэн нэршил, нэр томьёог тодруулж судлахад хүргэдэг. Тодруулбал, Эртний Грекийн “polis” (фр:cité), “politia”,“politeia”, эртний франц хэлний “pollice" гэх мэт. Эртний Грекийн “Рolis” нь хотын анхны суурин, буурь, хотын төв хэсэг (фр:cité), хотхон, хот (фр: ville), “politeia” (фр:art de gouverner la cité) нь хотыг  удирдах урлаг, “pollice" (орчин үеийн франц хэлээр:gouvernement) засгийн газар  гэх тус тусын утга санааг илэрхийлдэг байв. Полис хэмээх үг нь нийгмийн дэг журмыг сахиулах, нөхөн сэргээх  явдлыг хангах эрх бүхий байгууллага, чиг үүрэг, дүрэм, журмын өнөөгийн нэр утгыг олж авахын тулд өмнө хотын удирдлага, менежментийн хүрээнд л хязгаарлагдаж байв. (фр:le mot s'est limité à la gestion d'une cité pour acquérir son sens actuel d'organe, de règle et de mission permettant d'assurer le maintien et le rétablissement de l'ordre public)[1].

Хотын удирдлага, менежмент, бодлогын хүрээнд томьёологдож байсан нэр томъёо нь тодорхой цаг хугацааны явцад хот доторх дэг журмыг сахиулах байгууллагын нэр болон тогтжээ. Францад энэ л утга агуулгаар ойлгож, одоог хүрсэн бөгөөд цагдаа (фр:police) нь хот, суурин газрын дэг журмыг сахиулах, мөн тодорхой хөгжлийн явцад хотын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэргийг мөрдөн байцаах чиг үүргийг хэрэгжүүлж иржээ. Хот, суурингаас гадна бусад газар, хөдөө, орон нутагт дэг журам сахиулах, тухайн газар оронд үйлдэгдсэн гэмт хэргийг шалгах чиг үүргийг эртний марешуссее (фр:maréchaussée) хэмээх алба гүйцэтгэж байв. Энэ алба нь өнөөгийн жендармын анхны үүсэл эхлэл байжээ.

Эртний Ромд ч өнөөгийн цагдаагийн чиг үүргийг түшмэлүүд гүйцэтгэж байсан бол муж, хязгаар нутаг болон Ромын их замыг дагасан нутаг дэвсгэрт миллис хэмээх цэргүүд нь цагдаагийн чиг үүргийг гүйцэтгэж байв.[2]

Эртний Галли (Франц)нь Эртний Ромын эзэнт Улсын үед харьяанд байсан нь Ромын эрх зүйн тогтолцоо, өв соёлыг өвлөн авах үндэс болсон юм.  Галлид олон тооны Ромчууд ирж суурьшин томоохон газар болон боол эзэмшигчид болжээ. Тэд амьдралын тансаг хэв маяг, технологи хөгжлийг (фр:elle s'y installa avec sa technologie, les raffinements de son savoir vivre) дэлгэрүүлэхийн зэрэгцээ өөрийн хууль тогтоомжоо ч нутагшуулжээ. Улмаар тэдгээр угсаатнууд хоорондоо холилдон  уусч, тэднийг галло-ромчууд (фр:Gallo-Romains) хэмээн нэрлэх болов.[3] Баруун Ром унасны дараа Франкын эзэнт Улс өнөөгийн Францын нутаг дэвсгэрт байгуулагдаж, уугуул галли, галло-роман, бретани, норманд, вестгот, бургунд, франк зэрэг олон угсаатан түмэн амьдарч байв. Энэхүү түүхэн цаг хугацаанд олон угсаатан, түмнээс Франц үндэстэн нь үндэстэн угсаатны хувьд бүрэлдэн бий болж, Галло-Роман угсаатнаар дамжин суурин соёл, иргэншил, Франк угсаатнаар дамжин нүүдэлчин соёл, иргэншил өвлөн авч, европын их соёл, иргэншлийг бүтээхэд түүхэн үүрэг гүйцэтгэжээ. Европын соёл иргэншил нь дэлхийн соёл иргэншлийн түүхэнд хамгийн чухал байр суурь эзлэх бөгөөд орчин үеийн өрнөдийн соёл иргэншлийн эх үндэс нь юм.

Энэхүү соёл, иргэншлийг тээгч, Франц Улсын үндэсний жендарм болон үндэсний цагдаагийн байгууллагын үүсэл, хөгжлийг түүхийн баримтад тулгуурлан цаг хугацаагаар нь танин мэдэхүйн хүрээнд тоймлон судаллаа.

ҮНДСЭН ХЭСЭГ

Эртний Ромын эзэнт гүрний Эзэн хаан Август (empereur Auguste)-ын хаанчлалын үед хөдөө, орон нутаг, мужид буй милис буюу милициа[4] (фр: milice, лат: militia) гэж нэрлэсэн цэргийн албан хаагчид дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг үндсэн чиг үүргийг хажуугаараа эрхлэн явуулж байлаа. Эдгээр  цэргийн нэгдсэн жижиг ангийн дарга нар (фр:chef de ces petites unités militaires) гэмт этгээдийг (дээрэмчдийг) таслан зогсоох, хамтран оролцогчдыг баривчлах, тэднийг байцаах,  шүүгчид хүргэх (фр:chargé d'arrêter les malfaiteurs, de les interroger, d'attraper les complices et de les livrer aux juges) ажиллагааг явуулдаг байв.[5]

Шүүгчид нь магистрат[6] (фр:magistrat, лат:magistratus) нар байлаа. Магистрат нар цэргийн хүч ашиглаж эхэлснээр онц ноцтой гэмт хэргийг таслан зогсоох, шүүн шийтгэх ажиллагаанд ахиц дэвшил гарч, мөрдөн байцаалт болон шүүн таслах ажиллагаанд татан оролцуулж буй цэргийн албан хаагчид нь зөвхөн туслах чиг үүргийг л гүйцэтгэж байжээ. Тухайн цаг үед мөрдөн байцаалт, мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагаа салж тусгаарлагдаагүй, бүх ажиллагааг магистрат нар эрхлэн явуулдаг байв. Тэдэнд гэмт хэргийг таслах зогсоох, мөрдөхөд хүч дутагдаж байсныг цэргийн хүчээр нөхсөн ажээ. Ромын магистрат нь консул (фр:consul), претор (фр:préteur), едил (фр:édile), кестор (фр:questeur) нараас бүрдэнэ.

Франц Улсад Эртний Ромын магистрат нар шууд өвлөгдсөн бөгөөд тэдний чиг үүрэг нь зөвхөн шүүхийн үйл ажиллагааг эрхлэх байдлаар тодорхойлогдсон байна. Магистрат нарын нэгдлийг Магистратур[7] (фр:magistrature) гэдэг. Францад Магистратур хэмээх нэр томьёо нь магистрат нарын нэгдлийг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, шүүх засаглалыг хэрэгжүүлж буй бүх хүмүүсийг хэлнэ (фр:Le terme magistrature désigne en France l'ensemble des magistrats, c'est-à-dire toute personne ayant un pouvoir judiciaire).[8] Энд бичсэн бүх хүмүүс нь одоогийнхоор бол зөвхөн шүүгч, прокурор нар болно.

Харин Дундад зууны Францад шүүх засаглалыг хэрэгжүүлж буй бүх хүмүүст олон нэршил бүхий хүмүүс багтаж байжээ. Тухайлбал, хаан, сеньор, превот, бальи, сенешал, коннетабль, маршал, вигер, хааны хүмүүс, хааны прокурор, хааны авокат, комиссар мөрдөн байцаагч, иргэний лейтенант, эрүүгийн лейтенант,  цагдаагийн женерал лейтенант гэх мэт.

Дундад зууны Францад шүүх, цагдаагийн функц, чиг үүргүүд нягт холбоотой байв (фр:les fonctions de Police et de Justice sont étroitement liées). Цагдаа, шүүхийн тухай ойлголтууд нь тэр цаг үед өнөө үеийнхтэй адилхан утга, агуулгатай байсангүй. Цагдаа нь шүүхийн нэг хэсэг бөгөөд түүний гүйцэтгэгч байгууллага байв (фр:Les notions de police et de justice n'ont à cette époque pas la même signification que de nos jours. La police fait partie de la justice et en est le corps d'exécution).[9] Үүний жишээ нь марешуссее-гээс эхтэй үндэсний жендармын байгууллага (фр:de la Maréchaussée à la Gendarmerie) хүртэлх түүхэн хөгжлөөс нь харагдана. Иймээс Францын Улсын Үндэсний жендармын газрын үүсэл, хөгжлөөс эхэлье.

Нэг. Францын Улсын Үндэсний Жендармын газар (фр:Gendarmerie nationale française,ор: Национальная жандармерия Французской республики)- ын үүсэл, хөгжил.

Францын сенешаль [10] (фр:sénéchal de Francе, ор : сенешаль Франции) нь Баруун Франси [11](Francie occidentale) Улсын хаан Лотарь-ийн шийдвэрээр 978 онд бий болж, үүний дараа тус улсыг Франц Улс гэж нэрлэж  эхэлсэн эхэн үеэр буюу 1191 онд коннетабль (фр:сonnétable, лат:comes stabuli, анг:constable, ор:коннетабль) гэсэн нэршилтэй цэргийн гүн бий болжээ. Эдгээр цэргийн гүнгүүд Эртний Ромын милициа-гийн эрх бүхий албан тушаалтнуудаас эхтэй юм. Тэрээр цэрэг, арми захирахаас гадна язгууртан, рыцарь нарын хоорондох хэрэг, маргааныг шийдвэрлэж байв. Тэдний даргалж буй цэрэг арми нь XII зуунд үндсэндээ бүрэн байгууллагдаж дууссан гэдэг. Тэрхүү цэрэг арми нь нэн түрүүнд цэрэг дайчид, тэнүүлчин дээрэмчидэд хяналт тавьж ажиллахаас гадна арми дахь шүүхийн чиг үүргийг гүйцэтгэж байлаа. Энэ чиг үүрэг нь тусгай шүүхийн эхлэл байсан юм (фр:Il dispose également d'une juridiction spéciale). Энэхүү шүүхийг коннетабль-ийн трибунал (фр:tribunal de la сonnétablie) гэж нэрлэнэ.  Английн “Court of Chivalry” гэсэн шүүхтэй адилхан юм. Мөн тэрээр, цагдаагийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

Коннетабль-д нэг болон хэд хэдэн маршлууд чиг үүргээ хэрэгжүүлэхэд тусалж байв (фр:Le connétable était secondé par un ou plusieurs maréchaux)[12]. Эдгээр хүмүүс нь Францын Маршал (фр:maréchalde France, ор:маршал Франции)-ууд байсан бөгөөд тэд нарын нэгдлийг марешуссее (фр:maréchaussée) гэнэ. Энэ нэршил нь маршалын оффисе (фр:office de maréchal) гэсэн нэршилтэй дүйцэх нэр юм. Маршал[13] нь эртний франц хэлний “mareschal”, эртний франк хэлний “marhskalk”, “marahscalh” үгсээс гаралтай юм. Маршал хэмээх нэршлийг 1185 оноос хэрэглэж эхэснээс хойш, Францад 342 маршал [14] байсан бөгөөд XIII зуунаас маршалын оффис нь цэргийн байгууллага болсон байна (фр:Depuis la création du titre, en 1185, il y a eu 342 maréchaux de France. L'office de maréchal n'est devenu militaire que depuis le début du XIIIe siècle).[15] Коннетабль, маршалуудын даргалж буй цэрэг армиуд Англи Франц Улсуудын хооронд өрнөсөн зуун жилийн дайны үед цэрэг армийн оргодол босуул цэргүүдийг шалгах, армийг хянах бүрэн эрхтэй байлаа. Өөрөөр хэлбэл, дайны үеийн эмх замбараагүй байдлыг цэгцлэх, үймээн самуун, бослогоос сэргийлэх, тэмцэх, цэрэг армид дэг журам сахиулах, сахилга батыг бэхжүүлэх, цэргүүд анги байрлалаа орхиж, тарж бутрахтай тэмцэх, цэргээс оргосон цэргүүдийн барих,  цэргүүдийн үйлдсэн гэмт хэргүүдийг мөрдөн шалгах зэрэг олон  чиг үүргийг гүйцэтгэж байв. Өөрөөр хэлбэл, арми доторхи цэрэг цагдаагийн арми байлаа. Манайхан энэ чиг үүрэгтэй адилхан цэргийн ангийг комендант гэж нэрлэдэг байсан. Энэ л чиг үүргийн хүрээнд Д.Сүхбаатар жанжин ардын журамт цэргийн түр комендант-ийг байгуулж, 1924 онд Нийслэл хүрээний цэргийн комендант болон өргөжин тэлж байжээ.

Англи-Францын 100 жилийн дайн гэж түүхэнд нэрлэгдсэн дайн нь 1337-1457 оны хооронд завсарлагтайгаар явагдаж Франц Улсын ялалтаар өндөрлөж байсан юм. Энэ дайны үед коннетабль, маршал-ууд  дээр дурдсан чиг үүргээс гадна шүүн таслах чиг үүргийг хэрэгжүүлж байсан бөгөөд 1373 оны хааны ордоннонсе-оор тус шүүхийн төв оффис Парист байгуулагдаж байв.  Дайны үеэр марешуссее-гийн ач холбогдол ихэд өсч хаант засаглалын дэргэдэх хамгийн чухал институт болж, нийслэл хүрээний болон бүх газар нутгийг хамарч үйл ажиллагаа явуулахаас гадна далай тэнгист чиг үүргээ хэрэгжүүлж байлаа. Энэ урт үргэлжилсэн дайны хугацаанд армид дэг журам, сахилга бат сахиулах, цэрэг армиас оргох босох, гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх, үүнтэй тэмцэх чиг үүрэг нь их чухлаар тавигдаж байсан нь гарцаагүй юм. Ямартай ч дайн Францын ялалтаар төгссөн тул уг алба нь чиг үүргээ хангалттай хэрэгжүүлсний нэгэн баталгаа энэ буй за. Коннетабль, маршал-ууд нь превоти (шүүх) –ийн болон превот (фр:prévôt) нарын эрх мэдлийг төлөөлөн хэрэгжүүлж байв (фр:Connétable et maréchaux délèguent leurs pouvoir à leurs prévôts (du latin praepositus, « préposé »), d’où le nom de prévôté). Тэдний ажиллаж байсан “maréchaussée”-г мөн “juridiction des maréchaux” болон “les tribunaux des prévôts des maréchaux” гэж нэрлэнэ. Монголчилбол “Маршалуудын шүүх” болон “Маршалуудын превотийн шүүх” гэсэн үг ажээ.

Тэдгээр шүүхүүд анхлан амбулатори[16] байдлаар зохион байгуулагдаж, хожим Франсуа 1 (François Ier) хааны үед нэгтгэгдэж, түүний оффис  Парисын шүүхийн гантиг ордонд коннетабль болон маршуссеегийн трибунал гэсэн нэрийн доор  байгуулагдаж байв (фр:Leurs juridictions, d'abord ambulatoires, fusionneront sous François Ier et s'établiront à Paris sous le nom de tribunal de la Connétablie et Maréchaussée de France, avec son siège à la table de marbre du Palais de justice de Paris).[17] Эдгээр шүүхүүд нь 1536 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Парисын едит-ээр хувь иргэн хүн болон цэргүүд, гэр оронтой болон гэр оронгүй этгээдүүдийн  үйлдсэн их замын дагуух онц хүнд хэргүүдийг таслах шийдвэрлэх бүрэн эрхтэй болж өргөжжээ.

Мөн Маршалуудын превотийн шүүх (фр:Les tribunaux des prévôts  des maréchaux) нь  нэг талаас цэргийн албан хаагч (фр: gens de guerre), оргодол босуул болон урван тэрслэгчид (фр:déserteurs) нарын хэргийг шийдэхээс гадна нөгөө талаас их замын хулгайч дээрэмчид (фр: voleurs de grand chemin), үймээн самуун дэгдээгч, гаргагчид (фр: émeutiers), тэнүүлчид (фр: vagabonds), гэм буруугаа хүлээгээгүй этгээд (фр: gens sans aveu)  зэрэг холбогдогч нарын хэргийг шүүн тасалдаг байв. Мөн бослого үймээн, халз тулаан, хулгайн ан, хуурамч мөнгөний эсрэг гэмт хэрэг, нийтийн аюулгүй байдал болон хааны эрх мэдэлд халдсан гэмт хэргийг шийдвэрлэх бүрэн эрх нь нэмэгдэж өргөжин тэлж байсан гэдэг. Марешуссее нь өргөжин тэлсээр Францын бараг бүх газар нутгийг хамарсан бүх ард түмэнд зориулсан цагдаагийн хүчин болсон байна (фр:qui était devenu progressivement une force de police compétente pour l'ensemble de la population sur la quasi-totalité du territoire français).[18]

Франсуа I хаан (1494-1547) францын ард түмний аюулгүй байдлыг хангахын тулд бүх нутаг дэвсгэрт (хотоос бусад) үйл ажиллагаа явуулахаар марешуссеег өргөжүүлэн тэлэх арга хэмжээг үе шаттай  авч байсныг зориуд тэмдэглэх нь зүйтэй.

1624 онд Ришелье-ээр шийдвэрээр коннетабль-ийн оффис татан буугдсаны дараа маршалууд армийн дээд түвшний дарга нар болжээ (фр:Après l'abolition de l'office de connétable par Richelieu en 1624, les maréchaux deviennent les chefs suprêmes de l'armée).

Марешуссее нь Дундад зуунаас эхлэн арми дахь шүүхийн болон цэрэг цагдаагийн чиг үүргийг хослон хэрэгжүүлдэг цэргийн байгууллага (фр:Maréchaussée, corps de militaires chargé de la police et de la justice aux armées depuis le Moyen Âge)[19] байсан юм. Орон нутагт маршалын трибуналын чиг үүргийг маршалын лейтенант[20] (фр:lieutenant) нар гүйцэтгэнэ. Энэ шүүх нь цэргийн шүүхээс гадна тусгай шүүхийн эхлэл байсан бөгөөд тусгай шүүхийн онолыг үндэслэгч нь хуульч Мюарт (Muyart De Vouglans) байсан юм. Тусгай шүүхийн эрх зүйн үндэс, түүний үйл ажиллагаа нь 1564 оны Шарль 9-ын едит (зарлиг, тогтоол) -ээр эцсийн байдлаар бүрэн тодорхойлогдсон байна (фр: En 1564, un édit de Charles IX fixe définitivement leur juridiction).[21]

1779 онд жендармид 3 300 албан хаагчид ажиллаж байсан бол Францын хувьсгалын өмнө 4114 албан хаагчид байв.

Францын 1789 оны хөрөнгөтний ардчилсан хувьсгалын үеэр буюу 1791 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар “марешуссее” хэмээх байгууллагыг Үндсэний жендармын байгууллага болгон өөрчлөн нэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, 1791 онд маршалын оффис нь Францын үндэсний жендарм (фр: Gendarmerie nationale française, ор:национальная жандармерия Франции) гэж нэрлэгдэх болжээ. Нэр өөрчлөгдөх болсон нэгэн шалтгаан нь Монтескье-гийн засаглал хуваах онолын дагуу шүүхийг цагдаагийн хүчнээс тусгаарласантай холбоотой юм. Энэхүү эртний институтын үйлчилгээ нь иргэн, цэргийн холимог шинжтэй болсон байна.

Иргэний шинж гэдэг нь захиргааны цагдаа (фр:police administrative)-гийн салбар дахь нийгмийн дэг журам сахиулах, бусдын эд хөрөнгө, хувь хүний аюулгүй байдлыг хангах зэрэг чиг үүргийг, шүүхийн цагдаа (фр:policejudiciaire)-гийн салбар дахь энгийн иргэдийн үйлдсэн гэмт явдлыг мөрдөн байцаалт явуулан шалгах, нотлох баримт цуглуулах, гэм буруутай этгээдийг эрэн сурвалжлан тогтоох зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг болсноор илэрдэг байна.

Армид зэвсэгт хүчний цагдаагийн чиг үүргийг хэрэгжүүлдэг, цэргийн цол, статустай байдлаар цэргийн шинж нь илэрдэг ажээ. 1849 оноос Бүгд найрамдах улсын хамгаалалт (фр: garde républicaine) гэх хүндэт харуулын ангийг жендармид нэгтгэж байжээ.

Өнөөгийн жендарм [22] нь цэргийн статустай цагдаагийн хүчин (фр:force de police à statut militaire) бөгөөд хот орчмын бүс, хөдөө орон нутгийн аюулгүй байдлыг хариуцахын зэрэгцээ Францын далайн чанад дахь нутаг дэвсгэрт, эх газрын бараг бүх газар нутагт үйл ажиллагаагаа явуулж байна. Жендарм нь 2009 оноос эхлэн Батлан хамгаалахын сайдаас гадна Дотоод явдлын сайдын бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш хотын бүс нутагт (хот дотор) ч цагдаагийн хамт ажилладаг болжээ.  Тус байгууллага нь энэ зуунд францын нутаг дэвсгэрийн 95 хувьд чиг үүргээ гүйцэтгэж, нийт франц түмний 55 хувьд хүрч ажиллаж байна. Үндэсний жендарм нь аюулгүй байдал, хамгаалалт хариуцах, гэмт хэрэгтэй тэмцэхээс гадна далай тэнгис, уул нуруу, зам, агаарын цагдаагийн мэргэшсэн чиг үүргийг гүйцэтгэдэг ажээ. Энэ үйл ажиллагаандаа орчин үеийн байлдааны зэвсэг, техник хэрэгсэл ч ашиглана.

Жендармын үндсэн чиг үүрэг нь:

  • Шүүхийн цагдаа[23] (фр:police judiciaire)-гийн чиг үүрэг буюу мөрдөн байцаалт явуулах чиг үүргийг хэрэгжүүлэх
  • Захиргааны цагдаа (фр:police administrative)-гийн чиг үүрэг болох нийтийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журмыг сахиулах, тусламж дэмжлэг үзүүлэх, замын хөдөлгөөнийг зохицуулах,  байгаль орчныг хамгаалах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэх
  • Цэргийн чиг үүргийг гүйцэтгэх хүрээнд цэргийн цагдаа, хамгаалалтын болон байлдааны чиг үүрэг (цөмийн зэвсгийн хяналт, хамгаалалт, батлан хамгаалах тодорхой ажиллагаа) -ийг тус тус хэрэгжүүлдэг байна.[24]

Одоогийн Үндэсний Жендармын ерөнхий газар (фр:direction générale de la Gendarmerie nationale) нэрээр цэргийн статусын доор цагдаагийн үйл ажиллагааг гүйцэтгэдэг гэдгийг дээр дурдсан. Жендарм нь нэн эртний улсын цагдаагийн хүчин (фр:C'est la force de police étatique la plus ancienne) байсан гэдэг нь түүний үүсэл, хөгжлөөс  тодорхой харагдаж байна. Жендармын  бүрэлдэхүүнд нь  100 000 албан хаагч ажиллаж байна. Жилийн төсөв нь 8,3 тэрбум евро байдаг ажээ.

Тус газрын бүтэц,  тогтолцоо нь их энгийн бөгөөд үндэсний жендармын газар, бүс тойрог, муж, хорооны жендармын газар гэсэн босоо тогтолцоотой. Үүнд:

  • Үндэсний Жендармын ерөнхий газар (фр:direction générale de la Gendarmerie nationale)
  •  Жендармын бүсийн газар (фр:région de gendarmerie)
  •  Мужийн жендармын групп (фр:groupement de gendarmerie départementale)
  •  Мужийн жендармын анги (фр:compagnie de gendarmerie départementale)
  •  Мужийн жендармын бригад (фр:brigade de gendarmerie départementale)

Хоёр: Үндэсний цагдаагийн газар (фр:Police nationale, ор:национальная полиция)-ын үүсэл, хөгжил.

Үндэсний цагдаагийн газар нь 1254 онд Францын хаан  Сан Луй (Saint-Louis) Парис хотын шөнийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий шөнийн манааны рыцарь (фр:chevalier du gue, guet royal)-уудыг байгуулснаар анхны шаваа тавьсан гэж үздэг. Тэд морьтой 20 түрүүч  (фр:sergent), 26 явган түрүүч нараас бүрдэж байлаа. Тэднийг рыцарь толгойлно. Мөн тэднийг хөрөнгөтөний цэргүүд буюу буржва милисе, милициа (фр:milice bourgeoise) гэж нэрлэж байв.[25] Энэ мөчөөс хойш дараах хэллэг Парист үүссэн гэдэг. " Bonnes gens, dormez en paix ! " Монголоор “Сайн санаат хүмүүсээ, энх тайван (амар тайван) унт даа”. Энэ нь нөгөө талаараа та нарын аюулгүй байдлыг бид манаж хононо, та бүхэн амар тайван аюулгүй унтаж амар даа  гэсэн утга, санаа агуулж байжээ. Энэ нь Франц Улсын цагдаагийн үүсэл байсан бөгөөд тэд Парис хот доторх нийгмийн дэг журмыг сахиулах, аюулгүй байдлыг хангах чиг үүргийг гүйцэтгэж байв. Энэ алба нь аажмаар бусад хотуудад үүсэн бий болов. Хотууд ч дундад зуунд хөгжиж байв.

Харин 1306 онд хаан Филипп Ле Бел нь Шатле (Парисын шүүх) -д шалгагч комиссаруудыг бий болгожээ (фр:création en 1306 par Philippe le Bel des commissaires examinateurs au Châtelet).[26] Комиссарууд нь мөн мөрдөн байцаагч - комиссар (фр:commissaires enquêteurs) нараас бүрдэж байв. Тэд Парис хот доторх гэмт хэрэгтэй тэмцэх үүргийг хэрэгжүүлж байлаа. Шүүх засаглалын үйл ажиллагааны бүрэн дүүрэн бэлэг тэмдгийн илэрхийлэл  болсон магистратын адил урт нөмрөгийг тэд  өмсдөг байв. Тиймээс энэ комиссарыг нэг талаас цагдаагийн комиссар, нөгөө талаас магистрат гэж үзэж болох юм. Тэднийг Шатле дахь комиссар (фр:commissaires au Châtelet)-ууд гэж нэрлэнэ. Комиссарууд цагдаа, шүүхийн чиг үүрэг, зарим шүүхийн мөрдөн байцаалтыг гүйцэтгэж, Парис хотын превот-ын лейтенант (фр: lieutenants du prévôt de Paris) нартай хамтарч ажиллана.[27] Лейтенант нар шүүхийн мөрдөн байцаалтыг хэрэгжүүлдэг гол субьектүүдийн нэг байв. 1526 онд шүүх засаглалын үйл ажиллагааны хязгаарлагдсан үүргийн бэлэг тэмдгийн илэрхийлэл болсон богино нөмрөг өмссөн эрүүгийн лейтенант (фр:lieutenant criminel) гэх тэнүүлчин, гуйлгачид бусад эмзэг хэсгийнхэнтэй тэмцэх үүргийг хэрэгжүүлэх албан тушаалтныг бий болгосон  байна.   1559 онд Хенри II хаан шөнийн манааны хааны албыг өргөтгөснөөр 208 албан хаагч, 32 офицероос бүрдэх болжээ. 1563 онд 4  лейтенант уг албанд томилогдож рыцарь-ийн хамт ажилладаг болов.

1667 онд Луй XIV хааны үед Кольбертын танилцуулсны дагуу хааны зарлигаар цагдаагийн женерал лейтенант [28] (фр:lieutenant-général de police)-аар Нисола Де Ла Рейни (Nicolas de La Reynie) томилогдсон байна.  Энэ цагдаагийн лейтенант нь давхар каскет малгай бүхий төлөөлөгч байв. Тэр хаанаас бүрэн хамаарал бүхий байхаас гадна ердийн шүүхэд адилхан хамааралтай Шатле-гийн лейтенант байсан юм (фр: le  lieutenant de police est un agent à double casquette: il dépend du roi mais également de l’ordre judiciaire puisqu’il est lieutenant du Châtelet).[29] 1667 оноос эхлэн шөнийн манааны цэргүүд цалин хөлс төрөөс авдаг боллоо. Энэ алба нь 1765 онд жинхэнэ цэргийн нэгж болон өөрчлөгдөж Парисын хамгаалалтын алба (фр:garde de Paris) гэж нэрлэгдэх болов. Францын хувьсгалын үеэр Парист цагдаагийн түр хороо (фр:comité provisoire de police)-г байгуулав.  Директор (фр: Directoire ор: директория)-ийн шийдвэрээр Цагдаагийн ерөнхий яам (фр:ministère de la Police générale) -ыг байгуулжээ. 

Засгийн газрын шийдвэрээр 1796 оноос эхлэн 5 000 дээш хүн амтай хот бүрт цагдаагийн комиссар (фр:commissaires de police)-ууд томилогдсон байна. Францад 1600 оны байдлаар хотын хүн ам нь 5000 дээш гарсан олон хотууд байв. Тухайлбал, Парис хот [30] нь 220 000-300 001 хүн амтай байсан бол Руон хот 60 000-70 000 хооронд, Орлеан хот 40 000- 70 000 хооронд, Бордо хот 40 000, Тулуз хот 40 000, Луон 35 000- 2 000 000, Лилль хот 33 000, Ренне хот 33 000 зэрэг хүн амтай хотуудаас гадна 26 хот 5000 дээш гарсан хүн амтай байжээ. [31] Эдгээр хотуудад цагдаагийн алба ажиллаж байв. Тиймээс цагдаагийн үүсэл хөгжил хотын үүсэл хөгжилтэй зайлшгүй холбоотой бөгөөд цагдаагийн байгууллага нь хотыг дагаж бий болсон, хөгжсөн байгууллага юм.

 Наполеоны үед 1799 оноос 1815 он хүртэл эзэн хааны цагдаагийн газар (фр:Police impériale) болон өөрчлөгдөв.  Парисын цагдаагийн префектур (фр:préfecture de police de paris)- ыг 1800 оны 2-р сарын 17-ны өдрийн  (фр:loi du 28 pluviôsean VIII — 17 février 1800)  хуулиар байгуулсан байна. Ийнхүү өнөөгийн Парисын цагдаагийн префектур хэмээх байгууллагын суурь тавигджээ. Энэ байгууллага нь Парисын цагдаагийн женерал лейтенантыг залгамжлан гарч ирсэн гэж үздэг байна. Францад 1815 оноос эхлэн зарим цагдаагийн байгууллагын бүтэц, нэгж нь хотын засаг захиргааны байгууллагын харьяалалд шилжив. Өөрөөр хэлбэл, Хотын хөгжил их хүчтэй явагдснаар хотын буюу орон нутгийн цагдаагийн газар (фр:police municipale, ор: муниципальная полиция) төрөлжин ялгарч гарч ирсэн байна. Энэ цаг үе хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллага нь 1667-1789 оны цагдаагийн лейтенант нарын үе, 1789-1799 оны түр цагдаагийн хорооны үе, 1799- 1815 оны эзэнт гүрний цагдаагийн газрын үе зэргээр түүхэн үечлэл, цаг хугацааг дамжин хөгжсөн байна. Гэхдээ шүүхтэй холимог хэлбэртэйгээр хөгжиж байсныг дурдах зүйтэй. Ялангуяа цагдаагийн лейтенант нарын үед.

Тус улсад 1818 онд цагдаагийн ерөнхий яам нь дотоод явдлын яам (фр:ministère de l'intérieur) болон өөрчлөгдөв. Францад 1829 онд хотын түрүүч (фр:corps des sergents de ville) гэсэн цагдаагийн бүтэц бий болж, гурван түрүүч (хэсгийн цагдаа) дүүрэг болгонд суурин ажиллаж эхлэв.

Парис хотын түрүүч нар анх бий болсноор дэлхий дахины анхны дүрэмт хувцастай цагдаа (фр:la première police en uniforme du monde) байгуулагдсан гэж үздэг юм. Энэхүү түүхэн үйл явдал нь цагдаа (фр:la police) нь цэрэг армиас (фр:armée) ангид өөрийн гэсэн дүрэмт хувцастай, иргэний статус бүхий цагдаа мэндэлсний нотолгоо юм. Өөрөөр хэлбэл, Ромын милициа-гаас эхтэй цэрэг цагдаагаас орчин үеийн дүрэмт хувцас бүхий полициа ялгаран гарчээ гэж ойлгож болно. Тус улсын цагдаагийн байгууллага нь цаашдаа:

  • 1848 – 1884 оны хотын цагдаагийн газрын үе
  • 1883 оны дэлхийн цагдаагийн анхны сургуулийн үе (фр:la première école de police du monde)
  • 1884 он 3 дугаар Бүгд Найрамдах Улсын цагдаагийн газрын үе
  • 1882 -1910 оны техник, шинжлэх ухааны  (криминалистик) цагдаагийн үе
  • 1800 –1900 оны эхэн үеийн барын бригадуудын үе
  • 1941 оны чөлөөт францын цагдаагийн үе
  • 1944 оны төрийн цагдаагийн үе
  • 1966 оноос үндэсний цагдаагийн газрын үе гэсэн байдлаар хувьсан өөрчлөгдөж, хөгжсөөр иржээ.

Цагдаагийн тэрхүү түүхэн хөгжлийн явцад цагдаагийн женерал лейтенант[32] гэх өндөр зэргийн албан тушаалтаныг бий болгон томилж байсан цаг үе байсныг дурдсан. Өөрөөр хэлбэл, тэрхүү албан тушаалтан нь Францын хуучин дэглэмийн үеийн өндөр чиг үүрэг, үйл ажиллагааг (фр:une haute fonction dans l'Ancien Régime français) хэрэгжүүлэгч, албан тушаалтны нэр байж. Яг л прокурор, шүүгч гэж байгаатай адил юм. Иймээс цэргийн дэслэгч генерал гэх цэргийн цол, хэргэм зэв (фр:grade militaire de lieutenant-général)-тэй цагдаагийн офицер байсан гэж андуурч болохгүй нь байна.

Цагдаагийн болон шүүхийн чиг үүргүүд нь хэт өргөн хүрээтэй, хоорондоо нийцэхгүй, ихэнхдээ зөрчилдөж байх тул ганц офицер (ганц төрийн албан хаагч) гүйцэтгэхэд хүндрэлтэй” гэж 1667 оны 3-р сарын едит-ээр тогтоож өгсөн байдаг (фр:Ce constat est établi par l'édit de mars 1667 qui dispose que les fonctions de justice et de police sont souvent incompatibles et trop étendues pour être exercées par un seul officier “(fonctionnaire)”). Энэ дүгнэлт нь шүүхийн мөрдөн байцаалт, цагдаагийн мөрдөн байцаалт нэг байж болохгүйг хүлээн зөвшөөрсөн дүгнэлт байлаа. Мөн нөгөө талаар шүүн таслах ажиллагааны явцад шүүх, цагдаа нь нэгдмэл байгааг буруутгасан дүгнэлт юм. Ер нь Дундад зууны үеүүдэд шүүх, цагдаагийн мөрдөн байцаалтын ажиллагаа нь ялгарч зааглагдаагүй бараг нэгдсэн байдлаар явагдаж байв.[33] Өөрөөр хэлбэл, шүүхийн мөрдөн байцаалт (фр:instruction, information judiciaire), цагдаагийн мөрдөн байцаалт (фр:enquête de police) нь нэгдмэл байдлаар явагдаж, энэ сэжмээр шүүх, цагдаа нь холимог хэлбэрээр хөгжиж байсан бол нийгмийн дэг журам сахиулах чиг үүрэг нь заагтай байдлаар хөгжиж байсныг дурдах хэрэгтэй.

Франц Улсад мөрдөн байцаалтын ажиллагааг явуулдаг эрх бүхий цагдаа нь шүүхийн цагдаа (фр:police judiciaire) гэсэн нэршлээр, нийгмийн дэг журам сахиулах чиг үүргийг гүйцэтгэдэг цагдаа нь захиргааны цагдаа (фр:police administravie) гэсэн нэршлээр тус тус хуульчлагдаж, чиг үүргээрээ зааглагдсан байдаг. Францад гарсан хөрөнгөтөний ардчилсан хувьсгалын үеэр батлагдсан 1795 оны 10 дугаар сарын 25-ны Гэмт хэрэг, ял шийтгэлийн хууль (фр:Code des délits et des peines du 25 octobre 1795) хэмээх эрүүгийн процессын хуулиар дээрх нэр томьёонууд хуульчлагдаж байсан юм. Энэ хууль нь 1795 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж,  1808 оны гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны тухай хууль (фр:Code d'instruction criminelle de 1808) буюу Наполеоны эрүүгийн процессын хууль батлагдан мөрдөгдөх үе хүртэл үйлчилсэн байна.Тэрхүү 1795 оны 10 дугаар сарын 25-ны Гэмт хэрэг, ял шийтгэлийн хууль нь 646 зүйл, заалтаас бүрдэх шүүхийн зохион байгуулалт, цагдаагийн үйл ажиллагаа, эрүүгийн процессын ажиллагаа, ял шийтгэлийн  талаар тус тус зохицуулсан хууль байжээ[34]. Энэ хуулиар захиргааны цагдаагийн чиг үүргүүдэд ердын гэмт хэрэг, онц хүнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг хамааруулж, шүүхийн цагдаагийн чиг үүргүүдэд  ердийн гэмт хэрэг, онц хүнд гэмт хэргийг таслан зогсоохийг хамааруулж зааглан ялгасан байна (фр:Il distingue les missions de police administrative, qui relèvent de la prévention des crimes et des délits, des missions de police judiciaire, qui relèvent de la répression de ces crimes et délits). Тухайлбал, Уг хуулийн нэгдүгээр номын 16 дугаар зүйлд “Олон нийтийн дэг журам, эрх чөлөө, эд хөрөнгө, хувь хүний аюулгүй байдлыг сахиулах зорилгоор цагдаагийн байгууллага байна” (фр:La police est instituée pour maintenir l’ordre public, la liberté, la propriété, la sûreté individuelle), 18 дугаар зүйлд “Цагдаа нь захиргааны цагдаа болон шүүхийн цагдаад хуваагдана” (фр: Elle se divise en police administrative et en police judiciaire),  19 дүгээр зүйлд “Захиргааны цагдаагийн зорилго нь ерөнхий захиргаа, газар бүрт нийтийн дэг журмыг тогтмол сахиулах явдал юм. Энэ нь гол төлөв гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой байна (фр: La police administrative a pour objet le maintien habituel de l'ordre public dans chaque lieu et dans chaque partie de l'administration générale. Elle tend principalement à prévenir les délits), 20 дугаар зүйлд “Шүүхийн цагдаа нь захиргааны цагдаагийн урьдчилан сэргийлж чадаагүй үйлдэгдсэн гэмт хэргийг эрэн сурвалжилж, нотлох баримтыг цуглуулж, хуулиар шийтгэл оногдуулах шүүхэд холбогдогч нарыг хүргэх үүргийг хэрэгжүүлнэ (фр: La police judiciaire recherche les délits que la police administrative n'a pu empêcher de commettre, en rassemble les preuves, et en livre les auteurs aux tribunaux chargés par la loi de les punir)[35]гэх мэтээр зохицуулсан байна.Энэхүү эрх зүйн зохицуулалтаас хойш шүүх, цагдаагийн мөрдөн байцаалт тус тусдаа явагддаг болжээ.

Гэхдээ бүрэн нэг мөр зааглагдаж чадаагүй байсны жишээ нь 1800 –аад оны сүүл үеэр бий болсон барын бригадууд (фр:brigades du Tigre) гэрчилнэ. Учир нь Барын бригадууд францын шүүхийн цагдаагийн өвөг юм (фр:brigades du Tigre sont l’ancêtre de l’actuelle police judiciaire française)[36] гэсэн тодорхойлолтоос харагдаж байна.

Францын Үндэсний цагдаагийн газарт 2017 оны байдлаар 149 700 орчим албан хаагч, ажилчид ажиллаж байна. 2017 оны төсөв нь 10,48 тэрбум евро байв.

Тус улсын Үндэсний цагдаагийн ерөнхий  газрын бүтэц:[37]

Францын цагдаа нь жендарм болон үндэсний цагдаагийн газар гэсэн хоёр том бүтцээр дамжуулан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдгээр нь өөр хоорондоо харилцан хамааралтай, тус тусын онцлогтой, түүхэн хөгжил нь өөр өөрийн замаар замнан ирсэн түүхэн үйл явцтай байна.

Францийн цагдаагийн үүсэл хөгжил нь европын болон дэлхийн цагдаагийн үүсэл хөгжлийн түүхэнд голлох байр суурийг эзэлдэг цагдаа судлалын зайлшгүй судлах судалгааны объект болно.

Францын цагдаа нь үйл ажиллагаа, үйлчилгээг (фр:services), цагдаагийн хүч (фр:forces de police)-ний тусламжтайгаар гүйцэтгэдэг бөгөөд түүнийг үндсэн болон туслах хүч гэж ангилна.

Үндэсний цагдаагийн газар, Үндэсний жендармын газар нь үндсэн хүчинд, хотын цагдаагийн газар нь туслах хүчинд тус тус хамаарна.

Хэдийгээр цагдаагийн байгууллага нь ард түмэндээ үйлчилгээ үзүүлэх боловч хуулиар зөвшөөрөгдсөн хүчгүй бол тэрхүү үйлчилгээгээ үзүүлж чадахгүйд хүрэх учир хүч хэрэглэх субъект мөн.

Манай улсад цагдаа болон хууль хүчний байгууллагуудыг ерөнхийд нь хүчний байгууллага гэж нэрлэж ирсэн байдаг. Франц Улс ч Зэвсэгт хүчнээ “force armée” гэж нэрлэдэг. “Force” гэсэн монголоор хүч гэж орчуулагдах нэр үгээр тодотгож хэлдэг. Энэ нь цагдаад “forces de police” гэж хэрэглэгдэж, томьёологддог юм. Энэхүү цагдаагийн хүч нь прокурор, шүүхийн хяналтан доор, эдгээр байгууллагуудад туслах чиг үүргийн хүрээнд л явагдаж байх учиртай ажээ.

Франц Улсын цагдаагийн байгууллагын үүсэл, хөгжлөөс дүгнэхэд цагдаа нь тус улсын хөрөнгөтөний ардчилсан хувьсгалын хойно буюу тус улсын нэн шинэ түүхийн үед мөрдөн байцаалт явуулах эрхтэй болж, энэ чиг үүргээ зөвхөн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд туслах зорилготойгоор хэрэгжүүлж иржээ.

Харин жендармын өвөг болох марешуссее нь өөрийн харьяалалын хэрэгт мөрдөн байцаалт явуулахаас гадна шүүн тасалж байсан онцлогтой байв. Тус байгууллага нь засаглал хуваах онолын дагуу шүүн таслах эрхгүй болж, цагдаагийн адил шүүх эрх мэдэлд туслах буюу цагдаагийн мөрдөн байцаалтыг явуулдаг болжээ.

Цагдаа, жендарм аль алинд нь  маршал, лейтенант, женерал (генерал) лейтенант, комиссар, мөрдөн байцаагч - комиссар зэрэг нэр бүхий олон албан тушаалтнууд ажиллаж байжээ. Эдгээр нэршлүүд нь  Дундад зууны эхэн үеийн буюу нилээд эртний нэршил, нэр томьёонууд юм.

Тодруулбал, мөрдөн байцаагч - комиссар гэсэн нэршлээс цагдаагийн мөрдөн байцаалт гэсэн нэршил нь эхтэй бол комиссар нь өнөөгийн цагдаагийн удирдах албан тушаалтан юм.

Цагдаагийн мөрдөн байцаалт нь  хойшлуулшгүй мөрдөн байцаалт, урьдчилсан мөрдөн байцаалт гэсэн хоёр төрөлтэй байдаг. Тус улсын эрүүгийн процесс ажиллагаанд болон цагдаагийн байгууллагад мөрдөгч (фр:détective) гэсэн нэр томьёо хэрэглэдэггүй байна. Энэ мөрдөгч гэсэн нэршил нь хувийн мөрдөгч (фр:détective privé,анг:private detective) гэсэн утга, агуулгыг илэрхийлдэг ажээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэхэд тодорхой хууль зүйн нэршил, нэр томьёог өөрчлөхдөө дэлхийн дахин, олон улсын хэмжээнд судалж байж, дотоодын хууль тогтоомжиндоо өөрчлөн нэрлэж байх  нь зүйтэй болов уу. Тийм ч учраас цагдаагийн байгууллага, түүний чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой нэршил, нэр томьёог цагдаа судлалын хүрээнд зайлшгүй нарийвчлан судлах шаардлагатай байна гэсэн саналыг дэвшүүлж байна.

 

НОМ ЗҮЙ

  1. Ш.Баасандорж. Ром-Германы эрүүгийн процесс. УБ., 2018.
  2. Jacques Buisson Police pouvoirs et devoirs éditions dalloz, 2015
  3. https://fr.wikipedia.org/wiki/Magistrature
  4. https://fr.wikipedia.org/wiki/Connеtable
  5. https://fr.wikipedia.org/wiki/Marеchal_de_France
  6.  https://fr.wikipedia.org/wiki/Histoire_de_la_Gendarmerie_nationale_française
  7. https://www.police-nationale.interieur.gouv.fr/Presentation-generale/Histoire
  8. https://fr.wikipedia.org/wiki/Brigades_rеgionales_de_police_mobile
  9. https://fr.wikipedia.org/wiki/Code_des_délits_et_des_peines
  10. https://www.police-nationale.interieur.gouv.fr/Presentation-generale/Histoire
  11. https://fr.wikipedia.org/wiki/Commissaire_de_police_(France)
  12. https://fr.wikipedia.org/wiki/Population_des_villes_europennes_vers_1600
  13. http://www.justice.gouv.fr/histoire-et-patrimoine-10050/la-justice-dans-lhistoire-10288/le-chatelet-de-paris-24777.html

https://ledroitcriminel.fr/la_legislation_criminelle/anciens_textes/code_delits_et_peines_1795/code_delits_et_peines_1795_1.htm

 

[2]Ш.Баасандорж. Ром-Германы эрүүгийн процесс. УБ., 2018. 168 дахь тал

[3]Ш.Баасандорж. Ром-Германы эрүүгийн процесс. УБ., 2018.23 дахь тал

[4]Милис буюу милиция /мilitsia/ нь Эртний Ромоос гаралтай цэргийн бүтэц, нэгж байсан бөгөөд пост социалист орнуудад нийгмийн дэг журмыг сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлдэг нэгж, бүтэц /байгууллага/ байв. Өнөө үед зарим улс оронд ялангуяа ОХУ-д энэ бүтэц болох байгууллага нь Дотоод явдлын яамны харьяанд чиг үүргээ гүйцэтгэж байна.  ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев 2011 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Оросын милиция /militsia russe/  хэмээх бүтцээ полиция гэж өөрчлөн нэрлэсэн байна.

Манай улсад “Сэргийлэх салаа” нэртэйгээр цагдаагийн албаа 1921 онд байгуулж,нийгмийн дэг журам сахиулах чиг үүргийг хариуцсан цэргийн нэгж бий болгосон ньорос улсындээрх бүтэцтэй адилхан бөгөөд энэ нь эртний Ромын “militia”-тай дүйцүүлэн үзэж болох юм.Учир нь Ромоос эхтэй милициа нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй байжээ. Иймээс уг бүтцийг оросоор дамжуулан нутагшуулахдаа “сэргийлэх салаа” гэж орчуулан буулгасан байх магадлалтай. Түүнчлэн цэрэг армид хэрэглэгддэг “анги” гэсэн үгийг орон нутаг болон хотод байгуулсан цагдаагийн нэгжээ “цагдан сэргийлэх анги” гэж нэрлэсэн нь ч дээрхтэй холбоотой болохыг гэрчилнэ.

Монгол Улсын нэр томьёоны комиссын 1978 оны хууль зүйн нэр томъёонд “полиция”-г харгис цагдаа гэж албан ёсоор орчуулан буулгаж байсан байна. Харин уг улсын нэр томьёонд “милиция”-г цагдан сэргийлэх газар, цагдаагийн газар гэж орчуулсан1990 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрыг Цагдаагийн ерөнхий газар болгон өөрчлөн зохион байгуулжээ. Өөрөөр хэлбэл, “милиция” гэх нэршлийг больж, Барууны орны жишгийн дагуу “полиция” гэсэн нэршлээр нэрлэх болов.

Гэхдээ өнөөдөр Францад жендарм хэмээх цэрэг, армийн бүтцэд багтах нэгж цагдаагийн чиг үүргийг гүйцэтгэсэн хэвээр л байгаа.

[5]Ш.Баасандорж. Ром-Германы эрүүгийн процесс. УБ., 2018.55 дахь тал

[6]Энэ үгийг монголчилбол түшмэл гэсэн нэршил бөгөөд Эртний Ромд засаг захиргаа, шүүхийн чиг үүргийг гүйцэтгэж байсан бол Франц Улсад мэргэжлийн шүүгч, прокуророо ийнхүү нэрлэдэг байна. Харин Англид эсрэгээрээ мэргэжлийн бус шүүгч нарын шүүхийг нэрлэдэг байна.

[7]Шүүх эрх мэдэл эрхэлсэн Түшмэдийн нэгдэл гэж орчуулж болохоос гадна шүүх засаглал гэж буулгана.

[8] https://fr.wikipedia.org/wiki/Magistrature

[9] https://fr.wikipedia.org/wiki/Histoire_de_la_Gendarmerie_nationale_française

[10]Хааны армийг командлах эрх бүхий гүн байв.

[11]Франкын эзэнт улсын дараа Франц Улс гэж нэрлэхээс өмнө Баруун Франси гэж нэрлэдэг байв.

[12] https://fr.wikipedia.org/wiki/Connеtable

[13]Маршал гэж Францад анх  цэргийн, цагдаагийн болон шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлдэг эрх бүхий албан тушаалтныг нэрлэдэг байв. Үүнээс өмнө Франкад marhskalk-д хэмээх адуун сүрэг хариуцсан даамал байсан гэдэг. Энэ эрхэм нэршлээр францчууд эрүүгийн хэрэг шалгадаг, мөрддөг, шүүдэг эрх бүхий албан тушаалтныг нэрлэдэг байсан бол сүүлдээ энэ нэршлээр зөвхөн цэргийн өндөр дээд цол“маршал” гэж нэрлэхээр тогтож, харин энэ алба нь жендармын үүсэл болж цагийн уртад өөрчлөгдөн байгуулагдсан байна.

[14]Цэргийн маршал цолтой этгээд бус цэрэг, шүүхийн чиг үүргийг хэрэгжүүлэгч албан хаагч гэж ойлгоно уу.

[15] https://fr.wikipedia.org/wiki/Marеchal_de_France

[16]Энэ “амбулатори” үг нь эмнэлэгээс гадна тогтсон тодорхой байршилгүй шүүхүүдийг энэ үгээр  илэрхийлдэг байна.

[17]Ш.Баасандорж. Ром-Германы эрүүгийн процесс. УБ., 2018. 169 дахь тал

[18]https://fr.wikipedia.org/wiki/Histoire_de_la_Gendarmerie_nationale_française

[19] https://fr.wikipedia.org/wiki/Histoire_de_la_Gendarmerie_nationale_française

[20]Лейтенант нар нь монголоор дэслэгч гэсэн цэргийн цолны нэр юм. Тухайн үедээ лейтенант  эрүүгийн хэрэг шалгадаг, шүүдэг эрх бүхий албан тушаалтныг ийнхүү нэрлэдэг байсан бол хожим нь цэргийн нэгэн цолны нэр болон үлдсэн гэдэг. Мөн женерал лейтенант гэсэн шүүн таслах бүхий албан тушаалтан байсан бөгөөд энэ нэршил нь өнөөгийн дэслэгч генерал гэсэн цолны нэр юм.

[21]Ш.Баасандорж. Ром-Германы эрүүгийн процесс. УБ., 2018. 70 дахь тал

[22]Энэ армийн зэвсэгтэй хүн гэсэн үгнээс гаралтай ажээ.

[23]Шүүхийн цагдаа гэж шууд орчуулагдах “police judiciaire” нэршил нь утга агуулгаараа мөрдөн байцаалт явуулах чиг үүргийг нэрлэж буй эрүүгийн процессын хуулийн нэр томъёо юм. Францын эрх зүйд “police judiciaire” гэх ойлголт эрүүгийн процессын хуулийн 12-15  дугаар зүйлүүдэд тодорхойлогдсон байдаг. “Рolice judiciaire” хэмээн томъёологдсон чиг үүргийг үндэсний цагдаагийн газар, үндэсний жендарм, гааль, хотын цагдаагийн газраас гадна тусгай бүрэн эрх олгогдсон зарим төрийн байгууллага дахь төрийн албан хаагчид хэрэгжүүлж болно. Тухайлбал, Францын үндэсний төмөр замын нийгэмлэгийн болон Парис хотын тээврийн газрын агент, хөдөлмөрийн байцаагч /inspecteurs du travail /,байгаль орчны байцаагч /inspecteurs de l'environnement/,татварын захиргааны агент /agents de l'administration fiscale/, тусгай хамгаалагч /garde particulier/, хотын мэр, түүний орлогч гэх мэт. Энд нэрлэгдсэн төрийн албан хаагчид эрүүгийн хуульд заасан болон бусад дүрэм журамд заасан зөрчлийг /contravention/ шалгаж шийдвэрлэдэг байна. Францын гэмт явдал гурван ангилалд хуваагдаж онц хүнд гэмт хэрэг, гэмт хэрэг /ердийн/, жижиг хэрэг, зөрчил  гэж ангилагддагийг мэднэ. Тэгэхээр зөрчил шалган шийдвэрлэж буй процесс ч “police judiciaire” хэмээх ойлголтод багтана.

[24]Ш.Баасандорж. Ром-Германы эрүүгийн процесс. УБ., 2018. 171  дахь тал

[25]Ш.Баасандорж. Ром-Германы эрүүгийн процесс. УБ., 2018. 168 дахь тал

[27] https://fr.wikipedia.org/wiki/Commissaire_de_police_(France)

[28]Энэхүү нэршлийг монгол руу хөрвүүлбэл цагдаагийн дэслэгч генерал юм. Гэхдээ энэ нь тэр үедээ цол бус шүүх, засаг захиргаа /дэг журам хариуцах/ -ны чиг үүргийг хариуцсан өндөр дээд албан тушаалтны нэр байв. Өөрөөр хэлбэл, энд дурдсан чиг үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий Парисын хамгийн өндөр албан тушаалтан байсан аж. Харин өнөө үед өндөр албан тушаалтын нэр бус  цэрэг, арми, цагдаад өндөр албан тушаал хашиж буй хүний цол хэргэм билээ. Гэхдээ цэргийн болон иргэний гэж ангилагддаг.

[29] http://www.justice.gouv.fr/histoire-et-patrimoine-10050/la-justice-dans-lhistoire-10288/le-chatelet-de-paris-24777.html

[30]Парис хот тухайн үедээ хамгийн олон хүн амтай (300 000 хүн амтай)Европын хот байв. Лондон хот 187 000-225 000 хооронд, Ром хот 100 000, Москва хот 80 000, Мадрид  57 000-65000 хооронд, Амстердарм 54 000-72 000 хооронд, Вена 50 000-60 000 хооронд тус тус хүн амтай байжээ.

[31] https://fr.wikipedia.org/wiki/Population_des_villes_europennes_vers_1600

[32]Женерал лейенант нь орчин үеийн дэслэгч генерал цолны нэршил болон тогтжээ

[33]Ш.Баасандорж. Ром-Германы эрүүгийн процесс. УБ., 2018. 169 дахь тал

[34]https://fr.wikipedia.org/wiki/Code_des_délits_et_des_peines

[35]https://ledroitcriminel.fr/la_legislation_criminelle/anciens_textes/code_delits_et_peines_1795/code_delits_et_peines_1795_1.htm

[36] https://fr.wikipedia.org/wiki/Brigades_rеgionales_de_police_mobile

[37] Jacques Buisson Police pouvoirs et devoirs éditions dalloz, 2015 p-183

Санал асуулга
Статистик мэдээ
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
127
Өчигдөр
597
7 хоногт
2047
Сүүлийн сард
12718
Сүүлийн жилд
69174
Нийт хандалт
69174