Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл
Ярилцлага
БНХАУ-ЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР "БАРЫГ ДАРЖ АЛЪЯ, БАТГАНЫГ ЦОХИЖ АЛЪЯ, ҮНЭГИЙГ ГҮЙЦЭЖ АЛЪЯ" ГЭХ УРИАН ДОР АЖИЛЛАЖ БАЙНА

БНХАУ-ын Худалдааны яам, Үндэсний Захиргааны академиас зохион байгуулсан сургалт, семинар , аялалд  Улс, Нийслэл, Дүүрэг, Аймгийн прокурорын газруудаас нийт 24 прокурорууд оролцоод ирлээ.  Сургалт  БНХАУ-ын Бээжин хотноо  болсон бөгөөд манай прокуроруудыг  БНХАУ-ын Прокурорын Академи болон  Аньхуй мужийн Тонглинг хотын прокурорын газар, Ардын дээд шүүх болон  харьяа 750 гаруй шүүх үйл ажиллагаандаа ашиглаж мэдээлэл, интернетийн аюулгүй байдал, цахим сүлжээгээ хамгаалуулж хамтран ажилладаг Жэжан мужийн Ханжой хотын Ancun Network Technology компанийн үйл ажиллагаатай  танилцуулжээ.

Сургалтанд хамрагдсан прокурорууд БНХАУ-ын прокурорын байгууллага, Прокурорын академийн талаар болон сургалт, аялалын сонин сайхнаас хуваалцсан  ярилцлагыг хүргэж байна.

БНХАУ-ЫН ГАДААД ХУДАЛДААНЫ ЯАМ, ҮНДЭСНИЙ ЗАХИРГААНЫ АКАДЕМИАС  ЗОХИОН БАЙГУУЛАГДДАГ  СУРГАЛТАНД МАНАЙ ПРОКУРОРУУД 2 ДАХЬ УДААГАА ХАМРАГДАЖ БАЙНА.

-Та бүхэн БНХАУ-ын Үндэсний захиргааны академиас зохион байгуулсан “Монгол Улсын Прокурорын семинар 2018” сургалтанд хамрагдаад иржээ. Сургалтын талаар  танилцуулна уу?

-Сургалтанд хамрагдсан прокуроруудын ахлагч, Сэлэнгэ аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ж.Мөнхжаргал: БНХАУ-ын Гадаад Худалдааны яам, Үндэсний Захиргааны академиас  зохион байгуулагддаг  сургалтанд манай прокурорууд 2 дахь удаагаа хамрагдаж байгаа юм. Энэ удаагийн сургалт  2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрүүдэд  Бээжин хотноо болсон бөгөөд  Улс, Нийслэл, Дүүрэг, Аймгийн прокурорын газруудын ерөнхий прокурор, орлогч прокурор, ахлах, хяналтын прокурор зэрэг нийт 23 прокурор хамрагдлаа.  Сургалтыг БНХАУ-ын Үндэсний Захиргааны академийн Сургалт судалгааны хэлтсээс зохион байгуулж, тус хэлтсийн эрдэмтэн багш нараас гадна БНХАУ-ын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга, БНХАУ-ын Ардын Дээд Прокурорын газрын прокурорын онол судлалын хүрээлэнгийн орлогч дарга, Байгаль орчин хамгааллын яамны байгаль орчин хөгжлийн төвийн захирал зэрэг нэр хүндтэй судлаач, профессорууд хичээл орсон.

-Сургалт, семинар  ямар сэдвүүдээр  явагдсан бэ?

Ж.Мөнхжаргал: БНХАУ-ын улс төрийн систем, макро эдийн засгийн хэтийн төлөв, "Хүн төрөлхтөний хувь заяаны цогц нэгдэл" ба "Нэг бүс нэг зам" байгуулах санаачилга, төрийн байгууллагын тогтолцоо, Үндсэн хууль, прокурорын тухай хууль, ядуурлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын чиглэлээр бидэнд танилцуулга, сургалт явагдсан. Мөн бидний хүсэлтээр байгаль хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлогын талаар болон авлига албан тушаалын гэмт хэргийн эсрэг явуулж байгаа төрийн бодлогын талаар нэмэлт хичээл орсон.

БНХАУ-Д НОМЫН САНГУУД ИРГЭДЭД ТҮРЭЭСЭЭР НОМ АШИГЛУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛДАГ БӨГӨӨД ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРИЙН ДИЙЛЭНХ ХЭСГИЙГ ЗАСГИЙН ГАЗРААС САНХҮҮЖҮҮЛДЭГ.

УЕПГ-ын хяналтын прокурор Д.Үүлэн: Танхимын сургалтаас гадна  БНХАУ-ын Шанхай, Аньхуй мужийн Тонлинг, Хуаншин хотуудаар аялж Жэжан мужийн Ханжоу хотын зарим тэргүүлэх зэргийн байгууллага, компанийн үйл ажиллагаатай танилцсан.Тонлинг хотод байрладаг дэлхийд дээгүүрт эрэмбэлэгддэг инновацийн шийдэл ашигласан нийтийн номын сан бидэнд маш их таалагдсан. Тус номын сан насанд хүрэгчдийн, хүүхдийн гэсэн 2 танхимтай. Номын сангийн хурлын танхимд 7 хоног бүр хүүхдүүд, багш, эцэг эхчүүдийн оролцуулсан хөтөлбөрүүд зохион байгуулагддаг байна, биднийг номын сангийн үйл ажиллагаатай танилцаж байх үеэр эцэг эхчүүд бага насны хүүхдүүдтэйгээ хамт үндэсний соёл, түүхийн  талаар хамтдаа хичээл заалгаж байсан.

Мөн тус номын сангийн 2 давхарт номын дэлгүүр ажилладаг бөгөөд иргэдэд түрээсээр ном ашиглуулах үйлчилгээ явуулдаг юм билээ. Түрээсийн төлбөр хямд учраас иргэд шинэ гарч байгаа номнуудыг тухай бүр авч унших боломжтой байдаг нь сайхан санагдсан. Энэ түрээсийн төлбөрийн дийлэнх хэсгийг Засгийн газраас санхүүжүүлдэг. Мөн хараагүй хүмүүст зориулсан танхим нь хараагүй хүмүүст зориулсан ном товхимол, компьютер техник хэрэгслээр бүрэн хангагдсан байсан. Ургийн бичгийн танхим, хятад ханзны уран бичлэгийн танхим гэх мэт олон танхимуудыг иж бүрэн тохижуулсан, номын сангийн бүх номыг цахим хэлбэрээр компьютерт оруулсан тул цахим хэлбэрээр ч унших боломжтой, хайлтын системтэй. Шинээр худалдаанд гарсан бүх ном уг номын санд байдаг бөгөөд иргэд гэрээр тус номын сангаас ном авч унших боломжтой юм байна. Төлбөрийг улсаас даадаг байна.

Тонглинг хотын номын санд орчин үеийн инновацийн шийдэлтэй ном ариутгадаг төхөөрөмж, дельфин төхөөрөмж гэх 2 шинэ төхөөрөмжийг хэрэглэж байгаа нь сонирхол татаж байсан. Ном ариутгадаг төхөөрөмж нь номын сангийн уншигч номоо уншаад тус төхөөрөмжид хийгээд ариутгадаг. Делфин төхөөрөмж нь номын сангийн талаар бүхий л мэдээллийг агуулсан, асуухад л хариулдаг  ухаалаг төхөөрөмжийг зохион бүтээж хэрэглэж байна. Мөн нэг салбараа Хөх мөрний эрэгт байгуулсан нь уншигчдад байгалийн сайхан орчинд ном унших боломжийг бүрдүүлсэн байсан.

БНХАУ-ЫН ПРОКУРОРЫН ЧИГ ҮҮРЭГ НЬ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ШАЛГАХ, ХЯНАХ, ИРГЭНИЙ ХЭРГИЙГ ШАЛГАХ ҮҮРЭГТЭЙ БАЙГУУЛЛАГА ЮМ

            -БНХАУ-ын прокурорын байгууллагын талаар мэдээлэл өгөөч?

-УЕПГ-ын хяналтын прокурор Т.Мөнхбаяр: БНХАУ-ын Аньхуй мужийн Тонглинг хотын прокурорын байгууллагын үйл ажиллагаатай танилцсан.

БНХАУ-ын прокурорын байгууллага нь Улсын хянан шалгах байгууллага бөгөөд  хараат бусаар ажилладаг байна. Прокурорын байгууллага нь босоо удирдлагатай дээд шатны прокурорын байгууллагадаа доод шатны прокурор нь ажлаа хариуцан тайлагнадаг. Прокурорын чиг үүрэг нь эрүүгийн хэргийг шалгах, хянах, иргэний хэргийг шалгах үүрэгтэй байгууллага юм. Прокурорын байгууллага нь прокурор, прокурорын туслах ажилтан, шүүхийг төлөөлөх гэсэн 3 хэсэгт хуваадаг. Тонглинг хот нь 120 прокурорын орон тоотой ба ажлын ачааллаас болж нийт 200 прокурор ажилладаг байна. Нэг хүнд жилд дунджаар 200 гаруй хэрэг хянадаг. Хэргийн гаралтаар зам тээврийн осол нэлээд хувийг эзэлдэг ба сүүлийн үед интернетээр хүмүүсийг залилах гэмт хэрэг ихэссэн талаар ярьж байсан.

БНХАУ-ЫН ПРОКУРОРЫН  АКАДЕМИ НЬ МУЖИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫГ СУРГАХ БЭЛТГЭХ, ХОТ, СУМЫН ТӨВШНИЙ ПРОКУРОРЫН УДИРДЛАГУУДАД СУРГАЛТ ЯВУУЛАХ ГЭСЭН ҮНДСЭН 2 ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТАА ЯВУУЛДАГ

 -Та бүхэн сургалтынхаа явцад БНХАУ-ын Прокурорын академийн үйл ажиллагаатай танилцсан байна. Энэ талаарх мэдээллийг хуваалцана уу? 

- Д.Үүлэн: БНХАУ-ын Прокурорын академи нь Хятадын Ерөнхий прокурорын газрын харъяа байгууллага юм. Тус академи нь анх 1989 онд "Хятадын ерөнхий прокурорыг бэлтгэх төв" гэсэн нэртэйгээр анх байгуулагдсан ба 1991 онд Прокурорын удирдлагын ерөнхий академи, 1998 онд Хятадын прокурорын академи болж өөрчлөгдсөн байна.

Тус академи нь мужийн прокурорын газрын удирдах ажилтнуудыг сургах бэлтгэх, хот, сумын төвшний прокурорын удирдлагуудад сургалт явуулах гэсэн үндсэн 2 чиглэлээр сургалтаа явуулдаг байна. Прокурорын академи нь орчин үеийн сургалтын төхөөрөмжөөр тоноглогдсон, спортоор хичээллэх заал, газрын теннисний талбай зэрэг суралцагчдын сурах таатай орчныг бүрдүүлсэн,  900 гаруй суралцагчдыг  хүлээн авч сургах боломжтой, нийт  53 багш ажиллаж байгаагаас 16 профессор, 19 нь дэд профессор, 32 нь докторын зэрэгтэй багш нар байдаг байна.

Прокурорын системийн удирдах ажилтан болон прокурор бусад мэргэжилтнүүд нийт 100.000 гаруй боловсон хүчинд сургалт явуулсан байна. Хятадын прокурорын академи нь улсын хэмжээнд 30 салбар сургуультай ба 97 газарт өөрийнхөө анхан шатны салбаруудыг байгуулан сургалт, судалгааны ажлыг явуулдаг.

ХЯТАД УЛС СҮҮЛИЙН 5 ЖИЛД АВЛИГА АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРГЭЭР НИЙТ 440 ХҮНД ШҮҮХЭЭС ЯЛ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛСАН БАЙНА.

-Сүүлийн үед БНХАУ-ын авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хатуу тэмцэх бодлого баримталж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж  байсан. Энэ талаар тодруулж ярина уу?

-УЕПГ-ын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа: Хятад улс сүүлийн 5 жилд авлига албан тушаалын гэмт хэргээр нийт 440 хүнд шүүхээс ял шийтгэл оногдуулсан байна. Үүн дотор намын төв хороо, намын сахилга батын хяналтын хорооны гишүүн гэх мэт төрийн өндөр албан тушаалтнууд нэлээдгүй орсон байна.

2018 онд авлига албан тушаалын гэмт хэргийг мөрдөн шалгах үүрэг бүхий Тусгайлан улсын хяналт шалгалтын хороо гэх байгууллагыг шинээр байгуулсан байна. Энэ нь манайхаар бол Авлигатай тэмцэх газар юм байна. Энэ байгууллага сайн ажиллаж байгаа талаар иргэд нь дүгнэж байгаа юм байна.

БНХАУ-ЫН АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ УРИА: БАРЫГ ДАРЖ АЛЪЯ–ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙН АЛБАН ТУШААЛТНУУД, БАТГАНЫГ ЦОХИЖ АЛЪЯ- ГАЗАР, ХЭЛТСИЙН ДАРГА НАР , ҮНЭГИЙГ ГҮЙЦЭЖ АЛЪЯ-БУСАД АЛБАН ТУШААЛТНУУД

-Ж.Мөнхжаргал: Хятад улсын авилгатай тэмцэж байгаа туршлага бусад улс оронд жишиг болно гэж үзэж байгаагаа сургалт явуулж байгаа багш хэлж байсан.

Барыг дарж алъя – Өндөр зэрэглэлийн албан тушаалтнууд /440 орчим хүнийг шийтгэсэн/, Батганыг цохиж алъя- Газар, хэлтсийн дарга нар /8900 орчим/, Үнэгийг гүйцэж алъя-бусад албан тушаалтнууд / 63000 хүнийг шалгасан /гэсэн уриа дэвшүүлж авилгыг үндсээр нь устгах бодлого хэрэгжүүлж байгаа талаар танилцуулж байсан.

БНХАУ-Д  ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ТӨВ НЬ ШҮҮХЭД ХАРЬЯАЛАГДДАГ

-БНХАУ-д төлбөрийн чадваргүй иргэдэд эрх зүйн туслалцааг ямар хэлбэрээр үзүүлж байна вэ? Манай улсаас ялгаатай тал нь юу байна.

-Г.Гэрэлтуяа: Манай улсад төлбөрийн чадваргүй иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх төв нь Хууль зүй дотоод хэргийн яамны харьяанд байдаг бол БНХАУ-д бол Эрх зүйн туслалцаа үзүүлэх төв Шүүхэд харьяалагдаж, үндсэн 2 чиллэлээр үйл ажиллагаа явуулж байна. 

Энэ төв нь I зайлшгүй өмгөөлөгч авах шаардлагатай төлбөрийн чадваргүй нийгмийн эмзэг бүлгийн хүн, хугацаагүй хорих ял, цаазаар авах ял оногдуулах хэрэгт холбогдсон этгээд, насанд хүрээгүй хүнд эрх зүйн туслалцаа үзүүлж үнэ төлбөргүй өмгөөллийн туслалцаа үзүүлдэг. Энд ажиллаж буй өмгөөлөгч нар нь төрөөс цалинжих бөгөөд үйлчлүүлэгч нараас төлбөр авахыг хориглодог юм байна.

II-т энэ төв нь гэмт хэргийн улмаас хохирол амссан төлбөрийн чадваргүй иргэдэд /хохирогчид/ нөхөн олговор олгох бөгөөд гадаадын иргэд энд  хамрагдах боломжгүй юм байна. Энэ үйл ажиллагааг 2009 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь шүүхийн тогтоолоороо хохирогчид хохирлыг нь барагдуулна.  Гэмт хэргийн улмаас хохирол амссан иргэн энэ төвд хандаж нөхөн олговор авахын тулд тодорхой шалгуурыг хангасан байх ёстой бөгөөд нөхөн олговрын дээд хэмжээ нь тухайн газрын өмнөх жилийн тогтоосон сарын дундаж цалинг 36  дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний юань байна.

БНХАУ-Д БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧСӨН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ЖАГСААЛТЫГ ГАРГАЖ БАНК САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГАД ӨГДӨГ,ЖАГСААЛТАНД ХАМРАГДСАН АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД  БАНК САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА ЗЭЭЛ ӨГӨХ ЭСЭХ ДЭЭР АНХААРАЛТАЙ ХАНДДАГ

-Тус улсаас байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа бодлогын талаар та нар хүсэлт гаргаснаар нэмэлт сургалт явуулсан гэсэн. Энэ талаараа тодруулна уу.

- Ж.Мөнхжаргал: Энэ нь Хятад улсын үндсэн бодлогын асуудал болсон байх бөгөөд Үзэсгэлэнтэй сайхан Хятад улс болох зорилт дэвшүүлж ажиллаж байгаа юм байна. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр хотжилтын бүтээн байгуулалт, ХАА-н бүтээгдэхүүний бүсийг байгуулах /тус тусад нь бүс байгуулах/, экологийн орчинг байгуулах арга хэмжээг авч байна. Дэлхийн бусад орнуудын адил хөрсний бохирдол, усны бохирдол анхаарал татаж байгаа асуудал гэж үзэж арга хэмжээ авч ажиллаж байгаагаас 2035 он гэхэд экологийн орчин үндсэндээ сайжирсан байх зорилт тавьсан байна.

Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргаж банк санхүүгийн байгууллагад өгдөг, зээл өгсөн тохиолдолд мөнгөө олж авч чадахгүй болох учраас тухайн банк санхүүгийн байгууллага зээл өгөх эсэх дээр анхааралтай ханддаг, мөн даатгалын асуудал байна. Байгаль орчин бохирдуулж болзошгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд заавал байгаль орчны татварыг төлөх аргыг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн байна. Байгаль орчин бохирдуулсан тохиолдолд даатгалын компаниуд ард иргэдэд нөхөн олговор олгоно.

Шүүхүүдэд энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэх шүүгч ажилладаг юм байна. Зарим газар цагдаа ч ажиллуулж байгаа. Мөн байгаль орчны хяналтын сүлжээ ажиллуулдаг. 2000 орчим агаарын бохирдлын хяналтын цэг ажиллуулж байгаа юм байна. Байгаль орчин бохирдуулсан аж ахуйн нэгжүүдэд  өндөр торгууль оногдуулах, үйлдвэрийг хаах, тухайн үйлдвэрийг ажиллуулж багаа аж ахуйн нэгж, компанийг татан буулгах, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байна. Зөвхөн агаарын бохирдлыг бууруулахын тулд 6200 орчим аж махуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон байна. Том хотуудаас үйлдвэрүүдийг нүүлгэн үйлчилгээний салбаруудыг байгуулах ажлыг нэмэгдүүлэх бодлого барьж ажилласан нь үр дүнтэй болж байгаа юм байна.

БНХАУ-Д ИРГЭД ХООРОНД БАЙГУУЛСАН  ГЭРЭЭ ХЭЛЦЭЛ, ТОХИРОЛЦООГ ДҮРС ХЭЛБЭРЭЭР БАРИМТЖУУЛАН ХАДГАЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ БҮХИЙ  “ИНТЕРНЕТ НОТЛОХ БАРИМТЫН ДАТА БААЗЫН ҮЙЛЧИЛГЭЭ” НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛСЭН БАЙНА

- Жэжан мужийн Ханжой хотын Ancun Network Technology компанийн үйл ажиллагаатай танилцсан талаараа тодруулж яриач

-Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Соёлсайхан: Тус компани нь 2008 онд байгуулагдаж мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн, Хятад Улсын хамгийн шилдэг интернетийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлдэг байна. Тус компанийн бүтээсэн шүүхийн системийн сайтыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын дээд шүүх, харьяа 750 гаруй шүүх үйл ажиллагаандаа ашиглаж мэдээлэл, интернетийн аюулгүй байдал, цахим сүлжээгээ хамгаалуулж, хамтран ажилладаг.

Энэ систем нь иргэдийн хоорондоо харилцсан яриаг тусгай программын тусламжтайгаар хураан авч шүүхэд нотлох баримтаар үнэлэх нөхцлийг бүрдүүлж шүүхийн байгууллага үйл ажиллагаандаа ашиглаж байгаа нь маш үр дүнтэй, орчин үеийн техникийн дэвшлийг ашигласан шийдэл болсон байна. Мөн шүүхийн байгууллагаас шүүх хуралдаанд оролцуулахаар дуудсан гэрч шүүх хуралдаанд хүрэлцэн ирж оролцох боломжгүй тохиолдолд мэдүүлгийг нь тус байгууллагын мэдээллийн системийг ашиглан авч шүүхэд нотлох баримтаар ашиглах боломжтой болсон.

2017 оны 12 дугаар сарын сүүлийн байдлаар иргэдийн хоорондын харилцсан 1 тэрбум 200 сая гаруй яриаг бичиж дата бааздаа хадгалж байгаа талаар танилцуулсан. Тухайн компаниас хамгийн сүүлд нотариатын үйлдэл хийхтэй холбоотой программ боловсруулж, ашиглаж байгаа юм байна. Энэ программыг нэвтрүүлсний үр дүнд бусдын баримт бичиг ашиглан  хуурамч нотариатын үйлдэл хийлгэх боломжгүй болгосон байна. Тус компанийн нэвтрүүлэхээр зэхэж байгаа шинэ үйлчилгээ нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нээлтээ хийх “Интернет нотлох баримтын дата баазын үйлчилгээ” бөгөөд энэ нь иргэд хооронд байгуулсан аливаа гэрээ хэлцэл, тохиролцоог дүрс хэлбэрээр баримтжуулан хадгалах үйлчилгээ байна. Энэ үйлчилгээ нь цаг хугацаа хэмнэх, шүүхийн үйл ажиллагааг түргэн шуурхай явуулах нөхцлийг хуулийн хүрээнд бүрдүүлнэ гэж үзэж байгаа бөгөөд иргэд хоорондын маргааныг бусад хэлбэрээр нотлох шаардлагагүй болох юм байна. Дээрх үйлчилгээ нэвтэрч эхэлснээр интернет сүлжээ ашиглан байгаа газраасаа оролцогч нар шүүх хуралдаанд оролцох боломжтой бөгөөд шүүхийн шийдвэрийг тэр дороо  хүлээн авах боломжтой болж байгаа юм  байна. Бидний тус компанийн үйл ажиллагаатай танилцсан талаар  Ancun Network Technology компанийн албан ёсны сайтад 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нийтэлсэн байна.

            -Аяллын талаараа сонирхуулбал:

-Ж.Мөнхжаргал: Бид Хятад улсын 3 муж, 5 хотоор зочилсон байна. Аньхуй мужийн Хуаншин хотод орших Хятадын алдарт Шар уул гэх байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий далайн түвшинээс 1868 метр өндөрт орших, аялал жуулчлах бүхий л нөхцлийг бүрдүүлсэн ууланд аялсан, мөн уг хотын Улаан тосгон гэх Хятадын хамгийн эртний том тосгоныг үзэж сонирхсон. Мөн Жэжан мужийн Ханжоу хотод  “Лууны худаг” гэх ногоон цайны тариалангийн газар үзэж, 300 жилийн түүхтэй Үжин тосгоныг үзсэн. Ханжоу мужийн Сиху буюу Баруун нуурыг үзэж  2016 онд Хятад улсад зохион байгуулсан “Их-20”-ын уулзалтад зориулан тоглосон нууран дээрх тоглолтыг үзсэн, 24 сая хүн амтай Шанхай хотоор зочилж шөнийн Шанхай хоттой усан онгоцоор явж танилцан худалдааны төвүүдийг үзэж сонирхсон.

 Бидний сургалт амжилттай болсон. Энэ дашрамд сургалтанд оролцох бололцоогоор хангаж өгсөн удирдлагууддаа, сургалтыг өндөр хэмжээнд зохион байгуулсан Үндэсний Захиргааны академийн  Сургалтын хэлтсийн хамт олон болон удирдлагууд, холбогдох бусад хүмүүст нийт сургалтанд оролцсон прокуроруудынхаа өмнөөс талархал илэрхийлж ажлын амжилт хүсье.

СОНИРХОЛТОЙ ЯРИЛЦЛАГА ӨГСӨН ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА.

БНХАУ-ЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
БНХАУ-ЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
БНХАУ-ЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
БНХАУ-ЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
БНХАУ-ЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
БНХАУ-ЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
БНХАУ-ЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
БНХАУ-ЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
БНХАУ-ЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
БНХАУ-ЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
БНХАУ-ЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
БНХАУ-ЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
БНХАУ-ЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
Санал асуулга
Статистик мэдээ
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
41
Өчигдөр
102
7 хоногт
1074
Сүүлийн сард
4400
Сүүлийн жилд
88999
Нийт хандалт
88999