Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл
Ярилцлага
АМГАЛАН ТӨРИЙН ПРОКУРОР А.АВАРЗЭД

Туршлагатай прокурор бас чамгүй уран бүтээлч Адъяасүрэнгийн  Аварзэд гэж  нэгэн эрхэм Төв аймгийн прокурорын газарт ажилладаг билээ. "Туршлагатай" гэсний учир тэрээр хэсгийн прокуророос ажлын гараагаа эхэлж, прокурорын ахлах мөрдөн байцаагч, хяналтын прокурор, туслах прокурор, орлогч прокурор, Аймгийн Ерөнхий прокурор  зэрэг прокурорын  бүх л шатанд ажиллаж байсан. "Уран бүтээлч" гэсний учир  түүний зохиосон "Амгалан төрийн прокурор" гэх дууг манайхан андахгүй мэдэх билээ. Мөн тэрээр прокурорын байгууллагын 85 жилийн ойгоор "3 үеийн прокурор" хэмээх шүлэг бичиж  prokuror.mn сайтад нийтлүүлж байсныг  санаж байна. Тэрээр энэ шүлгэндээ: 

...Төрт ёсоо дээдэлж түүхийн жимээр урагшилсан

   Төрийн хуулийг сахиулж амар тайвныг хамгаалсан

    Алдар нэрийн араас нүүр буруулж зүтгээгүй

   Албаа хүндэлсэн эгэл жирийн хүмүүс ээ..."   гэж шүлэглэсэн. Тиймээ,  Энэ бол Монгол төрийн эгэл жирийн прокурорууд.

Төв Аймгийн ерөнхий прокурор С.Алимаа   "...А.Аварзэд прокурорын "Амгалан төрийн прокурор" гэх сайхан дуундаа бид клип хийлгэх зорилготой байгаа" хэмээн ярихын хажуугаар "...Аварзэд прокурорын  морины тухай бичсэн  шүлгэнд ая хийсэн байна..." гэж сонирхууллаа. 

Монгол түмэн Их баяр Наадамдаа бэлдэж, хоног тоолон хүлээж байгаа энэ цаг мөчид Хурдан хүлэг- Уран бүтээл- Төрийн прокурор сэдвээр ярилцаж,  прокурор-яруу найрагч түүний ертөнцөөр аялахаар  шийдлээ.   Амгалан төрийн  эгэл жирийн олон прокуроруудын нэг  А.Аварзэдтэй ярилцсан ярилцлагыг хүлээн авна уу. 

 Монгол түмний хүсэн хүлээдэг наадам хаяанд ирлээ. Таныг  морины тухай шүлэг зохиож дуу хийсэн гэж сонссон. Энэ тухай ярилцахаар зорьж ирлээ. Шинэ уран бүтээлийнхээ талаар бидэнд ярьж өгөөч?

- Хөвсгөл аймгийн баяр наадам, Баруун бүсийн даншиг наадам, Эрдэнэтийн 40 жилийн ой, Дүнжингаравын их хурд, Улсын баяр наадамд олон удаа айраг түрүү авсан Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Намжилдоржийн Нацагдорж гэдэг миний нэг ангийн багын найзын “ягаан халзан” гэж  баяр наадмын чимэг болсон  цуутай хурдан хүлэг байсан юм. Моринд дуртай Монголын ард түмэн түүнийг мэднэ. Энэ моринд зориулж “Цэнгэлийн манлай хүлэг” гэсэн дууны шүлэг бичиж өөрт нь өгсөн. Энэ шүлэгт хөгжмийн зохиолч Даваадорж багш /Хөвсгөлийн/ ая оруулан, чөлөөт уран бүтээлч дуучин Дэлгэрмөрөн /Хөвсгөлийн/ дуулж сайхан дуу хийсэн. Дуу маань 2 хоногийн өмнө надад ирсэн. Наадмын өмнө монгол  морины тухай дуу хийж их ойдоо мялаалга өргөсөндөө баяртай байна.  Ер нь Монголчуудыг эрийн гурван наадамгүйгээр, хурдан морьгүйгээр төсөөлшгүй. Дуу маань олны хүртээл болох цаг удахгүй ирнэ гэж бодож байна.  Морины тухай дуу дуулдаг хүмүүст нэг шинэ уран бүтээл нэмсэн дээ.

-Таны зохиосон “Амгалан төрийн прокурор” гэдэг дууг прокурор бүхэн мэднэ. Прокурорын байгууллагын анхны дуу болсон. Дуу төрсөн түүхээсээ яриач?

“Амгалан төрийн прокурор” дууны шүлгийг 2010 онд Дорнод аймгийн прокурорын газарт орлогч прокуророор ажиллаж байхдаа  бичсэн.  Тэр үед Дорнод аймгийн прокуророор Ш.Эрдэнэбилэг прокурор  ажиллаж байсан. Прокурорын байгууллагын 80 жилийн ой болох гэж байсан. Би нэг орой сууж байгаад “Амгалан төрийн прокурор” гэсэн шүлэг бичээд маргааш нь аймгийн прокурор Ш.Эрдэнэбилэгт үзүүллээ. Ш.Эрдэнэбилэг прокурор үзэж байснаа  аваад үлдсэн. Өөрийнхөө танил, шүлэг бичдэг хүнд үзүүллээ, хүний бичсэн зүйлийг өөрчилж бичиж чадахгүй байнаа, ганц нэг үг зассан гэнэ, ерөөсөө энэ шүлгийг дуу болгоё, дахиад сайн үз гээд надад өгсөн. Мөн Прокурорын байгууллагын 80 жилийн ойг угтаж зохиох ажлын төлөвлөгөөнд “...Амгалан төрийн прокурор” шүлгээр дуу хийх, Хариуцах эзэн Аварзэд, Идэр, хяналт тавих Ш.Эрдэнэбилэг..." гээд шууд төлөвлөчихсөн.   Ингээд л дуу хийх хэрэгтэй болсон. Тэгтэл  Идэр  маань /одоо Дархан-Уул аймгийн прокурорын газарт хяналтын прокурор/ “Би нэг хүнтэй ярилаа, шүлгээ явуулчих гэнэ, хоёулаа шүлгээ явуулъя гэсэн. Ингээд Идэрийн ярьсан хүнд  шүлгээ явууллаа. Хэд хоногийн дараа Идэр маань “нөгөө хөгжмийн зохиолч ярилаа, дуу бэлэн болчихсон байна би авчихлаа, хоёулаа сонсох уу” гэж байна. Компьютерт нь суулгаад сонсоод үзтэл аятайхан дуу болжээ. Ингээд бид дуугаа Дорнод аймгийн прокурорын газраас бэлтгэсэн урлагийн тоглолтод бүгдээрээ анх дуулсан. Миний шүлгийг “Болно доо болно хоёулаа” зэрэг олон сайхан дууны аяыг бичсэн авьяаслаг хөгжмийн зохиолч Ч.Баасанхүү  дуу болгосон., дууг анх дуучин Анхбаяр дуулж олны хүртээл болгосон юм.

Тэр үед Прокурорын байгууллагын 80 жилийн ойн нэрэмжит Зүүн бүсийн спортын наадамтай танилцахаар  Б.Бат-Орших прокурор П. Зориг прокурор 2 ирсэн. Бид ч тэмцээнийхээ үеэр дуугаа дуулуулсаар байлаа, тэгтэл Б. Бат-Орших прокурор дууг хуулуулаад аваад явсан. Ингээд Монгол Улсын Прокурорын байгууллагын 80 жилийн ойн үеэр хийгдсэн баримтат киноны дуу болсон ийм л түүхтэй.

Ер нь би сурагч байхаасаа л монгол хэл бичигт дуртай, ном их уншдаг, бас үг холбоод дөрвөн мөрт бичдэг хүүхэд байсан. Шүлэг бичих гэдэг бол миний багийн хобби. Одоо хүртэл зав л гарвал үг холбохыг боддог шүү.

-Түүнээс хойш 2015 онд Прокурорын байгууллагын 85 жилийн ой болсон энэ үеэр хийгдсэн уран бүтээлээсээ яривал?

 85 жилийн ойд зориулан 3 үеийн прокурорын чуулга уулзалт зохион байгуулагдсан. Үүнд зориулан "3 үеийн прокурор" нэртэй холбоо гурван шүлэг бичсэн.  Прокурорын байгууллагын эхэн үе, дунд үе,  одоо ажиллаж байгаа  бүх л прокурорууддаа энэ шүлгээ зориулсан даа.

          ...Төрт ёсоо дээдэлж түүхийн жимээр урагшилсан

            Төрийн хуулийг сахиулж амар тайвныг хамгаалсан

            Алдар нэрийн араас нүүр буруулж зүтгээгүй

            Албаа хүндэлсэн эгэл жирийн хүмүүс ээ

ПРОКУРОР ТА-Гандан бууршгүй түүхийн эзэн нь билээ

ПРОКУРОР ТА-Ганцхан үнэний хайгуулч билээ

ПРОКУРОР ТА-Гал шиг бадрах үйлстэн билээ

ПРОКУРОР ТА-Гарцаагүй буруутныг ЯЛЛАГЧ билээ... гэсэн шүлгийнхээ төгсгөлийн хэсгээс нь хэлье дээ.

Би мөн Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтаж нийт яруу найрагч, шүлэгч нарын дунд  зарласан цагдаагийн тухай шүлэг найраглалын уралдаанд “Эгэл цагдаа”  шүлэг бичиж шүлгээ Соёлын төв өргөөнд унших эрх олгогдож яруу найрагчидтай уралдаанд 3 дугаар байранд   орж   байлаа.

  ...Галзуурсан согтуугийн ирт мэсний үзүүр дээр

Гайтай хулгайчдын хар мөрийн эхэн дээр

Өдөр шөнийн алинд ч тулж зогссон эр бие

Өөрийгөө мартаж, үүргээ биелүүлсэн онцгой албатан

Хувьцаа эзэмшиж саятан болохыг хүсээгүй

Худалдаа эрхэлж ажлаа орхихыг бодоогүй

Биеийн жаргал эдэлж амралт цэнгэл хөөгөөгүй

Баяр ёслолын цагаар хундага дарс тулгаагүй

Түмний хэргийн төлөө бие сэтгэлээ зориулсан

Төсвийн хэдэн мөнгөөрөө аж амьдралаа залгуулсан

Гэргий ханиа ажилгүй дагуулж хохироосон

Гоёлын ганцхан хувцсаа жилдээ нэг л өмссөн... гэсэн мөрүүд аяндаа л ороод ирж билээ. Олон жил халуунд хамт халж, хүйтэнд хамт хөрч явсан эгэл жирийн цагдаагийн ажилтнуудын тухай бичсэн энэ шүлгэндээ би хайртай. Унших ч дуртай.

Та өөрийнхөө тухай яриач. Аль нутгийн  хүн бэ. Хэзээ анх прокурорын байгууллагад орж байв?

 Би Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул хүн л дээ. Сумынхаа 10 жилийн сургуулийг 1981 онд төгсч Хууль Цаазны Дунд Сургуульд элсэн орж төгсөөд, Дорноговь аймгийн Зүүнбаянд цэргийн алба хааж, 1990 оны 2 дугаар сард  Хөвсгөл аймгийн Прокурорын газарт тусгай дунд боловсролтой, хуульч мэргэжилтэй  залуу хэсгийн прокуророор анх томилогдож байлаа.

 1990 оны  “Цагаан морин жил” Хөвсгөл аймгийн прокурорын газарт анх ажилд ороход Аймгийн прокуророор ажиллаж байсан  Ц.Цоодол прокурор /Баянзүрх дүүргийн Ерөнхий прокурор Ц.Батболд прокурорын аав/ намайг өрөөндөө дуудаж “Чамайг хэсгийн прокуророор авмаар байна. Чи ажиллаж чадах уу, хэрэв чадна гэвэл материалаа бүрдүүлээд надад өг” гэсэн. Би   "чадна"  гэж шууд хэлж чадсангүй. Тэгтэл Ц.Цоодол прокурор маань надад урам зориг оруулаад “Чи залуу хүн чаднаа, ерөөсөө материалаа маргааш надад авчирч өгөөрэй, тэгээд зөвлөлийн хурлаар оруулаад чиний материалыг Улсын Ерөнхий Прокурорын газарт явуулъя” гэлээ. Би гайхаад,бас баярлаад  “За” гэж хэлээд өрөөнөөс нь гарсан. Манай ангийн нөхдүүд, танил залуучууд Хөвсгөл аймгийн прокурорын газарт хэсгийн прокуророор ажиллаж байсан учраас орон тоо гарахаар нь тэд Аймгийн прокурорт хэлж намайг судалсан юм байна л даа.

Маргааш нь материалаа аваачиж өгөөд Хөвсгөл Аймгийн прокурорын дэргэдэх зөвлөлийн хурлаар орлоо. Аймгийн прокурор Ц.Цоодол, орлогч прокурор Н.Тэрбиш, туслах прокурор Д.Дашням, Ц.Дашжамц, Т.Энхжаргал, хяналтын прокурор Д.Баасанжав гээд олон жил прокуророор ажилласан,  хүнийг гаднаас нь хараад л “хэн бэ”  гэдгийг таних болчихсон ахмад прокуроруудын дунд “хөлсөө гартал” асуугдаж, “Зөвлөгөө”, “үг сургаал” сонсч   “Зөвлөлийн хурал” гэж ийм л юм байдаг юм байна” гэж яс махандаа тултал мэдэрч анх прокурор болох зам мөрөө заалгаж билээ. Ингээд Хөвсгөл нутагтаа Хэсгийн прокуророос ажлын гараагаа эхэлж, прокурорын ахлах мөрдөн байцаагч, туслах прокурор, Аймгийн Ерөнхий прокурор, Дорнод аймгийн прокурорын газарт хяналтын прокурор, орлогч прокурор, 2014 оноос Төв Аймгийн прокурорын газартаа орлогч прокурор, шийдвэр гүйцэтгэх ажилд хяналт тавих ахлах прокуророор ажиллаж байна.  Миний прокуророор ажилласан он жилүүд шулуун дардан байгаагүй. 1999 оны 11 дүгээр сард хуулийн дунд боловсролтой гэсэн шалтгаанаар  ажлаас  чөлөөлөгдсөн. Дараа нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг дүүргэж дахин прокурортоо томилогдсон доо.Прокурор гэдэг их айлд “нэн хариуцлагатай, нэр хүндтэй албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэж  20 гариу жилийн нүүрийн үзэж байна.

Хамт ажиллаж байсан прокуроруудынхаа тухай  дурсаач?

Ахмад, залуу олон сайхан прокуроруудын удирдлаганд ажиллаж тэднээс их зүйлийг сурсан даа.  Хөвсгөл Аймгийн прокуророор ажиллаж байсан Ц.Цоодол, С.Хүрэлбаатар, Н.Сосорбарам, Я.Дамдинрагчаа,  Н.Тэрбиш, Дорнод аймгийн прокуророор ажиллаж байсан Ш.Эрдэнэбилэг, Б.Очбадар, Төв аймгийн прокурор Ц.Мөнхбат, С.Алимаа гээд дурдвал 3 томоохон аймагт ажилласны хүчинд мэдлэг мэргэжил, туршлагатай, бас шударга, зарчимч олон прокуроруудын нэр хөвөрнө.

Намайг удирдан чиглүүлж анх прокурор болоход минь дэмжиж тусалж мэдлэг туршлагаа харамгүй хайрлаж зааж зөвлөж явсан, Хөвсгөл аймгийн Прокурорын газарт орлогч прокурор, туслах прокуророор ажиллаж байсан ахмад прокурор Д.Дашням гуай, Ц.Дашжамц,  Т.Батначин, Ц.Цэрэндорж  нарын ахмад прокуроруудаа дурсахад таатай байна. Архангай, Хөвсгөл аймагт орлогч прокурор, мөрдөн байцаах ажил хариуцсан туслах прокуророор ажиллаж байсан  Пүрэвийн Хоролгарав гэдэг хүн байлаа.  Түүнтэй хамт ажиллаж арвин их туршлагаас нь хүртсэн би азтай хүн гэж өөртөө баярлаж явдаг даа. Н.Сосорбарам прокурор Аймгийн прокуророор  ажиллаж байх үедээ сонинд маш их зүйл бичүүлнэ. Залуу хүн өсдөг байхгүй юу, ухаан нь тэлэгдэж задардаг юм гэдэгсэн. Түүний ач буянгаар би Хөвсгөл аймгийн орон нутгийн хэвлэл “Эрх чөлөө” сонины “Оны тэргүүн бичлэгтэн”-ий шагналыг хүртэж явлаа.

Эх орны хоймор хязгаар Хөвсгөл нутагаас  Дорнын их тал  Дорнод аймгийн прокурорын газарт гээд нэг хязгаараас нөгөө хязгаарт очиж ажиллах танд ямар байсан бэ?

  Прокурор бид чинь тушаал авсан цэргийн хүнээс ялгаагүй шүү дээ. Үнэхээр ажил мэргэжилдээ дуртай бол хаана томилно, тэнд очоод, ажиллах л үүрэгтэй. Прокурор хүний  гэр бүл адилхан л дагаад явна. Уул, ус, ой, хөвч, тайгаас  Монголын Дорнын их тал нутагт очиход  эхэндээ уур амьсгалаас авахуулаад дасан зохицоход амаргүй л байсан. Гэвч ажиллаж амьдрахад хэцүү зүйл байгаагүй. Залуу, эрч хүчтэй, сэтгэлгээ сайтай, ажлаа жинхэнэ сэтгэлээрээ хийдэг, албандаа сэтгэлээ өгсөн сайхан хамт олонтой  ажиллаж байсан.

Та хэсгийн байцаагчаас мөрдөн байцаагч, мөрдөн хариуцсан орлогчоор ажиллаж байхдаа олон эрүүгийн хэрэг дээр ажиллаж байсан байх. Сэтгэлд үлдсэн зарим хэргээс яривал...?

-1990-ээд оны эхээр Хөвсгөл аймгийн прокурорын газарт ахмадууд нь тэтгэвэртээ гарч,  залуучууд нь өөр алба, өөр аймаг, хотруу шилжиж, эмэгтэйчүүд ихэнх хувийг эзлэх болсон. Юуны түрүүнд л хэргийн газар, томоохон үзлэг шинжилгээнд  Б.Шижирбаатар прокурор /одоо нотариатч/  бид 2 томилогдоно. Сонирхуулахад 1937-1938 онд Мөрөнгийн хүрээнд байсан олон зуун лам нарыг хоморголон буудан хөнөөж, Мөрөн хотын ойролцоох “Элстийн ар” гэдэг газар булж байсан гэх газарт Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос зохион байгуулж,  газрыг нь  хөндөж лам нарын шарилыг Монголд анх  удаа ил гаргаж үзлэг хийсэн. Тэр үед Цагдаагийн дээд сургуульд суралцаж байсан 1 дүгээр курсийн 22 оюутан, 1 багш, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Рэнчин гуай, хүн судлаач Билэгт нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэгт прокурорын байгууллагаа төлөөлж  оролцсон.

“Элстийн ар” –аас ажлын хэсгийнхэн 100 гаруй лам нарын шарилыг 2 газраас малталт хийж гаргасан. Лам нар бүгд толгойдоо бууны сумны нүхтэй байсан. Томоохон хэмжээний газар  ухаад олноор нь буудчихаад булчихдаг байсан юм байна лээ.

Тэр үед хэлмэгдүүлэлт гэж хичнээн аймшигтай зүйл байсан юм бэ гэдгийг нүдээрээ үзэж  мэдэрсэн. Тэдгээр лам нарыг зуны улиралд буудсан бололтой, лам нарын зуны шовгор малгай, модон хөөрөг, эрхний тасархай олноор гарч ирсэн. Харин чулуун хөөрөг, үнэт эдлэл ерөөсөө гарч ирээгүй. Бүгдийг нь хурааж авч хормойлж нүх ухуулж булж байсан гэж миний багад ахмад хүмүүс ярьж байсан нь үнэний ортой гэж бодсон. Тэр үеийн  лам нарын өмсч явсан хувцасны торгоны өнгө нь мэдэгдэж, малгайн дотор байсан цус мэт хүрэн зүйл нь яг л хэвээрээ 50 шахам жил газрын хөрсөн дор байсан гэхэд хүн итгэмээргүй.

1995 онд Хөвсгөл аймагт болсон  Ан-24, Ю-12 гэдэг  онгоцны олон хүний амь нас сүйдсэн аймшигт осол,  Хөвсгөл аймгийн Эрдэнэ булган сумын хилийн заставт хил манаж явсан 3 хилчнийг ОХУ-ын талаас хулгайн анчид хил зөрчин орж ирж буудан алсан хэрэг зэрэг олныг цочроосон хэргийн газрын үзлэгт оролцсон.  Хүн амины, хүчин, танхай, хулгайн олон хэрэгтнүүдийг яллаж  төрийн хуулийн цээрлэлийг хүртээж явлаа. 

Прокурор гэж хэнийг хэлэх . Энэ хүн ямар байх ёстой гэж та боддог бэ?

-Прокурор хүн хатуужилтай, бас тэсвэр тэвчээртэй байх ёстой. Нэг л их өрөвчхөн, хүнийг дагаад уйлж хайлдаг, уярдаг,  байх нь прокурор хүнд байх чанар биш. Тэд уйлж хайлж л байг, харааж зүхэж л байг  та ажлаа л хийх ёстой. Аймхай, хулчгар, сэжиглэмтгий, шунаг сувьдаг,хэрүүлч, бүрэг дорой, дээрэнгүй, биеэ тоосон, бусдыг үл хүндэтгэсэн байж болохгүй, энэ нь прокурор хүнд нэн зохимжгүй.

Прокурор хүн өргөн мэдлэгтэй, бас чадвартай, хүнтэй харьцах харьцааны соёлтой, гэр бүлийн тогтвортой, ажлаа гэсэн сэтгэлтэй, өмнөө тавьсан зорилготой, хамт олондоо нэр хүндтэй байх ёстой.

Ажлаа хийж чадаж байгаа хүн ажилдаа ирэхдээ урам зоригтой ирдэг юм.  Ажилдаа ирэхдээ айсан, хэн юу гэх бол, шуурхай зөвлөгөөн дээр яах бол гэж бодож зүрхшээж байгаа бол та ажлаа хийж чадахгүй л байна гэж бодох хэрэгтэй.

Прокурорын гэр бүл бат тогтвортой, эхнэрийн, нөхрийнхөө ажлыг ойлгодог байх нь юу юунаас чухал. Уурласан, бухимдсан гэр бүлийн дотор прокурор хүн амгалан тайван байж чадахгүй.Иймээс гэр бүлийн халуун дулаан уур амьсгал прокурор хүнд эрхэм.

Та юунд эмзэглэж явдаг бэ?

 Сүүлийн үед хүний санаанд оромгүй аймшигт хэрэг гарах болсон. Бүр ухаант хүн адгууснаас дор үйлдэл гаргах болсонд сэтгэл үнэхээр эмзэглэдэг.  Ажлын чиг үүргийн дагуу Төв Аймгийн прокурорын газрын хяналтын харьяалалд байдаг хаалттай 1 хорих анги, нээлттэй 2 хорих анги, Согтуурах, мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын үйл ажиллагаанд дангаар хяналт тавьж байна.  Хоригдлуудын хувийн хэргийг хянаж,тэдгээр хүмүүстэй уулзаж, шүүхийн шийтгэх тогтоолыг нь уншихад “ухаант хүн ийм байх гэж” гэсэн бодол өөрийн эрхгүй толгойд орж ирдэг юм.

Та Ял эдлүүлэх  ажиллагаанд тавих хяналт хариуцан ажиллаж байна. Энэ хяналтын чиглэлээр хийж байгаа ажлынхаа талаар?

- Хоригдлууд хорих ялаа эдлээд хугацаа нь дуусаад л гардаг. Тэгтэл тэднээс учруулсан хохирол барагддаггүй  хохирогч нар хохироод үлддэг явдал нийтлэг. Тэгэхээр хоригдлуудаас бусдад учруулсан хохирлыг төлүүлэх ажил хамгийн чухал болж байна. Зөвхөн Хорих 415 дугаар хаалттай хорих ангид /Мааньтын хорих/ З,7 тэрбум гариу төгрөгийн хохирол төлбөртэй 107 хоригдол ял эдэлж байна. Тус Аймгийн прокурорын газраас санаачлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албатай хамтран хорих ангиудаас хоригдлуудын дунд гэмт хэргийн улмаас  бусдад учруулсан хохирол, төлбөрийг барагдуулж хохирогчийн эрхийг хамгаалах, хоригдол болон тэдгээрийн ар гэрээс хохирол төлөх эрмэлзлийг бий болгох, хоригдлын сайн дурын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хорих ангийн ажилтнуудаас хоригдлын гэм хорын хохирлыг төлүүлэх талаар хийж буй  ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Хохирлоо барагдуулаад гэртээ харья-2018” сэдэвт 120 хоногийн аяныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа  нийт хорих ангиудын хэмжээнд 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн өрнүүлээд байна. Аяны үр дүнд  хохирлын тодорхой хувь нь төлөгдөх нь дамжиггүй.

-Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын онцлог юу бэ?

- Хорих байгууллагуудын үйл ажиллагаанд тавих хяналтын ажлыг 3 дахь жилдээ хийж байна. Хоригдол ч гэсэн хүн. Тэдэнд хуулиар олгогдсон эрх, бас үүрэг бий. Түүнийг хангуулах нь миний ажлын онцлог.  Шоронд орсон хүн засардаггүй, тэд гараад хамгийн муу үйлийг хийнэ,тэдэнтэй ойртохын хэрэггүй, холхон яв, шоронд орсон хүн муу юмыг сурдаг, зан ааш нь эвдэрдэг, ажилд авбал гай болно гэсэн ахархан бодол манайханд бий. Тэдний зарим нь тийм биш. Хүн л юм болсон хойно тэдэнд хүн чанар, бусдаас уучлалт гуйх ухаан, өрөвч сэтгэл, амьдрах итгэл, сэтгэлд нь гал бий.  Аймгийн прокурорын газраас санаачлан 2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа нийт хорих ангид ял эдэлж байгаа хоригдлуудын дунд  “Намайг уучлаарай” шилдэг захидлын уралдаан зарлаж дүгнэсэн.

Хоригдлууд ихэнхдээ ээжээсээ уучлалт хүсдэг юм байна. Ижийдээ хандаж бичсэн захидал олон байсан, аав ээжээсээ, үр хүүхдээсээ, ханиасаа, эх орноосоо, хохирогчоосоо, бурхан болсон аав,ээж, үр хүүхэд, ханиасаа хүртэл уучлалт гуйж  байна.Тэр ч байтугай хэргийг нь хянаж шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон прокуророос  уучлалт гуйж байна.  Бидний хийсэн энэ ажил бол хорих ял эдэлж байгаа хүмүүсийн сэтгэлд байгаа хэн нэгэн хүнд хэлээгүй, хэлэх гэсэн чин сэтгэлийн үгийг гаргахыг хичээсэн.

Сонирхуулах үүднээс, мөн гэмт хэрэг хийж шоронд орохоос урьдчилан сэргийлэх үүднээс, хүн хийсэн хэрэгтээ хожимдсон ч гэсэн ухаардаг юм байна гэдгийг бусдад ойлгуулахаар нэгэн хоригдлоос дүү нар болон бурхан болсон ижийдээ бичсэн захидлыг би тэмдэглэлийн дэвтэртээ буулгаж авсанаа хэлэхийг хүсч байна.

“Намайг уучил”

Дөрвөн сайхан охин дүүдээ би өчье

Дөнгөж саяхан юм шиг санагдах өнгөрснийг сөхье.

Гал халуун залуу насандаа гашуун усанд донтож

Ганц муу ах нь ухаан муутай явж намайг уучил.

Ширхэг ширхэгээр будантах үсийг тань хараад ээжээ

Шимширч дотроо элэг зүрх минь урагдаж байсан.

Сэргэлэн нүдний чинь оч гялалзаж нулимс дүүрээд буцахад

Сэтгэл дотроо өөрийгөө зүхэж, уйлж суусан хүү чинь, намайг уучил.

Аз жаргалтай санагдаж явсан амьдралдаа бүдэрч

Ах нь дүү нараа давхар өөртэйгөө цуг ялласан намайг уучил

Миний өмнөөс гэм нүглийг минь үүрч ээж минь

Мөнх хөх тэнгэр лүү наснаасаа эрт нисэн одож, намайг уучил.

Олон жил нөхөрлөж хамт ууж, дуулж явсан ахыгаа

Ойлгож би үгийг тань сонсоогүй, даасангүй, намайг уучил

Одоо харин таныгаа газарт булчхаад гэмшиж сууна

Орчлон хорвоод хүний амь бүрэлгэсэн нүгэлтэн би, намайг уучил.

Баруун хацар минь одоо хүртэл эзгүйрдэг шиг

Багана болсон эр хүнийг нь би хохироосон, намайг уучил

Багадаа би аавыгаа бас хүнд хорлуулсан болохоор

Балчир насандаа өнчирч явснаа мэднэ, намайг уучил

Муу болгоныг бодож явбал биелдэг юм байна.

Мунхаг явжээ зөвхөн миний буруу намайг уучил

Зүрх сэтгэлд минь хайр шингэсэн болохоор зөв бурууг өнөөдөр би ялгаагүй ээ.

Зүггүй, чиггүй явсан залуу насны аархал энэ хүрээд ойлгуулсан, намайг уучил.

Алдаа оноо ихтэй амьдралын нугачаа давааны нэг жалганд

Алдаж оносноо эргэцүүлж торон хашааны буланд босч суухдаа

Ганц биш, олон хүний амь, амьдралыг би сүйтгэсэн болохоор намайг уучил

Гартаа эрхи барьж суугаагүй ч гэмшсэн сэтгэл дотроо мэгзэм уншиж суудаг  намайг уучил.

Шилдэг захидлуудыг эмхтгэн “Намайг уучлаарай” шоронгоос бичсэн захидлууд гэсэн ном гаргана. Энэ бол хоригдлуудын сэтгэлийн үгээр бусдыг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд ихээхэн ач холбогдлоо өгнө гэж бодож байгаа. Энэ нь бусдад сургамж болох ёстой. Ер нь захидлуудаас харахад “хожимдсон гэмшил”-ийн тухай л байна.  Юунд бусдын муу нөлөөнд автав, яагаад хүн шиг амьдарч чадсангүй вэ, ээж аавынхаа хэлсэн үгийг яагаад ойлгодоггүй байв, хань, үр хүүхдээ яагаад өнчрүүлэв,  архи сархад хэтрүүлэн хэрэглэсний хор уршиг юунд хүргэж байна гэх мэтийн олон асуултын хариу захидлуудад бичигдсэн.   Зарим нь уйлж байгаад бичсэн халтартсан захидал ч бий, ихэнхдээ сэтгэл дотроо уйлж бичсэн захидал олон байсан.

За цаг заваа гаргаж сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Ажилд тань амжилт,  амьдралд нь  аз жаргал  хүсэн ерөөе. Үг мэргэн, үзэг хурц байхын ерөөл дэвшүүлье. Сайхан наадаарай.

Баярлалаа. Энэ завшааныг ашиглаж Прокурорын байгууллагын нийт прокурор, ажилтнууддаа баярын мэнд хүргэе.  Сайхан наадаарай.

 

Сэтгэгдэл (12)
түвшинжаргал
Амжилт хүсье.
12 өдөр| Хариулах
Батаа
Амарзэд прокурортоо ажлын амжилт хүсэн ерөөе
ХӨВСГӨЛ аймгийн Галт сумын З.Энэбиш багштай ангийн хамт олноос .Ангийн анд амгалан төрийн прокурор А.Аварзэд таньд ажилд нь амжилт амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Монгол төрийнхөө хариуцлагатай албанд сэтгэлээ өгч олон жил ажилласныг тань төр маань нэгэн цаг дор үнэлж гавьяат хуульч болгох байхаа гаьяат хуульч болоорой гэсэн эрхэм ерөөлийг өргөё.
Sodoo
Angiin and Avarzed prokurortoo sain saihniig husie
Н.Тэрбиш
Аварзэд прокурортоо баяр хүргэж амжилт хүсье! Нэгэн үе хамт ажиллаж байсан сайхан дурсамжаа нүдэнд харагдтал өгүүлсэнд баярлалаа.
Батаа
Сайн байна уу? Та минь төвшин сайн хүн, шударга хуульчаар зогсохгүй билиг оюунт яруу найрагч байсан юм уу? Ассан галын дөл шиг хийморьтой, амгалан төрийн прокурор Авараа ахдаа эрүүл энхийг хүсэж, ажлын өндөр амжилт хүсье.
Ахлах прокурор А.Aварзэд бол хүнд урам хайрлаж, итгэл сэтгэл өгч чаддаг хүн дээ.
Ахлах прокурор А.Aварзэд бол хүнд урам хайрлаж, итгэл сэтгэл өгч чаддаг хүн дээ.
Mordon baitsaagch
mundag setgeltei hundee. Dornodod tsug ajillaj bla ih zuil sursanda ahaas. Ahinhaa amidral, ajil hodolmort sn shniig husey.
Оюунгэрэл
Хуулийн дундаас дөрөө харшуулсан Хуульч анддаа амжилт хүснэм Хөг аялгуут уран бүтээл нь Хурын ус мэт шаагиж шагшигдаж байгээ
Машаагаас нь
Сайхан хүн шүү. Ахдаа амьдралд нь аз жаргал, сайн сайхныг, ажилд нь амжилт, Уран бүтээлд нь өндөрөөс өндөр амжилт хүсье. Маша
Сайхан дуу болжээ. Аварзэд прокурортоо баяр хүргэж улам их амжилт хүсье!
Санал асуулга
Статистик мэдээ
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
42
Өчигдөр
185
7 хоногт
1606
Сүүлийн сард
4252
Сүүлийн жилд
93302
Нийт хандалт
93302