Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Нийтлэл
"Монгол улс болон бүгд найрамдах Франц улсын эрүүгийн процессын төрөлжсөн хууль дахь хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг шийдвэрлэх ажиллагааны талаарх харьцуулсан судалгаа"

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, Хууль сахиулахын их сургуулийн докторант Ш.Баасандорж, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, Хууль зүйн магистр Ц.Сүхбат нарын бичсэн "Монгол улс болон бүгд найрамдах Франц улсын  эрүүгийн процессын төрөлжсөн хууль дахь хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг шийдвэрлэх ажиллагааны талаарх харьцуулсан судалгаа" нийтлэлийг хүргэж байна. Уг нийтлэл нь  Хууль зүйн Үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргадаг  "Хууль дээдлэх ёс" сэтгүүлийн 3 сарын дугаарт нийтлэгдсэн байна.

МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН  ЭРҮҮГИЙН ПРОЦЕССЫН ТӨРӨЛЖСӨН ХУУЛЬ ДАХЬ ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, Хууль сахиулахын их сургуулийн докторант Ш.Баасандорж, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, Хууль зүйн магистр Ц.Сүхбат

ТОВЧЛОЛ

Монгол Улс болон БНФУ-ын эрүүгийн процессын төрөлжсөн хуулийн зарим зохицуулалт, ялангуяа хялбаршуулсан болон хурдавчилсан журмаар эрүүгийн хэргийг шийдвэрлэх ажиллагааны онцлогийг харьцуулан судалж, тодорхой санал, дүгнэлт дэвшүүлж байна.

ТҮЛХҮҮР ҮГ

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хялбаршуулсан журам, хурдавчилсан журам, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүй, Франц Улсын эрүүгийн процесс, прокурор, шүүгч, харьцуулсан эрх зүй.

УДИРТГАЛ

Монгол Улс, Франц Улс нь эрүүгийн хуулиар тодорхойлсон гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэх журмыг эрүүгийн процессын төрөлжсөн хуулиар[1]зохицуулж өгсөн байна. Эрүүгийн хэргийг шийдвэрлэх журмын нэгэн төрөл нь хялбаршуулсан  журам (фр:procédure simplifiée)юм. Энэхүү журам нь хоёр улсын эрүүгийн процессын хуульд тус тус тусгагдсан байна. Харин Франц Улсад хялбаршуулсан журмаас гадна хурдавчилсан буюу түргэвчилсэн журам (фр:procédure rapide,procédure accélérée)-аар хэргийг шийдвэрлэдэг ажээ.

Монгол Улсын эрүүгийн процессын хууль тогтоомжийн хөгжлийн явцад хуульдаа эрүүгийн хэргийг хурдавчилсан журмаар шийдвэрлэх агуулга бүхий зохицуулалтыг хууль тогтоогчид тусгаж ирсэн байна. 1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хэрэг бүртгэх [2]гэсэн нэр томьёог тусгаж, уг хуулийн 121, 122, 123, 124 дүгээр зүйлүүдэд хуульчлахдаа хэрэг бүртгэх байгууллага нь гэмт хэргийн ул мөрийг олж тогтоох ба хамгаалах талаар мөрдөн байцаалтын хойшлуулалгүй ажиллагаануудыг хийх үүрэгтэй байхаар хуульчилж өгчээ. Энэ нь уг хуулийн 122, 123 дугаар зүйлүүд дэх зохицуулалтаас тодорхой ойлгогдож байна.Эдгээр зүйл, заалтуудын гол үзэл баримтлал нь гэмт хэргийн ул мөрийг олж тогтоох, хамгаалах зорилготой мөрдөн байцаалтын хойшлуулшгүй ажиллагааг гүйцэтгэхэд орших юм. Хойшлуулшгүй ажиллагааг тодорхой хугацаанд хийх үүрэгтэйгээр оруулж өгсөн байх ба хугацааг зааж өгсөн нь үйлдэгдсэн гэмт хэргийн ул мөрийг олж тогтоох, хамгаалах арга хэмжээг яаралтай гүйцэтгэх үүднээс тогтоон өгч байгаа болохоос биш хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх хугацаа биш юм. Мөн хойшлуулшгүй ажиллагаа нь онц хүнд, хүнд гэмт хэргийг илрүүлэх, ул мөрийг хамгаалахад түлхүү чиглэгдсэн ажиллагаа юм. Гэтэл энэхүү хуулийн зохицуулалт нь 1994 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн нэмэлт өөрчлөлтөөр анхны үзэл баримтлал нь өөрчлөгдөж хэргийг түргэн шуурхай буюу 14 хоногийн дотор шалгаж шүүхэд шилжүүлэх зохицуулалт руу шилжжээ. Энэхүү шилжилт нь 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 178 дугаар зүйлд зааснаар хөнгөн гэмт хэргийг 14 хоног, хүндэвтэр гэмт хэргийг 30 хоногт шалгаж шийдвэрлэхээр заасан нь хурдавчилсан буюу түргэвчилсэн журам (фр:procédure rapide, procédure accélérée)-ын шинжтэй зохицуулалт болон өөрчлөгджээ гэж үзэж болох юм.Хууль тогтоогчид хөнгөн, хүндэвтэр хэргийг шалгаж шийдвэрлэх хугацааг ийнхүү зааж өгсөн нь эдгээр төрлийн хэргүүдийг түргэн шуурхай, хурдавчилсан байдлаар шийдвэрлэх зорилготой хуульчилсан болов уу. 2017 оны эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрэг бүртгэлт нь өмнөх хуулийн зохицуулалтуудаасаа тэс өөр ойлголт болж хуульчлагдсан билээ.

Франц Улсын хувьд цагдаагийн мөрдөн байцаалтын төрөл (фр:cadres d'enquêtes de police) нь хойшлуулшгүй мөрдөн байцаалт (фр: enquête de flagrancе, англ: expedited investigation), урьдчилсан мөрдөн байцаалт (фр: enquête préliminaireангл: рreliminary investigation) гэсэн хоёр төрлөөс бүрддэг байна. Хойшлуулшгүй мөрдөн байцаалт нь эрүүгийн процессын хуулийн 53-74-2, урьдчилсан мөрдөн байцаалт нь 75-78-р зүйлүүдэд тус тус тусгагдсан байдаг. Франц Улсад мөрдөн байцаалтын үндсэн хоёр төрлийн эхнийх нь болох хойшлуулшгүй мөрдөн байцаалт нь хугацаатай[3], харин хоёр дахь нь болох урьдчилсан мөрдөн байцаалт нь хугацаагүй[4] байна.

Эрүүгийн процессын хуулиар мөрдөн байцаалтыг хоёр төрөлд хувааж буйн цаад агуулга нь гэмт хэрэг үйлдэгдсэн даруй эсхүл гэмт хэрэг үйлдэгдэж байх явцад гэмт хэргийг [5]шуурхай таслан зогсоох,  халуун ул мөрөөр нь хурдан шуурхай орж хэргийг илрүүлэх, эд мөрийн баримтыг  бэхжүүлэх, гэмт этгээдийг олж тогтоох, баривчлах, тэр даруй үзлэг, нэгжлэг хийх замаар нотлох баримтыг илрүүлэх, хамгаалах, бэхжүүлэх зэргээр хойшлуулшгүй ажиллагааг цэвэр мөрдөн байцаалтын нэгэн төрөл болгон зааглан хийхэд оршдог байна. [6]

Франц нь дэлхий дахины анхны төрөлжсөн эрүүгийн болон эрүүгийн процессын хуулийг батлан гаргаж, энэ төрлийн хууль тогтоомжийн онолын болон практикийг тогтоосон улс тул манайхан Францын хойшлуулшгүй мөрдөн байцаалтыг нь хэрэг бүртгэх ажиллагааны төрлөөр нутагшуулсан байх магадлалтай болох нь энэ өгүүлэлд мөчид дурдсан 1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зохицуулалт, агуулгаас бүрэн харагдаж байна.

Францад эрүүгийн хэргийг түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд хурдавчилсан журмыг хэрэглэдэг байна. Прокурор нь тодорхой, энгийн хэргийг шуурхай шүүх хуралдаан (фр:comparution immédiate)-аар хэлэлцүүлэх бүрэн эрхтэй байдаг.[7]

            Монгол Улсад 2007 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн нэмэлт өөрчлөлтөөр анх удаа дөчин наймдугаар бүлэгт “хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэсэн бүлэг шинээр оруулж, 414, 415, 416, 417, 418, 419 дүгээр зүйлүүдэд хялбаршуулсан журмыг зохицуулж өгчээ.

            Франц Улс нь “ордоннонсе пэналь” [8] (фр:ordonnance pénale)гэсэн нэршлээр эрүүгийн процессын хуулийн 495-1 дүгээр болон дараах зүйлүүдэд зарим ердийн гэмт хэрэг (фр:délit)шийдвэрлэхэд, уг хуулийн 524 дүгээр болон дараах зүйлүүдэд жижиг хэрэг, зөрчлүүд[9](фр:contravention)-ийг шийдвэрлэхэд хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээртусгасан байна.

Мөн  хялбаршуулсан журмын хүрээнд Англи-Саксоны эрх зүйн системийн ял наймаалцах буюу тохиролцох явдлыг (анг:plea-bargain) Франц улс “гэм буруугаа зөвшөөрөх” (фр:plaider coupable) болон  “гэм буруугаа урьдчилан хүлээж, хэлэлцүүлэх” (фр:comparution sur reconnaissance de culpabilite) гэсэн хууль зүйн хоёр нэр томьёоны доор нутагшуулжээ.

ҮНДСЭН ХЭСЭГ

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга), түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээс хойш даруй 9 сарын хугацаа өнгөрчээ.

            Шинэ хууль тогтоомжийг хэрэгжүүлж эхэлсэн холбоотой нэлээдгүй асуудал практикт тулгамдаж буй бөгөөд энэ удаад хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг онцлон хөндөж байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульчлагдсан бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбоотой мөрдөн шалгах, прокурорын хяналт, шүүхийн шатны бүх тусгай журмууд энэ бүлэгт хуульчлагджээ.

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргах эрхийг яллагдагчид олгосон бөгөөд яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн буюу нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн байхыг шаардана.

            Мөн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө гаргах ба шүүхийн шатанд урьдчилсан хэлэлцүүлгээр тус хүсэлтийг гаргах эрхийг нээлттэй үлдээжээ. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт  “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй” [10]гэж заасан нь хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэргийн хүрээг тэлж өгсөн явдал болсон байна. 2002 онд батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 414 дүгээр зүйлийн 414.1 дэх хэсэгт заасан 40 төрлийн хөнгөн ангиллын хуульчлагдсан хэргүүдийн хүрээнд сэжигтэн, яллагдагч, хохирогч харилцан зөвшөөрч, хүсэлт гаргасан бөгөөд сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирлын талаар маргаангүй бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байсан. Харин одоогийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 12.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 19.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 19.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 19.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 19.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 19.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 19.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 19.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 19.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 28.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 28.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 29.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 29.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 29.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 29.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 29.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 29.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 29.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 23 төрлийн гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй бөгөөд бусад зүйл хэсэгт заасан гэмт хэргүүдийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломж бүрдсэн байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Прокурор, мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна” гэж хуульчлагдсан. Өөрөөр хэлбэл яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргахад түүнийг яллагдагчаар татсан зүйл анги нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн аль заалтад хамаарч байгаа болох, түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэгт заасан ялыг хэрхэн хөнгөрүүлэх боломжтой болон хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор хэрэгт хяналт тавихдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх, гэмт хэрэг үйлдсэн нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг хянаж хэрэв дээрх нөхцөл байдал тогтоогдож байгаа тохиолдолд хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.

            Шүүхэд шилжүүлсэн хэрэгт шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн эсэх, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлыг хянаж, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана.

            Харин шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас харахад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үйл явц нь хорих ялтай хэргийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлтэй холбогдож ирэх бөгөөд прокурор хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж хэргийг шүүхэд шилжүүлэхээр байна.

Гэвч одоо шүүхийн практикт прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж хэргийг шүүхэд шилжүүлэхэд шүүхээс шүүхийн эрх хэмжээнд халдсан, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж хэргийг прокурорт буцаах явдал цөөнгүй гарсаар байна.

Өөрөөр хэлбэл прокурорын яллагдагчтай тохиролцсон талаарх эрүүгийн хариуцлагын талаарх саналд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын хэмжээнээс доогуур хэмжээгээр эсхүл тус ялыг шууд тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргаж байгаа нь хууль буруу хэрэглэсэн, прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх ёсгүй гэж үзэж байна.

Түүнчлэн прокурор эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхгүйгээр тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор тохиролцож хэргийг шүүхэд шилжүүлсний дараа, шүүх хуралдааны үед шүүгдэгч “би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлоо төлсөн надад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг шүүхээс хэрэглэж, надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгөөч” гэсэн өмгөөллийн үг явуулахад прокурортой тохиролцсон ялаасаа санал зөрсөн, хүсэлтээсээ татгалзсан гэсэн байр сууриар асуудалд хандах явдал гарч байна.

Прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхээр “шүүхийн эрх хэмжээнд халдсан, хууль буруу хэрэглэсэн” гэж үзээд, прокурор эрүүгийн хариуцлагын саналыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор тохиролцож, шүүхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-г хэрэглүүлэхээр шүүгдэгч өмгөөллийг үг явуулахад “эрүүгийн хариуцлагын саналаасаа зөрсөн, хүсэлтээсээ татгалзсан” гэх байр суурийг илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэн, хэзээ, хаана, яаж хэрэглэхийг ойлгомжгүй болгосон, тунхаг төдий заалт болгож байна.Хялбаршуулсан журмыг практикт энэ л байдлаар хэрэглэх гэхээр зохицуулалт нь тодорхой бус тул хүндрэл гарч, хэрэгжих боломжгүй болж байна. Хялбаршуулсан журмын үзэл баримтлал, түүний мөн чанар  жинхэнэ утгаар хэрэгжих боломжгүй болж байгааг зориуд тэмдэглэн хэлэх нь зүйтэй байх.

            Харин Франц Улсад 1863 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар эрүүгийн процессыг боловсронгуй болгох зорилтын хүрээнд цагдан хорих явдлыг багасгах, хэрэг шалгах хугацааг багасгах зорилгоор тодорхой гэмт хэргийг үйлдсэн тухайн этгээдийг тэр даруй  прокурорын өмнө авчирч, прокурор түүнийг байцааж, албадан саатуулан, маргааш нь шүүх хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэх журмыг анх хуульчилсан байна. [11]

Энэ журам нь өнөөгийн шуурхай хуралдаан [12](фр: comparution immédiate) буюу хурдавчилсан (түргэвчилсэн) журам (фр:procédure rapide, procédure accélérée)-ын эхлэл байв.

Франц Улс 1972 онд эрүүгийн процессын хуульдаа өөрчлөлт оруулан “ордоннонсе пэналь”[13] гэсэн нэршил, томьёоллоор хялбаршуулсан журмыг хуульчилсан байна. Мөн хялбаршуулсан журмын хүрээнд Англи-Саксоны эрх зүйн системийн ял наймаалцах буюу тохиролцох явдлыг (анг:plea-bargain) Франц улс “гэм буруугаа зөвшөөрөх” (фр:plaider coupable) болон “гэм буруугаа урьдчилан хүлээж, хэлэлцүүлэх” (фр:comparution sur reconnaissance de culpabilite)гэсэн хоёр хууль зүйн нэр томьёоны доор нутагшуулсныг дээр дурдсан. Анх 2004 оны 3-р сарын 9-ны өдрийн тусгай хуулиар хүлээн зөвшөөрч, тус улсын эрүүгийн процессын хуулийн 495.7-16 дахь зүйл, заалт болон 520-1 зүйлд тусгаж өгсөн байна.[14] Францын энд дурдсан гурван нэр томьёо нь гурван өөр ойлголт, хоёр өөр төрлийн журам болох хялбаршуулсан болон хурдавчилсан журмыг илэрхийлдэг байна. Өөрөөр хэлбэл, хурдавчилсан журамд шуурхай шүүх хуралдаан буюу шуурхай шүүн таслах ажиллагаа (фр: comparution immédiate) хамаарах бол  хялбаршуулсан журамд ордоннонсе пэналь, ял тохиролцох тус тус хамаардаг байна. Энэ гурван ойлголтуудыг  францчууд хялбарчилсан болон хурдавчилсан журам гэж зааглан ялгаж томьёолдог бөгөөд манайд хуульчлахдаа энэ гурван ойлголтыг  холимог болгож хуульчилснаар практикт хэрэглэхэд нэн хүндрэлтэй болгосон бөгөөд онол, үзэл баримтлалын хувьд ойлгоход төвөгтэй болоод байгаа нь бодит үнэн билээ. Иймээс эдгээр ойлголтуудын агуулга, мөн чанарыг танин мэдэхүйн хүрээнд тодорхой авч үзье.

            Нэг.Хурдавчилсан журамд хамаарах шуурхай шүүх хуралдаан буюу шуурхай шүүн таслах ажиллагаа (фр: comparution immédiate)[15]. Уг ажиллагааны талаар тус улсын эрүүгийн процессын хуулийн 393 – 397-7 дахь зүйл, заалтуудад зааж өгсөн байна. Шуурхай шүүн таслах ажиллагааны журмаар хэрэг хянан хэлэлцэхэд шаардлагатай гурван нөхцөл байх ёстойг Францын хууль тогтоогчид тогтоож өгчээ. Үүнд:

            -Ердийн гэмт хэргийн шүүгдэгч (фр:prévenu)-ийг шүүхээр хэлэлцүүлэхэд прокурорт тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн талаар хангалттай яллах нотлох баримт бүрдсэн байх,

            -Тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хуульд зааснаар 2 жилээс доошгүй  хорих ялаар шийтгэгдэх гэмт хэрэг байх,

            -Ердийн гэмт хэрэг нь улс төрийн болон хэвлэлийн гэмт хэрэг бус байхаас гадна насанд хүрсэн этгээд байх юм.[16]

            Францын прокурор эрүүгийн процессын хуульд зааснаар шуурхай шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг энд дурдсан гурван нөхцөл хангагдсан байхад шууд шуурхай шүүх хуралдаанаар оруулж хэлэлцүүлдэг. Тус улсын прокурор нь эрүүгийн процессын хуульд зааснаар энэхүү заалтыг хэрэглэхдээ дээр дурдсан хуулийн шаардлага хангагдсан байхаас гадна үйлдэл дээрээ баригдсан этгээдийг 72 цаг албадан саатуулж, саатуулсан хугацаанд нь  шаардлагатай мөрдөн байцаалтын ажиллагааг хийж,72 цагийн суллах тэр өдөр нь шууд шуурхай шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлдэг байна.Өөрөөр хэлбэл, шуурхай шүүх хуралдаан нь албадан саатуулсны дараа тэр даруй тухайн этгээдийг шүүлгэх боломжийг прокурорт олгодог(фр:Une comparution immédiate permet au procureur de faire juger une personne tout de suite après sa garde à vue) [17]байна.

            Хоёр. Ордоннонсе пэналь нь зарим ердийн гэмт хэргүүд, жижиг хэрэг, зөрчлүүдийг шийдвэрлэх хялбаршуулсан журам юм.  Өөрөөр хэлбэл, шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам юм. Энэ журмаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь бичмэл хэлбэрээр авагдсан хавтас хэрэгт үндэслэн шүүх хуралдааны хэлэлцүүлэг, мэтгэлцээн явуулахгүйгээр хэргийг шийдвэрлэдэг байна. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаан огт явагдахгүй гэсэн үг.Энэ журмаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь ердийн журмаар шийдвэрлэсэн шийдвэртэй адил хүчинтэйд тооцогддог. Ордоннонсе пэналь нь шүүхийн ажиллагааг хөнгөвчлөх зорилготой журам юм. Зөвхөн нийгмийн аюулаар бага зарим ердийн гэмт хэрэг, жижиг хэрэг, зөрчлийг шийдвэрлэхэд хэрэглэдэг байна. Ордоннонсе пэналь-ийн хүрээнд шүүх зөвхөн торгох болон нэмэгдэл ял, албадлагын арга хэмжээг оногдуулдаг. Нөгөө талаас нь ордоннонсе пэналь-ийг ялын санал гэж ойлгож болно. Прокурор хялбаршуулсан журам болох ордоннонсе пэналь-иар хэргийг шүүх рүү шийдвэрлүүлэхээр оруулж буйг тухайн этгээдэд(шүүгдэгч) дараах байдлаар мэдэгддэг байна. Мэдэгдэл нь:

- Баталгаат шуудангаар,

- Прокурор, түүний төлөөлөгчийн уулзалт эсхүл прокурорын зөвшөөрөгдсөн этгээд(туслах ажилтан)-ийн уулзалтын явцад хийгдэнэ. Өөрөөр хэлбэл, ордноннонсе пэналь нь прокурорын болон түүний төлөөлөгч (туслах)-ийн уулзалт, баталгаат шуудангийн захидлаар баталгаажиж, шүүгдэгч этгээдийн шүүхэд татгалзлаа гаргах хугацаа эхлэн тоологдоно. Ордоннонсе пэналь –ийн мэдэгдэлд ялын санал нь тусгагдсан байна.

Тухайн этгээд нь зөвшөөрөх, татгалзах эрхтэй бөгөөд татгалзлаа эсэргүүцэл (эс зөвшөөрөх)илэрхийлэх байдлаар гаргана. Ордоннонсе пэналь –ийг татгалзаж буйгаа ердийн гэмт хэрэгт 45 хоногт, жижиг хэрэг, зөрчилд 30 хоногийн хугацаанд шүүхэд мэдэгдэнэ. Энэ хугацаанд татгалзах эсэргүүцлээ гаргаагүй бол шууд прокурорын саналын дагуу шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болдог. Энэ тохиолдолд давж заалдах гомдол гаргах, тухайн хэргийг хянуулах, дахин шалгуулах эрхгүй болдог. Тухайн этгээд нь дээр дурдсан хугацаанд багтаж шүүхэд очиж эсэргүүцлээ гаргах эсхүл баталгаат шуудангаар явуулдаг байна. Өмгөөлөгч өмнөөс нь гаргаж болно. Хэрэв татгалзах эсэргүүцэл  гаргаагүй бол тухайн шүүгдэгч этгээд шүүхэд ч ирэх шаардлагагүй. Хялбаршуулсан журам болох ордоннонсе пэналь-иар хэргээ шийдвэрлүүлэхээс татгалзвал энэ журмаар хэргийг шийдвэрлэхгүйгээр шууд ердийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцдэг  байна. Татгалзлын сул болон давуу талуудыг нэрлэвэл: Сул тал нь хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх боломжгүй болно, хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдэх үед хөнгөн ял шийтгэл авах боломжоо алдана, ердийн журмаар шийдвэрлэх үед тухайн зүйл ангийн санкцын дээд түвшинд шийтгэгдэх зэрэг эрсдэл дагуулна. Харин давуу тал нь өмгөөлөгчөөр хэргээ судлуулах, зарим нэмэгдэл болох жолооны оноог хасах явдлыгхойшлуулахыг шүүхээс хүсэх, ял шийтгэлийн хуудсанд  шүүхээр шийтгэгдсэн талаарх тэмдэглэл бичигдэхгүй байхыг шүүхээс хүсэх зэрэг юм.[18]

Эрүүгийн хэргийг ордоннонсе пэналь-иар  шийдвэрлүүлэх саналыг прокурор тухайн шүүхийн ерөнхий шүүгч, эсхүл ерөнхий шүүгчийг төлөөлсөн шүүгчид  гаргах  бөгөөд шүүгч тухайн этгээдийн холбогдсон хэргийг зайлшгүй шүүх хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзвэл шүүгч прокурорын саналыг хүлээж авахгүй татгалзаж болно.Ордоннонсе пэналь нь эрүүгийн хэргийг шийдвэрлэдэг нэг төрлийн арга зам юм. Францын шүүх нь зөвхөн нийгмийн аюулаар бага гэмт явдал(фр:infraction)-ыг ордоннонсе пэналь хэмээх журмаар хянан шийдвэрлэдэг байна. Шийтгэж буй санкц нь ордоннонсе (захирамж) хэлбэрээр гарах бөгөөд шийтгэл нь зөвхөн торгууль (үндсэн ял), жолооны үнэмлэх хүчингүй болгох (нэмэгдэл ял), тээврийн хэрэгсэл хураах (албадлагын арга хэмжээ) зэргээс бүрдэнэ. Прокурор энэ журмаар хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхдээ мөрдөн байцаалт явуулсан хэргийн материалыг ялын саналын хамт шүүгчид шилжүүлнэ. Шүүгч прокурорын саналыг зөвшөөрөх, татгалзах нь түүний бүрэн эрх юм. Шүүгч саналыг хүлээн авч, саналын дагуу шийдвэрлэхээс гадна цагаатгах бүрэн эрхтэй.

Гурав. Франц Улсад анх ял наймаалцах буюу тохиролцох журмыг 2004 оны 3-р сарын 9-ны өдрийн тусгай хуулиар хүлээн зөвшөөрч, тус улсын эрүүгийн процессын хуулийн 495.7-16 дахь зүйл, заалт болон 520-1 зүйлд тусгаж өгсөн байна. Прокурор нь энэ журмыг хэрэглэх бүрэн эрхтэй бөгөөд эхлээд хэргийн холбогдогч этгээдэд энэ талаар санал тавина. Хэргийн холбогдогч этгээд нь 5 жил, түүнээс доош хорих ялаар шийтгэгдэх болон торгуулийн санкцтай гэмт хэрэгт холбогдсон байна. Прокурорын санал болгож буй ял нь уг зүйл ангид заасан хорих ялын тал хувиас бага эсхүл 1 жилээс хэтрэхгүй хорих ялыг(фр:une peine de prison dont la durée ne peut ni être supérieure à 1 an, ni excéder la moitié de la peine encourue)санал болгоно. Хорих ял нь шүүхээр 6 сар хүртэл бууж багасах боломжтой. Мөн прокурорын санал торгуулийн ял байж болох бөгөөд санал дахь торгуулийн ялын нийлбэр нь тогтоосон хэмжээнээс илүү байж болохгүй фр:une peine d'amende, dont le montant ne peut pas être supérieur à celui de de l'amende encourue)[19]

Тухайн этгээд нь гэм буруугаа хүлээж, хохирлоо төлж, прокурорын санал болгож буй ялыг зөвшөөрсөн тохиолдолд прокурор хэргийн хамт саналаа коррекцийн шүүхийн [20] ерөнхий шүүгчид шилжүүлдэг байна  (фр:Le procureur doit saisir le président du tribunal correctionnel). Шүүгч прокурорын саналыг батлах, татгалзах эсэхийг шийднэ. Шүүгч баталгаажуулахдаа саналыг өөрчлөх, нэмэх эрхгүй (фр:Le juge peut décider d'homologuer (c'est-à-dire valider) ou refuser la proposition du procureur. Il ne peut ni la modifier, ni la compléter)[21]ажээ. Прокурорын санал батлагаажуулах шүүх хуралдаан (фр:audience d'homologation)-аар баталгаажин, хүчин төгөлдөр  шүүхийн шийдвэр болж гардаг байна. Өөрөөр хэлбэл, шүүгч баталгаажуулсан захирамж гаргана. Энэ захирамж нь прокурорын хэлэлцэж тохирсон саналыг баталгаажуулсан байна. Тэр захирамж нь сонгодог (ердийн) шийдвэртэй адилхан хүчин чадалтай байдаг (фр:Le juge rend une ordonnance d'homologation. C'est le document qui valide l'accord passé avec le procureur.Il a la même valeur qu'un jugement classique)[22]. Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх боловч гэм буруугаа хүлээсэн тул шүүх хуралдаан нь хялбаршсан байдлаар явагдана гэсэн үг. Энэ журмын гол онцлог нь прокурорын санал болгосон ял шүүхээр баталгаажихад оршдог байна. Шүүгч прокурорын саналын дагуу хаалттай хорих ял оногдуулахаас гадна хорих ял оногдуулж тэнсэж болно. Мөн торгуулийн ял оногдуулж тэнсэх боломжтой байдаг. Нөгөө талаас прокурор хорих ялыг 1 жил хүртэл буруулж хаалттай хорих ялаар тохирохоос гадна нээлттэй хорих ял болон хорих ял оногдуулж тэнсэх санал гаргаж баталгаажуулна гэсэн үг юм.

ДҮГНЭЛТ

Монголын эрүүгийн хэргийн шүүхийн практикт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх  ажиллагаа нь мөн чанараараа хэрэгжихгүй харин хэлбэрийн хувьд буюу зөвхөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг хэмнэх, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор ял наймаалцах төдийхнөөр хэлбэрийн хувьд хэрэгжиж байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэн, хэзээ, хаана, хэрхэн яаж, хэрэгжүүлэх хуулийн процесс тодорхой бус байгаагаас тус зүйл анги нь огт хэрэгжихгүйд хүрэхийн зэрэгцээ тухайн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь одоогоор зөвхөн хорих ялтай хэргийн тухайд хэрэглэгдэж байгаа нь хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг алдагдуулж байна.

            Одоогийн шүүхийн практикаар яллагдагч нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаагүй мөртлөө гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлсөн буюу төлөхөө илэрхийлсэн тохиолдолд түүний эрх зүйн байдал, оногдуулах ял шийтгэлийн тухайд хэргийг хялбаршуулах тухай хүсэлт гаргасан, гаргаагүй нь  ялгаагүй үр дагаврыг авчирч байна.

            Иймд хэргийг хялбаршуулах журмаар хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх нь хэргийн процессын хувьд хялбарчлахаас гадна тухайн яллагдаж буй этгээдийн эрх зүйн байдал, оногдуулах ял шийтгэлийн тухайд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, хуульд зааснаас доогуур ялаар тохирох, тухайн тохиролцсон ялаар шийтгүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлж, тодорхой, ойлгомжтой, хуульчлагдсанаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь эрх зүйн онолд суурилсан, хүний эрхийг дээдэлсэн, жинхэнэ утгаараа хэрэглэх боломж бүрдүүлнэ.

            Франц Улсын эрүүгийн процессын хууль дахь хялбаршуулсан журмыг гүнзгийрүүлэн судалж, тус улсын энэ төрлийн эрх зүйн зохицуулалтыг жишиг болгон жинхэнэ мөн чанар, агуулгаар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульдаа өөрчлөлт оруулах зүйтэй юм.

 

[1]Монгол Улс нь Эрүүгийн процессын төрөлжсөн хуулиа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль” гэж шинээр нэрлэдэг болсон бол Франц Улсын эрүүгийн процессын хууль нь  францаарcode de procédure pénale” юм. Монголчилбол Эрүүгийн процессын төрөлжсөн хууль гэсэн нэршил ажээ. Уг хуулийн нэршлийг англиар“code of criminal procedure”, оросоор “уголовно-процессуальный кодекс гэнэ. Тиймээс эрүүгийн процессын төрөлжсөн хууль гэж бичив. Хэдийгээр эрүүгийн процессын хуулийг англиар “code of criminal procedure” хэмээн нэрлэж буй боловч  харамсалтай нь Англи-Саксоны эрх зүйн бүлийн улс орнуудад эрүүгийн процессын төрөлжсөн хууль байдаггүй.

[2]Францын эрүүгийн процессын хуулийн хойшлуулшгүй мөрдөн байцаалтын ажиллагааг манайх нутагшуулахдаа хэрэг бүртгэх, хэрэг бүртгэх ажиллагаа гэсэн томьёололоор нутагшуулсан байх магадлалтай.

[3]Энэ төрлийн мөрдөн байцаалтын үндсэн хугацаа нь 8 өдөр, нэмж 8 өдрөөр сунгаж болно. Энэ хугацаанд ажиллагаа хийгээд хэрэг автоматаар урьдчилсан мөрдөн байцаалтын шат руу шууд шилжинэ.

[4]Энэ төрлийн мөрдөн байцаалт нь тодорхой хугацаа зааж өгөөгүй ба аль болох боломжит хугацаанд хэргийг шийдвэрлэнэ.

[5]Энэ гэмт хэрэгт тус улсын эрүүгийн хуульд зааснаар зайлшгүй хорих ял авах гэмт хэргүүд хамаардаг. Өөрөөр хэлбэл, манай хуучин эрүүгийн хууль дахь хүнд, онц хүнд гэмт хэргүүдтэй дүйцүүлэн ойлгож болно.

[6]Ш.Баасандорж, Ром-Германы эрүүгийн процесс, УБ., 2018 он,  99, 100 дахь тал.

[7]Ш.Баасандорж, Ром-Германы эрүүгийн процесс, УБ., 2018 он,  111  дэх тал.

[8]Энэ үгийг үгчлэн хөрвүүлбэл “эрүүгийн захирамж” гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, шүүх эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулах тухай захирамж гаргаж шийдвэрлэдэг процесстой нь холбогдуулан ийн нэрлэжээ. Харин англиар “simplified sentence order issued by a criminal court” гэж утгачилан буулгадаг. Англи утгыг хөрвүүлбэл “эрүүгийн шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх дэг журам” гэж хөрвүүлнэ. Цаашид “ордоннонсе пэналь” гэж бичнэ.

[9]Жижиг хэрэг, зөрчил гэж буй нь “contravention” нь дотроо тав ангилагддаг бөгөөд 5 дахь ангилал жижиг хэрэг /хөнгөн хэрэг/, 1-4 ангилал нь зөрчил /захиргааны зөрчил/ юм. Тиймээс жижиг хэрэг, зөрчил гэсэн хоёр  бие дээр бичлээ.

[10] http://www.legalinfo.mn/law/details/12694.

[11] https://fr.wikipedia.org/wiki/Comparution_immеdiate.

[12]Шуурхай шүүх хуралдаан гэж буулгаж буй нэр томьёо нь үг зүйн талаас авч үзвэл “immédiate” нь даруй, түргэн шуурхай гэсэн тэмдэг үг бөгөөд “comparution” нь шүүхийн өмнө зогсож хэлэлцүүлэх ажиллагаа гэж утгаар бууна. 

[13]Өмнө бичсэн зүүлтээс нь тайлбарыг харна уу.

[14]Ш.Баасандорж, Ром-Германы эрүүгийн процесс, УБ., 2018 он,  111  дэх тал.

[15]Шуурхай шүүх хуралдаангэсэн томьёоллыг утгачилан  шуурхай шүүн таслах ажиллагаа гэж  нэрлэж болох юм.

[16] https://fr.wikipedia.org/wiki/Comparution_immеdiate.

[17] https://www.service-public.fr/particuliers/vosdroits/F32129.

[18] http://www.avocat-spira.fr/lordonnance-penale-en-10-questions/. /Сүүлд үзсэн огноо: гэж бүгдэд нь огноогоо тавих нь зүйтэй Last seen гэдэгтэй адил/

[19] https://www.service-public.fr/particuliers/vosdroits/F10409.

[20]Ердийн гэмт хэргийг таслан шийдвэрлэх эрүүгийн шүүх.

[21] https://www.service-public.fr/particuliers/vosdroits/F10409.

[22] https://www.service-public.fr/particuliers/vosdroits/F10409.

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
20
Өчигдөр
233
7 хоногт
1610
Сүүлийн сард
7998
Сүүлийн жилд
84501
Нийт хандалт
188063