Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл
Ярилцлага
ЖИ ЖИЦҮ БӨХИЙН АЗИЙН АВАРГА , ЧӨЛӨӨТ БӨХИЙН СПОРТЫН МАСТЕР, СУМЫН ЗААН БАЛЖИННЯМЫН МӨНГӨН: ЦААШИД ҮНДЭСНИЙ БӨХӨӨРӨӨ БАРИЛДАЖ ЦОЛ АХИУЛЖ, АЙМГИЙН ЦОЛОНД ХҮРЬЕ ГЭСЭН БОДОЛ БАЙГАА

Прокурорын байгууллагын хэмжээнд олон улсын хэмжээний мастер, спортын мастер, дэд мастер, шагайн гарамгай мэргэн, үндэсний бөхийн аймгийн начин, сумын заан  гээд   спортын  зэрэг цолтой 90-д тамирчин  байдаг.

Эдгээрийн нэг болох   Жи жицү  бөхийн Азийн аварга , Чөлөөт бөхийн спортын мастер, Сумын заан  Балжиннямын Мөнгөнтэй хийсэн ярилцлагыг толилуулж байна. Б.Мөнгөн нь   2013 онд Үндэсний бөхөөр барилдаж сумын заан  цол авсан бөгөөд  2006 онд чөлөөт бөхийн өсвөр үеийн улсын аваргын тэмцээнээс Хүрэл медаль, 2007 онд чөлөөт бөхийн  залуучуудын улсын аваргын тэмцээнээс  Мөнгөн  медаль, 2008, 2014 онуудад чөлөөт бөхийн оюутны универсаль   тэмцээнээс  хошой Хүрэл медаль, 2013 онд  БНХАУ-ын Хөх хотод болсон  Жи жицү  бөхийн "Сnina open"  тэмцээнээс Хүрэл цом,  2012 онд гавьяат тамирчин  О.Пүрэвбаатарын нэрэмжит олон улсын тэмцээнээс  Алтан медаль  авч  2018  онд Жи жицү  бөхийн олон улсын Гран при тэмцээнд 94 кг-ийн жинд  Алтан медаль  авч  Жи жицү  бөхийн Азийн аварга болсон билээ.

Юун түрүүн Жи жицү  бөхийн Азийн аварга   болсонд баяр хүргэе.  Энэ  тэмцээнийхээ талаар яриач?

Би  энэ оны 8 сард  Хятад улсын Таяван гэдэг хотод болсон олон улсын Жи жицу  бөхийн аварга шалгаруулах тэмцээнд 94 кг жинд оролцож өрсөлдөөд Алтан медалийн болзол хангаад Азийн аварга гэх нэр хүндтэй цолонд хүрээд ирлээ. Үүний өмнө Улаанбаатар хотод 2018 оны 1 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд болсон Монгол Улс-Арабын нэгдсэн Эмират улстай хамтран Ази тивийн аврага шалгаруулах Жи-Жицү бөхийн анхдугаар нээлттэй тэмцээнд 94 кг цагаан бүсний төрөлд түрүүлж аваргийн Алтан медалийн эзэн болсон. Энэ тэмцээнийг Монгол Улс анх удаа  зохион  явуулсан. Тэмцээнд 13 орны нийт 550  орчим тамирчид оролцсон

Энэ спортын төрлөөр хичээллэж эхлээд  хэр их удаж байна?   Ер нь энэ спортын тухай сонирхуулаач?

 Монгол улсад Жи жицу  бөхийн төрлийг эрчимтэй хөгжүүлж  байгаа. Жи жицу  бөхийн холбоо нь одоогоос 10  жилийн өмнө Улаанбаатар хотод байгуулагдаж албан ёсны зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа. Дэлхий дээр бол 50 гариу жилийн өмнө үүсэн байгуулагдаж хөгжсөн түүхтэй. Ямар ч тулааны спорттой зохицож чаддаг учраас  бие хамгаалах урлагийн төрөлд багтдаг. Насны ангилалтай,  бүсний ангилалтай,  болохоор ямар ч насны ямар ч хүмүүс хичээллэж болдог. Мөн бэртэл гэмтэл хамгийн  бага авдаг  гэдэг утгаараа хүмүүсийн сонирхлыг их татдаг. Эмэгтэйчүүдэд бас их тохирсон спорт. Миний хувьд Жи жицу  бөхийг сонгож  хичээллээд  удаагүй, хамгийн эрчимтэй бэлтгэл хийсэн хугацаа гэхэд 2 сар гарны л  хугацаа байдаг. Анх 2015 оны нэгдүгээр сард Монгол улсад зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах  тэмцээнд бүртгүүлж 94 кг-ын жинд барилдаад түрүүлсэн. Алтан медаль авсан. Одоо би Жи жицугийн  Цэнхэр бүстэй.  Энэ удаагийн Хятад улсад зохион байгуулагдсан тэмцээн бол миний хоёр дахь удаагийн тэмцээн байгаа. Энэ тэмцээнд оролцож Алтан медаль авч Азийн аварга болсондоо  баяртай байна.

  Ямар клубд харьяалагддаг вэ?  Багшийнхаа талаар ?

 Бэлтгэл сургуулилтаа Алдар спорт хороон дээрээ хийдэг. Жи жицугийн тэмцээнд Градо академи гэж  Болд-Эрдэнэ багштай Жиужицу  бөхийн том клуб  Монгол улсад нээгдсэн. Тэр клубын дэвжээнээс тэмцээнд явдаг. Бусад тамирчид ч  гэсэн энэ дэвжээнээс тэмцээнд явж байгаа. Албан ёсны дэмжигч байгууллага гэж  одоогоор байхгүй ихэнх зардлыг өөрөөсөө гаргадаг.

Таны амьдрал хэзээнээс  спорттой холбогдож эхэлсэн бэ?  

Миний хичээлдэг спортын үндсэн төрөл бол Чөлөөт бөх. Энэ төрөлд Спортын мастер цолтой.  Энэ спортод намайг анх 9-р ангид байхад манай ах "... чиний  хөдөлгөөн ер нь ихдэх шинжтэй байна, бөхөөр хичээллээд үз" гэж  хэлээд  Алдар  спорт хороонд хөтөлж оруулаад,  Хосбаяр,  Цогтбаяр гэх ах дүү 2 гавьяат дасгалжуулагчдын дугуйланд бүртгүүлж, хүлээлгэж өгсөн. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл спортоор хичээллэж  тэр 2 багшийнхаа удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийгээд явж байна даа.

 Монгол улсын   спортын салбарт нэр цуугаа гаргаж байгаа  Хосбаяр,  Цогтбаяр, Тэгшбаяр,  Ихбаяр  гээд нэг гэр бүлээс гарсан  ах дүү 4 тамирчин байдаг. Тэдний дундаас  Гавьяат дасгалжуулагч Хосбаяр,  Гавьяат тамирчин Цогтбаяр нар бол миний багш нар. Анх 2004 онд танилцаж байсан тэр сайхан өдрийг одоо болтол санан дурсаж энэ хоёр багш нараараа их бахархаж явдаг. Энэ хүмүүс надад  спортын амтыг мэдрүүлж, спортоор  хичээллэсэн хүн ямар  ёс суртахуунтай байх,  биеэ хэрхэн авч явах гээд  амьдралд хэрэг болох бүх зүйлийг зааж  сургасан. Прокурорын байгууллагад ажиллах нөхцөлийг хүртэл  энэ 2 багш  маань бүрдүүлж  өгсөн. Ганцхан намайг ч биш  клубийн бүх  тамирчидад  дотно хандаж   гарыг нь  ганзаганд  хөлийг нь  дөрөөнд  хүргэж байдаг гавьяатай багш нар даа.

Анх  2012 оны 10 сард  Сонгинохайрхан  дүүргийн Прокурор газарт  багшийнхаа тусламжтайгаар жижүүрийн ажилтнаар ажилд орж ажилласан. 7 сард Улсын Ерөнхий Прокурорын газарт   шилжиж ирээд зохион байгуулагч, ресепшиний ажил хийж байна. Миний спортын энэ өчүүхэн амжилт  бол манай Прокурорын байгууллагатай шууд холбоотой. Учир нь ажилтай үед тэмцээн уралдаанд оролцох, бэлтгэл хийх цаг хугацаа зэргийг гаргаж, цалинтай чөлөө олгох гээд маш том дэмжлэг, бас их  урам өгдөг. Иймээс  бүх талын тусламж үзүүлж байдаг  байгууллага хамт олондоо их баярлаж явдгаа  энэ дашрамд хэлмээр байна. Мэргэжлийн хувьд  эрх зүйч болж амжаагүй байгаа. Гэхдээ цаашдаа хуулийн сургуульд суралцаж дүүргээд, энэ байгууллага хамт олонтойгоо урт  удаан хугацаанд хамтарч ажиллана гэж бодож төлөвлөж байгаа.

Таныг үндэсний бөхөөр барилддаг гэж сонссон. Хаана зодоглож ямар амжилтуудыг гаргаж  байв?

За үндэсний бөхөөр барилдах сонирхолтой. Жил болгоны улсын их баяр наадмаар сум болон аймгийн дэвжээнд зодоглож барилддаг. Цолгүй бөхчүүдийн шигшээ барилдаанд барилдаж түрүүлээд сумын Заан цолтой болсон.

 Мөнгөн Арслан гэж мундаг бөх хүн байсан , таны алдар  бас Мөнгөн?

 Улсын Арслан Мөнгөн бол Монгол улс даяар нэр цуугаа мандуулсан, их том биетэй, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх   зэрэг аваргуудтай их барилддаг байсан алдартай бөх л дөө.  Намайг магадгүй тэр хүн шиг мундаг бөх болоосой хүсэж эцэг эх минь ийм нэр хайрласан байхыг үгүйсгэхгүй. Харин Төв аймгийн Мөнгөн морьт сумын аймгийн арслан Мөнгөн гэж байдаг. Мөнгөн ахтайгаа би ер нь их ойрхон, байнга холбоотой байдаг. Энд тэнд  аймаг сумын наадамд  таарахдаа цуг суудаг. Нэр маань ч цуг дуудагдаг.  Ер нь Улсын Арслан Мөнгөн, Аймгийн Арслан Мөнгөн, Сумын Заан Мөнгөн, гээд өөрийгөө оролцуулаад бодоод явах надад их сайхан санагддаг. 

 

Та үндэсний бөхөөр цаашид барилдах уу?  улсын дэвжээнд зодоглож үзсэн үү ?

 Жаахан хүүхэд байхдаа Улсын наадмын өсвөрийн барилдаанд нэг удаа зодоглож үзсэн. Нэг даваад 9 хөлт цагаан тугаа  Өсөхбаяр аваргатай  хамт тойроод дэвж үзсэн сайхан дурсамжтай мөч бий. Ирэх жил янз бүрийн тэмцээн уралдаан давхцахгүй бол  улсын наадамдаа  зодоглох сонирхол байгаа, цаашид ер нь үндэсний бөхөөрөө барилдаж цол ахиулж,  Аймгийн цолонд хүргэе гэсэн бодол байгаа.   Галд гаръя гэсэн бодол байдаг ч ажил маань амждаггүй.  Учир  нь наадмын өмнө ажлаас чөлөө аваад галд гарах гэхээр наадмын дараах сум болон орон нутгийн наадамд оролцох боломж багасдаг. Тэгэхээр амралтынхаа хугацааг хүлээж байгаад яг наадмын өмнө аваад, хөдөө  орон нутгийн наадмуудаар явж барилддаг. Тэр нь надад илүү сонирхолтой  санагддаг. 

Та төрсөн нутаг Завхан аймгийн Түдэвтэй сумын  дэвжээндээ зодоглодог уу ?

Одоогоор төрсөн нутагтаа зодоглож үзээгүй байгаа. Цаашид ер нь очиж барилдана гэсэн  бодол байдаг. Хамгийн сүүлд 4 жилийн өмнө нэг очсон. Тэгэхдээ нутгийнхаа шүтээн болсон уул, нуур усандаа идээнийхээ дээжийг  өргөж залбирсан.  Их сайхан байсан.  Үнэхээр сайхан байгальтай сайхан нутаг.

Та энэ сайхан нутгаасаа гараад удаж байна уу?  

 Би эхээс 5-уулаа. 2 ах, 2 эгчтэй. Айлын бага  хүүхэд. Улаанбаатар хотод шилжиж ирээд 20 гаран жил болж байна. Улаанбаатар хотын суугуул иргэн.  Одоо эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Бас манай хадам ээж бидэнтэй хамт амьдардаг. Бэлтгэл сургуулилт хийж,  тэмцээн уралдаанд явахад санаа зовох зүйл байхгүй, сэтгэл амар сайхан байдаг. Миний өөрийн ээж маань тусдаа амьдардаг байгаа. Энэ ташрамд ээжүүддээ, ханьдаа   баярлалаа гэж хэлмээр байна.

Таны дараагийн тэмцээн, дараагийн төлөвлөгөө ?

Энэ оны 10 дугаар сарын 6-7 нд UB про гээд Жиужицу  бөхийн олон улсын том тэмцээн Монгол улсад болно.  Би энэ тэмцээнд анх удаагаа орох гэж байгаа. Одооноос эхэлж бэлтгэл сургуулилтаа базааж эхэлж байна.  Дараа нь  10 дугаар сарын 20–нд Шанхай хотод бас нэг том Гранпри  тэмцээн болно. Тэр тэмцээнд бас оролцоно гэсэн төлөвлөгөөтэй л байна даа.

Танд спортын өндөр  амжилт хүсье.  Ярилцсанд баярлалаа .

Санал асуулга
Статистик мэдээ
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
141
Өчигдөр
208
7 хоногт
2523
Сүүлийн сард
10410
Сүүлийн жилд
112340
Нийт хандалт
113092