Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл
Онцлох мэдээ
АЯНЫ БОГЦ СУРВАЛЖЛАГА: БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫНХАН 2018 ОНД "СУРАЛЦАГЧ ХАМТ ОЛОН " БОЛОХ ЗОРИЛТЫГ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

Эх орны баруун хойд хязгаар, казах түмний өлгий  Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ажил, үйлсийн нэгээхэн хэсгийг толилуулахыг зорьж "Аяны богц" сурвалжлагыг бэлтгэлээ.

1940 онд Баян-Өлгий аймаг байгуулагдаж, засаг захиргааны нэгжийг бий болгосонтой холбогдуулан БНМАУ-ын Прокурорын 1940 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 50 тоот тушаалаар Баян-Өлгий аймгийн прокурорын газар байгуулагджээ.

Аймгийн прокурорын газарт 1958 он хүртэл хуулийн мэргэжилтэй хүн байгаагүй бөгөөд аймгийн прокурор, хэсгийн байцаагч, нарийн бичгийн дарга, зарлага гэсэн орон тоотойгоор ажиллаж байсан байна. 1950 онд казах  хэлний орчуулагчын орон тоог бий болгосон түүхтэй ажээ.

1958 оноос анхны хуульч мэргэжилтэй Ц.Жалцав, Б.Бураан, Б.Серикбай нарын прокурорууд ажиллаж прокурорын чиг үүргийг хэрэгжүүлж эхэлсэн байна.

 

 

 

 

 

 

 

 

 

Одоо тус аймгийн прокурорын газарт 7 прокурор, 12 захиргаа үйлчилгээний ажилтантай Монгол төрийн прокурорын байгууллагын нэгэн нэгж болон хуулийг чанд сахиж, албаны үүргээ шударгаар биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж  байна.

Прокурорын байгууллагын удирдах ажилтны  нэгдсэн зөвлөгөөн дээр  Монгол Улсын ерөнхий прокуророос прокурор, ажилтнуудын онол, арга зүйн мэдлэгийг нь дээшлүүлэх зорилгоор судалгааны ажилд татан оролцуулах үүргийг бүх нэгж газруудад өгсөн.

Энэ зорилтын хүрээнд тус прокурорын газрын хамт олны хийж байгаа ажлыг онцоллоо. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хамт олон хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллахын зэрэгцээ өөрийгөө хөгжүүлэх талаар  санаачлагатай ажиллаж байна.  

 Баян-Өлгий аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Т.Батсүх:  Манай хамт олон "СУРАЛЦАГЧ ХАМТ ОЛОН "болох зорилт тавиад ажиллаж байна.

Прокурор, ажилтныхаа эрх зүйн онолын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, аль болох оюунлаг байх зорилгоор тодорхой сэдвээр судалгаа шинжилгээний өгүүлэл, нийтлэл бичүүлэх ажлыг хүн бүрийн үр дүнгийн гэрээнд оруулж, бүтээлч ажлын даалгавар болгон  өгч, дүгнэж ажиллаж байна. Судалгаа бичих амархан биш, арга барил, аргачлалд суралцуулахыг хичээж байна. Манайхан бүгд нэг нэг сэдэв аваад түүнийгээ практиктай хослуулан судалдаг. Зарим нь тэр сэдвээрээ магистр хамгаалсан. А.Еркегуль прокурор одоо анх авсан сэдвээрээ докторын ажлаа хийж байна. Оны эцэст шалгаруулаад шаардлага хангасаныг нь "Хууль эрх зүй" сэтгүүлд өгнө. Би өөрөө  "Урайнхай угсаатны ургийн тамга" сэдвээр 10-д жил судалгаа хийж, одоо докторын ажлаа хийж байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

Манай прокуроруудын бичсэн эрдэм шинжилгээ, судалгааны шинжтэй нийтлэлүүд  "Хууль дээдлэх ёс" сэтгүүлд 2 удаа, Монголын төр эрх зүйн сэтгүүл, Прокурорын мэдээлэл сэтгүүлд  тус тус нийтлэгдсэн.

Түүнээс хойш бид сэдвүүдээ эрх зүйн шинэтгэл, өөрчлөлттэй уялдуулан үргэлжлүүлэн судлаж,  2013 онд "Прокурорын хяналт" сэтгүүл гаргаж, аймгийн төр захиргааны болон хуулийн байгууллагуудын ажилтан нарын оюуны хэрэгцээнд нэмэрлэсэн.

Одоо үед прокурор урдах хэдэн эрүүгийн хэрэг материалтайгаа зууралдсаар цаг хугацаа өнгөрүүлж болохгүй,  өөрийгөө байнга хөгжүүлж, мэдлэг, боловсролоо дээшлүүлж байх шаардлага тавигдаж байна. 2018 онд манай прокурор, ажилтнууд  бичих  судалгааны ажлын сэдвүүдээ сонгон аймгийн прокуророор батлуулан ажил хэрэг болгож байна.

Оны төгсгөлд судалгааны ажлуудаа илтгэн дүгнэнэ. Ажлын хажуугаар тодорхой сэдэв авч, хууль хэрэглээний явцад практиктай хослуулан судлах нь үр өгөөжтэй гэж үздэг.

Манай хамт олон "СУРАЛЦАГЧ ХАМТ ОЛОН " болох зорилт тавиад ажиллаж байна. Одоо манай А.Еркегүль прокурор  Хууль сахиулахын их сургуулийн, би өөрөө  Ховд Их сургуулийн  доктронт, орлогч А.Турдыбек, хяналтын прокурор М.Фарида, Х.Өрен, Б.Ботакез, Тамгын хэлтсийн дарга Р.Гулбарим нар Хууль зүйн ухааны "Магистр"-ийн зэрэг хамгаалсан.

Аймгийн прокурорын орлогч А.Турдыбек:

2013 онд “Захиргааны зөрчлийн хэрэг  бүртгэлтийн ажиллагааг боловсронгуй болгох  нь” сэдвээр  эссэ бичиж тус газрын Прокурорын мэдээлэл сэтгүүлд анх хэвлүүлж байлаа. Тэр үед хуучин үйлчилж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулийг  шинэчлэх шаардлагын талаар хөндөж бичсэн. 

Магистрийн ажлаа 2016 онд “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх  ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар  арга зам” сэдвээр хамгаалсан. Ажлын чиг үүргийн хувьд байнга судалгаатай байж ул үндэстэй дүгнэлт гаргахыг эрмэлздэг. 

2017 онд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч нар хүний биед гэмтлийн зэрэг тогтоож гаргасан дүгнэлтүүдийн хууль зүйн үндэслэлийг сүүлийн 2 жилийн  байдлаар судлаж, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар  Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнд прокурорын шаардлага бичсэн.

Энэ шаардлагын мөрөөр  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 21 аймаг, 9 дүүрэг дэхь өөрийн салбар байгууллага, шинжээч нарын ажлыг шалгаж   шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гаргаж, үүнд тавих хяналтыг сайжруулах арга хэмжээ авч, хариу ирүүлсэн. Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудаас бэлэн бус хэлбэрээр “Police reader”  нэртэй төхөөрөмжөөр иргэдийг торгож байгаа байдлыг судалж, энэ талаар   Хууль Зүй Дотоод хэргийн сайдын  2015 онд гаргасан  “Бэлэн бус хэлбээр торгууль оногдуулах журам” одоогийн  мөрдөж байгаа  Зөрчлийн хуулийн заалтуудыг зөрчиж байгаа талаар 1 материалд прокурорын дүгнэлт бичиж шүүхээр хэлэлцүүлж, шийдвэр гаргуулсан. Энэ маань үндсэндээ бэлэн бус хэлбэрээр “Police reader”  нэртэй төхөөрөмжөөр иргэдийг торгож байгаа асуудалд шүүхийн практик тогтоосон гэж хэлж болно. Энэ талаар Улсын Ерөнхий прокурорын газарт танилцуулга хүргүүлсэн. Энэ төрлийн зөрчилд цаашид ч анхаарах зүйл их байгаа. Тухайлбал, иргэд  Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд  торгуулснаа мэдэлгүй явж байгаад тээврийн хэрэгсэлдээ  шилжилт хөдөлгөөн хийлгэх үеэр л мэдэж их мөнгө төлдөг, өөрөөр хэлвэл эчнээгээр торгуулдаг, гэтэл энэ нь яг тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч биш байх тохиолдлууд байдаг  гэх мэтчилэн  анхаарах зүйл их байна. Одоо Баян-Өлгий аймгийн хэмжээнд гарч буй  “Хүний алах”  гэмт хэргийг сүүлийн 10 жилийн байдлаар, “Хүчиндэх” гэмт хэргийг сүүлийн 5 жилийн байдлаар  судалж, суурь судалгаа хийж, байна.

Хяналтын прокурор М.Фарида:

Аймгийн прокурорын газрын ажлын төлөвлөгөөнд орсны дагуу Сумуудын Засаг даргын Тамгын газарт  ажиллаж байгаа  бараа, таваарын шинжээч нарын болон  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг шалгасан юм. Тэгэхэд  эд зүйлийн үнэлгээг сумдын "орон тооны бус комисс" гэж 3 хүний бүрэлдэхүүнтэй хүмүүс  гаргадаг, тэд заримдаа олдохгүй, үнэлгээ гаргаж өгөхгүй удааширдаг, зарим үнэлгээ зах зээлийн ханштай нийцэхгүй байдаг зэргээр хүндрэлтэй байдал тогтоогдсон. Үүнийг үргэлжлүүлэн судалж   шинжээчийн дүгнэлтийн загварыг гаргаж, бүх сумуудын бараа таваарын шинжээч нарт "Зөвлөмж" бичиж хүргүүлсэн. Үүний үр дүнд   хэргийг шуурхай шалгах, шинжээч нар худлаа дүгнэлт гаргахгүй байх, мөн  дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх, хохирогч, яллагдагч нарт үнэлгээг танилцуулдаг болсон, үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг танилцуулсанаар хэргийн хохирогч, холбогдогч нарыг дүгнэлтэнд гомдол гаргах эрхээр хангадаг болсон зэрэг ач холбогдолтой асуудлуудыг шийдсэн. “Гэмт хэрэг ба ёс заншил” сэдвээр  нийтлэл бичиж, аймгийн хууль хяналтын байгууллагуудын албан хаагчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Одоо “Гэмт хэргийн ангилал” сэдвээр эссэ бичиж байгаа. Мөн "Гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж, хэр хэмжээ" сэдвээр судалгааны  ажил хийхээр энэ оны төлөвлөгөөндөө тусгаад, ажиллаж байна.

Хяналтын прокурор Х.Өрен:

Би анх 2013 онд “Гэнэт байх хүчин зүйл, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд түүнийг харгалзах ба ашиглах нь” сэдвээр нийтлэл бичиж, сэтгүүлд хэвлүүлсэн.  2017 онд “Цаазаар авах ялын тухай ойлголт” эссэ бичсэн. Одоо 2018 онд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх арга зам” сэдвээр нийтлэл бичхээр судалгаа хийж байна.  

Хяналтын прокурор Б.Ботакөз:

2012 онд “Мэдэгдэл, түүний үр дагавар” сэдвээр нийтлэл бичсэн. 2013 онд “Зарим гэмт хэргийн ангилал, хохирлын хэмжээ болон оногдуулах ялыг харьцуулах нь” сэдвээр нийтлэл бичиж, сэтгүүлд хэвлүүлсэн. Энэ жил "Гэрч , хохирогчийн үнэн зөв мэдүүлэг өгөх эрх үүрэг , хариуцлага сэдэв аваад судалж байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТАМГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Р.ГУЛБАРИМ:

Би прокурор, ажилтныхаа ажлаа хийх нөхцөл боломжийг бүрдүүлэх, ямар нэгэн зүйлээр дутагдахгүй байлгах юмсан гэж хичээж ажилладаг. Захиргаа үйлчилгээний ажилтан нараа дэмжиж, урам өгч ажиллахыг эрмэлздэг.  Манайхан бүгд  байгууллагынхаа төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс байдаг. Манай М.Фарида прокурор л гэхэд байгууллагын сургалтын танхимын буланд ахмадын булан байгуулах ажлыг зохион байгуулж, прокурорын байгууллагад он удаан жил ажилласан ахмадууд болон гэр бүлийн хүмүүсийг нээлтийн ажиллагаанд оролцуулсан. Мөн  коридорт онч мэргэн үгнүүдийг хэвлүүлж өлгөсөн, байгууллагын үүдэнд цэцгийн баглаа хийлгэж цэцэгжүүлэх ажлыг зохион байгуулсан гээд олон зүйлийг хэлж болно.

 Миний хувьд анх Баян-Өлгий аймгийн прокурорын газарт 2005 онд орос-казак-монгол хэлний  орчуулагчаар анх ороод дараа нь  бичиг хүргэгчийн ажлыг давхар хийж байсан. Нарийн бичиг, архивч, туслах ажилтаны ажлыг бас хийж байсан.  Өлгий хотод миний очоогүй баг, гудамж байхгүй гэж хэлж болно. Ажлын цагаар шүүх, цагдаад эрүүгийн хэрэг хүргэнэ, ажлын бус цагаар багуудаар явж тогтоол, хариу мэдэгдэх хуудас хүргэнэ. Тэр үед утас холбоо байхгүй  хариу мэдэгдэх хуудсыг  гэр, албаны хаягаар нь хүргэж өгдөг байлаа. Би аймгийн прокурорын газарт 13 жил ажиллаж байна. Туслах ажилтан байхдаа яллах дүгнэлтийн төслийг их бичдэг байлаа.

Өөрийгөө хөгжүүлэхийн тулд прокуроруудтай хамт судалгааны сэдэв аваад түүн дээрээ ажиллаж байна.  Аймгийн хэмжээнд  өсвөр насны хүмүүс болон эмэгтэйчүүдээс  үйлдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцлийн  судалгаа хийсэн. Энэ жилийн хувьд  "Бага насны хүүхдийг хүчиндэх" гэмт хэргийг судалж байгаа.

 

Тамгын дарга болсоор хийж гүйцэтгэсэн  ажил гэвэл Байгууллагын харуул хамгаалалтын ажилтныг сургалтанд хамруулж, харуул хамгаалалтын мэргэшлийн үнэмлэхтэй болгосон. Харуул хамгаалалтын ажилтнуудыг жигд ижил хувцастай болгосон.

Манайхан  өглөөний дасгалыг хэвшил болгосон,байгууллагадаа "Алдарын булан"-тай болсон. Мөн  Номын сан байгуулсан гэх мэтчилэн байгууллагынхаа аж ахуй тохижилт, прокурор, ажилтныхаа тав тухыг хангах чиглэлээр ажлуудыг  хийж байна.

 

Прокурор, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор хамт олноороо спортоор хичээллэх ажлыг тогтмолжуулсан. Аймгийн прокурорын зүгээс энэ чиглэлд их анхаарч танин мэдэхүй, эрүүл мэнд, өөрийгөө хөгжүүлэх чиглэлээр сургалтууд зохион байгуулдаг.

Манай прокурор, ажилтнууд  байгууллага хамт олондоо бага гэлтгүй тустай зүйл хийхийг  эрмэлзэж ажилладаг.

 

Санал асуулга
Статистик мэдээ
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
91
Өчигдөр
910
7 хоногт
2603
Сүүлийн сард
10136
Сүүлийн жилд
122371
Нийт хандалт
124936