Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл
Онцлох мэдээ
АЖЛЫН ЧАНАР, ҮР НӨЛӨӨ, САХИЛГА ХАРИУЦЛАГА, ДЭГ ЖУРМЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРУУДАД АЛБАН ДААЛГАВАР ХҮРГҮҮЛЖЭЭ

Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд Улсын Ерөнхий прокуророос өгсөн “..2018 онд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил зарим нэгжүүд хангалтгүй дүнгэдсэн.. Дээд шатны прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан шийдвэрийг хүчингүй болгосны ихэнх нь ажиллагаа дутуу хийснээс болж хүчингүй болсон.. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан хэргийн 21 хувьд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж.. гэмт этгээдийг олж тогтоох боломжтой, яллагдагчаар татах хүн хуулийн этгээд нь тодорхой хэргүүдэд шийдвэр гаргахгүй, уг ажил зохих түвшинд хийгдэхгүй байгаа.. Зарим прокурорын ажлын хариуцлага, хөдөлмөрийн сахилга бат, хуулийн мэдлэг, хууль хэрэглээний ур чадвар сул.. Шийдвэр гаргахдаа бусдын нөлөөнд автдаг.. прокурор, ажилтны сахилга, ёс зүй, харьцааны соёл.. иргэдэд эрх зүйн мэдээлэл, зөвлөгөө өгөх ажил хангалтгүй байгаад онцгой анхаарч дүгнэлт хийн, тодорхой ажлын ахиц гаргах” үүргийг хэрэгжүүлэх.

Прокурорын байгууллагаас 2019 оныг “Нийгэмд шударга ёсыг тогтоон бэхжүүлэхэд прокурорын манлайллын жил” болгох уриан доор дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэн, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, прокурор, ажилтнуудын ажлын сахилга, хариуцлага, дэг журмыг сайжруулах зорилгоор Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокуророос 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Дүүргийн прокурорын газруудад 1/01 дугаартай албан даалгавар хүргүүлжээ.

Албан даалгаварт “Нийслэлийн төвийн Дүүргийн прокурорын газруудын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуроруудын ажлын ачааллыг тэнцвэржүүлж, хяналтын ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх, хэрэг бүртгэлтийн хэргүүдийн шийдвэрлэлтийг сайжруулахын тулд прокуроруудын орон тоо, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн тоо, ажлын онцлог нөхцөл байдлыг харгалзан хэрэг бүртгэлтийн эзэнгүй хэргүүдэд хяналт тавих прокуроруудыг харьяа Цагдаагийн хэлтсүүдээр дагнан хариуцуулах. Бусад тус хяналтын ажил хариуцсан хяналтын прокуроруудад гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг тойргийн журмаар хуваарилж, тухайн гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээс хойш хэргийн үндсэн хугацаанд яллагдагчаар татагдвал зохих хүн, хуулийн этгээд нь тогтоогдоогүй бол хариуцсан ахлах прокурорт танилцуулан, дагнасан прокурорт шилжүүлэн ажиллах.

Дэвшүүлсэн зорилтын хүрээнд тодорхой төрлийн, ээдрээ төвөгтэй, олны анхаарал татсан, удаашран шалгагдаж буй хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай, прокурорын хяналтыг тасралтгүй явуулж, дээд шатны прокуророос хэргийн явц байдал, үр дүнтэй тогтмол танилцан, прокуроруудын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах.

Хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдөхөөс сэргийлж, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль ёсыг чанд сахиулж, хүний эрх, эрх чөлөөг аливаа хэлбэрээр зөрчүүлэхгүй байхад хяналтаа чиглүүлэн, эрх бүхий албан тушаалтан, мөрдөгч, прокурорын хууль зөрчсөн тохиолдол бүрт хариуцлага тооцож, тухай бүрт зөвтгүүлэх арга хэмжээг авах.

Аливаа хэлбэрээр эрүү шүүлт тулгасан, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн тухай гомдол, мэдээлэл, хүсэлт гарсан даруйд онцгой тохиолдлоор авч үзэн биечлэн шалгаж, эрх нь зөрчигдсөн этгээдтэй уулзаж, санал, хүсэлтийг нь сонсож, шийдвэрлэж байх. Гаргасан шийдвэр нь үндэслэлгүйгээс хууль болон хүний эрхийг ноцтой зөрчсөн прокурорт хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, зөрчлийн байдлыг харгалзан прокурорын албан тушаалд тэнцэх эсэх асуудлыг Прокурорын мэргэжлийн зөвлөлд тухай бүр тавьж шийдвэрлүүлэх.

Прокурорын хяналтын ажлын цахим бүртгэлийг цаг хугацаанд нь үнэн, зөв хөтөлж байгаа эсэхэд удирдлагын хяналтыг чиглүүлж, цахим бүртгэлийг ашиглан байгууллагын болон прокурорын хяналтын ажилд улирал бүр дүн шинжилгээ хийн, ажлын үр дүнг харгалзан урамшуулах эсвэл хариуцлага тооцох эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байхаас гадна хяналтын ажлын ололт, дэвшилттэй арга барилыг сайшаан, бусдад туршлага болгох үүднээс мэдээлэх.

Мөн прокурор, ажилтнуудын ажлын сахилга, хариуцлагыг сайжруулах хүрээнд хууль тогтоомжийн дагуу албан үүргээ мэргэжлийн өндөр тvвшинд чин шударгаар гүйцэтгэн, төрийн албан хаагчийн болон Прокурорын ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, төрийн албаны хариуцлагыг өндөржүүлэх. Албандаа хүндэтгэлтэй хандаж байх соёлыг байгууллагын хэмжээнд төлөвшүүлэх.

Авилга, хээл хахууль ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн албыг хувийн ашиг сонирхлын хэрэгсэл болгох гэсэн оролдлогыг тухай бүрт таслан зогсоон, хүнд суртал, шударга бус байдалтай тууштай тэмцэх.

Прокурор, ажилтнууд цаг ашиглалт, ажлын бүтээмжийг сайжруулах. Прокурорын ёс зүйн дүрмийг чанд сахин мөрдөж, зан харилцаагаа засч, олны дунд биеэ зөв авч явах. Ажлын байранд, албан үүргээ гүйцэтгэж явахдаа болон дүрэмт хувцастай согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хатуу хориглох.

Байгууллагын болон эрүүгийн хэргийн архивын баримт бичгийн хөтлөлт, хадгалалтанд холбогдох хууль тогтоомж, журам, зааврын хэрэгжилтийг нэг мөр хангуулж, эмх цэгцтэй байхад чиглэсэн тодорхой арга хэмжээг зохион байгуулах. Байгууллагын үйл ажиллагааны тасралтгүй, шуурхай байдлыг хангаж, иргэдэд хуулийн хүрээнд хүртээмжтэй, шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх ажлыг зөв зохион байгуулах талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг авч, үр дүн гаргаж ажиллах талаар үүрэг, чиглэл өгсөн байна.

 

 

Нийслэлийн прокурорын газар

 

Санал асуулга
Статистик мэдээ
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
13
Өчигдөр
121
7 хоногт
1242
Сүүлийн сард
5409
Сүүлийн жилд
128183
Нийт хандалт
132032