Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл МУ-ын Ерөнхий прокурор
Ярилцлага
УЕПГ-ЫН ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ХЭЛТСИЙН ДАРГА Ү.СОДНОМЦОГ: ХОХИРОГЧ, ЗӨРЧИЛ ҮЙЛДСЭН ЭТГЭЭД ПРОКУРОРТ ХАНДАХ НЬ НЭМЭГДСЭН

Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш хоёр жил болжээ. Өнгөрсөн хугацаанд гүтгэх, байгаль орчны эсрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн хэргүүд ихээр гарсан байна.

2018 онд нийт 35 гүтгэх зөрчлийн хэрэгт шийтгэл оноосноос 24 иргэнд тус бүр 2 сая, 25 сэтгүүлчид тус бүр 2 сая, гурван хуулийн этгээдэд тус бүр 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуроруудын зөвлөгөөний үеэр Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ү.Содномцогтой ярилцлаа.

-Зөрчлийн тухай хууль хэрэгжих эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Уг хуулийн хэрэгжилттэй холбогдуулж улсын хэмжээнд анх удаа томоохон зөвлөгөөн зохион байгуулж байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжээд хоёр жил шахам болж байна. Энэ хугацаанд бид зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлж ажиллалаа. Өнгөрсөн хугацаанд хүндрэлтэй асуудал юу байсан гэвэл хуулиуд маань шинээр батлагдсан, хоёрдугаарт цагдаагийн байгууллагыг эс тооцвол бусад байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд ихэвчлэн хуульч биш хүмүүс байсан. Иймд прокурорууд хяналтынхаа явцад хуулиудыг зөв хэрэгжүүлэх асуудлаар сургалт явуулах, чиглэл, зөвлөмж өгөх, зааварлах асуудал байнга гарч байсан. Бид энэ зөвлөгөөнөөр өнгөрсөн 2 жил шахам хугацааны хяналтын ажлын ололт амжилт, зөрчил дутагдал зэрэг бүх асуудлаа ярилцаад, цаашдын бодлого чиглэлээ тодорхойлоод, гарч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлээд, алийг нь хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх, алийг нь заавар журмандаа тусгах вэ гэдгийг нийтээрээ хэлэлцэж байна.

-Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор ямар хүндрэл бэрхшээл гарч байна вэ. Энэ талаар прокурорууд ямар санаа бодол илэрхийлж байна вэ?

-Дөнгөж хууль гарсны дараа хуульч биш эрх бүхий албан тушаалтнууд маань прокурорын хяналтад дуртай байгаагүй. Учир нь зөрчил мөн эсэх, ямар баримтуудаар нотлогдож байгаа, шийтгэл нь хууль зүйн үндэслэлтэй эсэх зэрэгт хэн ч шүүмжлэлтэй ханддаггүй, иргэд маань ч өөрсдийнх нь эрхэнд хуулийн хүрээнд халдаж байгаа эсэхэд анхаарал хандуулдаггүй, танил талаараа дамжуулан торгуулийн хэмжээг жаахан багасгаад л боллоо гэж боддог “монгол зан”-гаараа хандаж ирсэн энэ харилцааг хуулийн хүрээнд явуулахыг шаардаад эхлэхээр өөрсдийнхөөрөө, дуртай үедээ шийдвэр гаргаж байсан зарим албан тушаалтнууд маань дургүйцэж, прокурорын хяналтыг “ажлын садаа” гэж эсэргүүцэж байсан нь нууц биш. Харин энэ хоёр жилийн хугацаанд хяналтаа тавиад, харилцан ярилцаад, хамтран ажиллаад ирэхээр эрх бүхий хүмүүсийн хуульч ажиллагаа сайжраад, нэгдсэн ойлголцолд хүрч, Зөрчлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажилд тодорхой хэмжээний ололт амжилт гараад, зүгшрээд явж байна. Мэдээж хувь хүмүүс, албан байгууллагуудын хооронд ойлголцохгүй зүйл байсныг ярилцаж ойлголцох гэх зэргээр хяналтын ажлаа хэрэгжүүлсэн. Прокурорын байгууллагаас барьж ажилласан бодлого юу вэ гэвэл эрх бүхий албан тушаалтнуудын ажлыг шууд шүүмжлэх бус сургалт явуулах, бүх зүйл хуульд заасны дагуу явна шүү гэдгийг харилцан ойлголцоход анхаарсан. Одоо бол прокурорын хяналт зайлшгүй гэдгийг эрх бүхий албан тушаалтнууд хүлээн зөвшөөрсөн цаг үе л дээ. Тийм учраас энэ цаг үед бид хяналтаа улам боловсронгуй болгох ёстой. Зөрчлийн онцлог нь гэмт хэрэгтэй харьцуулбал харьцангуй их тоогоор гардаг. Монголчуудын зүйр үг байдаг шүү дээ. Хумсалсаар хумсалсаар хулгайч болно гэдэг шиг гарч байгаа хууль зөрчсөн үйлдлийг бага дээр нь засаж залруулаад  гэмт хэрэг болтлоо хор уршиг нь өсөхгүй гэсэн энгийн ойлголт байгаа юм. Өөрөөр хэлбэл, зөрчлийг дэлхийн жишгээр жижиг гэмт хэрэг гэж үздэг. Гэмт хэргээс урьдчилан сэргийлж, зөрчлийн хэмжээнд байхад нь таслан зогсоож, иргэддээ анхааруулах асуудал чухал байгаа юм. Нөгөөтээгүүр, иргэд өөрсдөө анхаардаггүй болохоос Зөрчлийн тухай хууль бол иргэдийн амьдралд болж байгаа бүх асуудлыг бүгдийг нь зохицуулсан, ингэхдээ нийтэд зориулан төрөөс баталсан хууль, дүрэм журмын хүрээнд л ажиллаж амьдрах, бусдын хуульчлагдсан эрх, ашиг сонирхлыг хууль бусаар хөндөхгүй байхыг анхааруулсан хууль гэж ойлгож болно. Гуравдугаарт, Зөрчлийн хуулиар зөрчил гаргасан хүн, хуулийн этгээдэд тэгш байдлаар, хуульд заасан журмын дагуу зохих хариуцлага оногдуулж чадах юм бол нийгмийн шударга ёсны тогтолцоо бэхэждэг. Жишээ нь, камерын хяналтаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хүнд арга хэмжээ авч байгаа. Тэгвэл цэрэг нь ч бай, сайд нь ч бай хууль зөрчсөн л бол адилхан торгуулийн арга хэмжээ аваад байхаар хэн ч гэсэн байнга торгуулахыг хүсэхгүй, дүрмээ баримтлахыг хичээнэ шүү дээ.

-Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээр иргэд, аж ахуй нэгжүүд юм л бол торгох гэдэг болж хэмээн бухимдаж байгаа. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ? 

-Хохирогч, зөрчил үйлдсэн этгээдийг зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд оролцогчид гэж нэрлэж байгаа юм. Эдгээр оролцогчдын прокурорт хандах хандлага сүүлийн үед нэмэгдэж байна. Яагаад гэвэл өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөөд ирэхээр хууль зүйн дагуу энэ нь зөв үү гэдэг асуудал яригдаж байна. Ер нь бол манай иргэд хуулиа хүндэтгэдэггүй, судалдаггүй, мэддэггүй, аливаа зүйлийг танил талаараа шийдэж яваад сурчихсан болохоор хууль, дүрэм гэдэг зүйл байхгүй юм шиг хандах тал бий. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр мэдээж хууль дүрэм зөрчсөн хүмүүст дарамт учирна. Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомж чинь яг хууль дүрмээ сахиад явж байгаа хүнд ямар ч хамааралгүй. Ганцхан зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага яригддаг, түүнд төвөгшөөдөг асуудал багагүй байна. Гэхдээ Зөрчлийн хууль тогтоомж иргэн болгонд жигд үйлчилснээр журмыг сахин биелүүлэхэд суралцана. Наад зах нь гарцтай газраар зам хөндлөн гардаг болно. Согтууруулах ундаа амссан бол жолоогоо эрүүл хүнд шилжүүлэх зэргээр журамлагдаад явна. Зөрчлийн тухай хуулийн ач холбогдол нь энэ. Мэдээж Зөрчлийн хуульд хийдэл байна гэж ярьдаг. Янз бүрээр шүүмжилдэг. Прокурорын байгууллагын хувьд  хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр саналаа Хууль зүй, дотоод хэргийн яамаар дамжуулж засаж сайжруулах ажлуудыг хийж байна. Түүнээс бид Зөрчлийн тухай хууль муу болсон, тэр нь тийм гэж ярих нь зохимжгүй. Хоёрдугаарт, бид батлагдсан хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй л хүмүүс.

-Зөрчлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлснээр прокуроруудын ажлын ачаалал нэмэгдсэн үү?

-Мэдээж. Ер нь манай прокурорууд, ялангуяа нийслэл, дүүргийн эрүүгийн хэрэг, зөрчлийн хэрэгт хяналт тавьдаг прокурорууд маань орой үдэш болтол, амралтын өдрүүдэд ажиллахгүй л бол ажлаа дийлдэггүй юм ш дээ. Дээр үеэсээ л шаардлага өндөртэй, хариуцлага ихтэй байгууллага байсаар ирсэн учир чимээгүй л ажлаа амжуулаад сурчихсан тэднээрээ бахархдаг. Гэхдээ энэ тал дээр төр засаг маань одоо анхаарах байх аа.

-Хууль хэрэгжсэнээр иргэд зөрчлийн шинж чанартай үйлдлүүддээ анхаарч, цаашид хуулиа хэрэгжүүлээд цэгцрээд явах хугацаа ямар байх бол?

-Хүмүүсээс шалтгаалж байна. Зарим хүн нэг удаа торгуулаад би дахиж хэзээ ч энэ зөрчлийг гаргахгүй гэж байна. Гэтэл хаширдаггүй хүн ч бий. Тиймээс иргэдийн боловсрол, ухамсраас шалтгаалахаас гадна тэдэнд хууль сурталчлах ажил тун чухал. Прокурорын байгууллага гэмт хэрэг болон зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль сурталчлах, иргэдийн дунд яриа таниулга хийх, байгууллагуудад мэдэгдэл шаардлага хүргүүлэх зэргээр ажилладаг. Ер нь миний ойлголтоор ямар ч хүнд дүрэм журам тэгш үйлчилж байж л энэ нийгэм эмх журамтай, амар тайван болно. Манайд энэ асуудал хүнд байна. Гэхдээ сайжраад явж байна.

-Зөрчлийн тухай хуулиар сэтгүүлчдийг торгож шийтгэх явдал эрс өссөн. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Ер нь гүтгэх гэдэг зөрчил дээр яригдаж байгаа асуудал. Бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон, худал мэдээллийг нийтэд тараасан бол хариуцлага хүлээнэ. Тиймээс баримттай, үнэн зүйл дээр яах ч үгүй гэсэн үг шүү дээ. Үүн дээр нэгдүгээрт анхаармаар байна. Би дээр хэлсэн. Манай прокурорын байгууллага батлагдсан хуулиа л хэрэгжүүлэх үүрэгтэй. Гүтгэх асуудлыг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх юм уу, зөрчил юм уу гэх хуульчдын дунд маргаантай асуудал бол байгаа. Аль аль талдаа л анхаарах асуудал биз. Хамгийн гол нь цуу үгээр, эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэл тарааснаар сэтгүүлч холбогдоод байгаа болохоос бус сэтгүүлчдийг онилж зөрчлийн хуулиар шалгаад байгаа зүйл байхгүй. Аль аль талдаа суралцах байх. Яагаад гэвэл нэр төр нь гутаагдсан хүн хуулийн байгууллагад хандсан асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэж байгаа. Ингэхдээ үнэхээр сэтгүүлч буруутай байна гэж шийддэг тохиолдол ч бий, таныг гүтгэж доромжлоогүй байна, зөрчил биш байна гэж хэрэгсэхгүй болгодог асуудал ч олон бий.

Сэтгүүлч Г.Батзориг

Эх сурвалж: Өдрийн сонин

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
9
Өчигдөр
121
7 хоногт
1210
Сүүлийн сард
5489
Сүүлийн жилд
80041
Нийт хандалт
163938