Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
“НЭЭЛТТЭЙ ДЭЛХИЙН МАНЛАЙЛАЛ ТӨВ”-ИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД АНУ-Д СУРГАЛТАНД ХАМРАГДСАН ТАЛААР

Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газар, АНУ-ын “Нээлттэй дэлхийн манлайлал төв хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 2019 оны 6 дугаар сарын 20-ноос 29-нд АНУ-д зохион байгуулсан мэргэжлийн хөтөлбөрт 5 прокурор хамрагдаж, амжилттай суралцаад ирсэн байна.

АНУ-ын Конгрессын дэргэдэх "Нээлттэй дэлхийн манлайлал төв” нь 18 жилийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд тус улсын засгийн газраасаа санхүүждэг, дэлхий даяар хөгжиж буй орнуудтай хамтарч бусад орны засгийн газрыг бэхжүүлэх зорилгоор тэдний төрийн албан хаагчдыг харилцан танилцуулах, туршлага судлуулах үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж буй Олон Улсын томоохон байгууллагуудын нэг ажээ.

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн ахлах прокурор Г.Гэрэлтуяа, Орхон аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Г.Эрдэнэбаатар, Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Гантулга, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсувд, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонжаргал нар нь санамж бичгийн хүрээнд хөтөлбөрт хамрагдсан анхны прокурорууд болсон байна.

Дээрх прокуроруудын төлөөлөлтэй уулзаж, сургалтын талаар тодруулсан юм.

УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн ахлах прокурор Г.Гэрэлтуяа:

Сургалт 2 үе шаттай явагдсан бөгөөд АНУ-ын Вашингтон хотод эхний сургалт 3 хоног үргэлжилж, "Нээлттэй дэлхийн манлайлал төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж, АНУ-ын шүүх, прокурор, өмгөөллийн байгууллагын тогтолцооны талаар байгууллага бүрээс төлөөлөл ирж, сонирхолтой уулзалт ярилцлага хийсэн.

Шүүгчийн сонгон шалгаруулалт, шүүгчийн томилгоо, нөхөн олговор, шүүгчдийн албан байранд тавигдах шаардлага, цалин хангамж, халдашгүй байдал, шүүгч, шүүхийн ажилтнуудын ёс зүй, сахилга хариуцлагыг хэрхэн дээшлүүлэх, энэ талаархи сургалтыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулдаг зэрэг нь сонирхолтой санагдаж байсан.

АНУ-ын Дээд шүүхийн шүүгчид болон Холбооны шүүхийн шүүгчдийг Сенатын танхимын 2 гишүүний саналыг үндэслэн АНУ-ын Ерөнхийлөгч нэр дэвшүүлснээр Сенатын танхимаас бүх насаар нь томилдог, харин Мужийн шүүхийн шүүгчдийг олон нийтийн санал асуулгын үр дүнд сонгуулиар сонгож 14, 12, 8, 6 жилээр мужийн амбан захирагч, мужийн давж заалдах шатны шүүхээс томилдог бөгөөд хэдэн ч удаа улирах боломжтой, улс төрөөс ангид, хэний ч нөлөөнд авталгүй ажилладаг зэрэг нь бусад улс орноос онцлог байсан.  

Хөтөлбөрийн дагуу бид АНУ-ын Дээд шүүхэд зочилж шүүхийн бүтэц, зохион байгуулалт болон шүүх хуралдааны танхимууд, шүүхийн ажиллах нөхцөл байдалтай танилцсан. АНУ-ын энгийн иргэд Дээд шүүхийн байр, шүүх хуралдааны танхим, үйл ажиллагаатай нь танилцахаар урт дараалал үүсгэн зогссон байсан нь тус улсын иргэдийн шүүхээ хүндэтгэх хүндэтгэлийг илтгэн харуулж байсан.

Дээд шүүх нь Ерөнхий шүүгч, бусад шүүгч гэсэн 9 шүүгчийн бүрэлдэхүүнтэй бөгөөд ажлын алба нь жилдээ 10.000 орчим гомдол, материал хүлээн авч, түүнээс зөвхөн 75 орчмыг нь сонгож, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэдэг байна. Давж заалдах шатны буюу холбооны 12, анхан шатны буюу тойргийн 94 шүүх байдаг юм байна.

АНУ-ын шүүхийн тогтолцооны хамгийн чухал, сонирхол татсан, магадгүй ойлгоход төвөгтэй өвөрмөц онцлогуудын нэг нь шүүхийн хосолмол тогтолцоо (муж улсын болон үндэсний) буюу муж улс бүр өөрийн шүүхийн тогтолцоотой, өөрөөр хэлбэл эрх зүйн зарим асуудал нь муж улсын шүүхээр шийдэгддэг бол зарим нь бүхэлдээ холбооны шүүхээр шийдэгддэг байх жишээтэй байсан.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсувд:

Хөтөлбөрийн дараагийн сургалт АНУ-ын Дакота мужийн Бисмарк хотод болсон ба прокурорын байгууллагын үйл ажиллагаатай танилцсан. 1873 онд Умард Номхон Далайн Төмөр Зам нь Германы канцлер Отто вон Бисмаркын нэрээр нэрлэгдсэн Бисмарк хот нь 1889 онд Хойд Дакота мужийн шинэ нийслэл болсон. Бисмарк хот нь 2 прокурортой ба прокурорын алба нь хотыг хамарсан бүхий л нэхэмжлэлийг хариуцаж, эрүүгийн хууль зөрчсөн бүх зөрчил, зөрчлийн болон замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн хэргийг хариуцдаг. Ерөнхий прокурорын газар нь төрийн албан хаагчид, агентлагууд, зөвлөлүүд болон комиссуудад хууль зүйн үйлчилгээ үзүүлдэг. Мөн Ерөнхий прокурор нь төрийн дүрмүүд, улсын Үндсэн хууль, мужийн статустай холбоотой асуудлыг хөндсөн хуулийн асуудлаар саналаа өгдөг.

Тус нутагт ихэвчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох зөрчил ихээр гардаг байна.  2018 онд 92.469 зөрчил гарсанаас 18.532 зөрчлийг прокурор эцэслэн шийджээ. Согтуугаар жолоо барьсан тохиолдолд жолооны эрхийг хүчингүй болгож торгуулийн арга хэмжээ авдаг юм байна. Хэрэв торгуулийн шийтгэлийг биелүүлж чадахгүй тохиолдолд тухайн хүнийг хорих эрхтэй байдаг ба зөрчил гаргасан иргэн хүсэлт гаргасан тохиолдолд түүнийг гэрийн хорионд байлгаж шийтгэлийг эдлүүлдэг нь манай орноос өөр сонирхол татаж байлаа. Прокурорууд 3 жилд нийт 45 цагийн багц сургалтанд суух ёстой байдаг ба хэрэв суугаагүй тохиолдолд тэдний лицензийг хүчингүй болгодог. Сургалтын зардлыг гишүүнчлэлийн татвараас төлдөг ба жилийн хураамж 300 доллар байдаг. Прокурорууд тухайн жилд зарлагдсан сургалтуудаас хүссэн сургалтаа авах боломжтой байдаг бөгөөд Барын гишүүнчлэлтэй байдаг юм байна.

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Гантулга:

Миний хувьд хамгийн сонирхолтой санагдсан зүйлийн нэг бол эртний овгийн бүтэц амьдрал ахуйтай танилцсан явдал юм. Хойд Дакота мужид амьдарч буй нутгийн уугуул иргэдийг Америкчууд “Сүй овгийнхон” гэж нэрлэсэн байна. 2.030.000 акр газар нутагтай 8 дүүрэгтэй, тэдгээрийг төлөөлсөн 1 төлөөлөгчтэйгээр нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцдог бөгөөд өөрсдийгөө эрх чөлөөт тусгаар улс гэж үздэг.

Нутгийн уугуул иргэд нь 1851 оноос эхлэн эрх чөлөөнийхөө төлөө Америкчуудтай байлдаж, 1868 онд зөвшилцөлийн гэрээ байгуулан газар нутаг хэсэгчилж зааж өгсөн гэх боловч 1877 он гэхэд нийт газар нутгийнхаа 50-иас илүү хувийг алдаж, АНУ-ын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд 8 газарт 500 гаруй индиан омгийн уугуул иргэдийг тарааж суурьшуулсан байна.

1978 онд АНУ “Эрх чөлөөний хууль” баталснаар нутгийн уугуул иргэдийг 1924 оноос эхлэн АНУ-ын иргэн байх ёстой гэсэн шаардлага тавьж дахин эсэргүүцэлтэй тулгарсан. Одоогоор уугуул иргэд нь өөрсдийгөө бие даасан автономит улс гэж үзэж бие даасан байдалтайгаар үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү эрхийг 1868 оноос эхлэн АНУ-с олгосон боловч зарим эрхийг нь хязгаарласан байна. Жишээ нь: Уугуул иргэд нь хууль, эрх зүйн асуудлаа бие даасан байдлаар шийдвэрлэх эрхтэй боловч, цагдаа, засан хүмүүжүүлэх газрын үйл ажиллагаанд оролцох эрхгүй, энэ эрхийг зөвхөн холбооны улс эдлэхээр зохицуулжээ.

Нутгийн уугуул иргэдийн шүүх засаглалыг хэрэгжүүлэх үйл явц нь омгийн Үндсэн хууль, мөн ёс заншилын хэм хэмжээ баримталдаг. Шүүхийн бүтэц нь холбооны улсын шүүхийн бүтэцтэй ижил боловч омог, отгийн нэрийн өмнөөс шийдвэр гаргах байдлаараа онцлог байв.  

Мөн бид Бисмарк хотын эгэл жирийн Америк гэр бүлд байрлаж, тэдний амьдрал ахуй, соёлтой танилцсан.  

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
23
Өчигдөр
261
7 хоногт
2148
Сүүлийн сард
7879
Сүүлийн жилд
81919
Нийт хандалт
180349