Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
АХЛАХ ПРОКУРОР А.АВАРЗЭД: ТӨВ АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ГАРСАН ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН НАРИЙВЧИЛСАН СУДАЛГААГ ХИЙСЭН

Төв аймгийн прокурорын газраас тус аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт”-ыг 2015-2019 оны 2 дугаар улирлын байдлаар нарийвчлан судлажээ. Төв Аймгийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор А.Аварзэдтэй уулзаж энэхүү судалгааны талаар тодруулан ярилцсан юм.

Төв аймгийн прокурорын газар нэгэн томоохон судалгааг хийсэн байна. Улаанбаатар хот чиглэлийн бүхий л авто замууд Төв аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг. Тэр хэрээр хэрэг зөрчил ч ихээр гардаг. Танай газраас хийсэн судалгаагаар ямар нөхцөл байдал тогтоогдов?

Төв аймгийн прокурорын газрын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл”-ийн 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсан нэг томоохон ажил нь аймгийнхаа нутаг дэвсгэрт гарч буй автотээврийн хэрэгслийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралтыг  судлаж нэгтгэх  ажил байсан бөгөөд 2015 оноос хойш аймгийнхаа нутаг дэвсгэрт гарсан зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг илүү нарийвчлан судлахыг зорьсон. Тухайлбал гэмт хэрэг гарсан нутаг дэвсгэр, цаг хугацаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, тээврийн хэрэгслийн марк, хэрэг зөрчил хамгийн ихээр гарсан замыг дэлгэрэнгүй байдлаар судласан. Төв аймаг 27 сумтай. Судалгаанд хамрагдсан хугацаанд тус аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг авто замуудад Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нийт 408 удаа гарсан бөгөөд гэмт хэрэг гарсан сумдаар нь авч үзвэл Аргалант суманд 39, Баян суманд 19, Баянхангай сумын нутагт 16, Баянцагаан суманд 16, Баянчандмань суманд 44, Борнуур суманд 45, Жаргалант сумын нутагт 21, Лүн суманд 24, Өндөрширээт суманд 19,  Сэргэлэн суманд 62,  Эрдэнэ суманд 19, Эрдэнэсант сумын нутагт 18 гэмт хэрэг тус тус гарсан нь бусдаас хамгийн олон байна. Дээрхи байдлаас үзвэл засмал замтай сумуудад энэ төрлийн гэмт хэрэг ихээр гарч байгаа юм.

Судалгааны хүрээнд зам тээврийн ослын улмаас учирсан хохирлын хэмжээг тооцож гаргасан гэсэн. Энэ талаар танилцуулбал?

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж осол гаргаснаас болж хүний амь нас хохирч, эрүүл мэндэд ноцтой хохирол учирдаг. Үүгээрээ дээрхи төрлийн хэрэг хор, хохирол үнэхээр ихтэй.

Судалгаанд хамрагдсан хугацаанд гарсан 408 зам тээврийн ослын улмаас 449 хүн гэмтэж бэртэн эрүүл мэндэд нь хохирол учирсан бол 207 хүний амь нас хохирч, иргэн, хуулийн этгээдэд 2 тэрбум 400 сая төгрөгийн хор уршиг, хохирол  учирсан.

Энэ үнэхээр сэтгэл түгшээсэн тоон үзүүлэлт. Зөвхөн зам тээврийн ослоос Төв аймгийн замд 207 хүний алтан амь үрэгдэнэ гэдэг бол харамсал. Бүр гэр бүлээрээ ч осолд орж амиа алдсан хүмүүс байгаа.  

Зам тээврийн осол гарахад ямар нөхцөл байдал ихээр нөлөөлсөн байна вэ?

Нэн тэргүүнд орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал буурахгүй байна. Дээрх хугацаанд гарсан нийт гэмт хэргийн 17,4 хувь нь жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас гарсан байсан. Цаг хугацааны хувьд 81,6% нь өдрийн цагаар, 18,4% нь шөнийн цагаар гарсан.  

Осол гаргасан тээврийн хэрэгслийн төрлийг судалж үзсэн үү?

Зам тээврийн осол үйлдэж байгаа болон өртөгдсөн тээврийн хэрэгслүүдийг ангилан судалж үзэхэд мотоцикль 42 буюу 7,9 хувь, Тоёота Приус маркийн автомашин 107 буюу 20,2 хувь, Тоёота Марк-2, Кровн, Аллион маркийн автомашин 51 буюу 9,6 хувь, жийп төрлийн тээврийн хэрэгсэл 70 буюу 13.2 хувь, суудлын бага оврын автобус /Хьюндай Грейс, Истана г.м/18 буюу 3,4 хувь, хүнд даацын ачааны машин 14 буюу 2,6 хувь, ачааны машин /Хьюндай Портер, Бонго г.м/ 53 буюу 10 хувь, Хьюндай Соната маркийн автомашин 23 буюу 4,3 хувь тус тус байна. Иргэд илүү өргөн хэргэлдэгтэй холбоотойгоор Тоёота Приус маркын автомашин их осолд өртөж байна. Мөн энэ машины хөнгөн, их хурдтай байдал нь нөлөөлсөн ч байж мэднэ. Гэхдээ машины буруу гэж юу байхав. Жолоочийн л хариуцлагагүй байдлаас осол гарч байгаа шүү дээ.

Нэг замд буюу тодорхой цэгт удаа дараа  осол гарах тохиолдол байгаа юу. Ер нь осол ихээр гарч байгаа замын  талаар яривал...?

Маш зөв асуулт. Нэг замд, тодорхой нэг цэгт удаа дараа осол давтагдан гарах тохиолдол их байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг хамгийн их гарсан  “хар цэг” буюу зам тээврийн осол давтагдан гарч байгаа цэгийг судласан. Судалгаагаар:  - Сэргэлэн сумын  Ногоон дов гэх газар 8, Хустайн даваа гэх газар 6, Борнуур сумын Урьхан гэх газар 7, 92-ын даваа гэх газар 6, Улаан цав гэх газар 6, Тайсын хөтөл гэх газар 11, 

- Баянчандмань сумын Хөх хошуу гэх газар 8, Шарын ам гэх газар 5,  60-ын даваа гэх газар 5,

-Аргалант сумын Жирмийн цагаан гэх газар 5, Цагаан хөтөл гэх газар 7,  Галзуу харын худаг гэх газар 6, 

- Лүн сумын  Цагаан хөтөл гэх газар 5  зам тээврийн осол гарсан байна.

Тэгэхээр жолооч нар дээрхи замд туйлын анхаарал болгоомжтой явах шаардлагатай байгаа юм. Та бид хоёрын энэ ярилцлагыг олон жолооч уншаад Төв аймгийн нутаг дэвсгэрээр, дээрхи замаар зорчин явахдаа  санаж, сэрэмжилж яваасай гэж хүсэх байна.

Орон нутгийн хэмжээнд ажиллаж байгаа нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, нутгийн захиргааны байгууллагууд  энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хэрхэн ажиллаж байна вэ?

Ер нь нөхцөл байдал ийм байхад орон нутгийн хэмжээнд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй, тухайн сумын нутаг дэвсгэрийг дайран өнгөрч буй тээврийн хэрэгсэлд хийх үзлэг, хяналт шалгалт сул, сум орон нутгийн удирдлагаас анхаарал тавьдаггүй, бусад байгууллагуудтай хамтран тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар хийсэн ажил байхгүй, идэвхи, санаачлагагүй, тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцогч нарт анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэхгүй, яриа таниулга хийхгүй зэрэг байдлаас шалтгаалан осол ихээр гарч олон  хүний амь нас үрэгдэж, эрүүл мэндэд нөхөж баршгүй хор хохирол учирч байна. Тиймээс цаашид харьяа байгууллагууд нь онцгой анхаарч ажиллах шаардлагатай.

Дээрхи тоо баримт, судалгааны дагуу Төв аймгийн прокурорын газраас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ямар ажил хийж байна вэ?

Орон нутгийн хэмжээнд 2019 оны сүүлийн хагас жилд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн гаралтыг бууруулах, таслан зогсоох талаар зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Аймгийн засаг дарга нарт танилцуулга хүргүүллээ. Мөн Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран Төв аймгийн нийт сумдад  “Авто тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн гаралтыг таслан зогсооход чиглэгдсэн ОСОЛГҮЙ МАНЛАЙ СУМЫН ТӨЛӨӨ-2019 6 сарын аяныг зохион байгуулж эхлээд байна.

Аяны хүрээнд Сум бүрийн ажлын хэсэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн урьдчилан сэргийлэх самбар байрлуулах, хурд сааруулагч, гэрэлтүүлэг тавих ажлыг мэргэжлийн байгууллагын туслалцаатайгаар хийх, замын эвдрэл гэмтлийг судлан орон нутгийн зам засварын ангиар гүйцэтгүүлэх, анхаарал татсан “хар цэгүүдэд” цагдаагийн байгууллагын ажилтан ажиллах боломж бүхий шалган нэвтрүүлэх цэг,  зөөврийн хөдөлгөөнт постуудыг бий болгож ажиллуулах зэрэг олон ажлуудыг хийхээр заасан.

Налайхын зам засвартайгаас болоод Улаанбаатараас Төв аймаг орох замд ачаалал их үүссэн. Нөхцөл байдал ямар байна вэ?

Налайхын замын засвар нь дуусаагүй, энэ замд осол ч их гарч байна. Мөн том оврын автомашинууд, хүнд даацын тээврийн хэрэгсэл их явж байгаа учраас Төв аймаг ч гэлтгүй, Өмнөговь, Дундговийн замууд маш их эвдэрсэн. Саяхан л сайхан зам ашиглалтанд орж байсан. Одоо явахад хэцүү болсон байна. Үүнээс болж нийтийн эрх ашиг хохирч байна.

Хуулинд дээрхи төрлийн гэмт хэрэг үйлдэгчдэд ямар ял шийтгэл оногдуулахаар заасан байдаг вэ?

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэсэн зүйл бий. Согтуугаар уг гэмт хэрэг үйлдвэл хүндрүүлж үзэхээр заасан. Гэмт хэргийн учруулсан хор уршигаас нь шалтгаалж ял шийтгэлийг ялгамжтай оногдуулдаг. Мэдээж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулна. Зүйл хэсэг бүрт хорих ялын хугацаа өөр өөр байгаа.  Хорих ялыг 1-ээс 8 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан. Хэн ч шоронд оръё гэж бодохгүй. Гэхдээ жолоочийн нэг удаагийн хариуцлагагүй, хайнга, дүрмийн бус байдал халуун, дулаан гэрээс нь хүйтэн шоронд аваачих нь олонтой. Үүнийг жолооч нар ямагт бодож явахад илүүдэхгүй.

Та тээврийн хэрэгсэл жолоодон яваа жолооч нарт хандаж ямар анхааруулга,  сэрэмжлүүлэг хэлэх вэ?

Жолооч дан ганц өөрийнхөө амь насыг биш бусдын амь нас, амьдралын жолоог атгаж байгааг санах хэрэгтэй. Юуны түрүүнд жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо хууль, дүрмийг чанд баримтлах нь чухал, бие биедээ хүндэтгэлтэй хандаж дүрмээрээ явж ямар ч замд хурдаа тохируул. Битгий яар гэж хэлмээр байна. Өнөөдөр та яарсанаасаа болоод орой гэртээ харихгүй ч байж мэднэ. Замын нөхцөл байдлыг сайн хар. Удаан хугацаагаар, ядартлаа жолоо бүү барь. Унтаж амар. Нойрмоглож бүү яв. Шөнө орой явахдаа гэрлээ шилжүүл, жолоо барихдаа согтууруулах ундааны зүйл бүү хэрэглээрэй гэж хэлмээр байна. Мөн хол замд явах машин, жолоочийг сайн сонгох хэрэгтэй.

Ярилцлага өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

                                                                                                               УЕПГ-ын Олон нийттэй харилцах алба.

 

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
71
Өчигдөр
155
7 хоногт
1695
Сүүлийн сард
8051
Сүүлийн жилд
81782
Нийт хандалт
195861