Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Онцлох мэдээ
Жесси Танненбаум: “ЯЛ ТОХИРОЛЦОХ ЖУРМААР ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭХ НЬ ОЛОН ТАЛЫН АЧ ХОЛБОГДОЛТОЙ”

Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, АНУ-ын Баарын Холбооны “Эрх зүйт ёс санаачилга” байгууллагатай хамтран есдүгээр сарын 24-нөөс 27-ны өдрүүдэд "Ял тохиролцох онол, эрх зүйн зохицуулалт болон хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" сэдвээр сургалт зохион байгуулсан. Тус байгууллагын зөвлөх, Олон улсын боловсролын хөтөлбөрийн удирдагч, хадагтай Жесси Танненбаумтай сургалтын талаар болон сүүлийн үед амжилттай хэрэгжиж байгаа гэм буруугийн тохиролцоо буюу ял тохиролцох ажиллагааны талаар ярилцсан юм.  

Танд энэ өдрийн мэнд хүргэе. АНУ-ын Баарын холбооны “Эрх зүйт ёс санаачилга” байгууллагын талаар товч мэдээлэл өгөхгүй юу. Ямар чиг үүрэгтэй байгууллага вэ? 

Манай байгууллага бусад улс орнуудыг чадавхжуулах сургалт хийх, үүнтэй уялдуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх стратегийн хамтын ажиллагааг бий болгох зорилготой ажилладаг бөгөөд төрийн департментаас санхүүждэг. Би байгууллагынхаа олон улсын сургалт хариуцдаг юм.  

Бид Монгол Улсын Ерөнхий прокурорын газартай хамтран прокуроруудад сургалт явуулж байна. Энэхүү сургалтын хөтөлбөр нь дөрвөн бүрдэл хэсгээс бүрдэнэ. Эхний шатанд оролцогч улсуудынхаа мэргэжилтнүүдийг АНУ-д сургаж, тухайн сэдвээр нь онол практикийн мэдлэг олгон, туршлагатай мэргэжилтнүүдтэй хамтран ажиллуулж нарийвчилсан мэдлэг олгодог. Сургалтын үлдсэн хэсгүүд тухайн оронд нь үргэлжилдэгээрээ онцлогтой. Монгол Улсын хувьд одоо хөтөлбөрийн үлдсэн хэсгүүдийн сургалт явагдаж байна гэсэн үг.

Монгол Улс нь энэхүү хөтөлбөрт хамрагдсан 16 дахь улс юм. Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Э.Амарбат, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга О.Алтангэрэл, ахлах прокурор Х.Батчимэг, хяналтын прокурор У.Эрдэнтуяа нар АНУ-ын Нью Иорк, Виржиния, Вашингтон зэрэг хотуудаар явж туршлага судласан. Монгол дахь хөтөлбөрийн маань сэдэв “Ял тохиролцох ажиллагааг Монгол Улсад хэрхэн хэрэгжүүлэх” талаар байгаа.

АНУ-ын эрүүгийн хэргийн 90 гаруй хувь нь ял тохиролцох журмаар шийдвэрлэгддэг судалгаа бий. АНУ хэзээнээс ял тохиролцох журмаар хэргийг шийдвэрлэж эхлэсэн бэ? Яагаад танай улсын эрүүгийн эрх зүйн тогтолцооны чухал хэсэг болсон бэ? 

Таны хэлсэн зөвөө.  АНУ-ын холбооны гэмт хэргийн 97 хувь, мужийн 94 хувь нь гэм буруугийн тохиролцооны шугамаар хэргээ шийдвэрлэдэг. Ял тохиролцох журмын  анх үүсэл гарал нь IX зуунтай холбогдоно. Учир нь тэр үед АНУ-д хүн ам ихсэж, хотууд нь томорч, аж үйлдвэржилт, тээвэр хөгжиж эхлэсэнтэй холбоотойгоор гэмт хэргийн тоо нэмэгдсэн. Шүүх дээр ч тэр хэрээр ачаалал нэмэгдсэн. Тиймээс энэ их ачааллыг хэрхэн хурдан бөгөөд шударга шийдвэрлэх вэ? гэдэг асуудлууд тулгарч эхлэсэн. Үүнийг шийдвэрлэхийн тулд гэм буруугийн тохиролцооны журам гарсан түүхтэй. Түүнчлэн Америкт цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаа илүү боловсронгуй болж, нотлох баримт цуглуулах ажиллагаа сайжирсан. Үүнийгээ дагаад гэмт хэрэг хийсэн хүмүүс буюу яллагдагч өөрөө гэм буруугийн тохиролцоо хийхэд түлхэц болсон. Нөгөөтэйгүүр гэм буруугийн тохиролцоо хийх нь урт удаан хугацаанд үргэлжлэх шүүхийн процессыг багасгаж чадсан. 1969 онд АНУ-ын Дээд шүүхээс гэм буруугийн тохиролцоо хийх нь Үндсэн хуульд нийцэж байгаа, Үндсэн хуулийн дагуу үйл ажиллагаа болохыг тодорхойлсон.

Ял тохиролцох журмаар хэргийг шийдвэрлэх нь хэргийн оролцогчдод ямар давуу байдал бий болгодог вэ?

Юуны өмнө шүүхийн өмнөх шатны үйл ажиллагааг хурдасгаж, цаг хугацаа хэмнэж өгдөг. Шүүхэд орохоос өмнө тухайн хүнийг цагдан хорьсон байж болно. Гэм буруугийн тохиролцоо хийвэл тэр хугацаа багасна. Хоёрдугаарт яллагдагчид гэм буруугаа хүлээж, учруулсан хохирлоо барагдуулах боломжийг олгодог. Ингэснээр тухайн хүн шүүхийн өмнө дахин гэмт хэрэг хийхгүй байх гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэх магадлалтай байдаг.  Энэ нь бас тухайн яллагдагчид сайнаар нөлөөлнө.

Америкт гэм буруугийн тохиролцооны шугамаар хэргийг шийдвэрлэхэд тухайн гэмт хэрэгтэнд хорихоос өөр төрлийн ял хүлээлгэх боломж нь бүрддэг. Нөгөө талаар хохирогчид давуу талтай, гэрчүүдэд ч ашигтай. Эдгээр хүмүүс мөрдөн шалгах ажиллагаанд дахин дахин мэдүүлэг өгөх, шүүх хурал дээр заавал ирэх зэрэг шаардлагатай болдог. Мөрдөн байцаалт болон шүүхэд удаа дараа дуудагдах нь тухайн хүнийг сэтгэл санааны дарамтанд оруулдаг. Тэгвэл ял тохиролцох журмаар хэргийг хурдан шуурхай шийдэх нь хохирогчид хэрэг эерэгээр шийдэгдсэн мэт санагдахаас гадна гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирол нь эртнээс эдгэж эхлэдэг. Мөн хохирогч өөрт учирсан хохирлоо эрт нөхөн барагдуулж эхлэх боломжтой.

Ял тохиролцох энэхүү журмыг дэлхийн хичнээн улсад хэрэгжүүлдэг юм бол. Энэ ажиллагаанд прокурор ямар эрх, үүрэгтэй оролцдог вэ?

Тодорхой хариулт өгч чадахгүй нь. 2015 онд 90 улсаас гэм буруугийн тохиролцоо хийдэг эсэх талаар судалгаа авахад 66 улс байсан, 2017 оноос хойш Монгол Улсад гэм буруугийн тохиролцооны талаар нэвтрүүлж байгаа гэж үзвэл 67 улс гэж үзэж болох байхаа.

Прокурорын эрх, үүргийн тухайд олон улсын түвшинд ямар нэгэн гэрээ конвенци батлагдаагүй, зөвхөн сайн туршлагын талаар л олон улсын түвшинд яригддаг. Прокурор энэхүү гэм буруугийн тохиролцооны 1-рт аюулгүй байдлыг хангах, 2-рт яллагдагч ямар нэгэн дарамт шахалтын улмаас энэхүү тохиролцоог хийхийг хориглох ёстой. 3-рт ялыг тодорхой хэмжээнд хөнгөрүүлсэн байх ёстой. Бас нэг чухал зүйл нь прокурор гэм буруугийн тохиролцоо хийхээсээ өмнө тухайн яллагдагчид түүнийг яллах болон цагаатгах нотлох баримтуудыг ил тод танилцуулсан байх ёстой. Нотлох баримтууд хангалттай бүрдсэний дараа гэм буруугийн тохиролцоо хийж эхлэвэл зүгээр байдаг. Яллагдагч нарыг ялгаварлан үзэж болохгүй, адилхан гэмт хэрэг хийсэн яллагдагчид бол ижил төрлийн тохиролцооны санал өгөх хэрэгтэй. Тухайн яллагдагч шүүхээр ороход хэрэгтэй холбоотой нотлох баримтыг нэг бүрчлэн хэлэлцэх, мэтгэлцэх, нотлох баримтуудыг үнэлэх гээд нэг талаар яллагдагч олон хамгаалалттай байдаг. Харин гэм буруугийн тохиролцоо хийхэд эдгээр бүх хамгаалалт байхгүй болдог учир прокурорын зүгээс тухайн хэргийг шударгаар шийдвэрлэх, нотлох баримт бүрийг сайтар шалгаж, маш нухацтай чамбай ажиллахыг шаарддаг. Нэг талаас прокурорын хариуцлагын талаар ярьж байгаа ч нөгөө талдаа прокурорыг өөрсдийг нь хамгаалж байгаа юм. Учир нь тухайн яллах дүгнэлт хэр бодитой гарсан бэ?, Гэм буруугүй хүнийг ялласан байна уу ?, Гэм бууруутай хүнд зөв ял оноосон байна уу? гээд прокурорын ажлыг илүү баттай болгож өгдөг.

АНУ-д бүх хэргийг хялбаршуулж шийдвэрлэх боломжтой байдаг уу?

АНУ-д бүх төрлийн гэмт хэрэгт гэм буруугийн тохиролцоо хийх боломжтой байдаг. Илүү ярвигтай, олон хүн холбогдсон гэмт хэрэг байвал тухайн хэргийн нөхцөл байдлаас шалтгаална. Ихэвчлэн хүнд гэмт хэрэгтэй холбогдуулж яллагдагчид гэм буруугийн тохиролцоо хийхийг хүсдэггүй. Учир нь прокурорын талаас хүнд гэмт хэргийн яллагдагчийн ялын нөхцлийг хөнгөрүүлэх боломжгүй байдаг. Тийм болохоор яллагдагч тал нь ч гэсэн ял тохиролцох ажиллагааг хийдэггүй. Гэхдээ прокурорт энэ нь хэрэгтэй хэрэгсэл болох тохиолдол бий. Хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээд цаашлаад сүлжээ гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэхэд хэрэг болдог.

Хорих ял оногдуулахын хэрээр улсаас төдий хэмжээний мөнгө гарч байдаг тул хорих ял эдлүүлэхгүйгээр албадлагын арга хэмжээ авдаг. Тухайлбал, мансууруулах бодис хэрэглэж донтсон бол эмчилгээ хийх, сургалтанд хамруулах гээд албадлагын арга хэмжээ авч болдог. Эдгээр хүмүүст 2 жилийн хорих ял оноож, ял эдлүүллээ гэж бодоход улсаас гарах мөнгөний дөнгөж хэдхэн хувийг нь эмчилгээнд зарцуулж, нийгэмшүүлэх арга хэмжээ авч болно. Америкт албадлагын үйл ажиллагааны гол зарчим нь шүүхийн хяналтан дор явагддаг. Тийм болохоор шүүхээс тодорхой хэмжээнд санхүүждэг. Албадлагын ажиллагаа явагдаж байхад тухайн яллагдагч маань тодорхой хугацаанд шүүгчтэй ирж уулзах шаардлагатай байдаг. Албадлагын ажил, эмнэлгийн зардал үйлчилгээ авахтай холбоотой зардлууд нийгмийн халамжийн холбогдох байгууллагуудаас гардаг. Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь энэхүү үйлчилгээг өөрийн зардлаар авах боломжтой бол өөрөө зардлаа гаргана. Хэрэв боломжгүй гэдгээ батласан тохиолдолд нийгмийн халамжаас тухайн зардлыг олгодог. Энэхүү хөтөлбөрийг Америкт хийж эхлэх үед судалгааны байгууллагууд, сангуудаас санхүүждэг байсан. Тухайн үед хийж байсан судалгаанаас харахад албадлагын ажил хийлгэх нь зардлын хувьд илүү үр ашигтай байсан.

Монголоос ирсэн төлөөлөгчид Мэриланд мужийн шүүхийн харъяанд байдаг Балтимор дахь гэр бүлд зориулсан хөтөлбөртэй танилцсан. Санхүүгийн чадваргүй эсвэл мансууруулах бодист донтсоны улмаас эцэг, эх байх эрхээ алдсан хүмүүст тусладаг төв байдаг. Хөтөлбөрт хамрагдсан эцэг, эхчүүдийг донтолтоос нь салгаж эрүүлжүүлж, ажилтай болгодог. Үр дүнд нь тухайн улсын мөнгө хэмнэгдэж байгаа гэсэн үг л дээ. Ийм хүмүүсийн хүүхдүүдийг төр халамжлахад их зардал гардаг, мөн ажилгүй нийгмийн гишүүд ч ихээхэн зардал шаарддаг. Тиймээс тухайн хүн өөрөө эрүүлжээд бүтээмжтэй нийгмийн нэг хэсэг болсноор улсын зардлыг хэмнэж байгаа хэрэг. Судалгааны үр дүнгээс харахад хөтөлбөр маань ихээхэн үр дүнтэй болох нь харагдаж байгаа байх. Одоо бүх мужуудад энэ хөтөлбөр хэрэгждэг.

Манай улсын прокурорын байгууллагад зохион байгуулсан сургалтын үр дүнг та хэрхэн харж байна вэ?

Сургалт маш сайхан болж өнгөрлөө.  Сургалт өндөрлөсөн хэдий ч хөтөлбөр маань дуусаагүй. Манай прокурорууд маш сайн идэвхтэй оролцсоныг онцолмоор байна. АНУ дахь туршлагыг мөн олон улсын сайн туршлагыг дотооддоо нутагшуулах талаар бусад прокуроруудыг ч цаашид сайн сургана гэдэгт найдаж байна. Мөн түүнчлэн зөвхөн прокурор ч биш эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа шүүгч, өмгөөлөгч, мөрдөн байцаагч, цагдаагийн албан хаагчдад энэ талаар сургалт явуулах нь зүйтэй гэж бодож байна.

Ярилцсанд баярлалаа.

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
353
Өчигдөр
286
7 хоногт
2175
Сүүлийн сард
8080
Сүүлийн жилд
83028
Нийт хандалт
189985