Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
ОРХОН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХАР ТАМХИНЫ ХЭРГИЙН ГАРАЛТ, ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЖЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор баталсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжилтийг хангах хүрээнд Прокурорын байгууллагаас 2019 онд “..Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх ажилд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан удирдан зохион байгуулах” зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Орхон аймгийн нутаг дэвсгэрт 2019 оны эхний 9 сарын байдлаар  нийт  572  гэмт бүртгэгдсэний 3,6 хувийг Мансууруулах  эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ төрлийн гэмт хэрэг 9 хэргээр  буюу 75 хувь өссөн үзүүлэлттэй байна.

Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэгт холбогдсон 15 хүнд холбогдох 9 эрүүгийн хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлжээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдыг насны байдлаар нь авч үзвэл  6 буюу 40% нь 18 хүртлэх насны, 7 буюу 46,6% нь 18-25 насны, 2 буюу 13,3% нь 25-аас дээш насны хүмүүс байгаа ба  гэмт хэрэгт  холбогдогчдын  86,6% нь 25-аас  доош насны  залуучууд,  өсвөр насны  хүүхдүүд  байгаа  нь  онцгой  анхаарал татаж байна.

Хүйсийн  байдлаар авч үзвэл 13 нь эрэгтэй, 2 нь эмэгтэй, боловсролын байдлаар нь авч үзвэл 7 буюу 46,6% нь бүрэн дунд, мөн 7 буюу 46,6% нь бүрэн бус дунд, 1 буюу 6,6% нь тусгай дунд боловсролтой, ажил эрхлэлтийн байдлаар нь авч үзвэл 9 буюу 60 хувь нь эрхэлсэн тодорхой ажил, сургуульгүй, 6 буюу 45% нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байна.

Шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн байдлаар нь судлан үзвэл 5 шүүгдэгчид хорих ял оногдуулж, 6 шүүгдэгчид хорих ял оногдуулалгүйгээр тэнсэж, 4 шүүгдэгчид хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн байх ба 9 шүүгдэгчид согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох, 1 шүүгдэгчид зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх  албадлагын арга хэмжээ авсан байна.

Дээрхи шүүгдэгч нараас 2 шүүгдэгч нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял  шийтгэгдэж  шүүхээс хорих ялыг  тэнссэн  байсан ч мансууруулах төрлийн  ургамлыг  дахин бэлтгэж, биедээ авч  явсан, хадгалсан, бусдад өгсөн тохиолдол байгаа бөгөөд энэ нь тухайн этгээдүүдийн зүгээс гэмт үйлдэлдээ дүгнэлт хийлгүй, мансууруулах төрлийн эм, бодис ургамалд  донтох  буруу  дадал зуршилтай болсонтой  холбоотой  гэж  дүгнэж болохоор байна.

Орхон аймгийн прокурорын газраас дээрх төрлийн гэмт хэрэгт өсвөр насны хүүхдүүд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах, тодорхой ажил зохиолгохоор аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт мэдэгдэл бичсэний зэрэгцээ, ерөнхий боловсролын 4 сургуулийн 600 орчим багш, сургачдад “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал,  хор хөнөөл, энэ  төрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулж, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа, мэдээлэл өгчээ.    

Энэ төрлийн гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд дан ганц хуулийн байгууллагын үүрэг оролцоо хангалтгүй бөгөөд эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг оролцоо чухал байгаа тул цаашид энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй байх, эцэг, эхчүүд өсвөр насны хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх арга, хэрэгслийг нарийвчлан харуулсан, өөгшүүлэн сурталчилсан аливаа төрлийн уран бүтээл хийхгүй, нэвтрүүлэхгүй байхыг  Орхон аймгийн прокурорын газраас сэрэмжлүүлж байна.

ОРХОН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
18
Өчигдөр
233
7 хоногт
1608
Сүүлийн сард
7996
Сүүлийн жилд
84499
Нийт хандалт
188061