Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛДЭГ КОМПАНИУДЫН УДИРДЛАГУУДТАЙ АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсан зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээний хүрээнд Тээврийн прокурорын газар, Тээврийн цагдаагийн алба хамтран Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудын удирдлагуудтай өнөөдөр /2019.11.06/ ажил хэргийн уулзалт хийлээ.

Энэхүү уулзалтанд нийтийн тээврийн үйлчилгээний газрын холбогдох албан тушаалтнууд болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 17 компаний удирдлагууд оролцсон байна.

Тээврийн прокурорын газраас “Нийтийн тээврийн жолооч нарын холбогдсон гэмт хэргийн шалтгаан, нөхцөл”, Тээврийн цагдаагийн албанаас “Нийтийн тээврийн жолооч нараас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил гаргасан байдал”, “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогдсон байдал”, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас “Нийтийн тээврийн үйлчилгээний талаар авах араг хэмжээний тухай” сэдвээр тус тус мэдээлэл хийж, нийтийн тээврийн үйлчилгээний явцад жолооч, зорчигчид төдийгүй бусад замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, тэднийг зам тээврийн осол, хэрэгт өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид анхаарах асуудлын хүрээнд санал солилцсон байна. 

Тээврийн прокурорын газрын ахлах прокурор Т.Серикжан:

Тээврийн прокурорын газраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүний шалтгаан нөхцөлийг арилгуулахаар 2018 онд 18, 2019 оны эхний 10 сарын байдлаар 22 мэдэгдэл бичиж, биелэлтийг тооцсон байна. Нийтийн зорчигч тээврийн жолоочид ихэвчлэн Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоногэсэн заалтыг зөрчиж байна. Автобусны жолоочтой холбоотой 2018, 2019 онуудад тус бүр 14 хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Насанбат: 

Нийслэл хотод үйлдэгдсэн зам тээврийн осол, хэргийн 4,2 хувийг нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагын том оврын автобусны жолооч нарын буруутай үйлдлээс үүдсэн гэмт хэрэг эзэлж байна. Том оврын автобусны жолооч нарын буруутай үйлдлээс үүдсэн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 1,7 дахин өссөн. Зам тээврийн гэмт хэргийн шалтгааныг судлахад анхаарал болгоомжгүйгээс осол хэрэг үйлдсэн байдаг.

Нийтийн тээвэрт явдаг 18 байгууллагын 1200 орчим автобусанд хяналтын камер, байршил тогтоогч суурилуулсан ч талаас илүү хувь нь ажиллахгүй хуучирч муудсан, засаж шинэчлэх ажил удаашралтай явагдаж байна. Өндөр хөгжилтэй улс орнууд аливаа гэмт хэргийг автобусанд суурилуулсан камерны тусламжтайгаар илрүүлдэг. Учир нь нийтийн тээвэр хотын хаа сайгүй явдаг учраас гудамжинд гарсан гэмт үйлдлийг ч илрүүлж чадаж байна. Нийтийн тээврийг камержуулснаар жолооч нарыг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэхээс гадна бусад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх томоохон ажил болж чадна.

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Техник замын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан:

2019 оны эхний 9 сарын байдлаар нийт 346 осол бүртгэгдсэн. Нийтийн тээврийн автобус замын хөдөлгөөнд оролцож яваад техникийн эвдрэл, гэмтлийн улмаас саатаж замын хөдөлгөөнд саад учруулсан зөрчил буурахгүй байна. Том оврын автобусны жолооч мэргэшсэн жолооч байхаас гадна олон хүний амь насыг дааж явж байгаагаа ухамсарласан хариуцлагатай, замын хөдөлгөөний дүрэм журмаа ягштал баримтладаг байх ёстой. Гэвч жолоочид уртасгасан цагаар ажилладаг, өдрийн цайны цаг байдаггүй зэргээс болоод анхаарал сэрэмж алдагдаж, зам тээврийн осолд өртөх явдал тэр хэрээр нэмэгдэж байна. Тэгэхээр нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын удирдлагууд нэгдүгээрт хүнээ бодох хэрэгтэй. Ажлын цагийг нь оновчтой зохион байгуулах хэрэгтэй. Мөн шинэ замууд ашиглалтанд орж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн чиглэл, маршрутыг оновчтой төлөвлөх шаардлагатай байна.

Уулзалт ярилцлагын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын төлөөлөгчид санал, хүсэлтээ солилцож, цаашид осол аваарыг бууруулахын тулд жолооч нараа чадавхжуулах, замын хөдөлгөөний дүрэм болон хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зэргээр үр бүтээлтэй ажил зохион байгуулж холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар болсон байна.

 

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
18
Өчигдөр
233
7 хоногт
1608
Сүүлийн сард
7996
Сүүлийн жилд
84499
Нийт хандалт
188061