Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
“ХУУРАМЧ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНТЭЙ ТЭМЦЭХ” СЭДЭВТ СУРГАЛТАНД ХАМРАГДЖЭЭ

Улсын Ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн хяналтын прокурор Ж.Сандагсүрэн, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямбат нар Тайландын Вант Улсын Бангкок хотноо АНУ-ын Хууль зүйн яам, Патент, оюуны өмчийн академи, Эм, хүнсний хангамжийн газар, Дотоод аюулгүй байдлын газар, Холбооны мөрдөх товчооноос хамтран зохион байгуулсан “Хуурамч бараа бүтээгдэхүүнтэй тэмцэх” сэдэвт 3 өдрийн сургалтанд хамрагдсан байна.

Уг сургалтанд Тайланд, Индонез, Бангладеш, Бутан, Мьянмар, Непал, Энэтхэг, Саудын араб, Шриланка,  Катар, Филлипин, Малайз зэрэг Азийн 10 гаруй улсын шүүх, прокурор, цагдаа, гааль, оюуны өмчийг хамгаалах байгууллагын 100 орчим төлөөлөл оролцжээ.

Сургалтын хүрээнд оролцогч улс орны төлөөлөгчид оюуны өмч болон бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэгч, патент эзэмшигч нарт тулгарч байгаа бэрхшээл, хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаа, нотлох баримт цуглуулах, хилийн хяналт, үйлчлүүлэгчийн хандлагыг өөрчлөх, цахилгаан бараа, барилгын материал, машины сэлбэг, эм гэх зэрэг хуурамчаар үйлдвэрлэгддэг зарим бараа бүтээгдэхүүний онцлогийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлсэн байна.

Мөн дэлхийн нэр хүндтэй брэндийн бараа бүтээгдэхүүнийг хуулбарлан хуурамч домайн нэртэй цахим сайт ашиглан худалдаалах, төлбөрийн шилжүүлгийн дансыг хуурамч нэрээр нээх явдал буурахгүй байгаа тул хуулийн байгууллагууд хуурамч бараа бүтээгдэхүүнтэй тэмцэх чиглэлээр гадаад хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, нийгэмд байдаг түгээмэл хандлагыг өөрчлөх, эрүүгийн хариуцлагыг чангаруулах зэргээр энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулахад онцгой анхаарал хандуулах хэрэгтэй байгааг сургалтын үеэр онцолжээ.

                                                                                                     УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
21
Өчигдөр
233
7 хоногт
1611
Сүүлийн сард
7999
Сүүлийн жилд
84502
Нийт хандалт
188064