Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГТ ШИЙТГҮҮЛСЭН ХҮМҮҮСТ ТАВИХ ХЯНАЛТЫГ ОНЦГОЙ АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Сүүлийн үед хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээр ял шийтгүүлж байгаа иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Мөн мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан хүмүүс дахин энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдсоор байгаа юм. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт шийтгүүлсэн хүмүүст хэрхэн хяналт тавьж ажиллаж байгаа талаар Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Батмөнхөөс тодрууллаа. 

Прокурорын байгууллага хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэхэд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?  

Прокурорын байгуулагаас 2019 онд дэвшүүлсэн нэг гол зорилт бол авлига, хүрээлэн байгаа орчны эсрэг, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэхэд прокурорын хяналтыг чиглүүлж, үр дүнг тооцно гэсэн байгаа. Энэ зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Нийслэлийн прокурорын газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтан, хоригдолд зохих ялыг эдлүүлэх ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хэрэгжүүлж байгаа байдалд тогтмол хяналт тавьж ажиллаж байна. Тухайлбал, Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор 10 дугаар сард томилогдсон даруйдаа энэ асуудалд анхаарлаа хандуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7, 20.8, 20.9, 20.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн, хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж хяналт тогтоосон хүмүүст Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтанд байх хугацаандаа дахин мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж буй эсэхийг шалгах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн. Энэ дагуу ажиллаж байна.

Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан иргэд дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох хандлага түлхүү гарах болсон.  Шалгалтаар ямар нөхцөл байдал тогтоогдож байна вэ?

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тодорхой үүрэг хүлээлгэхээр зохицуулсан байдаг. 2018 оноос 2019 оны 10 сар хүртэл хугацаанд Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан, мөн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж хяналт тогтоохоор шийдвэрлэгдсэн хүн улсын хэмжээнд 200 гаруй байна. Нийслэлийн прокурорын газраас гаргасан нэгдсэн удирдамжийн дагуу дүүргийн прокурорын газруудын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокурорууд тухайн дүүргийнхээ Цагдаагийн газар, хэлтсүүдтэй хамтран хяналтандаа байгаа 60 гаруй хүнийг гэнэтийн байдлаар шинжилгээнд хамруулан шалгахад 26 хүн дээрх бодисыг хэрэглэсэн болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Үүнээс 4 нь хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг биедээ хадгалж байсан нь илэрсэн тул Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгаж байна.

Хар тамхины хэргээр шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан иргэд давтан дээрх төрлийн бодисыг хэрэглэсэн тохиолдолд хуулийн байгууллагаас ямар арга хэмжээ авдаг вэ?

Хэрэв хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргээр шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан иргэд давтан хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдвол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, Эрүүгийн хуульд заасан хорих ялаар солиулах хуулийн зохицуулалттай. Өнөөдрийн байдлаар Баянзүрх, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 3 хүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т заасны дагуу шүүхээс үүрэг хүлээлгэсэн байсныг хүчингүй болгуулж хорих ялаар солиулсан. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар 2, Баянгол дүүргийн прокурорын газар 5 хүний ялыг хорих ялаар солиулахаар шүүхэд шилжүүлээд байна. Цаашид шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн, хорих ялаас хугацааны өмнө суллагдаж хяналтанд байгаа иргэдийн албадах арга хэмжээний  хэрэгжилтийг хууль сахиулах байгууллагуудтай хамтран тогтмол шалгаж,  прокурорын хяналтыг тогтмолжуулах шаардлагатай байгаа юм.

Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан хүмүүст энэ төрлийн гэмт хэрэгт дахин холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр танай байгууллага хэрхэн ажилладаг вэ?

Тус прокурорын газраас  хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн болон шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн этгээдүүдээс гадна тус прокурорын газрын хяналтын харьяа Хорих ангиудад ял эдэлж байгаа хоригдлууд, баривчлагдсан хүнд хар тамхи мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх болон түүний хор уршгийн талаар сургалт, яриа таниулгыг тогтмол зохион байгуулж ажиллаж байна.

Мөн энэ чиглэлээр тусгайлан видео сургалт бэлтгэж хорих анги, баривчлах, албадан саатуулах байранд сургалт, мэдээлэл, таниулга явуулж байна.

Ярилцсанд баярлалаа.

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
152
Өчигдөр
142
7 хоногт
1699
Сүүлийн сард
8041
Сүүлийн жилд
81854
Нийт хандалт
196084