Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
“ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, ХЭРЭГ ГАРАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Тээврийн прокурорын газраас Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Тээврийн цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудын удирдлага, холбогдох албан тушаалтнуудтай “Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд зам тээврийн осол, хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд ажил хэргийн уулзалт, зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Д.Сарантуяа “Хот хоорондын нийтийн тээврийн жолооч нарын холбогдсон гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, түүнийг арилгах арга зам” сэдвээр илтгэл тавьж, Тээврийн цагдаагийн албаны Орон нутгийн замын хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Отгонбаяр “Хот хоорондын нийтийн тээврийн жолооч нараас автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогдсон байдал”, мөн албаны Техник замын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан “Хот хоорондын нийтийн тээврийн жолооч нараас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын болон Зөрчлийн тухай хууль тогтоомж зөрчсөн зөрчил гаргасан байдал”, Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос “Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд зам тээврийн осол, хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх талаар авч байгаа арга хэмжээ” сэдвээр тус тус мэдээлэл хийсэн юм.

 

 

 

 

 

 

 

Аймаг, сум дундын прокурорын газрын судалгааны дүнгээс үзвэл, сүүлийн 3 жилд нийт 26 аймаг, сумдад хот хоорондын тээврийн жолооч нараас үйлдсэн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг 14, энэ төрлийн зөрчил  97  гарчээ.  Ослын улмаас 8 хүн нас барж, 35  хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учирсан байна. Энэ нь явган зорчигч осолд орсон тоог оруулахгүйгээр зөвхөн жолооч, зорчигч нартай холбоотой ослын хохирлын үзүүлэлт юм. Осол гарсан шалтгаан нөхцөлийг судлахад ихэнх нь жолооч, ажил хариуцаж байгаа ажилтны хариуцлагагүй ажиллагаанаас шалтгаалсан байна.

“Авто тээврийн Үндэсний төв” ТӨҮГ-аас ирүүлсэн мэдээллээс үзвэл, 63 аж ахуйн нэгж, байгууллага 1-ээс 12 чиглэлд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг эрхэлж байна. Хот хоорондын нийтийн тээврийг зохион байгуулах, гүйцэтгэх байгууллагууд гэрээнд заасан үүргээ биелүүлэх, гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих үүргээ биелүүлээгүйн улмаас 2019 онд орон нутагт  3 хүний амь нас хохирч, 7 хүний эрүүл мэндэд хүнд, 17 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ноцтой осол гарчээ. 

Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Д.Сарантуяа:

Нийтийн тээврийн үйлчилгээний компаниудын хувьд иргэдэд аюул, осолгүй, найдвартай, тав тухтай, соёлтой үйлчилгээг үзүүлэх үндсэн үүрэгтэй. Хүн тээвэрлэж, тэдгээрийн амь нас, эрүүл мэндийг хариуцаж байгаа тул энэ салбарт Монгол Улсын Стандарт, хууль, Замын хөдөлгөөний дүрмээр аж ахуйн нэгж, байгууллага, жолоочид болон тээврийн хэрэгсэлд тавигдах тусгайлсан шаардлагуудыг тусгасан байдаг. Мөрдөгдөж байгаа эрх зүйн зарим баримтуудаас дурьдвал: Монгол Улсын Стандарт MNS 2015:2011 “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага”-д  “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын жолооч нь ерөнхий боловсролын суурь болон бүрэн дунд боловсролтой, автобусны жолооч бэлтгэх тусгай дамжаа дүүргэсэн, жолоочийн мэргэжлийн “Д”ангилалтай, мэргэшсэн жолооч 21-ээс дээш насны хүн байна.”, “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг техникийн хувьд иж бүрдэлтэй, хөдөлгөөний болон экологийн аюулгүй ажиллах нөхцөлийг хангасан нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр гүйцэтгэнэ.”, “нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл нь зорчигчдын ая тухтай, аюул осолгүй зорчих, аялах нөхцөл бүрдсэн, техникийн хувьд бүрэн бүтэн, стандартад заасан шаардлагыг бүрэн хангасан байна.” , ”Жолооч нарыг эрүүл мэндийн гүнзгийрүүлсэн үзлэгт жил бүр хамруулна. Өдөр бүр  үйлчилгээнд гаргахын өмнө жолооч нарыг ТХ жолоодох чадварын үзлэгт /цусны даралт, согтуу болон мансуурсан эсэх/ оруулсан байна.” гэсэн заалтыг  тээвэрлэлтийг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага заавал хэрэгжүүлэх үүрэг болгон заасан. Монгол Улсын Стандарт MNS 4598:2011 “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-д  Монгол Улсын нутаг дэвсгэр дээр автозамын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгсэлд тавигдах нийтлэг шаардлагаас гаднанийтийн үйлчилгээний автобуст тавих техникийн нэмэгдэл шаардлагуудыг тусгасан байдаг. Түүнчлэн Замын хөдөлгөөний дүрмийн “Гурав” дахь хэсэгт жолоочийн үүрэг болон хориглох заалтуудыг, “Хорин гурав” дахь хэсэгт хүн тээвэрлэхэд баримтлах заалтуудыг, 4 дүгээр хавсралтад тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалтыг  тусгайлан заасан.

Хот хоорондын нийтийн тээвэр нь хол замд явдаг онцлогтой тул дээр дурдсан шаардлагуудаас гадна үндсэн болон ээлжийн жолоочийн  хөдөлмөр, амралтын горимыг зайлшгүй анхаарах ёстой. Орон нутагт гарсан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” гэмт хэргүүдээс үзэхэд жолооч нар ихэвчлэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулаагүй, хурд хэтрүүлсэн, холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлээгүй, зорчигчийг буулгах буюу суулгахдаа анхаараагүй, зорчигчдын тоог хэтрүүлсэн зэрэг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс осол гаргаж бусдад хохирол учруулсан байна.

Мөн Хот хоорондын тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх аж ахуйн нэгж байгууллага хоорондын гэрээнд салбарын сайдын тушаалаар баталсан  “Жолоочийн хөдөлмөр, амралтын горим, түүнийг мөрдөх тухай зөвлөмж”-ийг гэрээний  салшгүй хэсэг гэж заасан байдаг. Энэхүү зөвлөмжинд жолоочийн ажлын цагийн үргэлжлэх хугацаа, тээврийн хэрэгслийг тасралтгүй жолоодох хугацаа, ажлын цагт хамааруулах хугацаа, дараалсан 2 өдрийн дундах амралтын хугацааг тодорхой зааж өгсөн. Гэтэл Монгол Улсын Стандартууд, Замын хөдөлгөөний  дүрэм, салбарын сайдын баталсан дүрэм, журам түүнчлэн 2 талын гэрээний заалтыг бүрэн хэрэгжүүлэхгүй байгаа нь осол гарахад нөлөөлж байна гэж дүгнэж байгаа. Хот хоорондын нийтийн тээврээр хүн бүр л зорчиж үзсэн байх. Ээлжийн жолооч гэж байгаа боловч амрах ямар ч нөхцөлгүй жолоочийн хажууд сууж явж байгаад л ээлжлэн жолоо барих жишээтэй байна. Мөн өглөө нь холын замаас ирсэн жолооч орой нь дахин замд гарсан, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг шалгаагүй, зохион байгуулах байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй жолоочийг ээлжийн жолоочоор явуулсан зэргээр маш хариуцлагагүй хандсан зөрчлүүд ч гардаг. Иймд осол гарч хүний амь нас хохирч, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учирсны дараа шалтгаан нөхцөлийг хайх биш харин энэ тээвэрлэтийг зохион байгуулж байгаа, гүйцэтгэж байгаа газрууд аюул, осол гаргахгүйгээр ажлаа зөв, оновчтой  зохион байгуулах,  ээлжийн жолоочийг амрах нөхцөлөөр хангах,  холын тээвэрт ээлжийн жолооч замын дундаас сууж тээврийн хэрэгслийг  жолоодох, жолооч нарыг Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлдэг дадал, хэвшилтэй болгох өөрөөр хэлбэл тээвэрлэгч байгууллагын удирдлага хүнтэйгээ ажиллахад анхаарах, дотоодын хяналт, шалгалтаа сайжруулах,  гарч байгаа зөрчлийг давтан гаргуулахгүй байх талаар тодорхой ажил зохион байгуулж байх нь осол гарахаас урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой юм.

ТүүнчлэнТээврийн цагдаагийн алба, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГазрын судалгаанаас үзвэл, шөний цагт осол ихээр гарч байгаа тул хот хоорондын зорчигч үйлчилгээг аль болох шөний цагт явуулахаас зайлсхийх зохион байгуулалтын арга хэмжээ ч авах боломжтой. Энэ салбарт үүрэгт ажилдаа хайнга, хайхрамжгүй хандах, Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэхгүй байх, сахилга, хариуцлага алдах тохиолдолд бусдад ноцтой хохирол учрах өндөр эрсдэлтэй гэдгийг ажил хариуцаж байгаа албан тушаалтнууд, ажилтнууд, жолооч нар байнга ухамсарлан ойлгож байх шаардлагатай  байна. Нийтийн тээврийн салбарт шийдвэрлэгдээгүй, тулгамдсан асуудлууд мэдээж байгаа. Энэ талаар нийслэлийн хэмжээнд энэ үйлчилгээг эрхэлдэг компанийхантай өмнө нь хийсэн уулзалтаар, мөн энэ удаагийн уулзалт, зөвлөгөөнд дээр ч оролцогч нар ярьж байна. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж осол гарч, хүн хохирох учиргүй. Иймд ажил хариуцаж байгаа хүн бүр, жолооч бүр өөрт оногдсон ажил, үүргээ зохих ёсоор биелүүлдэг,  өөрөөс шалтгаалах зүйлд эзэн нь байж чаддаг сэтгэлгээ, хандлага чухал байгаа нь өнөөдрийн зөвлөгөөнөөс харагдлаа. Бусдаас шалтгаан хайх биш, өөрсдөөсөө эхлээд шалтгааныг хаймаар байна.

Уулзалт, зөвлөгөөний үеэр зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлын талаар хэлэлцэж, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд мөрдөгддөг хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг боловсронгуй болгох талаар холбогдох эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтны нэр дээр “Зөвлөмж” хүргүүлэхээр тогтсон байна.

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
24
Өчигдөр
183
7 хоногт
1258
Сүүлийн сард
5830
Сүүлийн жилд
77371
Нийт хандалт
204472