Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
“ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛГҮЙ МАНЛАЙ НИЙТИЙН ТЭЭВРИЙН КОМПАНИЙГ ШАЛГАРУУЛАХ АЯН” ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Прокурорын байгууллагын 90 жил, Тээврийн прокурорын газар үүсэн байгуулагдсаны 65 жилийн ой 2020 онд тохиож буйтай холбогдуулан Тээврийн прокурорын газраас санаачлан Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газартай хамтран “Зам тээврийн осолгүй манлай нийтийн тээврийн компанийг шалгаруулах аян”-ыг зохион байгуулж эхлээд байна.  

Тус аян нь Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэл хотод нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудын үйлчилгээнд зам тээврийн осол, хэрэг гарах, түүний улмаас зорчигчид болон байгууллага, аж ахуйн нэгж хохирох, автобус, троллейбусны жолооч нар гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, зорчигчдын аюулгүй байдал, ая тухтай үйлчлүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилготой юм. 

Аяныг 2020 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд явуулж, 12 дугаар сарын 05-ны дотор дүнг тооцон, нийтийн тээврийн компаниудын төлөөллийг оролцуулсан хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж танилцуулах ба аянд үр дүнтэй оролцсон компанийг “Зам тээврийн осолгүй манлай нийтийн тээврийн компани”-иар шалгаруулан урамшуулах, үйл ажиллагаа, туршлагыг нь сурталчлах ажил зохион байгууллагдана.

 Нийслэл хотод нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг нийт 20 компани тус аянд хамрагдаж байгаа ба компаниудын зүгээс дараах ажлыг зохион байгуулж ажиллана. Үүнд:

1. Гэмт хэрэг, зөрчлийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан хуулийн этгээдийн хүлээсэн үүргийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний явцад зам тээврийн осол, хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах;

2. Автобус, троллейбусны техникийн бүрэн бүтэн байдал, жолоочийн ажил, амралтын горимд тавигддаг стандарт, шаардлагыг хангуулах, хэвшүүлэх;

3. Зам тээврийн осол, хэрэг гарахад нөлөөлж болзошгүй нөхцөл байдлыг дотооддоо урьдчилан тогтоож, түүнийг арилгах, засаж залруулах арга хэмжээ авах;

4. Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр компанийн дотоод хяналт шалгалтын ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх;

5. Автобус, троллейбусны жолооч нарын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөх сахилга, ажлын хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт, хурал, зөвлөгөөнийг зохион байгуулах;

6. Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд прокурор, цагдаа, нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын холбогдох албан тушаалтан, нэгжээс ирүүлсэн ажлын чиглэл, зөвлөмж, мэдэгдлийн мөрөөр тодорхой ажил зохион байгуулж, хэрэгжилтийг хангаж ажиллах;

7. Шаардлагатай тохиолдолд компанийн жолооч нар зам тээврийн осол, хэрэгт холбогдсон эсэх талаархи лавлагааг холбогдох байгууллагаас авч, түүний мөрөөр ажил зохион байгуулах зэрэг болно.            

ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

 

Санал асуулга