Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
Г.МИЖИГСҮРЭН: ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ЯМАГТ СЭТГЭЛД ДУЛААН БАЙДАГ

Монгол Улс нь Улсын Ерөнхий Прокурорын газраас гадна Цэргийн прокурорын бие даасан газартай байжээ. 1930-1993 он хүртэл Цэргийн прокурорын газар нь Улсын батлан хамгаалах явдлыг бэхжүүлэх хууль ёсны биелэлтэд хяналт тавин ажиллаж байсан. Цэргийн Ерөнхий Прокурорын газар 63 жилийн түүхэн замналыг туулахдаа 1930-1940 онд Улаан цэргийн прокурор, 1941-1972 Монгол Ардын Хувьсгалт цэргийн прокурор, 1972 онд Цэргийн Ерөнхий прокурор гэсэн нэршилтэйгээр чиг үүргээ биелүүлсэн байдаг. Тус байгууллагын нэр хүнд алдар гавьяа нь тэнд ажиллаж байсан прокурор, ажилтнуудтай салшгүй холбоотой билээ.

Цэрэг армийн салбараас хууль хяналтын хүн болохоор “урваж” ирээд Цэргийн Ерөнхий Прокурорын газарт ерөнхий хяналтын прокурор, дараа нь Цэргийн Ерөнхий прокурорын туслах бөгөөд шалган зааварлах прокуророор ажиллаж байсан, өдгөө 72 насыг зооглож буй Цэргийн гавьяаны улаан тугийн одонт  Гочоогийн Мижигсүрэн гуайтай Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 99 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан ярилцсан юм.

Сайн байна уу, та сайхан хаваржиж байна уу. Та аль нутаг усны хүн бэ? Ажил амьдралын гараагаа хаанаас эхлэж байв? Энэ асуултаар яриагаа эхлэе.

Би Говь-Алтай аймгийн Чандмань сумын хүн. 1948 онд төрсөн. Бага дунд сургуулиа орон нутагтаа төгсөж, 1965 онд Ховд аймгийн багшийн сургуульд орсон. 1968 онд багшийн сургуулиа төгсөж ирээд Говь-Алтай аймгийн Чандмань сумын 8 жилийн сургуульдаа багшаар ажиллаж эхэлсэн. Нутагтаа 3 жил багшаар ажиллахдаа гурван өөр зүйл хийсэн байдаг юм /инээв/. Эхний жилдээ гуравдугаар анги дааж авсан, дараа жил нь тавдугаар анги төгсгөж, харин дараа нь пионерын удирдагч, мөн дунд ангид биеийн тамирын багш хийж байгаад 1970 онд 22 настайдаа цэргийн алба гэсэн лут албанд татагдаад ирсэн. Улаанбаатар хотод Улаанхуаранд байдаг Ардын армийн 119 дүгээр ангид цэргийн алба хаасан.  

Тухайн үед арми өргөтгөн зохион байгуулах гэхэд тусгай болон их дээд сургууль төгссөн цэргүүд цөөн боловсон хүчний хэрэгцээ их байсан. Жил гаран цэргийн алба хаагаад түрүүч цолтой болж эвлэлийн үүрийн дарга болсон. Тэр үед улс төрийн ажилтан бэлтгэх курс хичээллэнэ гээд их дээд сургууль төгссөн, тусгай мэргэжлийн хүмүүсийг авдаг юм байна. Тэгээд Цэргийн нэгдсэн сургууль дээр зургаан сарын курст сууж офицер болсон. Удалгүй салбарын улс төрийн орлогч болоод Зүүнбаян явж, мот буудлагын 132 дугаар ангид 3 жил ажилласан.

Дараа нь 1974-1983 онд Сонгинын Ардын армийн 150 дугаар ангид салбарын орлогчоор очоод ухуулах ажлын зааварлагч болж сүүлдээ сургуулийн батальоны улс төрийн орлогчоор томилогдсон. Анги маань армидаа бага даргын сургууль гэж нэрлэгддэг ганц нүүр тахалдаг хамгийн тэргүүний анги байлаа. Жолооч механикч, бага дарга гээд дандаа дагалдах мэргэжилтэн бэлддэг,  шилмэл офицеруудыг л авдаг байсан тэр ангидаа нийт 9 жил ажилласан.

Багш байсан хүн цэргийн хүн болжээ. Харин цэрэг армийн хүн прокурор болсон түүхээсээ хуваалцвал?

Би 1983 онд МУИС-ийн хуулийн ангийг төгссөн. Сургуулиа төгссөний дараа л Цэргийн Ерөнхий Прокурорын газарт ирсэн. Цэргийн Ерөнхий прокурорын туслах бөгөөд ерөнхий хяналтын прокурор гэдэг албан тушаалыг хашиж байлаа. Энэ нь одоогийнхоор мэргэжлийн хяналт шиг л байлаа. Мөрдөс зүүсэн болгон төрийн хууль тогтоомжийг хэрхэн дагаж мөрдөж байгааг ерөнхий хяналт хянадаг байв. Өөрийн харьяа 7 прокурорын газар болон аймаг бүрд байгаа цэргийн прокурорын хэлтсийн үйл ажиллагаанд хяналт тавина. Хууль тогтоомж яаж биелж байна вэ гэдгийг хянана. Боловсон хүчнээ бүгдийг нь мэддэг, харьяа байгууллагынхаа ажлыг шалгадаг, Ерөнхий прокурорын үүрэг чиглэлийг өгдөг байсан. Бас дээрээс нь ерөнхий хяналтын прокурор бүх л хууль тогтоомжийг мэддэг байх ёстой. Улсын Ерөнхий прокурорын газрын Ерөнхий хяналтын хэлтсийн даргаар н.Ядмаа гэж хүн байсан. Тэгэхэд Монголд системчилсэн 45 хууль байсан, хууль тогтоомжийн 200-аад акт байсан. Тэр ажлыг гурван жил хийгээд Улсын Ерөнхий прокурорын орлогч Цэргийн ерөнхий прокурор Б.Даваасамбуу генерал намайг шалган зааварлагч бол гээд боловсон хүчнийг янзын сайн судалдаг болсондоо. Шалган зааварлах прокурор гэдэг нь одоогийнхоор Тамгын газрын даргын алба юм уудаа.

Цэргийн Ерөнхий Прокурорын газрын прокурорууд -1987 он

Цэргийн прокурорын байгууллага 1993 онд татан буухад системийн хэмжээндээ 80 гаруй хүнтэй, яг прокурор, мөрдөн байцаагч нь 55 хүн байсан. Эдгээрийн 85 хувь нь дотоод гадаадын хуулийн сургууль төгссөн дээд боловсролтой, үлдсэн нь хуулийн дунд сургуулийг төгссөн хүн байсан. Эндээс харахад тухайн үеийн цэргийн прокурорын газарт чадвартай, мэдлэг боловсролтой хүмүүс ажиллаж байсан.  Одоогийн онцгой байдлын газарт Цэргийн Ерөнхий Прокурорын газар, Улсын иргэний хамгаалалтын газар, шүүх гурав  нэг дор байрладаг байлаа. 

Дараа нь Бүх цэргийн Хэрэг бүртгэх алба гэдэг байгууллага байгуулагдаж тус газрын хэрэг бүртгэх албанд орлогч даргаар ажиллаж байгаад 2003 онд тэтгэвэрт гарсан. Армид арав гаруй жил, Цэргийн прокуророор арваад жил ажиллаад нийт 33 жил цэргийн албыг хашсан байна.  

Өмнөговь аймаг, Ёлын ам - 1988 оны 7 сар

Цэргийн прокурорын газар байсан гэдгийг одоо тэр бүр хүмүүс мэддэггүй байх. Ямар чиг үүрэгтэй байгууллага байсан бэ?

Монгол Улсад Цэргийн прокурорын газар байгуулагдан ажиллаж байсан түүх 1930 оноос эхлэлтэй. БНМАУ-ын VI их хурлаас “Улсын прокурорын байгууллагыг төв ба аймгуудын зэрэг газарт байгуулж аливаа хянан байцаах эрх хэмжээг тодорхойлон тогтоовол зохино” гэж заажээ. Энэ шийдвэрийн дагуу 1930 онд Цэргийн прокурорын газар, 1931-1932 онд Улаанбаатар хотын болон аймгуудын прокурорын газруудыг байгуулж байжээ. Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн 1930 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн V дугаар тогтоолоор “Монгол Ард Улсын Цэргийн шүүн таслах газрууд ба цэргийн прокурорын тухай дүрэм”-ийг баталсан байдаг. 1941 онд Монгол Ард Улсын Хувьсгалт цэргийн прокурорын газрын дүрэм”-ийг шинэчлэн баталж, энэ дүрэмд заахдаа “Монгол Ардын Хувьсгалт Цэргийн Прокурорын газар нь БНМАУ-ын харьяа байгууллага бөгөөд Монгол ардын хувьсгалт цэргийн анги байгууллага, сургуулиуд хийгээд Дотоод явдлын яамны хязгаарын ба дотоодын цэргийн анги байгууллагыг хариуцан ажиллаж, цэргийн албан тушаалтан хүмүүсээс явуулж байгаа ажил, явуулга нь хуульд тохирч байгаа эсэхийг хянана” гэж Цэргийн прокурорын байгууллагын зорилтыг тодорхойлсон байдаг. Энэ үед Монгол Ардын Хувьсгалт Цэргийн Прокурорын байгууллага нь харьяандаа Зүүн хязгаарын цэргийн прокурор нь Дорнод аймгийн Баянтүмэн суманд, Баруун хязгаарын цэргийн прокурор нь Ховд аймагт салбар газартай байжээ. 1970 онд Ардын цэргийн прокурорын харьяанд Барилгын цэргийн прокурор, Зүүнбаян цэргийн нэгтгэлийн прокурорын газрыг нэмж байгуулсан.

Цаашлаад 1975 онд Эрдэнэт хотод, 1983 онд Сүхбаатар, Ховд аймагт, Өмнөговийн Даланзадгадад цэргийн прокурорын газрыг шинээр байгуулсан бол 1980 онд Иргэний Агаарын тээврийг удирдах газрын дэргэд мөн цэргийн прокурорын газрыг байгуулж байсан түүхтэй. Ингээд 1988 он гэхэд Цэргийн Ерөнхий Прокурорын газрын харьяанд Улаанбаатар, Зүүнбаян, Эрдэнэт, Даланзадгад, Ховд, Баруун-Урт, Арвайхээр хот дахь цэргийн прокурорын газруудыг шинээр өөрчлөн зохион байгуулан ажиллаж байлаа. Ерөнхий прокурорын газар нь 10 гаруй хүнтэй, харин орон нутагт хэсгийн прокурор нь хоёр мөрдөн байцаагчтай, нарийн бичигтэй бол цэргийн прокурорын газрууд нь ерөнхий прокурортой ерөнхий хяналт эрхэлсэн туслахтай, мөрдөн эрхэлсэн туслахтай, доороо 2-3 мөрдөн байцаагчтай байсан. Цэргийн прокурорын газар тухайн үед дөрвөн чиг үүрэгтэй байсан. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ерөнхий хяналт, шүүх хяналт, тусгай хяналт байсан. Өнгөрсөн 63 жилийн түүхэндээ 13 прокурор энэ байгууллагыг толгойлсон байдаг юм.

1988-1993 онд Цэргийн прокурорын газарт Монголын мөрдөстэй болгон харьяалагддаг байлаа. Өөрөөр хэлбэл арми, хилийн цэрэг, онцгой, галын бүх хүмүүс хүмүүстэй холбоотой асуудлыг Цэргийн ерөнхий прокурорын газар шалгадаг, шүүх нь шийдвэрлэдэг урьдчилан сэргийлэх ажлыг прокурор нь явуулдаг байсан. 

Хуулийн байгууллагын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөхөд цэргийн прокурорын газрын мөрдөнг цагдаагийн байгууллагад, прокурорын үйл ажиллагааг орон нутгийн прокурорын газарт шилжүүлсэн. Бүх цэргийн Хэрэг бүртгэх алба гэж зөвхөн хэрэг бүртгэлт явуулдаг байгууллага байгуулж эцэст нь мөн л цагдаагийн газарт нэгтгэгдсэн.

Цэргийн прокурорын байгууллага байсан нь зүйтэй гэж боддог уу эсвэл түүхийнхээ явцад нэгтгэгдээд явсан нь оносон гэж та боддог уу?

Зүй нь бол байх ёстой байсан. Цагдаатай холбоотой бүх хэргийг Цэргийн прокурорын газар шалгадаг байлаа. Гэтэл одоо цагдаагийнхны хэргийг шалгадаг газар байхгүй, цагдаа цагдаагаа шалгадаггүй янз бүрийн юм болж байна. Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба гээд шүүх, цагдаа, прокурор нарын үйлдсэн хэргийг шалгадаг байгууллага байсан. Мөн л татан буусан. Зарим хуульчид ч цэргийн прокурор татан буугдсан нь маш том алдаа болсон гэж үздэг.

Цэргийн албанд ажиллаж байсан хүн Цэргийн прокуророор ажиллахад давуу тал их байсан байхдаа?

Цэргийн амьдрал гэдэг чинь өөр шүү дээ. Зүгээр нэг их сургууль төгссөн хүн ирээд цэргийн анги байгууллагатай холбоотой асуудлыг шалгаж хянана гэдэг хэцүү. Цэргийн хүний амьдралд чинь бүх юм цагийн хуваариар явдаг. Энгийн амьдралд тийм цагийн хуваарьтай газар байна уу. Цэргийн албыг хааж байгаад хуульч болно гэдэг бол надад илүү танил дотно байсан. Цэргийн хуаранд зөрчил яагаад гардаг вэ гэдгийг дотор нь байсан хүн нь сайн мэднэ шүү дээ. Тэр утгаараа армийн офицер прокурор болоход дөхөм байсан.

Цэргийн прокурорын газрын ерөнхий хянагчаар ажиллаж байх үед тань ямар хэрэг зөрчлүүд их гарч байв?

Цэргийн прокурорын газар жилдээ 1200-аад хэрэг мөрдөж байсан. Гэтэл улсын хэмжээнд 10-аад мянган хэрэг гардаг байсан гэхээр ихээхэн ачаалалтай ажиллаж байсан гэдэг нь харагдаж байна. Цэргийн албан хаагчтай холбогдолтой хэргүүдийг шалгадаг байсан гэсэн үг л дээ. Хулгай, буу зэвсэг, аваарын хэрэг, зодоон, дарга нь цэрэгтэйгээ буруу харьцсан хүнлэг бус зан гаргасан хэргүүд их гардаг байсан.

Өөр бас нэг хэрэг гарсан. Армийн “Улаан Од” сонины газрын сурвалжлагч залуу Увс аймгийн Цагаанхайрхан суманд байдаг уулын модыг цөлмөж хаясан тухай нийтлэлдээ тэр газрын сангийн аж ахуйн дарга нөхрийг шог маягаар доромжилсон байдаг. Гэтэл нөгөө дарга нь өргөдөл бариад манайд орж ирлээ. Тэр үед одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж манайд дөнгөж ирсэн хошууч цолтой мөрдөнгийн орлогч байсан. Гомдлынх нь дагуу эрүү үүсээд шалгагддаг юм байна. Шүүхээр шийдэх гэхэд шүүхийн практикт сэтгүүлчийг яллаж байсан тохиолдол ерөөсөө байдаггүй байж. Ерөнхий прокурорын зөвлөлөөр ороод хувиарлагдахад Ц.Нямдорж прокурор би өөрөө шалгана аа л гэж байна. Тэгээд тэр хэргийг өгчихлөө. Ц.Нямдорж яг л тэр хуулийн зүйл заалт юу байна тэрүүгээр нь шалгана гээд. Эрүүгийн хуулинд хэвлэл мэдээллээр хүнийг доромжилвол хариу арга хэмжээ авна гэсэн зүйл анги байгаа ч тэрүүгээр шийдэж байсан шүүхийн тогтоол Монголд байхгүй байж л дээ. Аль ч үгүй болбол асуудал болох байлаа. Харин Ц.Нямдорж хууль байгаа бол шалгаж л таараа гээд зүтгэчихсэн. Тэгсэн нэг өглөө ажилдаа иртэл ажлын гадаа, коридорт баахан зургийн аппарат барьсан сэтгүүлчид, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав хүртэл байсан. Ямар учиртай ирцгээсэн гэхээр нөгөө сэтгүүлчийн шүүх хурлын талаар мэдээлэл авах гэж ирсэн байж л дээ. Шүүх хурал ч болж сэтгүүлчид 2 жилийн ял өгөөд тэнссэн юм. Энэ бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүнийг доромжилсон хэргийн анхдагч хуулийн хэрэгжилт болж байсан юм даа.

Гавьяаныхаа амралтанд гарчихаад ажиллаж байсан байгууллагадаа ирэхэд их л сайхан танил дотно санагддаг байх? Тухайн үед хамт ажиллаж байсан прокурор, ажилтнуудаасаа дурсвал. 

Сайхан байлгүй яахав. Би боловсролын байгууллагад өртэй хүн. Боловсролын салбарт гуравхан жил ажилласан үлдсэн хугацаанд нь армид л явлаа. Одоо мөрдөстэй формтой хүн харахаар л нүдэнд дулаахан харагдаад байдаг. Ажиллаж байсан анги байгууллагуудаар ороход их л сайхан байдаг даа. Улсын Ерөнхий Прокурорын газар бол үнэхээр их сэтгэлд дулаан байдаг.  Шалган зааварлах прокурор үргэлж л Улсын Ерөнхий прокурортой харилцаатай байдаг. Цэргийн прокурорын мэргэжлийн шууд удирдлага нь Улсын Ерөнхий прокурорын удирдлага байхгүй юу. Хүмүүсээ хална, солино гэдэг асуудлыг Улсын Ерөнхий прокурор шийднэ. Цэргийн хүний хувьд армийн улс төрийн газраас цол өгдөг. Өөрөөр хэлбэл дүрэмт хувцас нь цэргийнх, эмблэм нь хуулийнх байсан. Хоёр удирдлагатай, гэхдээ прокурорын ажилд бол арми оролцдоггүй байсан. За тэгээд бидний үеийнхэн цөөрч байна даа. Манай цэргийн прокурор 1993 онд татан буугдахад 55 прокурор, мөрдөн байцаагч байснаас одоо амьд сэрүүн байгаа нь 10 гаруй л байна.

1980-1993 он хүртэл 13 жил Цэргийн Ерөнхий прокурорын газарт ажиллаж байхад хамт ажиллаж байсан нөхдөө дурсан санахад таатай байна. Бүр албан тушаал, овог нэртэй нь дурдмаар байна. 

Намайг ажиллаж байхад Улсын Ерөнхий прокурорын орлогч бөгөөд Цэргийн Ерөнхий прокуророор Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул хошууч генарал Б.Даваасамбуу гэж хүн байсан.  Дараа нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын уугуул хурандаа О.Дагвадорж, дараа нь Хэнтий аймгийн Мөрдөн хянах газрын орлогч Б.Хатанбаатар гэсэн гурван даргын удирдлаганд шалган зааварлагч гэсэн албыг хийж явлаа. Ийм гурван сайхан прокурор миний үед биднийг удирдаж явсан дарга нар минь байлаа.

Тэрэлжийн амралт - 1991 оны 12 сар

Улаан-Үдийн прокурор Цэргийн Ерөнхий прокурорын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 

- 1991 оны 11 сарын 28

Мөрдөн байцаалт эрхэлсэн орлогч прокурор хурандаа П.Ламжав гэж доктор хүн байсан одоо бурхан болсон. Дараа нь одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, дэд хурандаа Ц.Ёндонхүү нар байсан. Ерөнхий хяналт эрхэлсэн орлогч прокуророор дэд хурандаа Л.Баадай, хошууч Ж.Энхнасан ажиллаж байлаа. Харин шалган зааварлах прокуророор намайг томилогдохоос өмнө О.Дарам гэж залуу ажиллаж байсан. Миний мэдэхээр энэ алба надаар дууссан. Шүүх хяналтын тасгийн даргаар дэд хурандаа Б.Цэдэн, Шүүх хяналтын тасгийн прокуророор н.Дээвий, дэд хурандаа Ш.Гомбосүрэн гээд 20 шахам хүнтэй бие даасан Мөрдөн байцаах хэлтэстэй байсан. Тус хэлтсийн даргаар ахмад н.Болд, дэд хурандаа Д.Дарьсүрэн, ахмад Б.Эрдэнэбилэг, хошууч С.Болдбаатар, Кримналистик прокуророор дэд хурандаа З.Жигжидсүрэн, дэд хурандаа Б.Чулуунбаатар, хяналтын прокуророор дэд хурандаа Р.Лувсандорж, ахмад А.Нацагдорж, дэд хурандаа И.Пүрэвцогт, хошууч Д.Даваадорж, ахлах мөрдөн байцаагчаар хошууч Д.Пүрэвсүрэн, ахмад Ч.Хүрэлбаатар, ахмад н.Дэрэм,  мөрдөн байцаагчаар ахмад Ж.Мягмарсүрэн, Ж.Наранбат, хошууч Ч.Манал, М.Шагдарсүрэн, дэслэгч Т.Костёр, Б.Дамба, Л.Цэнддоо, н.Санждаанаран, Д.Эрдэнэцэцэг, н.Цэгмид, Д.Самбуу, н.Өлзийхутаг, бичээчээр ахлагч Р.Хоролжав, Д.Байгалмаа, тоо бүртгэлийн байцаагчаар дэслэгч Д.Мөнх-Оюун, ерөнхий прокурорын нарийн бичгийн дарга Я.Лхагважав гэх мэтийн хүмүүс Цэргийн ерөнхий прокурорт 1980-1993 онд 13 жилийн хугацаанд ажиллаж байлаа. Эднийгээ дурсаж ярих надад сайхан байна. 

Өмнөговь аймгийн Гурван сайхан уулын Шатын ам - 1988 оны 7 сар

Байгал нуурын эрэг - 1991 оны 11 сарын 06

Таны амьдралдаа хамгийн их бахархаж, омогшиж явдаг зүйл юу байдаг вэ?

Хүний амьдралд бахархах зүйл зөндөө л байдаг. Гэхдээ хүн чинь хийж явсан ажил төрлөө их санаж дурсдаг юм байна. Би прокурор байсан үеэ, армид байсан үеэ, багшилж байсан цөөхөн жилүүдээ ч боддог. Миний залуу халуун насны мэдлэгтэй, чадвартай байх үеийн л оргил юм даа. Эргэн харахад гурван салбарт ажилласан байна. Аль алинд нь их сэтгэл хангалуун явдаг. Унаган мэргэжил маань багш, гэхдээ энэ сайхан мэргэжлээрээ удаан жил ажиллаж чадаагүй болохоор боловсролын салбарт өртэй хүн гэж бодож явдаг. Хүн ер нь өтлөх тусмаа л залуу насандаа хийж явсан ажил мэргэжлээрээ их бахархаж дурсаж суудаг юм байна. Хийж явсан ажил, очиж байсан газар, үерхэж нөхөрлөж байсан нөхөд маань бүгд л сэтгэлд дотно нүдэнд харагдах шиг болдог.  Мөн төр түмэндээ үнэнч байсны хүчинд одон медалиар шагнуулж байхдаа тухайн үедээ их баяртай явдаг байсан.  Ер нь бол аливаа ажлыг хийхэд их бага хугацаа нь хамаагүй ээ. Тэр ажлыг сэтгэл гаргаж үнэнч шударгаар хийх нь хамгийн чухал гэж боддог, үр хүүхэддээ ч захидаг.

Сонгины амралт - 1992 оны 3 сарын 15

ба

Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 99 жилийн ой, Монгол цэргийн өдөр болж байна. Мөн прокурорын байгууллагын 90 жилийн ой тохиож байгаа энэ баярт мөчид таны сэтгэлийн үгийг сонсмоор байна?

Цэргийн байгууллага 1921 оны 3 сарын 18-нд Хиагтыг чөлөөлснөөр Монголын Ардын армийн анхны ялалт болсон. Армид юу ч мэдэхгүй л нялх шинэ цэрэг ирж байлаа. Армийн буянд цэрэгт дарга, цэргийн хуулийн ажилтан ч явлаа. Цэрэг армиар 33 жил явлаа хөөрхий. Одоо би бол армидаа их хайртай.  Эмнэлэг гэхэд би цэргийн госпиталаас өөр эмнэлэгт үзүүлдэггүй хүн шүү дээ. Хүнд чинь тийм нэг ижил дасал болчихдог юм байна. Тэгээд цэрэг армиа их хайрлаж явдаг. Тэнд ажиллаж амьдарч явсан үе үеийн хамт олон найз нөхдүүд одоо хойч үеийн залуучууддаа энэ армийнхаа 99 жилийн ойгоор эрүүл саруул, энх тунх байж ажил хөдөлмөртөө их амжилт гаргаж төрийнхөө төлөө үнэнчийн үнэнчээр зүтгэж яваарай л гэж хэлэх байна.

Мөн Прокурорын байгууллага маань энэ жил 90 жилийнхээ ойг хийх гэж байна. Би прокурорын байгууллагад бас л олон жил ажиллаж амьдарлаа. Багш байсан хүн сүүлдээ хуульч болсноор миний төрийн алба дуусах байсан юм байлгүй. Алдсан эндсэн буруу ташаа зүйл байгаагүй цагаан мөртэй, ялангуяа прокурорын алба гэдэг бол их сайхан алба. Манай Ерөнхий прокурор байсан Б.Даваасамбуу гуай “За прокуроруудаа, та нар долоо хэмжиж нэг огтол. Прокурор хүн жинхэнэ улаан шугамаар явж, нэг л шийд гаргадаг, үнэнч шударга, хуулиа баримталдаг л байх ёстой” гэж хэлдэг байсан. Тэр үнэн. Прокурор гэдэг энэ сайхан албанд одоо ажиллаж байгаа залуучууд, хойч үе маань чин үнэнч сэтгэлээр хандаж ажиллаасай л гэж хүсэх байна. Прокурорын ажил сайн байх юм бол төрийн ажил сайн байх болно. Учир нь бүх хуулийн хэрэгжилт дээр хяналт тавьж байдаг болохоор тэр шүү дээ. Тэгээд 90 жилийн ойгоороо их амжилт гаргаарай гэж хэлмээр байна.

Ярилцсан танд баярлалаа. Эрүүл энхийг хүсье.

Төрийн хуулийг чандлан сахиулагч цэргийн прокуророор ажиллаж байсан энэ эрхэм сэтгэлд дулаахан санагдах Улсын Ерөнхий Прокурорын газартаа үдлээд буцахад нь амжиж яриаг нь буулгаж авсан юм. Бидний ажлыг хүндэтгэж бүхий л амьдралынхаа туршид гоёж ирсэн цэргийн дүрэмт хувцасаа өмсөн, одон медалиа зүүгээд ирсэн байв. Хамгийн нандигнадаг медаль нь “Цагаан морь гэгдэх Цэргийн хүндэт медаль. Мөн энгэрийнх нь дээхэн талд хоёр ч том од гялалзана, нэг нь  Цэргийн гавьяаны одон бол нөгөө нь Цэргийн гавьяаны улаан тугийн одон.

“Цэргийн баяр” гэдэг цэрэг хүний бахархал омогшил, яруу алдрыг дуурсгах учиртай өдөр билээ. Хууль хяналт, цэрэг армийг хослуулсан төрийн амаргүй ажлыг хашиж ирсэн он жилүүдээ дурсан суусан Г.Мижигсүрэн гуай яриандаа тэртээ залуу насныхаа бахархал дүүрэн цаг хугацаандаа очоод ирсэн юм.  Хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй байна гэдэг сайхан.

               Прокурорын байгууллагын үе үеийн прокурор, ажилтан албан хаагч эрчүүд та бүхэндээ                                     Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний  99 жилийн ой,                              Монгол цэргийн өдрийн баярын мэнд хүргэе.

 

 

Санал асуулга