Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Ярилцлага
Ж.БАЯРСҮРЭН: ШАГАЙ БОЛ ЭР ХҮНИЙ ЖУДАГ ЗААСАН МАШ ИХ ЁС ЖАЯГТАЙ ТОГЛООМ

 

Манай нэрт яруу найрагч, төрийн соёрхолт Р.Чойном Монголын тухай нэгэн шүлэгтээ:

Монгол гэдэг чинь Адууны үнэртэй халхын талд байдаг юм
Агар зандан хашлаганаас тавих сумны уухайнд байдаг юм
Айраг найрын хуа дэмбээнд байдаг юм гэж яруу сайхнаар дүрсэлж адуу, шагай, айраг гурваар аугаа монголын дүр төрхийг холын хүний сэтгэлд хүргэж байсан түүхтэй.

PROKUROR.MN : Улсын их баяр наадамд зориулсан "Ярилцлагын цаг" булангийн зочноор Шагайн харвааны "Монгол Улсын үлэмж дархан мэргэн" Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баярсүрэнг урьсан юм.

Зочинтой Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Өлзийжаргал ярилцаж, зочин хөтлөгчөөр УЕПГ-ын хяналтын прокурор Т.Мөнхбаяр оролцлоо.

Бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэнд баярлалаа. Ажлын гараагаа прокурорын байгууллагаас хэрхэн эхлүүлсэн талаар ярилцлагаа эхлүүлье.

Хууль цаазын дунд сургуулийг 1983 онд төгсөөд, Сэлэнгэ аймгийн прокурорын газарт хэсгийн прокуророор томилогдон ажиллаж эхэлсэнээс хойш 33 жил болжээ. Миний аав прокурорын байгууллагад 40 гаруй жил ажилласан Монгол Улсын гавьяат хуульч Х.Жамбал гэж хүн байсан. Хүүхэд байхаасаа л аавынхаа мэргэжлийг эзэмшинэ гэж зорьсон минь өнөөдөр хуульч, прокурор, гэх эрхэм алдарт хүргэжээ.

Аав маань цэргийн алба хааж ирээд прокурорт орсон гэдэг. Хууль цаазын дунд сургууль, хожим нь Монгол Улсын Их сургууль төгссөн.

1980 онд Монгол Улсын гавьяат хуульч гэдэг эрхэм хүндтэй цолыг авсан. Дорноговь, Дундговь аймгийн прокурор, УЕПГ-н чухал хэргийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан хүн дээ.

Миний хувьд Сэлэнгэ аймгийн прокурорт 1983-1990 он хүртэл хэсгийн прокурор, 1990-1993 онд Дундговь аймагт хэсгийн прокурор, Шүүхэд төрийг төлөөлөх хяналт хариуцсан туслах, 1993-2000 онд Дорноговь аймагт туслах, орлогч прокурор, Өмнөговь 2000-2005 онд Өмнөговь аймгийн прокурор, 2005 -2011 онд Дархан-Уул аймгийн прокуророор ажиллаж байлаа. Одоо Нийслэлийн прокурорын газрын ЯЭАХТХ-ийн хяналтын прокуророор ажиллаж байна.

Прокурорын зав чөлөөгүй их ажлын хажуугаар шагайн спортоор хичээллэж "Монгол Улсын үлэмж дархан мэргэн" цолонд хүрсэн амжилт, энэ спортод хөтөлж оруулсан багшийнхаа талаар бидэнтэй хуваалцаач...

Сэлэнгэ аймгийн прокурорт томилогдож очсоноосоо хойш 1984 онд анх шагай гэдэг агуу спортод дурлан, хичээллэж эхэлсэн. Тухайн үед Сэлэнгэ аймгийн шүүх, прокурор хоёр нэг байранд байсан л даа. Шагайчид оройн цагаар шүүх хурлын танхимд цуглаж, тоглодог байлаа. Түүнээс хойш 32 жил болж байна. Би энэ спортоор хичээллэж эхэлсэнээр 2004 онд "Монгол Улсын Дэд мэргэн", 2006 онд "Монгол Улсын Мэргэн", 2008 онд "Монгол Улсын Гарамгай мэргэн", 2009 онд "Монгол Улсын Дархан мэргэн" 2011 онд "Монгол Улсын үлэмж дархан мэргэн" гэх эрхэм дээд цолыг хүртсэн.

Ажлын зав чөлөө, амралтаараа шүүх хурлын заланд шагай тоглож байгаа хүмүүс дээр очиж сонирхон, хардаг байлаа. Тэнд Төв аймгийн Угтаалын "Улаан Сандаг" гэж Халхын том харваач өвгөнтэй танилцаж, тэр хүнээс шагайн харвааны түүх, эр хүний жудаг, эрэмбийн талаар олон сайхан түүх сонсоод л хичээллэхээр шийдсэн л дээ.

Яг багш гэж бол байгаагүй. Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын Даваадорж гэж малчин хүн надад анх хар модон хашлага, жижиг дугуй сүм хийж өгч, түүгээр нь тоглож эхэлсэнээр шагайн спортод хөл тавьсан юм.

Та олон сайхан амжилтууд гаргаж байсан байх. Эдгээрээс хамгийн дурсамжтай санаанд тодхон байдаг амжилтуудынхаа тухай бидэнд ярьж өгөөч.

Ардын хувьсгалын түүхт 87, 88 жилийн ойгоор манай баг хошой мөнгөн медаль жил дараалж авч байлаа. Энэ амжилт маань санаанаас гардаггүй юм. Ардын хувьсгалын 87 жилийн ойгоор хүрэл медалийн болзол хангачихаад, Сэлэнгэ аймгийн Гантулгын баг гэж их сайн багтай тэнцсэн байсан. Тэдний багтай "Дүүжин гараад" буюу тэнцээд мөнгө тавьж байлаа. Тэр мөнгийг манай багийн Дархан-Уул аймгийн харьяат Монгол Улсын дархан мэргэн Бөхбаяр гэдэг залуу эхний харваагаар онож, манай баг мөнгөн медалийн болзол хангасан юм.

Дараа жил нь мөн л хүрэл медалийн болзол хангачихаад, Дорноговь аймгийн Баясгалан ахлагчтай багтай дүүжин гарсан. Баясгалангийн баг бол Төрийн наадамд хэд хэд түрүүлж байсан хүчтэй баг байлаа. Манай Дархан-Уул аймгийн прокурорын газрын жолооч байсан Рэнцэндорж гэж хүн энэ дүүжинг эхний сумаар онож, манай баг мөнгөн медалийн болзолыг хангаж байсан. Энэ хоёр наадам санаанаас гардаггүй юм. 2012 онд бүх ард түмний спартикад болж, Монгол Улсын бүх аймаг хотоос шалгарч ирсэн 30-д баг оролцсон. Энэ спартикадад манай баг нэг ч хожигдолгүй түрүүлсэн. Энэ амжилтаараа бид Дархан-Уул аймгийн спортын багт өндөр оноо авчирч, Дархан-Уул аймгийн баг хамт олон бүх ард түмний спартикадад 2 дугаар байранд орж байлаа. Ийм ийм сайхан амжилтуудыг үзүүлж байсан даа. 33 жил ажиллахдаа 5 аймаг дамжсан. Ялангуяа Дархан-Уул аймагт байх хугацаанд "хуулийн байгууллагын баг" гэж 2013 он хүртэл явсан. Одоо бол  багийн гишүүд маань өөрчлөгдсөн. Шагай багийн спорт. Манай багийг "Баярсүрэнгийн баг" гэж нэрлэдэг байлаа. Атгасан шагай шиг эвтэй, журамтай сайхан залуучууд байлаа, одоо ч байгаа.

Бидэнд шагайн спортын талаар тэр тусмаа үүсэл хөгжлөөс сонирхуулаач...

Шагай бол олон зуун жилийн түүхтэй. Анх нүүдэлчид урт нүүдлийн замд үлгэрээ ярьж, үндэснийхээ тоглоомоор наадаж явсан нь хожмоо отго омгоо хамгаалах, ан хийх, дайн тулаанд хэрэг болж байсан гэдэг. Тэд малынхаа далны ясан дээр богийн шагай тавьж бөгцөг харваж эхэлснээр үүссэн гэдэг. Сүүлдээ хөгжин, далны оронд хашлага шагай нь бугын эвэр болж, харин шагайн зурхайг авдрын тагаар орлуулан, хасааг богийн шагайгаар төлөөлүүлж, зайг нь гэрийн босгоноос хоймор хүртэл 9 тохой хэмжээтэй болгосон гэдэг. Шагай судлаач нар шагайг Хубилай хааны үеээс тоголж эхэлсэн гэж үздэг юм билээ. Шагайн харваа халх, урианхай, боржигон гэсэн гурван төрөлтэй.

Шагай бол эр хүний жудаг заасан, маш их ёс жаягтай спорт доо. Үндэсний шагайн харваа ухаан төвлөрүүлэхээс гадна баг хамт олноо хүндэтгэх, нөхөрлөлийг батжуулдаг. Нэг багийнхан ямар ч үед зовлон жаргалаа байнга хуваалцдаг, Ахмадуудаа их хүндэтгэнэ. Харваж байгаа үед архи уухыг цээрлэнэ. Энэ спортын амжилтын үндэс нь баг хамт олны сэтгэл зүйн бэлтгэлтэй холбоотой. Эр хүний жудаг, эрэмбэ дараа, нэгдмэл санаа хамгийн чухал. Залуу үедээ энэ бүхнийг суулгаж өгөх хэрэгтэй. Шагайчид "най" гэж ярьдаг. "Най" сайхан таарч, нэгдэж байж амжилтанд хүрнэ. Энэ нь баг хамт олны эв нэгдлийг л хэлж байгаа юм. Баг хамт олныг удирдаж явна гэдэг маш том хариуцлага байдаг.

Танд "гарын шавь" байдаг уу. Хүүхдүүдээс  чинь энэ спортоор хичээллэдэг үү.

Би 2 хүүтэй. Том хүү шагайн "Монгол Улсын дэд мэргэн", бага хүү "Гарамгай мэргэн" цолтой. Хүүхдүүд өөрсдөө сонирхож энэ спортод орсон. Би тэг, ингэ гэж зааж зааварласан юмгүй. Өөрсдөө л энэ агуу сайхан спортоор хичээллэе гэж санаа шулуудсан. Хүүхдүүд маань чамгүй амжилт гаргаж байна.

Таныг Нийслэлийн прокурорын газарт шагайн спортын дугуйлан хичээллүүлж байгаа гэсэн. Дугуйланд хичнээн хүн хамрагдаж байна.

Залуучууд шагайн спортоор хичээл заалгая гэж саналаа ирүүлсэн юм билээ. Нийслэлийн прокурорын газрын төлөвлөгөөнд ч орсон. Манай Тамгын дарга надад "...залуучуудад шагайн спортын анхан шатны мэдэгдэхүүн олгож, зааж өгөөч" гэдэг санал тавьсан юм. Одоогоор Баянгол дүүргээс бусад дүүргүүд хамрагдаж байгаа. 3 сарын эхээр хичээллэж эхэлсэн. Нийтдээ 8 долоо хоног хичээллэхэд 11 хүн хамрагдсан. Бид 7 хоногт 2 удаа цугларч, орой 21 хүртэл хичээллэдэг байсан. Залуучууд маань гайгүй сайхан тоглож, сураад байгаа.

Шагайн спортын хэрэглэл гэж ямар зүйл байдаг вэ. Мэдээж шагай байна байх.

Шагайн харвааны зэмсэг хэрэгсэл нь улам урлаг талдаа болсоор байна. Өнөөгийн харваачид ур, хийц сайтай, ховор нандин, үнэт зүйлээр урлан хийсэн зүйлүүдийг хэрэглэдэг болсон. Хашлага ,сум, хасаа, зурхай, тохой, аравч, сэнтий, байц, хурууны боолт, чавх гэсэн зүйлүүдийг хэрэглэдэг.

Хашлага гэдэг нь суман, ум хар, зандан, агар, яшил, сэндэн зэрэг ховор үнэт модоор хийсэн зүйлийг харваачид барина. Хашлага гэдэг нь няслах сумаа дээр нь байршуулж, хасаа /шагай/-г онохоор чиглүүлэхэд зориулсан модон зэмсэг юм. Түүнийг ясаар болон цагаан өнгийн нийлэг эдээр янз бүрээр чимэглэдэг.Сумыг байгалийн жамаар унасан бугын эврийн доод хэсэг /тав/-ээр дөрвөлжин, дугуй хэлбэртэй хийдэг. Сум нь харваач хашлаган дээрээс түүнийг нясалж хасаа /шагай/-г оноход зориулсан зүйл. Хасаа гэдэг нь хув, зааны соёо, бугын эврийн үзүүр зэрэг ховор зүйлээр урласан зүйл юм. Хасаа нь харваач хашлага дээрээс сумаа нясалж онох зорилготой Зурхай нь хасаагаа өрөх зориулалттай дөрвөлжин мод юм. Зурхайг агар, суман, сүүүлийн үед үнэт мод ховордсоноос урд зүгийн хүрэн мод зэрэг сайхан өнгө, үнэртэй юмуу эсвэл маш хатуу модоор урладаг. Тохойгхатуу модоор урладаг 4 талтай урт нарийвтар зүйл. Аравч нь зурхайнаас ойсон сум ар талд буй аравч модонд хүрэхэд сайхан хүнгэнэсэн дуу гардаг хайрцаг юм. Энэ хайрцгийг "мод” гэж нэрлэж заншсан. Энэхүү мод дотроо зурхай, хасаа,тохой зэргээ хийж хадгалдаг. Өрц/сэнтий/гэдэг нь зурхайг тавихад зориулсан дөрвөлжин суурь юм. Өрцийг хүрэн улаан өнгийн хамба хилэн мэтийн зузаан даавуугаар бүрж, урд талд нь үндэсний хээг урлаж наадаг.Байц нь хасаа өрж буй харваач, мөн сум тавиагүй харваач нар суухад зориулагдсан жижиг урт нарийхан хивс, ширдэг юм. Харваач сум тавихын өмнө харвах хуруугаа нарийвтар арзгар даавууг цавуудаж бооно. Үүнийг хурууны боолт гэнэ. Чавх гэж байна. Чавхыг мөн л хатуу сайхан модоор маш нарийн ур гарган хийдэг бөгөөд овоо, хараатай, нумтай. Сум нь хэлхээ сумтай мөрлөж харвадаг зүйл юм.

Дээр үеээс уламжлагдаж ирсэн шагайн хэрэгсэл байна уу. Та ямар зурхай хэрэглэдэг бэ?

Сүүлийн үед шагайн спорт хөгжиж сум хэрэглэл сайжирсан байна. Халуун орны улаан зандан, хүрэн суман хашлага, буу, агар зандан тохой, говийн яшил зандан зурхай зэрэг ховор нандин шагайн хэрэгсэлүүд байна. Мөн сүүлийн үеийн үзэмжтэй шахмал хасаа хэрэглэдэг болж. Ер нь дээр үед сайхан жижиг хуван хасаа, мөн бугын эврээр хийсэн хасааг хэрэглэдэг байсан гэдэг. Эдгээр нь мм-ээр хэмжигдэх жижигхэн. Шагайн холбооны их хурлаар, дүрмийг баталж хасааны хэмжээг тогтоож өгсөн. Яг тэр хэмжээтэй хасаагаар тоголно. Надад Лаосын улаан зандан зурхай байгаа. Их ховор эд дээ.

Ямар сайхан нарийн нандин эдлэл бэ. Эмэгтэй хүн шагайн спортоор хичээллэж болдог уу.

Шагайчид хэдэн сараар тойром тойроод дамжаад явдаг, өмсөж явсан цамц нь цардсан юм шиг хөлсөндөө хатуурчихдаг байсан гэж дээр үеийн өвгөчүүл ярьдаг. Шагайн хэрэгсэл маш ариун, нандин зүйл. Хашлага дээр юм тавих хориотой, эмэгтэй хүн хашлага, сандал дээр суухгүй гэх мэтчилэн их дэгтэй. Шагайн харвааг маш их мэдрэмжийн, сэтгэл зүйн бэлтгэлтэй хүн тоглоно. Дандаа эрэгтэй хүн тоголдог. Эмэгтэй хүн зурхай, аравч, хашлага сүмд ч хүрэхийг цээрлэдэг. Одоо бол эмэгтэй хүн сонирхож л байдаг юм. Гэхдээ тэмцээнд ордоггүй. Дээр үеийн хүмүүс дэг жаягийг дээдэлж, эрхэмлэж байж л амжилт гаргана гэж ярьдаг байсан.

Прокурорын салбарт таниас өөр шагай тоглодог хүн байгаа юу.

Хууль хяналтын байгууллага гэвэл цагдаагаас их олон хүн байдаг, Онцгой байдлаас ч байна. Яг прокуророос гэвэл Дорнодод Арсланбаатар гэж сайхан харвадаг залуу байна.

Танай баг наадмын бэлтгэлдээ гарчихсан уу.

Ер нь бол өдөр тутмын бэлтгэлтэй байдаг. Энэ сарын 7-ноос нэгдсэн бэлтгэлээ хийнэ дээ. Санхүүгийн хүндрэл байна. Багуудыг компаниуд ивээн тэтгэдэг болсон. Багийн 5 хүн нийлээд бэлтгэлд гархад доод тал нь 2.5 сая төгрөг хэрэгтэй болно. Улсын баяр наадамд харьцангуй бага 1.8 орчим зардал гарна. Ер нь ивээн тэтгэгчтэй байж, бэлтгэл сайн хийж амжилт гаргана.

Шагайн спортын төлөө гэсэн сэтгэлтэй компани, хувь хүмүүс их ивээн тэтгэдэг болсон. Тухайлбал: Наадам тэмцээнд Өмнөговь аймгийн Түвшинбаяр ахлагчтай баг их сайн үзүүлэлт гаргаж байна. Ажнай корпорацийн нэр дээр тоглодог. Ажнайгийн Д.Бат-Эрдэнэ шагайн спортын төлөө их зүйл хийж байгаа хүн дээ. Манай багийн хувьд Дарханд байхад найз нөхөд, байгууллага тодорхой хэмжээгээр ивээн тэтгэдэг байсан. Яг одоо бол бид ивээн тэтгэгчгүй явж байна. Санхүүдээ баригдаад багаар тэр бүр бэлтгэлд гарч чаддагүй юм.

"Үлэмж дархан мэргэн"Ж.Баярсүрэнгийн баг"-т одоо ямар хүмүүс байна бэ?

2009 оноос эхлээд энэ багийг ахалж явна. Дарханд байх үеийн багаас 3-4 хүн байна. Бусад нь амьдралын шаардлагаар ийш тийшээ шилжээд явсан. Одоо Дорноговь аймгийн Хөвсгөл сумын яг нэг сумын залуучууд манай багт ороод явж байна даа.

Таны төрсөн нутаг усны талаар сонирхмоор санагдлаа. Говь нутгийн олон сайн багууд байдаг гэлээ. Энэ нь нутгийн онцлогтой холбоотой байдаг юмуу.

Би Улаанбаатар хотод төрсөн, Дорноговь аймагт өссөн, Аав ээж 2 маань Дорноговь аймгийн харьяат. 1983 онд нутгаасаа гарсан. Говь нутгийнхан их сайн тоглож байгаа. Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийн харваачид их сайжирсан. Дорноговийн Отгонбаярын баг гэж сайн баг байна. Их шөвөгт байнга үлддэг баг. Ер нь тэмцээн болоход Дорноговь аймгаас дор хаяхад 10 гаруй баг ирнэ шүү.

Өмнөговь аймгийн Түвшинбаяр ахлагчтай баг байна. Үнэхээр сайн залуучууд. Эрдэнэбаатарын баг гээд байна. Халхын том том харваачид говиос төрсөн. Дорноговь аймгийн Айраг сумын Дөш гэж халхын сайхан харваач байлаа. Морь сайн уургална, бугуйлдана, шагай сайхан харвана, бөх барилдана. Өмнөговь аймгийн Гаадан, Дундговьд Нямсүрэн гээд сайн сайн харваачид байна. Сүүлийн үед залуучууд энэ спортод их орж байна. 2 жилийн өмнө Нисэхийн спорт комплекс дээр тэмцээн болсон. Тэнд 101 багийн 1000 гаран харваачид цугларсан. Энэ нь шагайн спорын түүхэнд байхгүй олон баг орсон тэмцээн болсон. Ер нь одоо тэмцээн болоход доод тал нь 60-с дээш баг цугларна. Хуучин биднийг амжилт гаргаж байх үед зөвхөн тулаа 2 хасаанд тоголдог байсан. Одоо 2014 оноос шагайн холбооны дүрмээр дандаа нэг тал 15 хасаа, 2 багийн 30 хасаа зурхай дээрээ өрж тоглодог болсон. Манай шагайн холбооноос энэ жил төрийн их наадамд 80-с дээш баг орно гэж мэдээлэл хийсэн байна лээ. Улсын наадам, улсын аварга шалгаруулах гээд 2 удаа л цол олгодог юм.

Таныг Шагайн холбооны тэргүүлэгч, ёс зүйн хорооны гишүүн гэж сонссон. Ер нь шагайн холбооны гишүүнчлэлтэй хэдэн хүн байна.

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харваач Монгол Улсын үлэмж дархан мэргэн Басхүү гэж хүн бий. Шагайн холбооны тэргүүн, нарийн бичгийн дарга хийж байсан. Энэ хүн 1992 онд шагайн спортыг Улсын их баяр наадамд нэг төрөл болгон оруулсан гавьяатай. Үүнээс хойш Монгол наадам морь, бөх, нум сум, шагайн харваа гэж 4 төрөлтэй болсон. Ер нь шагайн холбоонд шагай сонирхож байгаа бүх хүн байгаадаа. Хотод ирдэггүй боловч орон нутагтаа сайхан тоглодог хүмүүс байна. Алс холын аймгаас зардлаас болоод ирж чадахгүй багууд байна. Монголын Шагайн харвааны холбоо /МШХХ/ нь 1987 онд анх байгуулагдсан. 1998 онд Хууль зүйн яаманд албан ёсоор бүртгүүлж төрийн бус байгууллага болж, 2014 оны 5 дугаар сард хуралдсан холбооны IV-р Их хурлаар Шагайн харвааны дүрэм, заавар, холбооны бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталсан. Нийслэл болон 21 аймагт Шагайн харвааны салбар холбоо, мөн гадаадын тухайлбал АНУ, ОХУ, БНСУ, Швед зэрэг орнуудад салбар холбоо, Бельги улс болон 130 гаруй сумдуудад салбар зөвлөлтэй. МШХХ нь нийт 18,000 гаруй харваачидтай гэж манай сайтанд бичигдсэн байна.

Улсын баяр наадам, УАШТ, "Монгол бахархалын өдөр”-өөр зохиогддог тэмцээнд эхний 3 байр эзэлсэн баг, харваачдад тусгай журмын дагуу "Дэд мэргэн”, "Мэргэн”, "Гарамгай мэргэн”, "Дархан мэргэн”, "Үлэмж дархан мэргэн” цол, энгэрийн тэмдэг, малгайн тэмдэг, залааг тус холбооноос олгодог.

2014 оны 11 сарын 27-ны өдөр Францын Парис хотноо 24 орны Засгийн газар хоорондын хороо хуралдаж, Шагайн харвааг бүртгэх асуудлыг хэлэлцэж 100%-ийн саналаар Шагайн харвааг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтөний Соёлын биет бус өвийн "Төлөөллийн жагсаалт”-д бүртгэн тунхагласан. "БАТЛАМЖ”-ыг 2015 оны 2 сарын 27-нд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссоос тус холбоонд хүндэтгэлтэйгээр гардуулан өгсөн юм.

 

Сүүлийн үед хүмүүс шагай их цуглуулах болсон байна. Олон зүйлд ч хэрэглэдэг болж. Та өөрөө шагайн цуглуулгатай юу.

Шагайгаар тоглодог олон төрлийн наадгай байна. Хүмүүс шагайг их цуглуулдаг болж. Би нэг их цуглуулаад байдаггүй. Ер нь шагай тоглох нь хөдөлгөөн их шаарддаг, эрүүл мэндийн талаас их сайн. Босч суух, хасаагаа шиднэ, авна гээд их хөдөлгөөн шаардана. Үндэсний баяр наадмын төрөлд орсон шагайн харваа өдөржин, шөнөжин тоглохыг эс тооцвол биеийн эрүүл мэндэд сайн болохыг спортын анагаах ухааныхан тогтоосон. Тухайлбал: Нэг удаагийн тойромд оролцсон харваач 350-410 удаа босч суун, өдөр бүр 2,5-3 км газар явган явсан тооцоо байдаг.

Бидний урилгыг хүлээн авч сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа. Ажил, амьдрал, спортод чинь өндөр амжилт хүсье.

Та бүхэндээ ч баярлалаа. Тулгар төр байгуулагдсаны 225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярын мэндийг нийт прокурорын байгууллагын хамт олондоо хүргэе. Шагай харваа олон сайхан монгол эрчүүдийг зөв шийдвэр гаргаж оюун ухаан, хүч чадлаа төлөрүүлэхэд үеийн үед түшиг болсон гэдэгт эргэлздэггүй.

Шагайн уухай шуранхайлж, оноо бүрэн, хараа хурц байх болтугай.

 

Та бүхэн сайхан наадаарай.

Ярилцсан: Ц.Өлзийжаргал

 

Ж.БАЯРСҮРЭН: ШАГАЙ БОЛ ЭР ХҮНИЙ ЖУДАГ ЗААСАН МАШ ИХ ЁС ЖАЯГТАЙ ТОГЛООМ
Ж.БАЯРСҮРЭН: ШАГАЙ БОЛ ЭР ХҮНИЙ ЖУДАГ ЗААСАН МАШ ИХ ЁС ЖАЯГТАЙ ТОГЛООМ
Ж.БАЯРСҮРЭН: ШАГАЙ БОЛ ЭР ХҮНИЙ ЖУДАГ ЗААСАН МАШ ИХ ЁС ЖАЯГТАЙ ТОГЛООМ
Ж.БАЯРСҮРЭН: ШАГАЙ БОЛ ЭР ХҮНИЙ ЖУДАГ ЗААСАН МАШ ИХ ЁС ЖАЯГТАЙ ТОГЛООМ
Ж.БАЯРСҮРЭН: ШАГАЙ БОЛ ЭР ХҮНИЙ ЖУДАГ ЗААСАН МАШ ИХ ЁС ЖАЯГТАЙ ТОГЛООМ
Ж.БАЯРСҮРЭН: ШАГАЙ БОЛ ЭР ХҮНИЙ ЖУДАГ ЗААСАН МАШ ИХ ЁС ЖАЯГТАЙ ТОГЛООМ
Ж.БАЯРСҮРЭН: ШАГАЙ БОЛ ЭР ХҮНИЙ ЖУДАГ ЗААСАН МАШ ИХ ЁС ЖАЯГТАЙ ТОГЛООМ
Ж.БАЯРСҮРЭН: ШАГАЙ БОЛ ЭР ХҮНИЙ ЖУДАГ ЗААСАН МАШ ИХ ЁС ЖАЯГТАЙ ТОГЛООМ
Ж.БАЯРСҮРЭН: ШАГАЙ БОЛ ЭР ХҮНИЙ ЖУДАГ ЗААСАН МАШ ИХ ЁС ЖАЯГТАЙ ТОГЛООМ
Ж.БАЯРСҮРЭН: ШАГАЙ БОЛ ЭР ХҮНИЙ ЖУДАГ ЗААСАН МАШ ИХ ЁС ЖАЯГТАЙ ТОГЛООМ
Ж.БАЯРСҮРЭН: ШАГАЙ БОЛ ЭР ХҮНИЙ ЖУДАГ ЗААСАН МАШ ИХ ЁС ЖАЯГТАЙ ТОГЛООМ
Ж.БАЯРСҮРЭН: ШАГАЙ БОЛ ЭР ХҮНИЙ ЖУДАГ ЗААСАН МАШ ИХ ЁС ЖАЯГТАЙ ТОГЛООМ
Ж.БАЯРСҮРЭН: ШАГАЙ БОЛ ЭР ХҮНИЙ ЖУДАГ ЗААСАН МАШ ИХ ЁС ЖАЯГТАЙ ТОГЛООМ
Ж.БАЯРСҮРЭН: ШАГАЙ БОЛ ЭР ХҮНИЙ ЖУДАГ ЗААСАН МАШ ИХ ЁС ЖАЯГТАЙ ТОГЛООМ
Ж.БАЯРСҮРЭН: ШАГАЙ БОЛ ЭР ХҮНИЙ ЖУДАГ ЗААСАН МАШ ИХ ЁС ЖАЯГТАЙ ТОГЛООМ
Ж.БАЯРСҮРЭН: ШАГАЙ БОЛ ЭР ХҮНИЙ ЖУДАГ ЗААСАН МАШ ИХ ЁС ЖАЯГТАЙ ТОГЛООМ
Ж.БАЯРСҮРЭН: ШАГАЙ БОЛ ЭР ХҮНИЙ ЖУДАГ ЗААСАН МАШ ИХ ЁС ЖАЯГТАЙ ТОГЛООМ
Ж.БАЯРСҮРЭН: ШАГАЙ БОЛ ЭР ХҮНИЙ ЖУДАГ ЗААСАН МАШ ИХ ЁС ЖАЯГТАЙ ТОГЛООМ
Ж.БАЯРСҮРЭН: ШАГАЙ БОЛ ЭР ХҮНИЙ ЖУДАГ ЗААСАН МАШ ИХ ЁС ЖАЯГТАЙ ТОГЛООМ
Ж.БАЯРСҮРЭН: ШАГАЙ БОЛ ЭР ХҮНИЙ ЖУДАГ ЗААСАН МАШ ИХ ЁС ЖАЯГТАЙ ТОГЛООМ
Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
164
Өчигдөр
142
7 хоногт
1711
Сүүлийн сард
8053
Сүүлийн жилд
81866
Нийт хандалт
196096