Эхлэл Мэдээ мэдээлэл

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАЖЭЭ

Увс аймгийн прокурорын газраас тухайн орон нутгийн эрүү болон зөрчлийн нөхцөл байдлыг энэ оны эхний хагас жилийн байдлаар судлан, судалгааны дүнд үндэслэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Тус аймагт энэ оны эхний хагас жилд гарсан нийт зөрчлийн 62 хувь нь Улаангом суманд үйлдэгдсэн бол дийлэнх хувийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүрээлэн буй орчны эсрэг хууль, тогтоомж зөрчих зөрчил эзэлж байна. Судалгааны дүнд үндэслэн Увс аймгийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зурагт хуудас гаргаж, аймгийн Цагдаагийн газартай хамтран Улаангом сум руу орж гарах замын постууд, Увс, Хяргас нуурын орчмоор амарч байгаа иргэд, аж ахуй нэгжүүдэд тараажээ.

 

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар Улаангом сумын багийн засаг дарга нартай уулзалт зохион байгуулж, аймгийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Иргэдийн хурлын даргад танилцуулга хүргүүлсэн байна.