Эхлэл Мэдээ мэдээлэл

Б.ЧОЙЖИЛСҮРЭН: ПРОКУРОРЫН АЛБА АЖИЛ ИХТЭЙ, ШААРДЛАГА ӨНДӨРТЭЙ БАЙДАГ

Монгол Улсад прокурорын байгууллага үүсч байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд уг албанд нэр төртэй ажиллаж байгаа прокуроруудад төрийн шагнал хүртээв. Энэ үеэр Алтангадас одонгоор энгэрээ мялаалгасан, ахмад прокурор  Б.Чойжилсүрэнтэй ярилцаж, баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.

Юуны өмнө таньд баяр хүргэе. Прокурорын албанд хэдэн жил зүтгэж байна вэ? 

Баярлалаа. 90 жилийн ойн босгон дээр төрийн дээд одон медалиар шагнуулсандаа баяртай байна. Баяр хөөр бялахаад хэлэх ч үг олдохгүй юм.

Прокурорын байгууллагатай ажил амьдралаа холбосон түүхээсээ хуваалцаач. Хуульч мэргэжлийг яагаад сонгох болсон бэ?

Би 1990 онд хуучнаар ЗХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа В.И.Лениний нэрэмжит Цэрэг-Улс төрийн академийг төгсөөд Цэргийн ерөнхий прокурорын газарт томилогдон ирж байлаа. Эндээс намайг Дорнод аймгийн Гарнизоны цэргийн прокурорын мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан туслах прокуророор томилсон юм. Энэ үеэс прокурорын байгууллагад ажиллах ажлын гараа эхэлсэн дээ.

Миний хувьд хуульч болно гэж урьдчилан төлөвлөгдөөгүй байсан. Цэргийн алба хаах хугацаанд бага даргын бүх үе шаттай ажлуудыг хийсэн юм. Салаан орлогчоос эхлээд ротын захирагч, заставын дарга хүртэл хийж явлаа. Энэ хугацаанд тухайн ангидаа тэргүүний алба хаагчаар тодорхойлогдож явсан. Ингээд Батлан хамгаалах яамны Улс төрийн газраас намайг Орост сургуульд явуулахаар шийдвэрлэсэн. В.И.Лениний нэрэмжит Цэрэг-Улс төрийн академи чинь зөвхөн офицерууд авдаг байсан бол гэнэт сонсогч авахаар болсон юм шиг байгаа юм. Иймд намын тэргүүний гишүүн цэргийн алба хаагчдаа явуулахаар Батлан хамгаалах яамнаас нэр бүхий дөрвөн хугацаат цэргийн алба хаагчдыг сонгож хуваарилсанд миний нэр орсон. Ингээд л Москва хот руу хуулийн сургуульд явчихсан даа. Энэ нь ч надад их зохиж, оносон. 

Би прокурорын байгууллагад үндсэндээ 29 жил ажилласан байна. Өнгөрсөн жил тэтгэвэртээ гарсан. Прокурорын албанд зүтгэнэ гэдэг өндөр нэр хүндтэй, тун хариуцлагатай ажил. Бас маш хүнд ажил юм шүү. Хүний хувь заяаг хуулийн дагуу зөв шийдвэрлэнэ гэдэг амаргүй шүү дээ. Хүнээс их мэдлэг чадвар, хичээл зүтгэл, хүч хөдөлмөр шаардана. Энэ байгууллагад би 30 шахам жил ажиллахдаа аймаг, дүүргийн прокурор, бусад хяналтын прокурор, ахлах прокурорын байвал зохих албан тушаалуудад ажиллаж ирж, дадлага туршлага эзэмшсэн байна. Ажиллаж байх хугацаанд нэр нөлөө бүхий, өндөр дадлага туршлагатай ахмад прокуроруудаас их зүйл сурчээ. Үүнд Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Д.Цэрэнпалтав прокурорыг дурдахад таатай байна. Би Сүхбаатар аймагт энэ хүний орлогчоор ажиллах хугацаанд мөн ч их зүйл сурсан даа. Ахмадуудынхаа зааж сургасны дагуу ажлаа нэг ч алдаа мадаггүй гүйцэтгэж ирлээ.

Та ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих прокуророор сүүлийн 10 гаруй жил ажиллажээ. Таны энэ алба үүрэгт дэвшил хэрхэн гарсан бэ?

-1993 онд Цэргийн ерөнхий прокурор улсын хэмжээнд татан буугдаж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт ороход Дорнод аймгийн прокурорын газарт хяналтын прокуророор орж ажилласан юм. Энд мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуророор хоёр жил ажиллаад 1995 онд Сүрхбаатар аймгийн Прокурорын газрын орлогч прокуророор томилогдож хоёр жил ажилласан. Улмаар 1997 онд тус аймгийн прокуророор томилогдон 2001 он хүртэл ажиллаа. Мөн Хан-Уул дүүргийн прокуророор томилогдон ажиллаж байсан. 2003 онд нийслэлийн прокурорын газарт ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор, ахлах прокурор гэх зэргээр энэ чиглэлд 13 жил тасралтгүй ажиллаж ирлээ.

Шүүхийн оногдуулсан хорих болон хорихоос өөр төрлийн ялыг эдлүүлэх байгууллагын үйл ажиллагаа хууль журманд хэрхэн нийцэж байна уу гэдэгт хяналт тавьдаг. Ер нь Улсын Ерөнхий прокурорын шаардлага, шинээр батлагдсан хууль зэрэгт нийцүүлээд үзэхэд ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт, шаардлага их өндөр болсон. Ял эдлүүлэх ажиллагаа нь хууль, зохих журмынхаа дагуу бусдад ял завшуулахгүй байх, шүүхээс оногдуулсан ял биелэгдэх нь зайлшгүй байх зарчмыг хэрэгжүүлэхэд нэлээн чадвар, хүч хөдөлмөр шаардагддаг.

Одоо чөлөөндөө гараад ямар ажил албатай байна вэ?

-Өнгөрсөн жил тэтгэвэртээ гарсан. Гэхдээ хуулийнхаа ажлыг орхиогүй. Өмгөөлөгч хийгээд явж байна. Ажлаа хийгээд явж байх хугацаандаа шинээр батлагдаж байгаа Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв ойлгож, зөв хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. 

Энэ мэргэжлийн онцлог юу вэ?

-Ер нь их зарчимч, тухайн салбарын дарга нарын өгсөн үүрэг даалгавар, чиглэлийг нарийн чанд мөрдөж хэрэгжүүлдэг, түүний гүйцэтгэлд тавих хяналт өндөр байдаг газар л даа. Тийм учраас прокурорын байгууллага ажил ихтэй, шаардлага өндөртэй байдаг. Түүхт байгууллагынхаа 90 жилийн ойг тохиолдуулан танай сониноор дамжуулаад прокурорын байгууллагын нийт ажилтан алба хаагчдад баярын мэнд хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх сурвалж: "Өдрийн сонин"