Эхлэл Мэдээ мэдээлэл

БАГАНУУР ДҮҮРЭГТ “ЭРҮҮЛ ГЭР БҮЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Багануур дүүргийн прокурорын газраас санаачлан тус дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран “Эрүүл гэр бүлийн төлөө хамтдаа” сэдэвт нөлөөллийн арга хэмжээг 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд зохион байгуулж байна.

Тус арга хэмжээг гэр бүлийн эрүүл аюулгүй орчинг бий болгох, гэр бүлийн гишүүдийн хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, гэр бүлийн үнэ цэнэ, тогтвортой харилцааг төлөвшүүлэн, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах зорилгоор дүүргийн 5 хорооны иргэдийг хамруулан, 2 үе шаттайгаар зохион байгуулж байгаа ажээ.

Нэгдүгээр үе шатанд “Гэр бүлийн хүчирхийллийн өнөөгийн тоон мэдээлэл”, “Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт”, “Гэр бүлийн хүчирхийлэл ба эрүүл харилцаа” сэдвүүдээр 1, 5 дугаар хорооны иргэдэд сургалт зохион байгуулсан байна.

Одоо уг арга хэмжээний хоёрдугаар үе шат эхэлж байгаа бөгөөд  2, 3, 4 дүгээр хорооны иргэдэд дээрх сэдвүүдээр сургалт зохион байгуулж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд сургалтад оролцсон иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, холбон зуучлах үйлчилгээнд хамруулах, мониторинг хийх, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Мөн тус дүүргийн прокурорын газраас хороодын “Хамтарсан баг”-ийн үйл ажиллагааг сайжруулах, тэнд ажиллаж байгаа албан тушаалтнуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор хамтарсан зөвлөгөөн зохион байгуулахаар болсон байна.