Эхлэл Мэдээ мэдээлэл

ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Монгол Улсад Прокурорын байгууллага байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан улсын хэмжээнд зохион байгуулсан “Прокурорын хяналтыг боловсронгуй болгох нь” сэдэвт шилдэг илтгэлийн болон “Прокурорын хяналтын жишиг эрх зүйн хэлбэр” шалгаруулах уралдааны шилдэг оролцогчид, “ПРОКУРОР-90” нэгдсэн аянд шалгарсан прокурорын газруудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2020.10.19/ Улсын Ерөнхий прокурорын газарт боллоо.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн дарга, гишүүд болон Тээвэр, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорууд оролцсон юм.

Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан Прокурорын байгууллага үүсэж байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан зохион байгуулсан уралдаан, нэгдсэн арга хэмжээнд шалгарсан оролцогчдод өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.

“Прокурорын хяналтыг боловсронгуй болгох нь” сэдэвт шилдэг илтгэлийн уралдаанд 1 дүгээр байранд  Дархан-Уул аймгийн прокурорын газрын ахлах прокурор Б.Сүрмандах, 2 дугаар байранд судлаач С.Асланбек, 3 дугаар байранд МУИС-ийн докторант С.Номынбаясгалан, тусгай байранд өмгөөлөгч Ж.Батмөнх, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямбат нар;

“Прокурорын хяналтын жишиг эрх зүйн хэлбэр” шалгаруулах уралдааны Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр  “Прокурорын дүгнэлт” төрөлд 1 дүгээр байранд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Энхтунгалаг, 2 дугаар байранд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Уянга, 3 дугаар байранд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Нямжав;

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол” төрөлд 1 дүгээр байранд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сүхбат, 2 дугаар байранд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Үүлэн, 3 дугаар байранд Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цогтбаяр;

“Прокурорын даалгавар” төрөлд 1 дүгээр байранд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалай, 2 дугаар байранд Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа, 3 дугаар байранд Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Алтай;

“Прокурорын яллах дүгнэлт” төрөлд 1 дүгээр байранд Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд, 2 дугаар байранд Тээврийн прокурорын газрын ахлах прокурор Т.Серикжан, 3 дугаар байранд Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболд;

Шүүхэд төрийг төлөөлөх ажлын чиглэлээр “Прокурорын эсэргүүцэл” төрөлд 1 дүгээр байранд Архангай аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ш.Наранчимэг, 2 дугаар байранд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэг, 3 дугаар байранд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Соёлмаа;

Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр “Прокурорын дүгнэлт” төрөлд 1 дүгээр байранд Баянзүрх дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Т.Жаргалсайхан,  2 дугаар байранд Багануур дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Н.Ихбаяр, 3 дугаар байранд Дорноговь аймгийн прокурорын газрын ахлах прокурор Г.Ганцэцэг;

Прокурорын хяналтын чанар, үр дүнг дээшлүүлэх зорилгоор улсын хэмжээнд зохион байгуулсан “ПРОКУРОР-90” нэгдсэн аянд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хяналтын ажлын чанар, хүрсэн үр дүнгээрээ 1 дүгээр байранд Сонгинохайрхан дүүргийн прокурор газар, 2 дугаар байранд Баянзүрх дүүргийн прокурорын газар, 3 дугаар байранд Төв аймгийн прокурорын газар, 4 дүгээр байранд Орхон аймгийн прокурорын газар, 5 дугаар байранд Нийслэлийн прокурорын газар тус тус шалгарсан юм.

Дархан-Уул аймгийн прокурорын газрын ахлах прокурор Б.Сүрмандах:

Прокурорын байгууллагын 90 жилийн ойд зориулсан “Прокурорын хяналтыг боловсронгуй болгох нь” илтгэлийн уралдаанд “Прокурор иргэний хэрэгт оролцох оролцоо, гадаад орнуудын туршлага” гэсэн агуулгаар илтгэлээ бичиж оролцсон.  Би прокурорын байгууллагад 16 жил ажиллаж байна. 90 жилийн ойн арга хэмжээний үеэр зохион байгуулагдсан уралдаанд тэргүүн байр эзэлсэндээ баяртай байна.

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Энхтунгалаг:

Захиргааны хэргийн шүүхэд Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсанд прокурорын дүгнэлт бичсэн. Шүүхээс прокурорын дүгнэлтийн буюу шийтгэл оногдуулсан хуулийн зүйл заалт буруу гэсэн үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ дүгнэлтээрээ уралдаанд оролцож түрүүлсэндээ баяртай байна.

Судлаач С.Асланбек:

Прокурорын байгууллагын 90 жилийн ойд зориулсан илтгэлийн уралдаанд оролцсондоо баяртай байна. Миний хувьд илтгэлээ “Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор хяналт тавих нь Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан Прокурорын ерөнхий хяналт гэсэн зарчмыг зөрчиж байгаа” гэсэн талаас нь бичсэн. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмаар явагдах ёстой гэсэн санааг тусгасан.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалай:

Би прокурорын байгууллагад 22 жил ажиллаж байна. Миний бичсэн прокурорын даалгавар уралдаанд шалгарсанд баяртай байна. Прокурорын даалгавар гэдэг нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын нэг гол үзүүлэлт юм. Даалгавар нь тухайн эрүүгийн хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэд хийлгэхэд чиглэгддэг эрх зүйн гол хэлбэр юм.