Эхлэл Мэдээ мэдээлэл

ЦАХИМ ОРЧИНД ЗАЛИЛУУЛАХГҮЙ БАЙХЫГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Хан-Уул дүүргийн прокурорын газраас тус дүүргийн хэмжээнд гарсан олон нийтийн цахим орчинд бусдад залилуулж хохирсон хэргүүдийг судалжээ.

Энэ оны эхний арван сарын байдлаар тус дүүрэг дэх Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэст дээрх төрлийн 106 хэрэг шалгагдсан бөгөөд 7,5 хувь нь хохирогчийн дансанд халдах, 24,5 хувь нь хуурамч фэйсбүүк хаягаар “байр түрээслүүлнэ, хямд бараа бүтээгдэхүүн, эд зүйл зарна” гэсэн зар тараах, 67,9 хувь нь бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтрэн найзуудад нь яаралтай мөнгөн тусламж гуйсан зурвас илгээх зэргээр дансаар мөнгө шилжүүлэн авч залилсан хэргүүд байна.

 Иргэд фэйсбүүк хаяг, интернет банкны  нууц үгээ гар утасны дугаар, төрсөн он, сар, өдөр, дэс дараалсан тоо, нэг тоог давтах зэрэг хялбар байдлаар зохиодог, фэйсбүүкээр шаардлагагүй линкүүд рүү ордог зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэгчдэд боломж олгож байгаа нь судалгаагаар тогтоогджээ.

 Иймд ИРГЭН та дээрх байдлаар бусдад залилан мэхлүүлэхээс урьдчилан сэргийлж цахим орчин дахь аюулгүй байдлаа хангах, мэдээллийн нууцлалаа хамгаалах, аливаа сэжигтэй зурвас, зар мэдээллийг сайтар  нягталж  байхыг сэрэмжлүүлж байна.