Эхлэл Мэдээ мэдээлэл

П.ДАВААСҮРЭН: САНХҮҮГИЙН ХЯМРАЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ГАРАХ ШАЛТГААН БОЛЖ БАЙНА

Баянзүрх дүүргийн прокурорын газар тус дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, шалтгаан нөхцөл, шийдвэрлэлтийг судалсан байна. Энэ талаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэнтэй ярилцлаа.

Баянзүрх дүүрэгт хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал ямар байна вэ?

 Баянзүрх дүүргийн  прокурорын газрын ерөнхий прокурорын баталсан удирдамжийн дагуу тус дүүргийн  нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, шалтгаан нөхцөл, илрүүлэлт, шийдвэрлэлтийг 2020 оны 3 дугаар улирлын байдлаар судаллаа.

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 1, 2, 3 дугаар хэлтэст энэ оны эхний гуравдугаар улирлын байдлаар хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн шинжтэй 204, зөрчлийн шинжтэй 1795 гомдол, мэдээлэл хүлээн авч, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 162, зөрчлийн 962 хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллээс 82 буюу 40,2 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, 10 буюу 4,9 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл юу байна вэ?

2020 он гарсаар гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл өсөх хандлагатай байгаа нь Covid-19 цар тахал өвчин гарсантай холбоотой удаан хугацаанд хөл хорионд байсан, коронавирусийн улмаас олон хүн ажилгүй болж, санхүүгийн хямралд өртсөнтэй холбоотой гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл гарах шалтгаан болж байгаагаас гадна эмэгтэйчүүд ажилгүйдэлд илүү өртөж байгаа нь эргээд нөхрөөсөө, эсвэл хамтран амьдрагчаасаа санхүүгийн хувьд хараат болох үндэслэл болж байгаа нь нэг шалтгаан болж байна. Хүүхдийн эрхтэй холбоотой зөрчил үйлдэгдэхэд ахуйн болон нийгмийн нөхцөл байдал ихээхэн нөлөөлж байна.

Ахуйн хүрээнд л гэхэд ар гэрийн амьдралын боломж нөхцөл тааруу байдал, ажилгүйдэл, архидалт, гэр бүлийн гишүүдийн хоорондын таарамжгүй харьцаа, хардалт, гэр бүл салалт, түүнчлэн хүүхдэд тавих хараа хяналт сул байдал зэрэг нь нөлөөлж байгаа бол нийгмийн хүрээнд хүүхдийн хүмүүжил, боловсролын байгууллага нь эрүүл ахуй, стандартын шаардлага хангаагүй орчинд үйл ажиллагаа явуулах, холбогдох дүрэм журам, стандартыг биелүүлдэггүй байдал зэрэг хүчин зүйлс нь хүүхдийн эрхийг зөрчигдөхөд хүргэж байна. Ялангуяа бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хувьд бага насны, насанд хүрээгүй эмэгтэй хүүхдүүд нь ойр дотны хүмүүсийн буюу ах, хойд эцэг гэх мэт хүмүүсийн халдлагад олонх нь өртсөн болох нь тогтоогдож байна. 

Хүүхэд хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн хувьд олонх нь таарамжгүй харилцаанаас болон шунахай сэдэл, нэгнийгээ дээрэлхэх байдлаас үүдэн гарсан байснаас гадна өөрийн хийж буй үйлдлээс гарах үр дагавар, учирч болох хор уршгийн талаар ойлголтгүй байдлаас гэмт хэрэгт холбогдсон байна.

Ямар төрлийн гэмт хэрэг, зөрчил хамгийн ихээр үйлдэгдэж байна вэ?

Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд заасан хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчлүүд буурахгүй байна. Тухайлбал: гэр бүлийн хүрээнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний зүгээс хүүхдийг зодох, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадах, хүүхдийг үл хайхрах, хүүхдийн дэргэд архидан согтуурах, хүчирхийлэл үйлдэх, хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчил дийлэнх хувийг эзэлж байна.

Хүүхдийн эрхийг зөрчсөнтэй холбоотой гэмт хэрэг үйлдэгдсэн газар нутгаар нь судалж үзэхэд Баянзүрх дүүргийн 1, 8, 11, 14, 16, 18, 21, 26, дугаар хороонд энэ төрлийн хэрэг, зөрчил хамгийн их үйлдэгдсэн байна. Эрүүгийн хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх/, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /хулгайлах/-т заасан гэмт хэргийн хохирогч болох явдал хамгийн их буюу нийт хэргийн 56,7 хувийг эзэлж байна.

Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд ямар арга хэмжээ авагдсан бэ?

Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хүүхдийн эрхийг зөрчин архидан согтуурсан, асран хамгаалах үүргээ биелүүлээгүй нийт 370 иргэнийг 111.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулаад байна.

Гэмт хэргийн хувьд хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхээр ял шийтгэлийг оногдуулж байгаа.

 Хүүхдийн эрхэд халдсан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлуудыг хийж байна вэ?

Баянзүрх дүүргийн прокурорын газраас дүүргийн нутаг дэвсгэрт хүүхдийн эрхийг зөрчсөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэд хэдэн ажлуудыг зохион байгуулсан. Үүнээс жишээ болгон дурдвал: Дүүргийн засаг даргын тушаалаар “Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо”-г байгуулсан, тус хороонд прокурорын байгууллагаас төлөөлөл болон оролцож байна. Түүнчлэн тус дүүргийн Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэстэй хамтран “Сургууль-Аюулгүй орчин”, “Хичээлийн шинэ жил”, “Өөрийгөө хамгаалъя”, “Цахим ертөнцийн зохистой хэрэглээ”, “Хараа хяналтгүй хүүхэд” зэрэг арга хэмжээг зохион байгуулж, “Гэр бүлийн хүчирхийлэл”, “Зөрчлийн тухай хууль”, “Зөв тусгал” зэрэг сэдвээр яриа таниулга хийж, нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулж ажилласан байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2020 оны 10 дугаар сард дангаараа тус дүүргийн 28 хорооны иргэдэд “Гэр бүлийн хүчирхийлэл” сэдвээр сургалт зохион байгуулж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, зочид буудал, нийтийн байр зэрэг нийт 169 аж ахуйн нэгжид шалгалт хийж, зөрчил дутагдлыг арилгуулах мэдэгдлийг өгч ажилласан байна. Цаашид ч энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх яриа таниулга, сургалт сурталчилгааг тогтмол хийж ажиллахаар төлөвлөж байгаа.

Мөн хүүхдийн эрх зөрчсөн болон гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэхдээ хүүхдийн дэргэд хүчирхийлэл үйлдэгдсэн эсэх нөхцөл байдлыг заавал шалгаж тогтоон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйл /Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих/ болон 6.20 дугаар зүйлийн /Хүүхдийн эрхийг зөрчих/ зохих хэсэг, заалтыг давхар зүйлчилж хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх ажлыг хэвшил болгосон. Энэ нь хүүхдийн эрх, ашиг сонирхол ахуйн хүрээнд нуугдмал байдлаар зөрчигдөж байгаа талаар тоо баримт бодитой гарах нөхцөл боломжийг бүрдүүлсний дээр хүүхдийн дэргэд аливаа хүчирхийлэл үйлдэгдэх, улмаар даамжирч хүүхдийн хүмүүжил төлөвшилт, сэтгэхүйд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлт байдлыг тодорхой хэмжээнд бууруулах, аливаа хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй арга хэмжээ юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин  2020.12.24 ПҮРЭВ № 247, 248 (6472, 6473)