Эхлэл Подкаст

ХУУЛЬ БУСААР АН АГНАХ ГЭМТ ХЭРЭГ, ХОР УРШГИЙН ТАЛААР

Про подкаст №34. УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Говь-Алтай аймгийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Оюунцэцэгтэй Хууль бусаар ан агнах гэмт хэрэг, хор уршгийн талаар ярилцлаа.

- Говь-Алтай аймгийн прокурорын газраас аймгийн хэмжээнд үйлдэгдсэн Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлөлтийг сүүлийн 10 жилийн байдлаар судалсан байна.

- Тус аймагт 2011 оноос хойш Хүрээлэн байгаа орчны эсрэг 57 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсан бөгөөд 2019, 2020 онуудад нийт 20 үйлдэгджээ.

- Говь-Алтай аймагт үйлдэгдэж байгаа Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн дийлэнх хувийг Хууль бусаар ан агнах гэмт хэрэг эзэлж байна.

 

- Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас байгаль экологи болон амьтны аймагт 382 сая орчим төгрөгийн хохирол учирснаас 138 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн.

- Говь-Алтай аймаг нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр улсдаа 2 дугаарт ордог. Тусгай хамгаалалттай газар нийт нутаг дэвсгэрийн 33.8 хувийг эзэлдгээрээ онцлог. Засгийн газрын тогтоолоор батлагдсан ховор амьтны жагсаалтын 76 зүйл амьтны 30 гаруй зүйл нь байдаг. Мазаалай, бөхөн, хар сүүлт зээр, янгир ямаа, цоохор ирвэс, зэгсний зэрлэг гахай зэрэг ховор амьтад байдаг.

- Улсын тусгай хамгаалалттай газар нутагт тархан нутагшиж байгаа амьтан, ховор, нэн ховор амьтны жагсаалтад багтсан амьтдыг агнах, барих, түүхий эдийг хадгалах, худалдах, худалдан авах, тээвэрлэх, зориудаар тэжээж гаршуулах, үржүүлэх, гадаад улсад гаргах, чихмэл, цуглуулга хийхийг хориглосон байдаг.

- Амьтны тухай хуульд зааснаар "нэн ховор амьтан" гэж тархац нутагтаа бүхэлдээ, эсхүл ихэнх хэсэгт тоо толгой эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтныг, "Ховор амьтан" гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг хэлдэг.

- Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 5 сая 400 мянган төгрөгөөс 27 хүртэлх сая төгрөгөөр торгох, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Холбоотой мэдээ