Эхлэл Мэдээ мэдээлэл

2021-12-28 16:39:30.0

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ХИЛ ОРЧМЫН ПРОКУРОРЫН ГАЗРУУДЫН ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхий прокурорын газар болон БНХАУ-ын Ардын дээд прокурорын газраас Монгол, Хятадын хил орчмын прокурорын газруудын хоорондын уулзалтыг цахимаар зохион байгууллаа.

Уулзалтад Монгол Улсын талаас Улсын ерөнхий прокурорын газар, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн прокурор газар, Замын-Үүд, Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын төлөөлөл оролцсон бол БНХАУ-ын талаас тус улсын Ардын дээд прокурорын газар, Өвөрмонголын Өөртөө засах орны Ардын прокурорын газар, мөн хил орчмын болон хил залгаа аймаг, хошууны прокурорын газруудын удирдлага, зохих хяналт хариуцсан прокурорууд оролцсон юм.

Хуралдаанаар хил орчмын экосистем, хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлыг онцлон хэлэлцсэн бөгөөд үүний дотор гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хил залгаа прокурорын газруудын цаашдын харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах талаар ярилцаж, харилцан санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхий прокурор болон БНХАУ-ын Ерөнхий прокурорууд хоёр улсын прокурорын байгууллага хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх үр дүнг сайжруулах, прокурор, ажилтанд зориулсан сургалтыг хамтран зохион байгуулах зэрэг олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр харилцан тохирч 2019 онд “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан бөгөөд тус уулзалтыг энэхүү гэрээний хүрээнд зохион байгуулсан юм.