Эхлэл Мэдээ мэдээлэл

2021-12-30 15:58:02.0

АЖЛЫН ХЭСГЭЭС 47 ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН БАЙНА

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдэж олны анхаарал татсан, мөн хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсгийг Улсын ерөнхий прокурорын тушаалаар энэ оны гуравдугаар сард байгуулсан.

Тус ажлын хэсгээс 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх  хугацаанд нийт 132 хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явц байдалтай танилцаж хянан, шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажилласны үр дүнд 72.7 хувийг нь шийдвэрлүүллээ. Тодруулбал, 47 хэргийг шүүхэд шилжүүлж, гэмт хэрэг үйлдэгдээгүй болох нь тогтоогдсон  хэрэг бүртгэлтийн 38 хэргийг хааж, 3 хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн 36.1 буюу 17 нь хууль хяналтын байгууллагын албан хаагч холбогдсон  хэрэг  байгаа бол дийлэнх буюу 42.8 хувь нь Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байна. Мөн 19.1 хувь нь Авлигын, 8.5 хувь нь Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг, 6.3 хувь нь Хүний амьд явах эрхийн эсрэг, 2.1 хувь нь Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүд байна. Харин Хүний эрүүл мэндийн эсрэг болон Хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг тус бүр 10.6 хувийг эзэлж байна.

Хэрэгсэхгүй болгосон хэргийн тухайд 1 хэргийг гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдсон үндэслэлээр, 2 хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар  шийдвэрлэжээ.

Улсын ерөнхий прокурорын газрын өргөдөл, гомдол хүлээн авах албанд эдгээр хэргүүдтэй холбоотой  ирүүлсэн 53 гомдол, хүсэлтийг хүлээн авч, 44 иргэнтэй биечлэн уулзаж санал хүсэлтийг нь сонссон байна.

Ажлын хэсгээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдэж олны анхаарал татсан, хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийн ихэнх хэсгийг шийдвэрлэсэн гэж үзэж, үлдсэн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай хийж гүйцэтгэн шийдвэрлүүлэхээр харьяа прокурорын газруудад хүргүүллээ.