Эхлэл Мэдээ мэдээлэл

2021-12-31 11:49:00.0

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН 2021 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдсэн хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсэг байгууллаа

Монгол Улсын Ерөнхий прокурор 2021 оны 3 дугаар сард  тушаал гаргаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдсэн хэргүүд болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагуудад шалгагдаж байгаа хууль, хяналтын байгууллагын нэр бүхий ажилтнуудтай холбоотой гомдол, мэдээлэл хэргийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсэг байгуулагдсанаас  хойш нийт 132 хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явц байдалтай танилцаж хянан, шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажилласны үр дүнд 72.7 хувийг нь шийдвэрлүүллээ.

ОХУ-ын Цэргийн ерөнхий прокурорын газрын төлөөлөгчид айлчлал хийлээ

Монгол Улсын Ерөнхий прокурорын урилгаар Оросын Холбооны Улсын Цэргийн ерөнхий прокурорын газрын төлөөлөгчид манай улсад ажил хэргийн айлчлал хийлээ. Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Оросын Холбооны Улсын Ерөнхий прокурорын орлогч, Цэргийн ерөнхий прокурор Петров Валерий Георгиевич тэргүүтэй, Дорнод цэргийн тойргийн прокурор, дэслэгч генерал Заряев Сергей Александрович болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзсан юм. Уулзалтаар хоёр улсын хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах ач холбогдлыг онцолж, Цэргийн албаны эсрэг гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа, прокурорын хяналтын ажлын чиглэлээр туршлага, мэдээлэл солилцсон.

Прокурорын байгууллага 17 дахь “Гавьяат хуульч”-аа угтан авлаа  

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, прокурорын байгууллагад идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Ц.Ариунболдыг “Гавьяат хуульч” цол, тэмдгээр шагналаа. Ц.Ариунболд прокурор нь 1986 онд Сэлэнгэ аймгийн прокурорын газарт хэсгийн прокуророор ажиллаж эхэлснээс хойш бүх шатны прокурорын газарт тасралтгүй 34 жил, тэр дундаа Улсын Ерөнхий прокурорын газрын удирдах бүрэлдэхүүнд олон жил ажиллаж байгаа юм.

 

Сүхбаатарын одонгоор шагнууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар прокурорын байгууллагыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ахмад прокурор Д.Рагчаабазар, Т.Жадамба нарыг Сүхбаатарын одонгоор  шагналаа. Төрийн дээд одонгоор шагнуулсан прокуроруудыг Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн гишүүд болон Нийслэлийн прокурорын газрын хамт олон хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн юм.

 

Прокурорын байгууллага Хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн судалгааг анх удаа хийлээ

Прокурорын байгууллагаас Зөрчлийн тухай хуульд заасан Хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн судалгааг анх удаа хийлээ. Судалгааг хийхэд 2020 он болон 2021 оны нэгдүгээр улиралд шалгаж шийдвэрлэсэн  зөрчлийн материалуудыг нэг бүрчлэн хянаж үзэв. Улмаар судалгааны дүнг сэтгүүлчдэд танилцуулж, “Хүүхдийн эрх ба төрийн оролцоо” сэдэвт гарын авлагыг боловсруулан гаргалаа. Мөн Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд заасан Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил гэж юу болох талаар цуврал шторк бэлтгэн олон нийтэд хүргэхэд бэлэн болоод байна.

 

Мянга гаруй прокурор, ажилтныг сургалтад хамрууллаа

Прокурорын байгууллагаас сургалтын талаар баримтлах үзэл баримтлалын хүрээнд 2021 онд “Прокурор, ажилтны суралцах орчин нөхцөлийг бүрдүүлэх” зорилт дэвшүүлж 60 орчим удаагийн сургалт зохион байгууллаа. Шинээр томилогдсон прокуроруудын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, шүүхэд төрийг төлөөлөх хяналтын ажил хариуцсан прокуроруудыг чадавхжуулах, мөнгө угаах, терроризмтой тэмцэх чиглэлээр прокуроруудыг мэргэшүүлэх зэрэг томоохон сургалтуудыг амжилттай зохион байгуулж, мянга гаруй прокурор, ажилтныг хамрууллаа.

“Прокурор-2021”, “Туслах ажилтан-2021” мэргэжлийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Прокурорын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийг чадавхижуулах, хувь хүнийг хөгжүүлэх зорилготой “Прокурор-2021”, “Туслах ажилтан-2021” мэргэжлийн тэмцээн арваннэгдүгээр сард амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд  аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газруудын шилдэг 62 прокурор, туслах ажилтан оролцож, прокурорын хяналтын ажлын чиглэлүүдээр ур чадвараа сорив. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас энэхүү мэргэжлийн тэмцээн сүүлийн хоёр жилд зохион байгуулагдаагүй юм.

 

Бүгд Найрамдах Энэтхэг Улсад прокурор, ажилтнуудыг мэргэшүүлэхээр боллоо

Улсын Ерөнхий прокурорын газраас прокурор, ажилтныг мэргэшүүлэх, гадаад хэлний мэдлэгийг сайжруулах бодлогын хүрээнд Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны боловсрол, соёлын асуудал эрхэлсэн хоёрдугаар нарийн бичгийн дарга Ноён Р.Ж Мананг хүлээн авч, уулзалт зохион байгууллаа.  Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс Энэтхэг Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй хөтөлбөр, хамтын ажиллагааны хүрээнд прокурорын байгууллагатай олон талт хамтын ажиллагааг хамтран хэрэгжүүлж, найрсаг харилцааг өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Фемида-2021” арга хэмжээний шилдэг хуульч-прокуророор Ц.Дэнсмаа тодорлоо

Монголын Хуульчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шилдэг хуульчдыг шалгаруулах “Фемида-2021” ёслолын ажиллагаа 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр боллоо. Энэхүү ёслол хүндэтгэлийн ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хуульчийн мэргэжлийн үүрэг, ёс зүй, нэр хүндийг өндөрт өргөн ажиллаж байгаа шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуулийн зөвлөх, эрдэмтэн, нотариат зэрэг шилдэг хуульчдыг шалгаруулдаг нэр хүндтэй арга хэмжээ бөгөөд энэ оны шилдэг хуульч-прокуророор Завхан аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Дэнсмаа тодорлоо.