Эхлэл Мэдээ мэдээлэл

2022-01-13 10:58:53.0

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Жил бүрийн 1 дүгээр сарын 13-ны өдрийг “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр” хэмээн нийтээр тэмдэглэдэг. Манай улс 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталснаас хойш 1940, 1960, 1992 онуудад шинэчлэн баталж байсан бөгөөд энэ онд анхдугаар шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байна.

Энэхүү өдрийг тохиолдуулан Үндсэн хуулийн шинэчлэлийн үеүд дэх прокурорын байгууллагын түүхэн замналаас хүргэе.

1940 он - Хууль сахиулагчийг Үндсэн хуулиар баталгаажуулав

Улсын VIII Их хурлаар 1940 оны шинэ Үндсэн хуулийг батлан гаргахдаа Прокурорын байгууллагын эрхзүйн байдлыг анх удаа хуульчилж “Шүүх ба прокурорын газар” гэсэн 7 дугаар бүлэг нэмж оруулжээ. Уг хуулийн 57 дугаар зүйлд “Бүх яамд ба төв, орон нутгийн албан байгууллагууд хийгээд тэдгээрийн харьяат газрууд мөн албан тушаалын хүмүүс ба ард нийтээс хууль цаазыг нарийнаар биелүүлж байгаа явдлыг байцаан хянах үүргийг Улсын прокурор /хууль сахиулагч/ гүйцэтгэнэ” гэж хуульчлан тодорхойлжээ.

Хожим 1940 онд баталсан Үндсэн хуулийн 7 дугаар бүлэгт Шүүх ба прокурорын газрын тухай ийн зүйлчилсэн заалт оруулсан байна. ...49 дүгээр зүйл. Дээд шүүх таслах газраас нь улсын прокуророос хянан таслуулахаар шилжүүлсэн ихээхэн чухал хэргүүдийг хянан шийтгэх бөгөөд мөн шүүхийн доод байгууллагуудаар таслагдсан хэргийг гомдол ба эсэргүүцлийг баримталж өөрчлөх ба байцаан хянах журмаар тасалмуй. 50 дугаар зүйл. Бүх яамд ба төв орон нутгийн албан байгууллагууд хийгээд тэдгээрийн харьяат газрууд, мөн албан тушаалын хүмүүс ба ард нийтээс хууль цаазыг нарийнаар биелүүлж буй явдлыг байцаан хянах туйлын үүргийг Улсын прокурор /хууль сахигч/ хүлээмүй. 51 дугаар зүйл. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын прокурорыг Улсын Бага хурлаас 5 жилийн хугацаагаар томилмуй. 52 дүгээр зүйл. Хот. аймаг, сум, багийн хэмжээн дээр прокурорын байцаан хянах явдлыг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын прокуророос 4 жилийн хугацаагаар томилсон хот, аймгийн прокуророос биелүүлмүй. 53 дугаар зүйл. Орон нутаг дахь прокурорууд өөрийн ажлыг орон нутгийн ямар ч байгууллагад захирагдахгүй явуулах бөгөөд гагцхүү Улсын прокурорт захирагдмуй 54 дүгээр зүйл. Хэргийг таслахдаа монгол хэл дээр буюу эсхүл үндэсний хэл дээр энэхүү хэлийг үл мэдэх хүмүүст уг хэргийн материалыг хэлмэрчээр дамжуулан бүрнээ таниулж таслах явдлыг хангах бөгөөд мөн шүүх таслах хурал дээр Үндсэн хэл дээр хэлэх эрхтэй баймуй.

1960 он - Үндсэн хуулиар прокурорын эрх, үүргийг баталгаажуулав

БНМАУ-ын Үндсэн хуулийг 3 дахь удаагаа шинэчлэн баталж, 72 дугаар зүйлд “БНМАУ-ын бүх яам, төв байгууллагууд, тэдгээрийн харъяа албан газар, байгууллага, орон нутгийн засаг захиргаа болон олон нийт, хоршооллын бүх байгууллага, мөн албан тушаалтан ба ард иргэдээс хуулийг хэрхэн нарийн чанд биелүүлж байгааг нэгэн адил хянах дээд хяналтыг улсын прокурор гүйцэтгэнэ” хэмээн заажээ. Энэ үеэс Улсын прокурорын газар нь Улсын прокурор, түүний орлогчид, хэлтсийн дарга бөгөөд туслах прокурорууд, ахлах ба жинхэнэ мөрдөн байцаагчид, аж ахуйн хэлтэс, боловсон хүчний тасаг, нууцын эрхлэгч, прокурорын нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалын 42 орон тоотой ажиллах болов.

1962 он - Нямбай хуулийг чамбай хуульчид боловсруулдаг

БНМАУ-ын Эрүүгийн хууль, Иргэний хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний байцаан шийтгэх хууль, Засан хүмүүжүүлэх хууль зэргийг 1960 онд батлагдсан Үндсэн хуультай уялдуулан шинэчлэх нөр их ажил хоёр жил үргэлжилж дууссан ба АИХ-аар эцэслэн батлуулж, даган мөрджээ. Энэ ажилд СнЗ-ийн дэргэдэх (1958 онд Шүүх яам татан буугдаж оронд нь байгуулагдсан) Хуулийн хорооны дарга С.Жалан-Аажав, мөн хорооны орлогч дарга Д.Хорхой, Дээд шүүхийн дарга Х.Дамдин, Улсын прокурор Д.Ёндондүйчир нар оройлон оролцсоноос Д.Ёндондүйчир Эрүүгийн хуулийн төсөл дээр дагнан ажиллажээ. Энэхүү хуулиуд нь 1992 он хүртэл засваргүйгээр мөрдөгдсөн маш чамбай хууль байсныг хууль, эрхзүйн судлаачид, нэртэй хуульчид хүлээн зөвшөөрдөг.

1970 оны 4 сарын 20 - АИХ-ын Тэргүүлэгчдийн 70 дугаар зарлигаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж БНМАУ-ын прокурорыг дөрвөн жилийн хугацаагаар томилох болов.

1978 оны 12 сарын 26 - БНМАУ-ын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулж БНМАУ-ын прокурор хууль санаачлах эрхтэй болов.

1979 он - Прокурорын 1098 эсэргүүцлээр арга хэмжээ авахуулав

1960 оны Үндсэн хуулиар прокурорын байгууллагын эрх үүрэг, түүний дотор ерөнхий хяналтын тухай зааж өгснөөр 1960-1979 он хүртэл Ерөнхий хяналт нь прокурорын байгууллагын хамгийн том хяналтын хэлтэс байж, улс даяар хууль тогтоомжийн биелэлтийг шалгадаг байв. Зөвхөн 1979 онд Ерөнхий хяналтаар хууль тогтоомжийн биелэлт ямар байгаа тухай 2551 байгууллагад шалгаж, 237,2 мянган эрхийн акт хянан, 11025 зөрчил илрүүлжээ. Эдгээр зөрчлийг засуулахаар прокурорын 1098 эсэргүүцлээр нам, олон нийтийн захиргаанд сахилгын арга хэмжээ авахуулж, 44 хүнийг эрүүгийн хариуцлагад татан, 22.3 сая төгрөгийн хохирлыг улсад нөхөн төлүүлсэн тухай дүн мэдээ гарч байжээ.

1990 оны 5 сарын 10 - БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.5-д БНМАУ-ын прокурорыг БНМАУ-ын Ерөнхийлөгчийн санал болгосноор Ардын Их хурал томилох, чөлөөлөхөөр заав.

1990 оны 9 сарын 27 - Улсын Бага хурлын 6 дугаар тогтоолоор БНМАУын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасныг үндэслэн, БНМАУ-ын Ерөнхий прокурор нь нэгдүгээр орлогч 1, орлогч 1-тэй байхаар тогтоов.

1990 он - Шинэ төрийн баганыг тулав

1960 онд батлагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, анхны ардчилсан сонгууль явуулах, байнгын ажиллагаатай парламент зохион байгуулах, цаашлаад хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг тунхаглах шинэ Үндсэн хууль батлах зэрэг шинэ төрийнхөө баганыг тулах ажилд прокурорууд ханцуй шамлан оров. Прокурорын байгууллагад олон жил ажилласан Н.Жанцан анхны ардчилсан сонгуулиар АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон Үндсэн хуулийг боловсруулах, батлах ажиллагаанд биечлэн оролцсон бол БНМАУ-ын прокурорын нэгдүгээр орлогч М.Одонхүү 1990 оны сүүлээр байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хууль боловсруулах ажлыг зохион байгуулах комисст прокурорын байгууллагаа төлөөлөн орж ажиллажээ. Мөн олон жил прокурорын байгууллагыг удирдаж явсан төрийн зүтгэлтэн Ж.Авхиа АИХ-ын депутатаар сонгогдож, Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үйлсэд гар бие оролцжээ.

 1992 он - Прокурорын байгууллагын эрхзүйн үндэс тавигчид

1990 оны 1 сарын 13-нд Монгол Улсын дөрөв дэх Үндсэн хууль батлагдав.1990-1992 оны хооронд, Үндсэн хууль батлагдах хүртэл ахархан хугацаанд прокурорын байгууллага ямар статус, чиг үүрэгтэй байх талаар янз бүрийн түвшинд өөр өөр хувилбар яригдаж, прокурорын хяналтыг бүхэлд нь үгүйсгэх байр суурь ч илэрч байв. Энэ бүхэнд шинэ Үндсэн хууль цэг тавив. Улсын Ерөнхий прокурор Г.Бахдал, Үндсэн хууль боловсруулах комисст прокурорын байгууллагыг төлөөлөн ажилласан Улсын Ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч М.Одонхүү, анхны ардчилсан сонгуулиар АИХ-ын депутат, УБХ-ын гишүүнээр сонгогдсон Н.Жанцан, Улсын Бага хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Н.Ганбаяр, 1985-1989 онд Улсын прокурорын хэлтсийн даргаар ажилласан Д.Лүндээжанцан (1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн) нарын олон хуульчид прокурорын байгууллагаа шинэ цаг үеийн төрийн багана болгох, эрхзүйн үндсийг нь тавихад онцгойлон зүтгэсэн байна.

1992 он - Прокурорын байгууллагыг олон улсын жишигт дүйцүүлэв

Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар прокурорын байгууллагыг “Монгол Улсын төрийн байгуулал” хэмээх гуравдугаар бүлгийн “Шүүх эрх мэдэл” хэсэгт хамааруулан тодорхой заав. Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд прокурорын үндсэн чиг үүргийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд тус тус хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцохоор тодорхойлжээ. Түүнчлэн прокурорын байгууллагын чиг үүргээс хуулийн биелэлтэд дээд хяналт тавих хяналт, (ерөнхий хяналт) гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тодорхой төрлийн гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулах, шүүхийн шүүн таслах ажиллагаанд хяналт тавих (шүүхийн хяналт), иргэний хэрэг үүсгэх зэрэг эрх хасагдав. Ерөнхий хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхгүй болсноор үйл ажиллагаа нь зарим талаар хумигдсан ч хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх тодорхой төрлийн ажиллагаанд хяналт тавих байдлаар улам гүнзгий орж ажиллах боломжтой болсон, шүүх эрх мэдлийг хянаж, түүнийг “гартаа авах” байдлаар социализмын үеийнх шигээ бус, харин түүнийг түшиглэн, хүрээнд нь багтаж ажиллах болсноор олон улсын хуулийн байгууллагын жишигт дүйцэхүйц болсон тухай судлаачид дүгнэжээ.

1992 он - БНМАУ-ын прокуроруудтай зөвшилцөв

1992 оны Үндсэн хуульд “Прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрхзүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн нь прокурорын байгууллагын тухай хууль гаргах үндсийг тавьж өгчээ. Прокурорууд байгууллагынхаа тухай хууль боловсруулах ажилдаа ханцуй шамлан орлоо. Хуулийн төсөл боловсруулах ажлыг Улсын Ерөнхий прокурор Г.Бахдал өөрөө удирдан зохион байгуулж, төслийн олон хувилбар боловсруулав. Хуулийн төсөлд санал авахаар Улсын Ерөнхий прокурор Г.Бахдал Улсын прокуророор ажиллаж байсан С.Жалан-Аажав, Д.Ёндондүйчир, Ж.Авхиа, С.Бүдрагчаа, Ж.Балжинням нарыг урьж уулзан боловсруулсан хуулийн төслийг танилцуулан санал солилцож байв. Ингээд багагүй хугацааны туршид боловсруулсны эцэст Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Г.Ганболд нарын зүгээс Улсын Их хурлаар хэлэлцүүлэхээр өргөн барьжээ.

Эх сурвалж: “Прокурорын байгууллагын түүхэн товчоон” номоос