Эхлэл Нийтлэл

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН АРЫН АЛБАНЫХАН

Прокурорын байгууллагын үйл ажиллагааг саадгүй явуулахад чухал үүрэг гүйцэтгэж, ил гардаггүй хэрнээ ихийг хийж бүтээдэг эгэл даруу хүмүүс олон бий. Прокурорын байгууллагын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Улсын Ерөнхий прокурорын газрын арын албанд ажилладаг албан хаагчдынхаа ажлын онцлогийг танилцуулж байна.

Алтан шар замын эзэд

Улсын Ерөнхий Прокурорын газрын Автохэсгийн хамт олон байгууллагын үйл ажиллагааг тасалдуулалгүй найдвартай ар тал болж байдаг алба. Автохэсгийнхэн амь нэгтэй. Асуудал бүхнээ ярилцаж, нэгэндээ тустай дэмтэй гэж жигтэйхэн. Тус газарт Б.Болдбаатар, Х.Гантулга, Н.Энхболд, Ц.Шарав гэсэн 4  диспетчер ажилладаг. Механик инженер Т.Мөнхбаатар автомашинуудын техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, шаардлагатай засвар үйлчилгээнд ээлж дараалан оруулна. Хамгийн ахмад нь С.Цогтбаяр. Тэрээр 2011 оноос хойш прокурорын байгууллагад ажиллаж байна. Жолоочид автомашиндаа гарсан гэмтэлийг өөрсдөө засах нь энүүхэнд. Тус газрын жолооч Ж.Мөнгөн гарын дүйтэй, машины ачаа тээвэр, мотор янзлах гээд бүхий л зүйлд түүний эрэлд гарна.  Өнгөрсөн хугацаанд эх орноо 2 ч удаа тойрч, 21 аймаг, сум дундын прокурорын газруудад хоёронтоо очсон байна. Харин жилдээ хамгийн урт киломерт газар явдаг жолооч бол Б.Гантулга. Тэрээр жилд 50 мянгаас 60 мянган километр замыг ажлын шугамаар туулсан байдаг. Түүнийг “Хөдөө ажлын жолооч” хэмээн дуудна. Цаг агаарын нөхцөл байдал тааруухан байх нь жолооч хүнд хамгийн хэцүү зүйлийн нэг байдаг гэдгийг онцолж байлаа. Хөдөө явах замд хамгийн ихээр түшиг болдог жолооч гэж прокурорууд үнэлнэ. Учир нь хол замд явахдаа халуун савандаа цай хийчихсэн, мах чаначихсан бусдыгаа дайлах нь бий. Гэхдээ энэ бүхнийг гэр бүлийнх нь хүн хийж бэлтгэж өгөөд хол замд явуулдаг хэмээн хуучилж байсан юм.  Монгол Улс даяар явагдсан үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр, АСЕМ-ийн чуулганаар ч тэр байгууллагаа төлөөлөн ажиллажээ. 20 гаруй жил жолоо барихдаа цаг л барихыг чухалчилдаг гэдгийг онцолж байлаа. Харин Д.Сүхболд хамгийн олон орлогчтой ажилласан жолооч. Онц тээвэрчин Ж.Лувсанцогзол, М.Ганболд, бичиг хэргийн жолооч Н.Тэгшдэлгэр, Б.Гантулга, А.Ананд, Д.Энхбаяр, Э.Уртнасан, Ө.Дамдинсүрэн, Н.Наранбаатар, Б.Даваадалай гээд Прокурорын байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад чухал үүрэгтэй, хүний амь насыг хариуцаж ажилладаг жолооч нар прокурорын байгууллагын арын албаны тэргүүн эгнээнийхэн юм. 

Цэвэр цэмцгэрийн эзэд

Прокурорын байгууллагын өнгө төрх, цэвэр цэмцгэр байдал үйлчилгээний албатай салшгүй холбоотой. Хамгийн эрт ирж ажлаа эхлүүлдэг хүмүүс бол үйлчилгээний албаныхан. Д.Нарангэрэл, Ц.Алиманцэцэг, Ц.Наранцэцэг, Г.Гэрэлзул, Д.Батноров, Б.Пүрэвсүрэн, Т.Баярмаа нар энэ албыг хариуцан ажилладаг. Тэдний ажил нүдэнд илхэн. Өглөө болгон ажил цугларахад цэвэр цэмцгэр коридор, ариун цэврийн өрөө угтана. Прокурор, ажилтнуудыг ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлж ажилладаг үйлчилгээний албаныхандаа талархаад баршгүй.

Бичиг хэрэг бол байгууллагын эмх цэгц юм

Бичиг хэргийн өрөөнд байгууллагын хамгийн чухал үйл ажиллагаа өрнөнө. Бичиг хэргийн эрхлэгчээр Э.Батпүрэв ажилладаг. Харьяа нэгж газрууд руу явах бичиг хэргүүдэд дугаар олгож, дотоод албан бичгийг хөтлөж, бичиг хэргийн “учрыг олдог” хүн. Г.Цэрэнлхам нэгж прокурорын газрууд руу яаралтай албан бичгүүдийг цахимаар илгээнэ. Энэ албанд төдийгүй прокурорын байгууллагад нэгэн сэтгэлээр тууштай зүтгэж, хамгийн олон жил ажилласан асар туршлагатай хүн бол Ц.Цолмон. Тэрээр прокурорын байгууллагад бичиг, хэрэг хүргэгчийн ажлыг 28 жил тасралтгүй, хариуцлагатайгаар хийж байна. Тэр дундаа Улсын Ерөнхий прокурорын газар хэмээх дээд шатны байгууллагад ажиллажээ. Түүнийг прокурорынхон “гүйдэг Цоомоо” хэмээн хошигноно. Энэ олон жилийн хугацаанд түүний очоогүй байгууллага гэж бараг л үгүй.

Санхүүгийнхэн

Прокурорын байгууллагад нэр нь гардаггүй ч арын албанд ямагт нэр нь байдаг хүмүүс бол санхүү, нягтлан бодогчид. Төсвийн мөнгийг үр ашигтай зарцуулах, хяналт тавих гээд санхүүтэй холбоотой бүхий л зүйлийг мэргэжлийн өндөр төвшинд гүйцэтгэнэ. Төвлөрсөн төсвийн асуудал эрхэлсэн референт-Ерөнхий нягтлан бодогч С.Нямцэвээн, Санхүүгийн дотоод хяналт, хөрөнгө оруулалт, хангамжийн асуудал хариуцсан референт-байцаагч нягтлан бодогч Ц.Насанжаргал, Эдийн засагч референт Д.Занданхүү, Төв аппаратын санхүү хангамж хариуцсан референт-нягтлан бодогч Д.Дэлгэрмөрөн, Төсвийн байгууллагын зохион байгуулагч Ц.Өлзийдүүрэн нар хариуцлагатай албаныхаа нэрийг гарган ажиллаж  байна.

Туслахын ажлаас прокурорын ажил эхэлнэ

Прокурорын хяналтын ажилд суралцаж прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлдэг хүмүүс бол туслахууд. Тэд прокурорын үндсэн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээс гадна захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслан ажилладаг. Ажилдаа гаршсан, залуу боловсон хүчнээр прокурорын байгууллага  шинэчлэгдсээр. Н.Нандин-Эрдэнэ,  Ж.Ууганбаяр, Д.Түмэнжаргал, Б.Мандухай, О.Дарханбаатар Я.Болортуяа, О.Ганбадрах, Э.Булганчимэг, О.Одгэрэл, Б.Манлайбаатар, М.Манлайбаяр, Г.Гармаа, Д.Ундармаа, Б.Дүйнхэржав, А.Ариунтуяа, У.Болормаа, Б.Будхүү гээд шижигнэсэн сайхан залуус Улсын Ерөнхий прокурорын газарт ажилладаг юм.

Технологийн мэргэжилтнүүд

Бүртгэл мэдээллийн технологийн албанд системийн инженер М.Амаржаргал, Б.Дэлгэрсүрэн, Б.Ганчимэг, програмист Д.Болд-Эрдэнэ нар прокурорын байгууллагын нэгдсэн системийн аюулгүй байдлыг ханган ажилладаг. Цахим бүртгэлийн систем, мэдээллийн сангийн хэвийн үйл ажиллагааг хангах, хөгжүүлэлт хийх нь энэ албаны үндсэн чиг үүрэг.

Эрүүл мэнд

Прокурорын байгууллагын прокурор ажилтны эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэн ажилладаг хүмүүс бол байгууллагын эмч Б.Сарангэрэл, Т.Майдар нар юм. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлаас үүдэн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тасралтгүй хийн ажиллаж байна.  

Байгууллагын дотоод архив чухал

Улсын Ерөнхий Прокурорын газар нь дотооддоо архивын нэгжтэй бөгөөд үйл ажиллагааг нь архивч Д.Мөнххишиг хариуцан ажилладаг. Өнгөрсөн хугацаанд тэрээр 1920-1961 онд хамаарах хуучин монгол бичгээр бичигдсэн хэргийн материалыг орчин цагийн хэлнээ хөрвүүлэн буулгах ажлыг хийжээ. 

Угтан авч, чиглүүлж үйлчилнэ

Зохион байгуулагч, ресепшин С.Чандансамбуу, Б.Мөнгөн, Б.Болдбаатар, А.Мөнх-Эрдэнэ, А.Лхагваа гээд прокурорын байгууллагад сэтгэл, зүтгэлээ зориулан ажиллаж байгаа залуучууд олон бий.

Олон нийттэй харилцах алба

Улсын Ерөнхий Прокурорын газрын Олон нийттэй харилцах алба нь Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан прокурорын байгууллагын мэдээ мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүргэн ажиллаж байна. Тус албаны мэргэжилтнээр Ю.Ариунзаяа, С.Шинэсар нар ажилладаг бөгөөд сар бүр “Прокурорын мэдээлэл” нэвтрүүлгийг  бэлтгэн МҮОНРТ-ээр үзэгчдэд хүргэхээс гадна долоо хоног бүр хууль эрх зүйн мэдээллийг хүргэх “Про подкаст”-ыг цувралаар бэлтгэж байна.

 90 жилийн түүхтэй Прокурорын байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад прокуроруудаас гадна захиргааны чиг үүргийг хэрэгжүүлдэг дээрх мэргэжилтнүүд онцгой үүрэгтэй юм. Прокурорын байгууллагын түүхт ойн баярын мэндийг нийт прокурор, ажилтнууд та бүхэндээ хүргэж байна.