Эхлэл Нийтлэл

2021-03-22 13:33:16.0

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

НҮБ-ын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын үеэр усны өдөртэй болох санал гаргаж, 1992 оноос тодорхой асуудлыг хөндөн жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ жил “Усны үнэлэмж” урайтайгаар дэлхийн усны өдрийг тэмдэглэж байгаатай холбогдуулан устай холбоотой зөрчлийн хэргийн талаарх мэдээллийг хүргэе.

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлд “Усны тухай хууль зөрчих”, 7.16 дугаар зүйлд “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль зөрчих” зөрчлийн талаар заасан байдаг.

Улсын хэмжээнд 2020 онд “Усны тухай хууль зөрчих” зөрчил 190, “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль зөрчих” зөрчил 4 бүртгэгдэж, эрх бүхий албан тушаалтнуудаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

“Усны тухай хууль зөрчих” зөрчлийн 62.6 хувь Нийслэлд, 37.3 хувь нь хөдөө, орон нутагт үйлдэгджээ. Энэ төрлийн зөрчлийн гаралтыг хяналтын харьяа нэгжээр нь судалж үзвэл Баянзүрх дүүргийн прокурорын газарт 97, Нийслэлийн прокурорын газарт 15, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн прокурорын газарт тус бүр 3, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт 1 бүртгэгдсэн бол хөдөө, орон нутагт Төв аймгийн прокурорын газарт 18, Хөвсгөл аймгийн прокурорын газарт 7, Сүхбаатар аймгийн прокурорын газарт 6, Булган аймгийн прокурорын газарт 5, Баянхонгор, Дархан-Уул, Хэнтий, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газруудад тус бүр 4, Дорнод аймгийн прокурорын газарт 3, Баян-Өлгий, Дорноговь, Өвөрхангай аймгууд, Сэлэнгэ аймгийн Сайхан, Өвөрхангай аймгийн Хархорин, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газруудад тус тус 2 бүртгэгджээ.

“Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль зөрчих” зөрчил өнгөрсөн онд Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймгийн Ханбогд сумдад тус тус 1 гарч эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэрлэсэн байна.

“Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль зөрчих” зөрчлийг судалж үзэхэд  зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлгүй цэгт хаягдал усыг нийлүүлсэн зөрчлүүд түлхүү гарсан байна.

Нийслэлд үйлдэгдсэн “Усны тухай хууль зөрчих” зөрчлийн хэргийн 81.5 хувь нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байна. Энэ нь улсын хэмжээнд үйлдэгдсэн дээрх төрлийн зөрчлийн 51 хувийг дангаар эзэлж байгаа юм.

Баянзүрх дүүргийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Н.Эрдэмбилэг: 

Манай дүүргийн 9, 10, 11, 23 дугаар хороодын нутаг дэвсгэрээр Туул гол  урсдагтай холбоотойгоор “Усны тухай хууль зөрчих” зөрчил цөөнгүй гардаг.  Ялангуяа 3-аас 10 дугаар сарын хооронд иргэд Туул голын усанд тээврийн хэрэгсэлээ угаах, голын эргээр хог, хаягдал хаях зөрчлүүдийг нэлээдгүй үйлддэг. Зөрчлийн тухай хуульд “Усны тухай хууль зөрчих”, “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль зөрчих” зөрчил үйлдэгдсэн тохиолдолд хохирол нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 100-2.000 нэгж, хуулийн этгээдийг 1.500-20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар хуульчлагдсан байдаг. Энэ дагуу зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж байна.

Иргэд дээрх хуулийн заалтыг мэддэг, мэддэггүй янз бүрийн байдлаар зөрчил гаргасан байдаг. Нэг машин л угаахад ямар хэмжээний бохирдол гардаг билээ, тэр хэмжээгээр голын усыг бохирдуулж байгаа гэдгээ иргэд маань ухамсарлаасай. Тиймээс Дэлхийн усны өдрийг тохиолдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг дараах зүйлд уриалмаар байна.

  • Тээврийн хэрэгсэл, бохир зүйлийг зориулалтын газарт угааж хэвшэе;

  • Усан сан бүхий газар буюу гол, мөрний  орчим, хог хаягдал хаяхгүй байя;

  • Гүний худгийг ахуйн зориулалтаар бий болгохоор бол эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авая;

  • Усны тухай хууль, эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлье;

  • Холбогдох дүгнэлт, байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлгээг тогтмол хийлгэн, ус ашигласны төлбөрөө хугацаанд нь төлөе;

  • Усаа хайрлая!