Эхлэл Нийтлэл

2021-12-30 14:17:13.0

ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА, ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Төхөөний БАЯНМӨНХ

ОРШИЛ.

Сүүлийн хорин жилд төв Азийн бүс нутгийн орнууд екотерроризм, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт оногдуулах хариуцлагыг чангатгах, Эрүүгийн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах замаар эрх зүйн реформын шинжтэй зоримог өөрчлөлтүүд хийж байна. Энэ хүрээнд Монгол Улс 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн бүлгийг шинээр тусгаж дийлэнх гэмт хэргийн шинжийг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байхаар хуульчилсан нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд Монгол Улсын хувьд чухал алхам болсон юм.

Бүс нутгийн хэмжээнд 1990 оноос өрнөсөн нийгмийн амьдралын бүх талыг хамарсан өөрчлөлт, шинэчлэлтийн явцад түүнийг даган гарсан үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, экологийн гэмт хэрэгтэй олон талт хамтын ажиллагаагаар тэмцэж, үр дүнтэй мөрдөн шалгаж, урьдчилан сэргийлэхийг зүй ёсоор шаардаж байна.

Монгол Улсын хувьд зах зээлийн нийгмийн харилцаа бүрэн нэвтэрч, тогтвортой хөгжлийн орчин бий болж чадаагүй 20 гаран жилийн хугацаанд гэмт хэргийн шинэ төрлүүд далд хэлбэрээр оршиж, гэмт хэрэг үйлдэгч субъектийн хүрээ өргөжин тэлж, гэмт зан үйлийн сөрөг нөлөөллийг тогтоон барих эрүүгийн эрх зүйн үр ашигтай механизм бүрдүүлэх шаардлагатай болсон төдийгүй, энэ үүргийг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн билээ. Энэ ч үүднээс Монгол Улс нь олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг ямагт эрмэлзэж ирсэн.

Хэдийгээр манай улсын хувьд энэ гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчин сайжирч, тусгайлсан алба нэгж байгуулагдсан ч цаашид бүс нутгийн хэмжээнд экологийн гэмт хэрэг хөрш улсуудыг дамнан үйлдэгдэж болох эрсдэлтэй байх тул бидний хувьд хөрш орнуудтай харилцан туршлага солилцох, хамтран ажиллах талаар идэвх чармайлтыг гаргаж ажиллах нэн шаардлагатай байна.

Эрүүгийн хууль тогтоомж 2017 оноос /шинэчилсэн найруулга/ үйлчилж эхэлснээс өмнө ба хойших хугацаанд бүртгэгдсэн гэмт хэргийн үзүүлэлтийг харьцуулахад Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 2-3 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Монгол Улсад гарч байгаа хулгайлах, залилах, дээрэмдэх, хүний эрүүл мэндэд санаатай халдаж хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учруулах, зам, тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэргүүд нийт гэмт хэргийн үнэмлэхүй массыг эзэлсэн хэвээр байх бөгөөд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй  тодорхойлогдсон авлига албан тушаалын, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг өсөн нэмэгдэх төлөвтэй байна.[1]

 

Хүрээлэн байгаа орчны эсрэг

2017 он

2018 он

2019 он

2020 он

330

366

489

622

ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН, НӨХЦӨЛ

Байгалийн нөөц баялгийн хууль бус ашиглалт тасрахгүй байгаа нь хүрээлэн буй орчин, экологи доройтох үндсэн шалтгааны нэг болж байна. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн голлох шалтгааныг эдийн засаг, засаглал,  нийгэм хүн, ам зүйн гэсэн категорид хуваан авч үзэж болно. Тэдгээрээс үүдэж гарч буй зарим онцлог шалтгааныг тухайлан авч үзвэл:

a) Эдийн засгийн шалтгаан

Хүн амын ядуурал, ажилгүйдэл нь энэ гэмт хэрэг, зөрчлийн үндсэн шалтгаан болно. Ядуурал нэмэгдэж байгаа нь доод түвшний гэмт хэрэг үйлдэгчийг их хэмжээгээр бий болгодог гэж судлаачид үздэг. Хүн амын эдийн засгийн орлого амьдралын хэрэглээг боломжтой хэрээр хангаж чадахгүй байгаа нь нэмэлт ашиг, орлого олох эсвэл хямд өртгөөр бараа бүтээгдэхүүн авах зэрэг өөрсдийн хэрэгцээгээ хангахын тулд хууль бус үйлдэл хийхэд дам байдлаар түлхдэг.

Тухайлбал төв, суурин газрын иргэд өвлийн улиралд хэрэглэх түлшний хэрэгцээ, байр орон сууц, хувийн сууц, хашаа барихад модон материалыг голлон ашиглах, тэдгээрийг өөр материалаар орлуулах боломжгүй зэрэг нь хямд өртөг зардалтай мод, модон материал хэрэглэх шаардлагыг бий болгож байдаг.

Зах зээлд байгаа мод, модон материал ховор байх тусам үнэ ханш нь илүү үнэтэй болдог байна. Иймээс худалдан авагчийн хэрэгцээ ихэсч амар хялбар аргаар орлого олох, хөлжих, мөнгөжих санаатай этгээдүүдийн сэдлийг байнга өдөөж байдаг. Эд зүйлийн эрэлт хэрэгцээ хар зах дээр улам нэмэгдэх нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралтын нэг гол шалтгаан нөхцөл мөн. Хулгайн ан, хууль бус мод бэлтгэлийг хүчтэй хоригловол түүний үнэ ханшийг өсгөхөд хүргэдэг сөрөг нөлөөтэй гэж үздэг.

б) Муу засаглал нь гэмт хэргийг өдөөх бас нэгэн шалтгаан болно.

Улс орны засаглал муу, хүчгүй байх нь гэмт, хэрэг зөрчлийн голлох шалтгаан болж байдаг. Муу засаглалын гол шинж болох авилга, ашиг сонирхлын зөрчил, улс төрийн талцал, хуваагдмал байдал зэрэг олон бэрхшээл манай улсын засаглалд нүүрлэсэн хэвээр байна. Хуулийн хэрэгжилт муу, гүйцэтгэлд тавих хяналт сул, хариуцлагын тогтолцоо алдагдаж байгаа нь гэмт хэргийг өөгшүүлж байдаг хүчин зүйлийн нэг юм. Тухайлбал ойг ашиглахаас илүүтэй хамгаалах бодлого баримталснаас төлөвлөлт, хяналтгүй хууль бус мод бэлтгэл, давтамж ихтэй ой хээрийн түймэр, хөнөөлт шавьжийн нөлөөгөөр ой доройтолд орсон хэвээр байна.

Хамгаалах бодлогоос экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах ойн нөөцийн хомстол, доройтлыг зогсоох, ойг тогтвортой зүй зохистой ашиглаж, нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэсэн ойн тогтвортой менежментэд шилжих явдал өнөөгийн засаглалын тулгамдсан асуудал болоод байна. Ой мод ихтэй бүс нутгийн иргэд нөхөрлөл байгуулж ойн санг гэрээгээр эзэмших хүсэл сонирхол нэмэх үйл ажиллагааг доголдуулснаас ч төрийн өмчийн ойг гэрээгээр эзэмшиж хамгаалсны төлөө олгох урамшуулал байдаггүйгээс тэдний үйл ажиллагаа доголдож, гэрээгээ цуцлах, гаргасан зардлаа нөхөхийн тулд элдэв хууль бус үйл ажиллагаа явуулах байдал гарч эхэлсэн.

Монгол Улсын хэмжээнд байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамгийн их хууль тогтоомж, эрх зүйн акт, гэрээ конвенц хэрэгжиж байна. Тухайлбал, байгаль орчны салбарт 30 гаруй хууль, 200 гаруй эрх зүйн акт, олон улсын конвенц 14, олон улстай 60 гаруй гэрээ хэлэлцээр хийжээ.

Ой, ургамлыг хамгаалах чиглэлээр Байгаль орчныг хамгаалах, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Ойн тухай, Байгалийн ургамлын тухай, Эрүүгийн болон Зөрчлийн хууль тэдгээрийг дагалдан гарсан олон дүрэм,  журам зэрэг эрх зүйн орчин хангалттай сайн бүрдсэн хэдий ч зарим хууль тогтоомж нь ойлгомжгүй зарим заалт нь өөр хоорондоо зөрчилтэй, хийдэл, цоорхойтой байгаа нь үр нөлөөтэй хариуцлагын тогтолцоо, хамгаалалт болж чадахгүй байна.

Тухайлбал Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн заалт, Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд заасан Ойн тухай хууль зөрчих зарим заалтууд нь давхардсан гэмт хэрэг, зөрчил хоёрыг ялгахад хууль хэрэгжүүлэгч нарт хүндрэл учруулж байгаа зэрэг хүндрэлтэй асуудлууд оршиж байна.

Хууль тогтоомж нэг мөр ойлгогдохгүй, хамгаалах ёстой объектруугаа чиглэж чадахгүй сул тааруу хууль гарах нь гэмт хэрэгтнүүдэд ял завших боломжийг олгож, гэмт хэрэг, зөрчлийг нэмэгдүүлдэг сөрөгт талтай.

Өөрийн хэрэгцээндээ түлээ түлш авах, ахуйн зориулалтаар түүж бэлтгэх ургамлын зөвшөөрөл олгож хяналт тавих хуулийн заалтыг орон нутагт хэвшүүлээгүйн улмаас байгалийн баялгийг ямар нэгэн төлбөр хураамжгүй хүртэх сэтгэлгээ орон нутгийн иргэдэд бий болсон байна.

в) Төрийн байгууллагын чадавх, алба хаагчдын идэвх санаачилга, ур чадвар, мэдлэг дутмаг байдал гэмт хэргийн шалтгааны нэг мөн.

Төрийн байгууллагаас байгалийн баялгийг ашиглах төрөл бүрийн зөвшөөрлийг олгодог учраас авилга, хээл хахуульд өртөх, эрх мэдэл албан тушаалаа урвуулах, хэтрүүлэх, ашиг сонирхлын зөрчилтэй ажиллах, хяналт шалгалтыг хагас, дутуу явуулах, бүрэн хянахгүй байх зэрэг хууль бус үйлдэл тасрахгүй байна.

Төрийн байгууллагын ялангуяа Цагдаа, Прокурор болон Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааны төсөв бага байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтад шууд нөлөөлдөг. Учир нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад санхүү, төсвийн асуудал ямагт хөндөгдөж байдаг байна.

Хууль хяналтын байгууллага ялангуяа цагдаагийн байгууллагын ажлын ачаалал их, төсөв хөрөнгийн хүрэлцээ дутмагаас хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хуулиар хүлээсэн үндсэн үүргээ хэрэгжүүлэхэд бэрхшээл учирдаг.

Гэмт явдал аяндаа урсгалаараа гарахаа больсон төдийгүй нийгмийн хор аюул нь улам бүр өсөн нэмэгдэж, тэдгээртэй тэмцэх арга, хэрэгсэл, урьдчилан сэргийлэх ажлыг шинэ тутам арга барилд шилжүүлэх цаг үе бидний өмнө тулгарч гэмт хэрэгтэй тэмцэхэд шинжлэх ухааны болон нийгмийн бусад салбаруудын мэдлэг, хамтын ажиллагаа илүү ихээр шаардагдах болжээ.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн тоо өсөж байгаа хэдий ч хэргийн шийдвэрлэлт буурах хандлагатай байгаа нь төрийн алба хаагчдын идэвх санаачилга, хандлага, сэтгэл, мэргэжлийн ур чадвар, мэдлэг дутмаг байгаатай дам байдлаар холбоотой гэж үзэхээр байна.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг мөрдөхөд эрх бүхий албан тушаалтан, прокуророос байгаль орчны олон хууль дүрэм, журмыг мэдэхээс гадна экологийн зохих мэдлэг зайлшгүй шаардлагатай байдгаараа бусад хэргээс онцлогтой юм.

г) Иргэдийн эрх зүйн мэдлэг, соёл, ёс суртахууны төлөвшилт дорой байгаа нь гэмт хэргийн шалтгааны нэг мөн.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа иргэдийн ихэнх нь тодорхой эрхэлсэн ажилгүй, зөвхөн гэмт үйлдлийн замаар мөнгө төгрөг олох сонирхолтой өөрөөр хэлбэл бага зардал гаргаж ихээхэн хэмжээний орлого олох хүсэлтэй бөгөөд харин зөв шударгаар хөдөлмөрлөх хүсэлгүй хүмүүс их байна. Нөгөөтэйгүүр хямд өртөг зардлаа олж л байвал хулгайн буюу хууль бус аргаар бэлтгэгдсэн юуг ч өөрт хэрэгтэй бол авах гэсэн иргэдийн сэтгэлгээ хүчтэй нөлөөлж байна. Хууль бусаар мод бэлтгэгдэж байгаа нь алсдаа бидний хүрээлэн буй орчинд нөлөөлнө гэдгийг үнэндээ ухамсарладаггүй, байгалийн баялаг нөөцийг барагдахгүй зүйл мэтээр авирладаг нь харамсалтай.

д) Мэдээллийн хурдтай сүлжээ нь гэмт хэргийн гаралтад нөлөөлж байна.

Хэдийгээр техник технологи хүний амьдралд ихээхэн нөлөөлж амьдрах хэв маягийг өөрчилж байгаа сайн талтай ч орчин үеийн техник технологи, ялангуяа мэдээллийн технологийг гэмт этгээдүүд гэмт үйлдлээ хийхдээ идэвхтэй ашиглаж байна. Мэдээллийн энэ технологи нь гэмт хэрэг үйлдэх чухал хэрэгсэл болсон.

Тухайлбал, хууль бусаар бэлтгэсэн модоо худалдан борлуулах, мөнгө төгрөгөө харилцан өгөлцөж, авалцах, хяналт шалгалт байгаа эсэхийг тодруулах, харилцан мэдээлэл солилцох, гэмт үйлдлийг удирдах, хууль бусаар мод, байгалийн ургамал бэлтгэх захиалга авах гэх мэтчилэн янз бүрийн зорилгоор ашиглаж байна. Цахим ертөнц нь гэмт хэргийн талаарх мэдээллийг маш хурдан тарааж нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж байна. Ялангуяа байгалийн ургамал ихээр ургасан газар, ашигт малтмал алт, өнгөт чулуу илэрлээ гэх мэдээллийг асар хурдтай тархаасны улмаас гэмт этгээдүүд хэдэн зуугаар төд удалгүй тухайн газарт ирж байгаль орчныг сүйтгэдэг.

Бүс нутагт гарч буй экологийн гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх үүднээс бидний хувьд дараахь олон талт хамтын ажиллагааг явуулах боломжтой гэж үзэж байна. Үүнд:

Нэг. Шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд “шинэ арга” хэрэгтэй байдаг. Нэн ялангуяа прокурор, мөрдөгчийг сургах, чадавхжуулахад бүс нутгийн хэмжээнд хамтарч ажиллах хэрэгцээ бидэнд зайлшгүй тулгарч байна. Хууль сахиулагчдыг харилцан болон хамтран сургах, мэргэжил дээшлүүлэх сургалтын арга барилыг өөрчлөх, тэдэнд хүргэх мэдээлэл зэргийг байнга шинэчилж амжилтад хүрдэг олон улсын сайн туршлагыг үр өгөөжтэй явуулах цаг иржээ.      

Хоёр. Бүс нутгийн хэмжээнд хууль сахиулах, прокурорын байгууллагууд нь харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах, дадлага сургууль хийх талаар ажиллах нь экологийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх сайн талтайг бид мэдэх билээ. Энэ хүрээнд дадлага, сургуулилалт хийх хамтарсан төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх боломжтой.

Гурав. Энэ бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж болзошгүй бүлэг, хүмүүсийн талаар мэдээллийн сан үүсгэж харилцан ашиглах, мэдээлэл солилцох шаардлагатай байна.

Дөрөв. Эрүүгийн эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж хамтран ажиллах. Бүс нутгийн улс орнуудын эрх зүйн тогтолцооны онцлогоос хамаарч мөрдөн шалгах ажиллагааны хэлбэр харилцан адилгүй байдаг. Хэдий ийм ч улс орнуудын хооронд Эрүүгийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулахгүйгээр үр дүнтэй мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй юм.  Бидний хувьд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээг аль болох гадаадын олон оронтой байгуулахыг эрмэлздэг юм.

Тав. Байгаль орчны аюулгүй байдлын хамгаалалтад эрх зүй голлох үүрэгтэй боловч нөөц сайтай, хүчтэй хуультай байх, хувь хүн болон хуулийн этгээдийн хүлээх хариуцлагыг өндөржүүлж, чангатгах.

Зургаа. Гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааны төсөв зардлыг хангалттай хэмжээнд нэмэгдүүлэхийн зэрэгцээ орчин, техник ялангуяа өндөр технологийг үйл ажиллагаандаа ашиглах, экологийн цагдаагийн албыг энэ төрлийн гэмт явдалтай тэмцэх цогц бодлого стратеги боловсруулж, хэрэгжүүлэх.

Долоо. Байгаль орчныг хамгаалахад иргэдийн нөхөрлөл, иргэний нийгмийн байгууллагыг зөв чиглүүлж, үйл ажиллагааны үр дүнг нийтэд сурталчлах, гэмт хэрэгтэй тэмцэхэд олон нийтийн туслалцааг цаг алдалгүй авч байх тогтолцоог бий болгох.

Найм. Байгалийн нөөц баялгийг ашиглах зөвшөөрлийн тогтолцоог олон нийтэд ил тод болгох, авилгал, хээл хахуулиас ангид байх бүхий л ажлыг зохион байгуулах.

Ес. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг үйлдэхдээ техник хэрэгслэлийг идэвхтэй ашиглаж байгаа ба эдгээр техник хэрэгсэл нь улсын бүртгэлд бүртгэлгүй хэний эзэмшил, өмчлөлийн болох нь тодорхойгүй байдаг. Энэ нь Монгол Улсын хилээр нэвтэрч буй уул уурхайн чиглэлийн том оврын болон бага оврын техник хэрэгслэлийн бүртгэл, хяналт сул байгааг харуулж байгаа бөгөөд улсын хэмжээнд бүртгэлжүүлэх ажил, аяныг зохион байгуулах шаардлагатай гэж дүгнэж байна.