Эхлэл Онцлох мэдээ

АХМАД ПРОКУРОР Б.ГАЛДААД “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ” ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ

Монгол Улсад Прокурорын байгууллага байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, прокурорын байгууллагад олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан ахмад прокурор Бүрэнтөгсийн Галдааг “Монгол Улсын Гавьяат хуульч” цол, тэмдгээр шагналаа.

Шинэхэн гавьяатыг Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан, Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх С.Алиманцэцэг, М.Чинбат, Улсын Ерөнхий Прокурорын газрын газар, хэлтсийн дарга, Нийслэл, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокуроруудын төлөөлөл хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан баяр хүргэж хэлсэн үгэндээ “Б.Галдаа нь хуульчаар ажиллах мэргэжлийн гараагаа Прокурорын байгууллагаас эхэлснээс хойш 35 жилийн хугацаанд Улс, аймаг, Нийслэл, дүүргийн прокурорын газар, Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөх албанд үр бүтээлтэй ажилласан  манай прокурорын байгууллагын туршлагатай, мэдлэгтэй, шилдэг прокуроруудын нэг бөгөөд үе үеийн прокурор, ажилтнууд, олон нийтэд хүндлэгдсэн, нэр хүндтэй прокурор билээ” хэмээн онцлон төрийн өндөр дээд шагнал хүртсэнд баяр хүргэж, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөв.  

“Монгол Улсын Гавьяат хуульч” цолоор шагнагдсан Б.Галдаа нь ажлын гараагаа 1978 онд Ховд аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж эхэлснээс хойш бүх шатны прокурорын газарт прокуророор 24 жил, Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны даргаар 11 жил ажилласан юм.

Ийнхүү прокурорын байгууллага  нийт 16 “Гавьяат хуульч” цолтонтой боллоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Гавьяат хуульч” цолоор шагнагдсан ахмад прокурор Б.Галдаатай ярилцлаа.

- Юуны түрүүнд танд баяр хүргэе. Та прокурорын байгууллагад ажилласан түүхээсээ хуваалцаач, ажлын гараагаа анх хэрхэн эхэлж байв?

Би 1978 онд Их сургуулийн хуулийн анги төгсөөд Ховд аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоор анх томилогдож байлаа. Ховд аймагт орлогч, аймгийн прокуророор 12 жил ажиллаад 1990 онд Улаанбаатарт ирж Улсын Ерөнхий Прокурорын газарт хяналтын прокуророор ажилласан. 1991 оноос Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокуророор, 1996 оноос Нийслэлийн прокурорын газарт Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн даргаар 4 жил гаруй ажиллаад дахин Улсын Ерөнхий Прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байгаад 2002 онд Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба байгуулагдахад даргаар нь томилогдон 2013 он хүртэл ажиллаад гавьяаныхаа амралтад гарсан даа.

- Шинээр байгуулагдсан Мөрдөн байцаах албаны даргаар ажиллах нь прокуророор ажиллахаас ялгаатай байв уу? Онцлог нь юу байсан бэ?

Энэ их ялгаатай. Мөрдөх ажил гэдэг чинь мөрдлөгийг биечилж хийдэг, гардаж гүйцэтгэдгээрээ прокурорын хяналтаас өөр. Прокурорын хяналт бол мөрдөгчдийн хийсэн ажиллагаанд хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгч, мөрдөгч нар түүнд нь тулгуурлан мөрдөн шалгах ажиллагааг хууль ёсны дагуу явуулж байдаг гэдгээрээ маш их ялгаатай.   Би прокурорт 20 гаруй жил ажиллаад мөрдөх албанд ороход хэргийг уншиж байгаа юм шиг ойлгоод, тэр талаас нь ажиллах гэдэг тал байсан. Прокурорын хяналт бол хэргийг эхнээс нь эцэс хүртэл нь хуулийн дагуу мэргэжлийн удирдлагаар хангаж, хөтөлж явдаг чухал ажил. Харин мөрдөгчид прокурорын зааварчилгаа, даалгаврыг гүйцэтгэдэг сэтгэл зүрхтэй, авъяас чадвартай, арга туршлагатай байж энэ хоёрын нэгдлээс “үнэнд хүрдэг” юм байна гэж би мөрдөх албанд ажиллахдаа мэдэж авсан даа.

- Энэ онд Прокурорын байгууллагын 90 жилийн ой тохиож байна. Та нийт прокурор, ажилтнууддаа ойн баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү?

Монгол Улсын прокурорын байгууллагыг би хуулийн байгууллагууд дотроо хамгийн нэр хүндтэй, хариуцлагатай байгууллага гэж боддог. Ийм сайхан байгууллагад зүтгэж явсан үе үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа залуучууд, дараагийн залгамж нь болсон шинэ үеийнхэн прокурорын хуулиар тогтоосон чиг үүрэг, өргөсөн тангаргаа шударгаар хэрэгжүүлж чадаж байгаа цагт прокурорын байгууллагын нэр хүнд, ажил алба өөдрөг, өнгөтэй байна гэж боддог. Прокурорын байгууллагын бүх шатанд ажиллаж байгаа нийт прокурор, ажилтнууд, энэ байгууллагад сэтгэл зүрхээ зориулдаг бүх хүмүүст Прокурорын байгууллага байгуулагдсаны 90 жилийн ойн халуун баярын мэндийг хүргэе. Хамтран зүтгэж байсан нөхдүүддээ хамгийн сайн сайхныг хүсье!

- Та өнөөдөр Монгол Улсын төрийн дээд шагнал “Гавьяат хуульч цол, тэмдгээр шагнагдлаа. Баярын сэтгэгдлээсээ хуваалцаж, залуу прокурорууддаа  сургаалаа хайрлаач?

Хүндэтгэл хүлээж авна гэдэг чинь амар зүйл биш юм байна.  Гэхдээ үүний цаана асар их хариуцлага үүрэг оногдож байна. Хэдийгээр нас өтөлж байгаа ч гэсэн өөрийнхөө мэддэг чаддаг бүхнийг бага боловч хүмүүст хүргэхсэн, залуучуудтайгаа мөр зэрэгцэн алхахсан гэж бодож байна. Залуучууддаа хандаж хэлэхэд ерөөсөө л энэ мэргэжлээ хүндэтгэж яваарай. Мэргэжилдээ итгэл үнэмшилтэй байж чадах юм бол та бүхний өмнө асар их ирээдүй байгаа шүү. Прокурорын байгууллага ачаалал ихтэй хүнд алба, хэдэн зуун хэрэгт хяналт тавьж байгаа. Гэсэн хэдий ч та бүхэн битгий цөхрөөрэй.  Өөрийнхөө боломж нөхцөлийг бүх талаасаа дайчилж, хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу ажиллаарай, хичээгээрэй гэж бүх залуучууддаа хэлмээр байна даа.