Эхлэл Подкаст

ХУШ МОДНЫ САМАР ХУУЛЬ БУСААР БЭЛТГЭВЭЛ ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГЫН ТАЛААР

Проподкаст №45

УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа  Хуш модны самар хууль бусаар бэлтгэвэл хүлээлгэх хариуцлагын талаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Эрдэнэтөртэй ярилцлаа. 

✅Жил бүрийн 9 дүгээр сарын 01-нээс өмнө Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас “Ойн судалгаа, хөгжлийн төв” Улсын төсөвт үйлдвэрийн газрын дүгнэлт, орон нутгаас ирүүлсэн судалгаа мэдээллийг үндэслэн тухайн жилд самрын нөөцийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж болох эсэх тухай шийдвэр гаргадаг.

✅Монгол орны нийт газар нутгийн 7.9 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдгаас 10 аймгийн 63 сум, Улаанбаатар хотын ногоон бүсэд хушин ой тархсан байдаг.

✅Хуулийн дагуу хуш модны самрыг их ургацын жилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар, бага ургацын жилд зөвхөн ахуйн зориулалтаар зөвшөөрлийн дагуу түүж, бэлтгэхийг зөвшөөрдөг.

✅Үйлдвэрлэлийн зориулалтаар тухайн сумын Засаг дарга, Ойн ангитай зөвшилцөж, зөвхөн ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр хуш модны самрыг бэлтгэж, ашиглуулна.

✅Самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар самрын нөөцийн 40 хүртэл хувийг, шинжилгээ, судалгааны зориулалтаар 10 кг хүртэл, ахуйн зориулалтаар 25 кг хүртэл хэмжээгээр түүхийг зөвшөөрдөг.

✅Самрыг ашиглах зориулалт, хэмжээнээс хамаарч 1 удаагийн эрхийн бичгийг иргэнд 10 хүртэл хоног, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад 21 хүртэл хоногийн хугацаатай олгодог.

✅Иргэн, аж ахуйн нэгж нь зохих зөвшөөрөлгүйгээр хуш модны самрыг түүсэн, бэлтгэсэн худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэнэ.

✅Иргэн, аж ахуйн нэгж нь зохих зөвшөөрөлтэй боловч хуш модны самрыг зөвшөөрөлд заасан хэмжээ, хугацаанаас хэтрүүлэх зэргээр Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулна.

✅Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу 24.8 дугаар зүйлд зааснаар “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол 5.400.000-27 сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” заасан.

✅Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй бол зөрчил үйлдэж олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулна.

✅Жил бүрийн 6 дугаар сараас 9 дүгээр сарын хугацаанд самар түүхийг хориглодог.