Эхлэл Ярилцлага

ТӨВ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ БУРУУЛАХЫН ТУЛД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Төв аймгийн прокурорын газрын ахлах прокурор М.Хэрлэнчимэгтэй ярилцлаа.

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил яагаад буурахгүй байна вэ? Ямар нөхцөл шалтгааны улмаас үйлдэгдэж байна  вэ?

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оноос хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлснээр гэр бүлийн хүчирхийллийн тухай мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлэх, зөрчил гаргасан этгээдэд шийтгэл оногдуулдаг гэсэн ойлголт нийгэмд тогтсон байгаагаас гэр бүлийн хүчирхийлэл тэр бүр ил болохгүй, далд хэлбэрт үйлдэгдсээр л байна.

Хохирогчид ихэвчлэн гэр бүлийн харилцаагаа авч үлдэх гэж үр хүүхдийнхээ төлөө хүчирхийлэл үйлдэгчийг уучилдаг ч хүчирхийлэл эсрэгээрээ даамжирч, зөрчлийн шинжтэй байсан бол цаашлаад гэмт хэргийн шалтгаан нөхцөл болоод байна.

Төв аймгийн хэмжээнд үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн гаралт шийдвэрлэлтийн талаар танилцуулахгүй юу?

Төв аймагт 2020 оны эхний таван сарын байдлаар шүүхээр баривчлах шийтгэл оногдуулсан нийт зөрчлийн хэргийн 54 орчим хувь нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн зөрчил эзэлж байна. Энэхүү зөрчлийн 56,8 хувь гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүнийг зодсон, 25,1 хувь нь хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, 18,1 хувь нь бусад төрлийн зөрчил байна.

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг буюу энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Төв аймгийн Прокурорын газар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй хамтдаа тэмцэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс үүдэн гарах сөрөг хандлагын талаар олон нийтэд мэдээлэх зорилгоор тус аймгийн төр, захиргааны байгууллагуудтай хамтран сургалт, яриа, таниулгыг хийдэг. Хамгийн сүүлд 2020 оны 6 дугаар сарын 02-ноос 09-ний өдрийн хооронд “Хүчирхийллийн дохиог таньж мэд, ухамсартайгаар таслан зогсоо, дараагийн шатанд бүү оруул” уриан дор урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалтуудыг зохион байгууллаа. Тус аймгийн төр, захиргааны байгууллагуудын  ажилтан, албан хаагчдаас гадна Зөрчлийн тухай хууль зөрчиж, шүүхээр баривчлагдсан хүмүүс зэрэг нийт 600 орчим хүн сургалтанд хамрагдсан.

Мөн тус прокурорын газрын прокурор, Хүүхэд, гэр бүл залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтэн, Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, Зуунмод сумын 1, 2, 3, 5, 6-р багийн Засаг дарга, хэсгийн ахлагч нарын бүрэлдэхүүнтэйгээр 2020 оны 5 дугаар сарын 26-наас 6 дугаар сарын 02-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод суманд оршин суудаг, хоёр ба түүнээс дээш удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Зөрчлийн тухай хуулийн дагуу баривчлах шийтгэлээр шийтгэгдсэн, эрсдэл бүлгийн судалгаанд орсон иргэдийн гэрээр нь очиж, гэр бүлийн гишүүдтэй ярилцлага хийсэн. Энэ үеэр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Зөрчлийн тухай хууль”-ийн талаар танилцуулсан. Иргэд хууль эрх зүйн мэдээлэлтэй болсноор гэр бүлийн хүчирхийллийг цагдаагийн байгууллагад мэдээлж, хүчирхийлэл үйлдэгчдэд хариуцлага ногдуулах ёстой гэдгийг мэддэг болсон.  

Энэ ажлыг цаашид шат дараатайгаар хэрэгжүүлж, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гэр бүлийн ээлтэй орчныг бий болгоход анхаарч, зорилтод бүлэгт зориулсан тодорхой арга хэмжээг зохион байгуулах талаар аймгийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад прокурорын мэдэгдэл хүргүүлээд байна.   

ТӨВ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР