Эхлэл Ярилцлага

ОН ГАРСНААС ХОЙШ ДОРНОД АЙМАГТ ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС 171 САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРСАН

Дорнод аймгийн Прокурорын газар Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцлийг судалсан байна. Энэ талаар тус прокурорын газрын орлогч Б.Арсланбаатартай ярилцлаа.

-Дорнод аймгийн хэмжээнд “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг”-ийн гаралт ямар түвшинд байна вэ?

Дорнод аймгийн Прокурорын газраас тус аймгийн хэмжээнд үйлдэгдсэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин дөрөвдүгээр бүлэгт заасан “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг”-ийн гаралт, шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас байгаль, экологид учирсан хохирол болон шийдвэрлэлтийн байдлыг 2020 оны эхний 05 сарын байдлаар судалсан. Он гарснаас хойш тус аймгийн прокурорын газраас гэмт хэргийн шинжтэй нийт 846 гомдол, мэдээлэл хүлээн авч, хяналт тавьж ажилласан. Үүнээс 1 нь байгаль орчныг бохирдуулсан, 11 нь хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн, 6 нь хууль бусаар мод бэлтгэсэн 6, 3 нь ой, хээрийн түймэр тавьсан, 1 нь байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн талаарх гомдол, мэдээлэл байсан.  Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй дээрх 22 гомдол, мэдээллийн 17-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Тус прокурорын газраас 2018 онд 17, 2019 оны 1 дүгээр улиралд 4 хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт хяналт тавьж байсан бол энэ оны 5 дугаар сарын байдлаар 22 гомдол, мэдээлэл хүлээн авч 17-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн  байгаа нь дээрх төрлийн гэмт хэргийн гаралт өссөн байгааг харуулж байгаа юм.  

Байгаль орчинд хохирол учруулсан дээрх төрлийн гэмт хэрэг ихэвчлэн хаана үйлдэгдэж байна вэ?

Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрт хууль бусаар мод бэлтгэх, Халхгол, Булган сумдын нутаг дэвсгэрт байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх,  Баяндун сумын нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох  гэмт хэрэг ихэвчлэн үйлдэгдсэн байна. 

Гэмт хэргийн улмаас хичнээн төгрөгийн хохирол учраад байна вэ?

Он гарснаас хойш 6 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн.  Энэ зургаан гэмт хэргийн улмаас нийт 171.236.607 төгрөгийн хохирол учирсан. Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийг хурааж, улсын орлого болгох арга хэмжээг авдаг байгаа.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт буурахгүй байгаа шалтгаан нөхцөл нь юу вэ? Урьдчилан сэргийлэх үүднээс ямар ажил арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй, мэргэжилгүй, бага, бүрэн бус дунд, бүрэн дунд боловсролтой хүмүүс ихэвчлэн үйлдэж байна.  Иргэд гэр орондоо хашаа, байшингийн мод бэлтгэх, ахуйн хэрэглээнд ашиглах зорилгоор хориглосон мод бэлтгэх, ургамал түүх, мөн гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас байгаль орчинд хор хохирол учруулах гэмт хэрэгт холбогдож байгаа юм.

Дорнод аймгийн прокурорын газраас судалгаагаар тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах, таслан зогсооход чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авахуулахаар тус аймгийн Баян-Уул, Баяндун сумдын Засаг дарга нарт мэдэгдэл хүргүүлж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар орон нутгийн телевизээр мэдээлэл өгч ажиллаж байна.