Эхлэл Ярилцлага

М.ГАНТУЛГА: ХУУЛЬЧ, ЭРДЭМТДИЙН ИХЭНХ НЬ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГААС ТӨРӨН ГАРСАН БАЙДАГ

Улсын Ерөнхий прокурорын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн Сургалтын албаны ахлах прокурор, хууль зүйн ухааны доктор Ph.D М.Гантулгатай ярилцлаа.

Хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаачдын нэлээн өндөр хувь нь прокурорын байгууллагаас төрөн гарсан байна. Энэ юутай холбоотой гэж та боддог вэ?

Миний бодлоор хэд хэдэн шалтгаан байдаг байх гэж боддог. 1992 оноос өмнөх үед БНМАУ-ын Прокурорын газарт Прокурорын газрын удирдах ажилтныг оролцуулсан 7-9 хүний бүрэлдэхүүнтэй коллеги байсан бөгөөд эдгээр хүмүүс нь гадаад, дотоодын их, дээд сургуулийн оюутнуудын дунд судалгаа хийж, сурлага хүмүүжлээрээ бусад оюутнуудаас илүү, оюутнуудын дунд зохион байгуулдаг эрдэм шинжилгээ, илтгэлийн уралдаанд идэвхитэй оролцож, өөрийгөө хөгжүүлэх талаар анхаарч суралцдаг, шилдэг гэж үзсэн оюутнуудаас сонгон, шалгаруулж прокурорын байгуулагад авч ажиллуулдаг, хүний нөөцийг зөв бүрдүүлэхэд онцгой анхаарч байсан үе үеийн удирдлагуудын баримталж байсан бодлого, шийдвэртэй нэг талаараа холбоотой байх, нөгөө талаас прокурорын чиг үүрэг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг удирдан чиглүүлэх, хянах, шийдвэрлэх, шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, эрх бүхий албан тушаалтнуудын шийдвэрийг хянах зэргээр өргөн хүрээнд, олон салбарын хууль тогтоомжийн биелэлтийг нэг мөр хангуулахаар ажилладаг нь прокуроруудыг өндөр мэдлэг чадвартай байхыг шаарддаг учраас өөрийгөө дайчлан хөгжүүлэх, үргэлж боловсрол мэдлэгээ дээшлүүлэх эрмэлзлийг бий болгож байдагтай холбоотой болов уу.

Прокурорын байгууллагаас өнгөрсөн хугацаанд хичнээн эрдэмтэн, судлаачид төрөн гарсан байдаг вэ?

Прокурорын байгууллагад ажиллаж байхдаа болон өөр ажил, албан тушаалд томилогдсоныхоо дараа зэрэг, цолоо хамгаалсан олон прокурорууд байдаг. Хууль зүйн шинжлэх ухааны доктор 6, дэд эрдэмтэн, хууль зүйн ухааны доктор 31, нийт 40-өөд эрдэмтэн 1930 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд төрөн гарсан байна.

Прокурорын байгууллагад гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах хүрээлэн гэж байсан. Энэ хүрээлэнгээс ч олон ч судалгааны бүтээл гарсан байх.

БНМАУ-ын МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1972 оны 96 дугаар тогтоолоор БНМАУ-ын Прокурорын газрын дэргэд Гэмт хэргийн шалтгаан нөхцөл судлах хүрээлэнг байгуулах шийдвэр гарч, үүний дагуу БНМАУ-ын прокурор Ж.Авхиагийн 1973 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаар тушаалаар тус хүрээлэнг байгуулсан ба гэмт хэрэгтэй тэмцэх талаар тавьж байгаа намын бодлогыг хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулахад туслах зорилгоор Монгол Улсад гарч байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулах эрдэм шинжилгээний байгууллага байсан.

1973-1983 оны хооронд 10 жилийн хугацаанд гэмт хэрэгтэй тэмцэх онол арга зүйн үндсэн асуудал, тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөл судлах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ боловсруулах, хуулийн байгууллагуудаас зохиож буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг судлан боловсронгуй болгох гэсэн 3 үндсэн сэдвийн хүрээнд 12-15 дэд сэдвээр судалгааг явуулсан байна.

Хүрээлэнгийн захиралаар Ж.Авхиа, С.Бүдрагчаа, орлогч захиралаар Л.Рэнчин, Ц.Бүжинлхам, секторын эрхлэгчээр Б.Эрдэнэбилэг, Д.Сэвжиддорж, эрдэм шинжилгээний ажилтанаар Н.Жанцан, Н.Ринчиндорж, Н.Туяа, Р.Сүхбаатар, С.Наранбулаг зэрэг хүмүүс ажиллаж байсан бөгөөд сүүлд эдгээр прокуроруудын 90 гаруй хувь нь хууль зүйн шинжлэх ухааны болон хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан байдаг юм. Тухайлбал Н.Жанцан гуай доктор, профессорын зэрэг, цол хамгаалснаас гадна, “Монгол Улсын гавьяат хуульч”  цолоор шагнуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, даргаар ажиллаж байсан нь бидний бахархал гэж хэлж болно.

2018 онд Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалангийн тушаалаар Улсын Ерөнхий Прокурорын  газрын Сургалт, судалгааны төвийн бүтцэд Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах хүрээлэнг дахин байгуулсан бөгөөд 3 жилийн хугацаанд Сургалт, судалгааны төвийн прокурорууд тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах чиглэлээр хавсрага, суурь судалгаа 21-ийг явуулан ажилласны үр дүнд гэмт хэрэгтэй тэмцэх, Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, эрүүгийн хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн хийдлийг арилгахад тодорхой хувь нэмэрээ орууллаа.

Прокуроруудын анхаарал хандуулж судалдаг сэдэв юу байдаг вэ? Хууль зүйн салбарт хувь нэмрээ оруулсан эрдэмтэн судлаачдаа танилцуулвал?

Анхлан Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Р.Гүнсэн 1974 онд “БНМАУ-д социалист өмчийг эрүүгийн эрхээр хамгаалах нь” сэдвээр, 1976 онд Ж.Авхиа “БНМАУ-д хүний  амь  насны эсрэг гэмт хэрэгтэй явуулах тэмцлийн эрүүгийн эрхийн криминологийн асуудлууд” сэдвээр, 1993 онд Г.Совд “Эрүүгийн хариуцлага, түүний уламжлал шинэчлэлийн асуудал” сэдвээр тус тус Хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байдаг.

 Мөн Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Нарангэрэл 2000 онд “Монгол Улсын эрүүгийн эрх зүйн ерөнхий ангийн үндсэн асуудлууд,  Д.Лүндээжанцан мөн онд “Монгол Улс дахь төрийн эрх мэдлийг хувиарлах онол практикийн асуудал” сэдвээр, хамгийн сүүлд 2003 онд       Ч.Энхбаатар “Шүүхийн хараат бус байдлын харьцуулсан судалгаа” сэдвээр Хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. Прокурорын байгууллагыг удирдаж байсан үе үеийн прокурорууд мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд онцгой анхаарч, аливаа асуудалд судалгаа шинжилгээний үндэслэлтэй хандаж, шийдвэр гаргадаг байсан нь бусад прокурорууддаа үлгэр дууриалал болж ирсэн.

Дээр дурьдсан 30 гаруй эрдэмтэн, прокуроруудыг бүгдийг онцолж ярих хүсэл байгаа хэдий ч ярилцагын хязгаарлагдмал байдлаас шалтгаалан цөөн тооны хүнийг ярих болоод байна. Эдгээр хүмүүсийн бүтээлүүд тухайн цаг үедээ хамгийн шилдэг нь байсан гэдэгтэй хэн ч  маргахгүй байх. Одоо ч эдгээр эрдэмтэн прокуроруудын эрдмийн ажлын хүрээ хязаар, судалгааны ажлын арга зүй, ач холбогдол, үр дүн, дүгнэлт нь үнэ цэнээ алдаагүй, судалгааны бүтээлүүд, ном зохиолууд нь эрдэмтэн судлаач, хуульчид, оюутнуудын ширээний ном  хэвээрээ байна.

Иймд зарим нэг прокурорын талаар товчхон хэлье гэж бодлоо. Тухайлбал, Д.Лүндээжанцан прокурор 2000 онд Хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, “Монгол Улсын гавьяат хуульч” цолоор шагнуулж, Улсын Бага хурлын гишүүн, Улсын Их Хурлын гишүүн, даргын албан тушаалыг 30 гаруй жил хашин, хууль тогтоох, хуульч эрдэмтэдийг бэлтгэх, судалгаа шинжилгээний олон арван ажил хийх, хууль зүйн ном, бүтээл туурвин гаргах, хуулийн байгууллагын хүний нөөцийг бэлтгэх, бэхжүүлэх, оюутан залуучуудыг сургах, хүмүүжүүлэх ажилд ихээхэн хувь нэмрээ оруулсан. Мөн энд Ж.Авхиа /Sc.D/,  Академич, /Sc.D/, профессор С.Нарангэрэл, профессор, /Sc.D/  Г.Совд, профессор, /Ph.D/ С.Жалан-Аажав, профессор, /Ph.D/ Ж.Бямбаа, профессор, /Ph.D/ Д.Баярсайхан, профессор, /Ph.D/ Х.Сэлэнгэ нарын нэрийг дурьдахгүй өнгөрч болохгүй байна. Ойрын хугацаанд прокурорын байгууллагаас төрөн гарсан эдгээр эрдэмтдийн бүтээл, хуулийн салбарт болон Монгол Улсын хөгжилд оруулсан хувь нэмэр, эрхэлж байсан ажил, албан тушаал, гавьяа шагнал зэргийг иргэд, хуульчдад танилцуулах, судалгаа, бүтээлийг нь олны хүртээл болгох ажлыг хийнэ.

Таны хувьд хууль зүйн ухааны докторын зэрэгээ ямар сэдвээр хамгаалж байв? Яг одоо ямар судалгааны ажил хийж байна вэ?

Улсын Ерөнхий прокурорын газраас хяналтын ажлын бүхий л чиглэлээр болон гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах зэрэг суурь, хавсарга судалгааны ажлуудыг тогтмол хийж, судалгааны дүн, тайлангийн дүгнэлтийг үндэслэн тодорхой холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Үе үеийн Монгол Улсын Ерөнхий прокурорууд санаачлан судалгаа, шинжилгээний ажлыг хөхүүлэн дэмжиж ирсэн. Прокурорын байгууллага Монгол Улсын хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагууд дунд судалгаа шинжилгээний ажлын далайц, гаргасан бүтээлийн тоо, үр дүнгээрээ болон эрдэмтдийн тоогоороо ч манлайлан ажиллаж ирсэн юм.

Миний хувьд прокурорын байгууллагад 22 жил прокуророор ажиллаж байна. Улсын Ерөнхий Прокурорын газрын захиалгаар БНСУ-ын Чонбук Үндэсний Их суруулийн докторантурт 2014 онд элсэн суралцаж, “Хээл хахуулийн гэмт хэргийг судлах нь” сэдвээр 2017 онд хууль зүйн ухааны докторын /Ph.D/ зэрэг хамгаалсан.

Одоогоор Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн болон Авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан нөхцөл, шийдвэрлэлтийн байдалд дүн шинжилгээ хийх зэрэг хэд хэдэн судалгааны ажлыг хийж байна.

Өнөө үеийн прокурорууд эрдэм шинжилгээний ажилд хэр анхаарч байна вэ?

Одоогоор Монгол Улсын их, дээд сургуулийн докторантурт нийт 19 прокурор, ажилтан суралцаж байна. Цаашдаа ч нэмэгдэх төлөвтэй байгаад баяртай байдаг. Учир нь аливаа байгууллагад судалгаа шинжилгээний ач холбогдолыг мэддэг, эрдэмтэн хүмүүс ажиллах нь ажлын үр дүнд эерэгээр нөлөөлдөг, нөгөө талаар бусад хүмүүсийн аливаа зүйлд хандах хандлага сайжрах ач холбогдолтой. Улсын Ерөнхий прокурорын газраас цаашид прокурор, ажилтнуудаа докторантур, магистрантурт нэмж сургах, тэднийг эрдмийн зэргээ хамгаалахад нь арга зүйн туслалцаа үзүүлэх, боломж нөхцлөөр хангах, мэдлэг, боловсролоо дээшлүүлэхэд нь анхаарч ажиллаж байна.

Улсын Ерөнхий прокурорын газраас прокурорууд гэлтгүй хуулийн салбарынханд зориулж олон төрлийн ном товхимол, гарын авлага, эмхэтгэл гаргадаг. Энэ жил ямар бүтээлүүд гаргаад байна вэ?

2017-2020 онд Улсын Ерөнхий Прокурорын газраас Мэргэжлийн болон онолын, прокурорын хяналтын үйл ажиллагаанд ашиглагдах эмхэтгэл, гарын авлага, ном 20 гаруйг боловсруулж, хэвлүүлэн олны хүртээл болгосон байна.

Энэ онд прокурорын байгууллагын түүхт 90 жилийн ойн жил тохиож байгаа учраас ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх, прокурор, ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр олон ажлуудыг хийж байна. Эрдэмтэн, судлаач прокуроруудын зүгээс судалгаа, шинжилгээний ажил, бүтээлээрээ бэлэг барихыг зорьж “Авлига, албан тушаалын гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудлууд”,  “Монгол Улсын Прокурорын тухай хууль, тогтоомжууд”, “Монгол Улсын нэгдэн орсон конвенц, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний эмхэтгэл”, “Хүний эрх ба эрүү шүүлт тулгах гэмт хэрэг”, “Хууль бусаар ан агнах, мод бэлтгэх гэмт хэрэг, зөрчлийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэхэд анхаарах асуудлууд”, “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг буцаан авах ажиллагаа” зэрэг 10 орчим ном, гарын авлага гаргаж, прокурор, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд хувь нэмрээ орууллаа.

              МОНГОЛ УЛСЫН  ПРОКУРОРЫН  БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ  БАЙГАА БОЛОН АЖИЛЛАЖ   БАЙСАН ПРОКУРОРУУДЫН  ЭРДМИЙН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ТАЛААРХ ЖАГСААЛТ

                           НЭГ. ЭРДМИЙН ЗЭРЭГ ХАМГААЛСАН БҮТЭЭЛ                                                                                                                                                            

  1. ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР (SC.D)-ЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН БҮТЭЭЛ

  1. Авхиа.Ж. “БНМАУ-д хүний амь насны эсрэг гэмт хэрэгтэй явуулах тэмцлийн эрүүгийн эрхийн ба криминологийн асуудлууд”. Хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг  горилсон бүтээл. 1976 он

  2. Гүнсэн.Р.  “БНМАУ-д  социалист өмчийг эрүүгийн эрхээр хамгаалах нь”. Хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг  горилсон бүтээл. 1974 он

  3. Лүндээжанцан.Д. “Монгол Улс дахь төрийн эрх мэдлийг хуваарилах онол практикийн асуудал”.  Хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг  горилсон бүтээл. 2000 он

  4. Нарангэрэл.С.” Монгол Улсын эрүүгийн эрх зүйн ерөнхий ангийн үндсэн асуудлууд”.  Хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг  горилсон бүтээл. 2000 он

  5. Совд.Г. “Эрүүгийн хариуцлага, түүний уламжлал шинэчлэлийн асуудал”. Хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг горилсон бүтээл. 1993 он

  6. Энхбаатар.Ч. “Шүүхийн хараат бус байдлын харьцуулсан судалгаа”. Хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг горилсон бүтээл. 2003 он

       2.  ДЭД ЭРДЭМТЭН, ДОКТОР (Ph.D, LL.D)-ЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН БҮТЭЭЛ

1. Авхиа.Ж. “БНМАУ-д  санаатай хүн амины гэмт хэрэгтэй явуулах эрүүгийн эрхийн тэмцэл”. Хууль зүйн ухааны дэд эрдэмтний зэрэг горилсон бүтээл. 1968 он

2. Авирмэд.Э. “БНМАУ-ын орон нутгийн Ардын депутатуудын хурал”. Хууль зүйн ухааны дэд эрдэмтний зэрэг горилсон бүтээл. 1970 он

3. Баярсайхан.Д.  “Монгол төрийн бүрэн эрхт  байдлын үндсэн хуулийн эрх зүйн асуудлууд”.  Хууль зүйн ухааны дэд эрдэмтний зэрэг горилсон бүтээл. 1998 он

4. Бүжинлхам.Ц. “Анхан шатны шүүхээс  эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд  БНМАУ-ын хуулийг биелүүлж байгаа байдалд  тавих прокурорын  хяналт”. Хууль зүйн ухааны дэд эрдэмтний зэрэг горилсон бүтээл. 1985 он

5. Баатаржав.Н. “Гэмт явдал, түүний шалтгаан судлалын криминологийн асуудал”. Хууль зүйн ухааны дэд эрдэмтний зэрэг горилсон бүтээл. 1985 он

6. Бямбаа.Ж. “Орон нутгийн засаг захиргааны байгууллагаас эрхийн хүмүүжлийн ажлыг удирдах нь”. Хууль зүйн ухааны дэд эрдэмтний зэрэг горилсон бүтээл. 1988 он

7. Баярсайхан.Б. “Монгол цаазын бичгийн судалгаа”. Хууль зүйн ухааны дэд эрдэмтний зэрэг горилсон бүтээл. 2004 он

8. Батдолгор.Л. “Тагнах үйл ажиллагааны зохицуулалтыг төгөлдөржүүлэх эрх зүйн асуудал”. Хууль зүйн ухааны дэд эрдэмтний зэрэг горилсон бүтээл. 2009 он

9. Гүнсэн.Р. “Улс хоршооллын  хөрөнгийг ашиглан  шамшигдуулсан  гэмт хэрэг  үйлдсэн этгээдэд  хүлээлгэх  эрүүгийн  хариуцлага”. Хууль зүйн ухааны дэд эрдэмтний зэрэг горилсон бүтээл. 1965 он

10. Гантулга.М. “Хээл хахуулийн гэмт хэргийг судлах нь”. Хууль зүйн ухааны докторын зэрэг горилсон бүтээл. 2017 он

11. Дэлгэрмаа.Б. “Орон нутгийн цагдаагийн байгууллагын бие даасан байдал”. Удирдахуйн ухааны докторын зэрэг горилсон бүтээл. 2014 он

12. Дэлгэрмаа.Б “Монголын ардчилалын түүх XX-р зуунд”. Түүхийн ухааны докторын зэрэг горилсон бүтээл. 2005 он

13. Жалан-Аажав.С.“БНМАУ-ын империализм, феодализмыг эсэргүүцсэн шатны  ардын хувьсгалт  төрийн хууль тогтоомжийн  гол шинжүүд”. Хууль зүйн ухааны дэд эрдэмтний зэрэг горилсон бүтээл. 1967 он

14. Жанцан.Н. “Насанд хүрээгүйчүүдийн үйлдэж буй  гэмт явдалтай тэмцэх орчин цагийн асуудал”. Хууль зүйн ухааны дэд эрдэмтний зэрэг горилсон бүтээл. 1981 он

15.Лүндээжанцан.Д. “Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийг зөрчихөд  хүлээлгэх  захиргааны арга хэмжээний  үр нөлөөг дээшлүүлэх асуудал”. Хууль зүйн ухааны дэд эрдэмтний зэрэг горилсон бүтээл. 1989 он.

16. Мөнхсайхан.Л. “Монгол Улсын  эрүүгийн шүүн таслах ажиллагааг талуудын  эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах эрх зүйн зохицуулалтын үндсэн асуудал”. Хууль зүйн ухааны докторын зэрэг горилсон бүтээл. 2011 он

17. Нарангэрэл.С. “БНМАУ-ын  эрүүгийн хууль тогтоомжийг  боловсронгуй болгох асуудал”. Хууль зүйн ухааны дэд эрдэмтний зэрэг горилсон бүтээл. 1989 он

18. Наранбулаг.С. “Хамтарсан үйлдвэрийн эрх зүйн зохицуулалтын зарим асуудал”. Хууль зүйн ухааны дэд эрдэмтний зэрэг горилсон бүтээл. 1992 он

19. Оюунчимэг.П. “Эрүү шүүлттэй тэмцэх үндсэн асуудлууд: онол практик”. Хууль зүйн ухааны докторын зэрэг горилсон бүтээл. 2010 он

20. Өнөрмаа.Б. “Хууль бус тохиролцоо авлигын гэмт хэргийн үндэс болох нь”. Хууль зүйн ухааны докторын зэрэг горилсон бүтээл. 2014 он

21. Рэнчин.Л. “Социалист өмч хамгаалах Үндсэн хуулийн эрх зүйн албыг боловсронгуй болгох асуудал”. Хууль зүйн ухааны дэд эрдэмтний зэрэг горилсон бүтээл. 1981 он

22. Совд.Г. “БНМАУ-ын эрүүгийн эрхийн  тусгай ангийн үндсэн зорилт”. Хууль зүйн ухааны дэд эрдэмтний зэрэг горилсон бүтээл. 1973 он

23. Сэлэнгэ.Х. ”13 зууны Монголын төр, эрх зүйн үзэл санаа, түүний үнэт зүйл”. Хууль зүйн ухааны докторын зэрэг горилсон бүтээл. 2003 он

24. Сүхбаатар.Ш. “Хүний нэр төр, алдар хүндийн эрх зүйн хамгаалалт”. Хууль зүйн ухааны докторын зэрэг горилсон бүтээл. 2011 он

25. Тажебакед.К. “Хөдөө аж ахуйн нэгдлийн малыг ашиглан шамшигдуулах гэмт хэргийн шалтгаан, нөхцөл урьдчилан сэргийлэх арга”. Хууль зүйн ухааны дэд эрдэмтний зэрэг горилсон бүтээл. 1982 он

26. Ууганболор.Г. “Монголчуудын гэр бүлийн хууль цаазын уламжлал, онцлог”. Хууль зүйн ухааны докторын зэрэг горилсон бүтээл. 2012 он

27. Цэрэндорж.С. “Социалист эрх зүйт төрийг төлөвшүүлэх нөхцөл дэх хууль зүйн хариуцлага”. Хууль зүйн ухааны дэд эрдэмтний зэрэг горилсон бүтээл. 1989 он

28. Цэлмэг.Ц. “Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг, эрүүгийн эрх зүй, криминологийн асуудал”. Хууль зүйн ухааны докторын зэрэг горилсон бүтээл. 2012 он

29. Хүрлээ.Л. “Гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх хөдөлмөрийн хамт олны роль, үйл ажиллагаа”. Хууль зүйн ухааны дэд эрдэмтний зэрэг горилсон бүтээл. 1976 он

30. Энхбаатар.Ч. “Төрийн эрх барих дээд  байгууллагын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй  болгох нь”. Хууль зүйн ухааны дэд эрдэмтний зэрэг горилсон бүтээл”. 1991 он

31. Эрдэнэбат.П. “Монгол Улсын прокурорын байгууллагын удирдах албан тушаалтны манлайллын хэв маяг, чадварт хийсэн шинжилгээ”. Удирдахуйн ухааны докторын зэрэг горилсон бүтээл 2015 он.