Эхлэл Ярилцлага

М.ЭНХТУНГАЛАГ: ГАДААДЫН ИРГЭД ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРЛИЙНХӨӨ ХУГАЦААГ ХЭТРҮҮЛСЭН ЗӨРЧИЛ ИХ ГАРГАЖ БАЙНА

- ХУГАЦАА ХЭТРҮҮЛСЭН ХОНОГ ТУТАМ АРВАН НЭГЖТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР БУЮУ 10.000 ТӨГРӨГӨӨР ТОРГОДОГ.

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Энхтунгалагаас тус прокурорын газраас хяналт тавьсан зөрчлийн хэргүүдийн талаар тодрууллаа.

- Нийслэлийн прокурорын газраас ямар, ямар байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж байна. Хяналт тавьдаг байгууллагуудын хэмжээнд зөрчлийн илрүүлэлт, шийдвэрлэлтийн байдал өмнөх онтой харьцуулбал ямар түвшинд байна вэ?

- Тус прокурорын газар нь 51 байгууллагын 1264 эрх бүхий албан тушаалтны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавин ажилладаг. Тухайлбал, Татварын Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Оюуны өмчийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Нийслэл дэх улсын бүртгэлийн газар, Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн үндэсний төв, Гадаадын иргэн харьяатын газар, Улаанбаатар хот дахь гаалийн газар зэрэг байгууллагууд манай хяналтад харьяалагддаг.

Эдгээр байгууллагуудын тоон үзүүлэлтийг бүтэн жилээр харьцуулбал илүү зохимжтой гэж үзэж байна. Тухайлбал, Нийслэлийн прокурорын газрын хяналтын харьяа байгууллагууд 2020 онд нийт 14519 зөрчил шалгасан байдаг. 2019 онтой харьцуулахад шалгасан зөрчил нь 30.9 хувиар буурсан. Буурсан шалтгаан нь коронавирус өвчний тохиолдол Монгол Улсад бүртгэгдэж, тодорхой төрлийн үйлчилгээ, үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоосон, түүнийг дагаад төрийн хяналт шалгалт агассан, мөн иргэдээс гаргах гомдол, мэдээлэл буурсантай холбоотой.

Харьяа байгууллагуудын хувьд 2020 онд Нийслэл дэх улсын бүртгэлийн газар 5963, Нийслэлийн тээврийн газар 3370, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 1564, Авто тээврийн үндэсний төв 874 зөрчил бүртгэгдэж шалгагдсан нь бусад байгууллагуудтай харьцуулахад хамгийн их байна.

- Төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг зарим онцлог байгууллагууд болох Гадаадын иргэн харьяатын газар, Улаанбаатар хот дахь гаалийн газар зэрэг газрууд танай хяналтад байдаг юм байна. Эдгээр газруудад ямар төрлийн зөрчил их шалгагдаж байна?

- Гадаадын иргэн харьяатын газрын хувьд 2019, 2020 онд Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчих” 2753 зөрчилд шийтгэл оногдуулсан нь  тус прокурорын газраас хяналт тавьсан нийт зөрчлийн 7.6 хувийг эзэлж байсан.

Дээрх зөрчлийг төрлөөр нь авч үзвэл Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн зөрчил 1090, Визийн хугацааг хэтрүүлсэн зөрчил 447, Нутаг дэвсгэрт оршин суух үнэмлэхийг эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчсөн зөрчил 287 буюу хамгийн их бүртгэгджээ. Үүнээс үзэхэд гадаадын иргэд манай улсад оршин суух зөвшөөрлийнхөө хугацааг хэтрүүлсэн зөрчил их гаргасан байна.

Улаанбаатар хот дахь гаалийн газрын тухайд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлд заасан Гаалийн тухай хууль зөрчих зөрчилд 2019 онд 463, 2020 онд 217 хүн, хуулийн этгээдэд шийтгэлийг оногдуулсан нь Нийслэлийн прокурорын газрын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн. Энэ нь нийт хяналт тавьсан зөрчлийн 2.6 хувийг эзэлж байна.

Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлд заасан Гаалийн тухай хууль зөрчих зөрчлийн гаралтыг төрлөөр авч үзвэл “гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн” зөрчил 193, “Гаалийн зуучлагч, мэдүүлэгч гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн, эсхүл хууль тогтоомжид заасан эрхээ хэтрүүлсэн” зөрчил 167, “гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичсэн” зөрчил 117 байгаа нь хамгийн их үйлдэгдсэн байгаа юм.

- Оршин суух хугацаа хэтрүүлсэн гадаадын иргэнд ямар хариуцлага ногдуулдаг вэ?

- Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 16.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар хэтрүүлсэн хоног тутам арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000 төгрөгөөр тооцож торгуулийн шийтгэл оногдуулдаг.

- Ямар тохиолдолд улсаасаа албадан гаргадаг вэ?

- Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр бус буюу хуурамч баримт бичгээр нэвтэрсэн нь нотлогдсон, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан гэх мэт нийт 12 тохиолдлыг “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 37 дугаар зүйлд зааж өгсөн байгаа. Харин тухайн үйлдэл нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр байвал албадан гаргах бус гэмт хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл болох болно.

- Зөрчил хянан шийдвэрлэлт өндөр байдаг газруудын тоонд Нийтийн тээврийн үйлчилгээний газар багтсан байна. Тус газарт түлхүү ямар төрлийн зөрчил шалгагдаж байна?

- Нийтийн тээврийн үйлчилгээний газрын эрх бүхий албан  тушаалтан нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлд заасан Автотээврийн тухай хууль зөрчих, 14.5 дугаар зүйлд заасан Авто зам, замын байгууламж, тэмдэг, тэмдэглэлийг гэмтээх, өөрчлөх, бохирдуулах зөрчлийг шалган шийдвэрлэх эрхтэй байдаг.

Тус газар нь 2019, 2020 онд Автотээврийн тухай хууль зөрчих 7505 зөрчилд, Авто зам, замын байгууламж, тэмдэг, тэмдэглэлийг гэмтээх, өөрчлөх, бохирдуулах  1898 зөрчилд шийтгэл оногдуулсан нь Нийслэлийн прокурорын газрын хяналт тавьсан нийт зөрчлийн 27.2 хувийг эзэлж байна.

Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо зорчих тасалбар худалдан аваагүй” зөрчилд Авто тээврийн үндэсний төв болон Нийтийн тээврийн газар 2019 онд 13 хүнд шийтгэл оногдуулж байсан бол 2020 онд 1094 хүнд шийтгэл оногдуулсан нь хамгийн их өсөлттэй зөрчил болсон. Энэ нь тус газраас хэрэгжүүлж байгаа төрийн хяналт шалгалт сайн, нөгөө талаас  зөрчлийн хуулийн хэрэгжилтийг нэг мөр ханган ажиллаж байгаатай холбоотой.

Төгсгөлд нь хэлэхэд зөрчлийн тоо жилээс жилд ихсэж байгаа нь нэг талаас Зөрчлийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа эрх бүхий албан тушаалтнуудын үүрэг, хариуцлага дээшилж байгаатай холбоотой нөгөө талаас иргэн, хуулийн этгээд нь хууль, тогтоомжийг хэрэгжүүлж ажилладаггүйгээс зөрчил их хэмжээгээр үйлдэгдэж байна.

Мэдээж үүнд иргэдийн эрх зүйн мэдлэг, мэдээлэл дутмаг, тэдэнд хууль, тогтоомжийг таниулах ажил хангалтгүй байгаа байдал нөлөөлж байна. Тиймээс иргэд маань хуулийг дагаж мөрдөх үүргээ ухамсарлаж, ажил амьдралдаа хэрэгжүүлж ажиллавал зөрчил үйлдэгдэхгүй, иргэн, төр, нийтийн  эрх ашиг хохирохгүй байх боломжтой гэдгийг хэлмээр байна.

 

Эх сурвалж: Өдрийн сонин 2021.05.03 Даваа №087 (6709)