Эхлэл Ярилцлага

У.СОЛОНГО: "ХҮЧИНДЭХ ГЭМТ ХЭРЭГТ 191, ХҮН ХУДАЛДААЛАХ ХЭРЭГТ 7 ХҮҮХЭД ХОХИРСОН"

Сүүлийн үед хүүхэд гэмт хэрэгт өртөх, хохирогч болох тохиолдол олноор гарах болсон. Энэ төрлийн гэмт хэргийн гаралт, хэргийн шийдвэрлэлттэй холбоотой асуудлаар УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор У.Солонготой ярилцлаа.

Манай улсад хүүхэд гэмт хэргийн хохирогч болох асуудал маш ихээр гардаг. Ер нь хүүхдийн эрхийг хамгаалах ямар, ямар хууль тогтоомж Монголд байдаг вэ?

Монгол Улсад хүүхдийн эрхийн харилцааг зохицуулсан арав гаруй төрлийн хууль  тогтоомж, түүнийг дагалдан гарсан 50 гаруй дүрэм, журам, стандарт бий. Хүүхдийн эрхийн суурь харилцааг Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг. Мөн Эрүүгийн хууль болон Зөрчлийн хуулиудад хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар тодорхой зааж өгсөн байдаг.

Хүүхдийн эрхийг хамгаалсан цөөнгүй хууль тогтоомж байдаг юм бөйна. Гэхдээ олон нийтийн дунд энэ төрлийн хууль эрхзүйн мэдлэг хомс санагддаг. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг гэж яг юуг хэлдэг юм бэ?

Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгт Хүүхдийн эсрэг гэмт хэргийн талаар зүйлчилсэн байдаг. Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах, Хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулах, Хүүхдийг хаях төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх, Хүүхдээр гуйлга гуйлгах, Хүүхэд солих, хүүхэд худалдах, хүүхэдтэй хэрцгий харьцах, хүүхдэд садар самууныг сурталчлах, хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх, Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог. Мөн бусад төрлийн хүчиндэх, хулгайлах, залилах, хүний биед гэмтэл учруулах зэрэг гэмт хэргийн улмаас хүүхэд хохирох тохиолдол байна.

Он гарснаас хойш хүүхэд хохирсон хэчнээн хэрэг гарсан бэ?

Энэ оны эхний таван сарын байдлаар хүүхэд хохирсон 898 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгаж байна. Үүнээс бага насны хүүхэд хохирсон 277 хэрэг байгаагаас нийслэлийн хэмжээнд 172 гэмт хэрэг шалгагдаж байна. Гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдүүдийг хүйсээр нь тодорхойлвол 462 нь эрэгтэй, 436 нь эмэгтэй хүүхэд байна.

Ямар төрлийн гэмт хэргийн улмаас хүүхдүүд ихэвчлэн хохирч байна вэ?

Он гарснаас хойш үйлдэгдсэн хүүхэд хохирсон эрүүгийн хэргийг судалж үзэхэд хүүхэдтэй хэрцгий харьцах гэмт хэрэг дөрөв, хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах долоо, хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах нэг, хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх хоёр гэмт хэрэг гарсан байна.

Мөн хүнийг алах гэмт хэргийн улмаас гурав, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн улмаас найман хүүхэд нас баржээ.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас нэг, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас 16, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн улмаас 12, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийн улмаас найм, хүн худалдаалах гэмт хэргийн улмаас долоо, бусад нь хулгай, дээрэм, залилан гэх мэт  хэргийн улмаас хохирогч болсон байна.

Мөн оны эхний таван сарын байдлаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн улмаас 124, хүчиндэх гэмт хэргийн улмаас 191, арван зургаан  насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэргийн улмаас 45 хүүхэд хохирсон нь судалгаагаар тогтоогдсон.

Маш харамсалтай. Гэмт хэргийн улмаас хүүхдүүд хохирогч болж байгаа шалтгаан нь юу байна вэ?

Хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байгаа гол шалтгаан нь мэдээж эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нар нь Хүүхдийн эрхийн тухай хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байгаатай шууд холбоотой гэж үзэж болно. Мөн хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллагуудын үүрэг, оролцоо маш чухал байх ёстой. Хэдийгээр эцэг, эх, асран хамгаалагчийн буруу байгаа боловч нийгэм дэх ажилгүйдэл, ядуурал, архидалт зэрэг сөрөг хүчин зүйлүүд гэмт хэргийн гаралтад нөлөөлж байгаа юм.

Хэдхэн хоногийн өмнө Туул голд таван настай хүүхэд эндсэн хэрэг гарсан. Ээж нь согтуу, хүүхэд нь хараа хяналтгүй байсны улмаас ийм харамсалтай хэрэг болсон байсан?

Хүүхэд хохирсон гэмт хэргийн хамгийн гол шалтгаан нь эцэг, эх, асран хамгаалагчаас нь шууд шалтгаалж байгаа юм. Иймээс хүүхдэдээ тавих хараа хяналтаа л хүмүүс сайжруулах хэрэгтэй гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Хүүхэд амиа хорлох тохиолдлууд бас гарах болсон. Энэ талаар тоо баримт, судалгаа байгаа юу?

Он гарсаар хүүхэд амиа хорлосон харамсалтай тохиолдол 11 гарсан. Прокуророос дээрх тохиолдол бүрт онцгой анхаарч, хэн нэгэн хүн тухайн хүүхдийг амиа хорлох гарцаагүй нөхцөл байдалд хүргэсэн эсэхийг нь шалгуулах арга хэмжээг авч ажиллаж байна.

Ковид цар тахлын энэ цаг үед хөл хорионы улмаас хүүхдийн эрх маш ихээр зөрчигдөж байна гэсэн шүүмжлэл их байгаа. Бодит байдал ямар байна вэ?

Мэдээж цар тахлын үед хүүхдийн сурч боловсрох эрх хамгийн их зөрчигдөж байгаа. Түүнчлэн хүүхдийн эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрх зөрчигдөж байгаа нь харьцуулсан тоон мэдээнээс харагдаж байгаа юм. Тухайлбал, 2020 оны эхний 11 сарын байдлаар хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага Баянзүрх дүүрэгт хамгийн өндөр буюу 9082, Сонгинохайрхан дүүрэгт 8721, Чингэлтэй дүүрэгт 3730, Сүхбаатар дүүрэгт 3260 ирсэн байна. Мөн өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 144 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 7.6 дахин өссөн, зөрчлийн тоо 18.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Сургууль цэцэрлэг орохгүй байгаагаас үүдэж бага насны хүүхэд харах хүнгүй гэртээ үлдсэнээс үүдэж, ахуйн осолд өртөх тохиолдол их гардаг?

Тиймээ. 2021 он гарснаас хойш бага насны хүүхдүүд харж хандах хүнгүй гэртээ үлдэн, ахуйн ослоор буюу галын аюулаас гэр нь шатаж, 10 хүүхэд амиа алдсан харамсалтай тоон мэдээлэл байгаа.

Эх сурвалж: Өглөөний сонин 2021.05.24 №095 (3400) сэтгүүлч С.Өлзийбаяр