Эхлэл Ярилцлага

2021-11-23 12:00:49.0

Б.ӨНӨРМАА: ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ЗӨРЧИХ 15 ЗӨРЧЛИЙГ ХУУЛЬЧИЛСАН

Прокурорын байгууллагаас Зөрчлийн тухай хуульд заасан Хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн судалгааг анх удаа хийсэн. Энэ талаар УЕПГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн хяналтын прокурор, Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаатай ярилцлаа.

Монгол Улсад хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн өнөөгийн байдал ямар байна вэ? Судалгаагаар ямар нөхцөл байдал тогтоогдсон бэ?

Улсын Ерөнхий прокурорын газраас Зөрчлийн тухай хуульд заасан Хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөлийг судалсан. Судалгааг хийхэд 2020 он болон 2021 оны нэгдүгээр улиралд шалгаж шийдвэрлэсэн  зөрчлийн материалуудыг нэг бүрчлэн хянаж үзсэн. Хохирогч болж байгаа хүүхдүүдийн нийгэм  хүн ам зүйн шинж, ямар төрлийн хүмүүс хүүхдийн эрхийг зөрчих зөрчил үйлдэж байна, гол шалтгаан нөхцөл юу байгааг судлахыг зорьсон.

Монгол Улсад хүүхдийн эрхийн зөрчил 2020 онд 3215 бүртгэгдсэн. Энэ нь 2019 онтой харьцуулахад 1804 зөрчлөөр буюу 2.2 дахин их, 2021 оны нэгдүгээр улиралд 1162 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 540 буюу 82 хувиар өссөн нь хүүхдийн эрхийг зөрчих зөрчил жил бүр нэмэгдэж байгааг харуулж байна.  Үүнээс 2767 буюу 86.1 хувь нь нийслэлд, 448 буюу 13.9 хувь нь  орон нутагт бүртгэгдсэн байна.  

Мэдээлэл авагдсан 3210 хохирогч хүүхдийн 1448 буюу 45.1 хувь нь 0-6, 1453 буюу 45.2 хувь нь 11-14, 309 буюу 9.6 хувь нь 15-18 насны хүүхэд эзэлж байгаа  бөгөөд 90 орчим хувь нь бага насны хүүхдийн эрх зөрчигдсөн байна.

Яагаад хүүхдийн эрхийг зөрчих зөрчил ихээр үйлдэгдэж байна гэхээр Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг ихээхэн үйлдэгдэж байгаатай холбоотой. Мөн Ковид-19 цар тахлын үеэр хөл хорио тогтоосонтой холбоотойгоор хүүхдийн эрхийг зөрчих зөрчил нэмэгдсэн гэж хэлж болохоор байна. Судалгаанаас харахад зөрчигдсөн эрхийг илрүүлэх ажиллагаа хангалтгүй, хоёрдугаарт хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээдэггүй, гуравдугаарт Монгол Улсад хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийг илрүүлэх, шалгаж шийдвэрлэх ажиллагаа хангалтгүй байна гэж дүгнэж хэлэхээр байна. Мөн жилдээ яг хэдэн хүүхдийн эрх зөрчигдөж байгаа бодит тоон мэдээлэл байхгүй болох нь тогтоогдсон. Учир нь хүүхдийн эрх зөрчсөн зөрчлийн материалд хэдэн настай, хэдэн хүүхдийн эрх зөрчигдөж байгааг эрх бүхий албан тушаалтнууд огт тусгадаггүй, тухайлбал “хүүхдийн дэргэд архидан согтуурсан” гэсэн ерөнхий мэдээлэл бичдэг. Мөн тухайн зөрчлийн улмаас хүүхдэд ямар хор, хохирол учирсан, тухайн хүүхэд айж цочсоны улмаас сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах шаардлагатай эсэхийг огт шалгадаггүй байна.

Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил гарч байгаа шалтгаан нөхцөл юу байна вэ?

Зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлд согтууруулах ундааны хэрэглээ нөлөөлж байна. Учир нь нийт тохиолдлын 66.7 хувь нь зөрчил үйлдэх үедээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Хүүхдийн эрхийн зөрчлийн 90 орчим хувь нь ахуйн хүрээнд буюу орон гэртээ үйлдэгдсэн бол 65.8 хувь нь хүүхдийн шууд хамаарал бүхий хүн буюу төрсөн эцэг нь хүүхдийнхээ эрхийг зөрчиж байгаа нь тогтоогдсон. Зөрчил үйлдэж байгаа хүмүүсийн 46.5 хувь нь бүрэн дунд боловсролтой, 79.1 хувь нь 27-45 насны хүн байна. Ихэвчлэн оройн цагаар үйлдэгдэж байна.  Эндээс харахад хүүхэд гудамжинд явж байгаад эрх нь зөрчигдөхөөс илүү хамгийн тайван, эрсдэлгүй, аюулгүй байх ёстой орчиндоо буюу орон гэртээ, гэр бүлийнхээ хүрээнд эрх нь зөрчигдөж байна гэсэн үг.

Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд Хүүхдийн эрхийг зөрчих зөрчлүүдийг хуульчилсан байдаг. Эдгээр зөрчлөөс хамгийн түгээмэл үйлдэгдэж байгаа нь ямар зөрчил байна вэ?

Зөрчлийн тухай хуульд Хүүхдийн эрхийг зөрчих 15 зөрчлийг хуульчилсан  байдаг. Судалгаанаас харахад Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн” зөрчил нийт зөрчлийн дийлэнх хувийг эзэлж байна. Тухайлбал, 2020 онд бүртгэгдсэн 3215 зөрчлийн 80.7 хувь нь, 2021 оны нэгдүгээр улиралд бүртгэгдсэн 1162 зөрчлийн 96.7 хувийг  дээрх төрлийн зөрчлийн хэрэг эзэлж байна. Мөн шүүхийн шийтгэвэрт хийсэн дүн шинжилгээгээр 1207 тохиолдлын 14.3 хувь нь Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг 3 сараас дээш хугацаанд төлөөгүй”  зөрчил эзэлж, 1034 буюу 85.6 хувь нь “Хүүхдийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” зөрчил эзэлж байгаа нь гэр бүлийн хүчирхийллийн дам хохирогч нь хүүхэд болж байгааг харуулж байна.

Гэхдээ хүүхэд хохирсон бусад зөрчлийн хэргүүд гарахгүй байна уу гэвэл үгүй. Илрүүлэлт хангалтгүй байгаа учраас хяналт шийдвэрлэлтийн ажиллагаа явагдахгүй байгаа юм.

Наад зах нь  зөвшөөрөлгүйгээр хүүхдийн зураг авах, бичлэг хийж, сошиал сүлжээнд тавьж байна. Реклам сурталчилгаа, тэр байтугай улс төрийн зорилгоор жагсаал цуглаанд ч хүүхдийг ашиглаж байна. Хүүхдээр далимдуулж хандив тусламж гуйх, хүүхдийг гэр бүлийн маргаанд татан оролцуулах, хүүхдээ үл ойшоох, хүүхэдтэйгээ амьд харьцаа үүсгэхгүй байх зэрэг зөрчлийн хэргүүдийг насанд хүрэгчид, асран хамгаалагчид өөрсдөө үйлдсээр байна.

Сургалтын төлбөр төлөөгүй гэдэг үндэслэлээр хүүхдийн сурч боловсрох эрхийг хааж, секц дугуйланд хамруулахгүй байх, эсвэл хүүхдийнхээ авьяасыг хөгжүүлэх нэрээр хэтэрсэн ачаалал үүрүүлж, ядаргаанд оруулах, хүүхдийн хүслийг харгалзахгүйгээр шашны үйл ажиллагаанд татан оролцуулах зөрчил ч гарч байна.

Гэтэл эдгээр зөрчлийн хэргүүдийг төдийлөн зөрчил гэж авч үзэхгүй, шалгаж шийдвэрлэхгүй байгаа нь энэ төрлийн зөрчлийн хэргийг даамжруулсаар байна.

Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил гэр бүлийн хүрээнд, нуугдмал байдалтай үйлдэгдэж байна гэлээ. Илрүүлэлт хангалтгүй байгаа нь юутай холбоотой гэж дүгнэж байгаа вэ?

Хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн гаралт гэр бүлийн хүчирхийллийн өсөлт бууралттай шууд холбоотой байна. Судалгаагаар зөвхөн бүртгэгдэж шалгагдсан хэргүүд дээр хийсэн. Гэтэл бүртгэгдээгүй, илрээгүй маш олон хэрэг байгаа. Гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байгаа зөрчлийн хэргүүдийг илрүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна. Ямар нэг хөндлөнгийн хүн мэдээлэхгүй бол илрэхэд хэцүү.

Монгол Улсад эрх зүйн зохицуулалт уг нь байгаа юм. Баг, хороон дээр хамтарсан баг ажиллаж байна. Гэр бүл  хүүхэд залуучуудын газрын хүүхдийн эрхийн байцаагч нар ажиллаж байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд бие махбод сэтгэл санааны хувьд ямар нэг байдлаар хохирч байдаг. Өрхийн эмнэлэг дээр ч хүүхэд хүчирхийлэлд өртөж байна уу гэдгийг илрүүлэх боломжтой. Өрхийн эмч 10 хүртэлх насны хүүхдийн өсөлт, бойжилт, хөгжилтэй холбоотойгоор үзлэг хийх явцдаа тухайн хүүхдийн биед олон тооны гэмтэл шарх илэрсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.

Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд хоолны дуршилгүй болох, бие махбодын хөгжил зогсох, сэтгэл санааны байдал тогтворгүй болох, өөрийгөө тусгаарлах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Тэгэхээр цэцэрлэгийн багш, ерөнхий боловсролын сургуулийн багш нар гээд хүүхэдтэй харьцдаг хүмүүс хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийг илрүүлэхэд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна.

Сургуулийн орчинд багш нар хүүхдийн эрхийг хамгаалах үүрэг хүлээсэн хүмүүс. Хүүхэд хүүхдэдээ хүчирхийлэл үйлдэж байна уу эсвэл гадуурхалтад өртсөн, ар гэрийнх нь боломжгүйгээс хүүхэд төлбөр төлөөгүй гэдэг шалтгаанаар секц, дугуйлангаас хасах зөрчил гарч байна уу гэдгийг анхаарч, хүүхдийн эрхийг зөрчих зөрчил гаргасан тохиолдол бүрд хүүхдийн асуудал эрхэлсэн албан тушаалтан, байгууллагад мэдээлэх үүргээ маш сайн биелүүлэх хэрэгтэй байна.  Хүүхдийн эрхийг хамгаалах нь ширээний ард суугаад хийх ажил биш, хүүхэд хаана эрсдэлтэй орчин, нөхцөлд байна тэнд хүрч ажиллахыг, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, бүх талын нөхөн сэргээх үйлчилгээнд хамруулахыг хүүхэд хамгаалал гэж ойлгоно.

Хүүхдийн эрхийг хамгаалсан хууль тогтоомж бүрэн хэрэгжиж чадаж байна уу?

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрт хүүхдийн эрхийн асуудлыг хангалтай тусгасан, бодлого шийдвэр дутаад, хууль эрх зүйн зохицуулалт байхгүйгээс асуудал болоод байгаа юм биш. Хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага олон ажиллаж байна. Гэхдээ хамтын ажиллагаа дутагдаж байна. Тус тусдаа үйл ажиллагаа явуулж байгаа нь асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна. Нөгөөтээгүүр хүүхдийн байцаагч нарыг хууль эрх зүйгээр мэргэшүүлэх, дадлагажуулах шаардлагатай байгаа зэрэг асуудлууд байгаа юм.

Хүүхдийн эрх зөрчигдсөөр байгаа ч эргээд зөрчигдсөн эрхийг нь бүрэн сэргээж чадаж байна уу?

Судалгаагаар ойролцоогоор 4700 хүүхдийн эрх зөрчигдсөн гэж үзсэн. Зөрчигдсөн хүүхдийн эрхийг сэргээх асуудал маш чухал. Хүүхдийн эрх зөрчигдсөнөөс болж хүүхдэд ямар хор уршиг гэм хор учирч байна гэхээр гэр бүлийн хүчирхийлэлтэй айлд өсөж байгаа хүүхэд мөнхийн айдастай, сэтгэл зүйн хувьд дарамт дор, бие махбодын хүчирхийлэл дунд амьдардаг. Дэргэд нь байнга архидан согтуурсны улмаас хүүхдийн сэтгэлзүй маш их гэмтэж, сэтгэхүйд нь өөрчлөлт ордог. Энэ 4700 хүүхэд сэтгэлзүйн хувьд айсан цочирдсон эсэхэд нэг ч дүгнэлт гараагүй. Тиймээс эдгээр хүүхдийн эрх огт сэргээгдээгүй гэж үзэхээр байна. Хүүхэд хүчирхийлэлд дасан зохицох эмгэгтэй болохоос гадна хүчирхийлэгчээс хүчирхийлэл төрөх магадлал өндөр байдаг.

Цаашид нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ юу байна вэ?

Зөрчил үйлдсэн хүнийг шийтгээд явуулж байгаа нь тухайн тохиолдолд л авч байгаа арга хэмжээ. Цаашдаа хүүхдийн эрхийн зөрчлийг илрүүлэх, бууруулахад юу анхаарах зайлшгүй шаардлагатай байна вэ гэхээр төрийн цогц үйл ажиллагаа шаардлагатай байгаа юм.

Бодлого нь байна, гэтэл үйл ажиллагаа нь хөрсөн дээр буухдаа хангалтгүй гэж үзэхээр байна. Зөрчил гаргаж байгаа нийт хүмүүсийн 70 хувь нь хөдөлмөрийн насны хүмүүс байгаа боловч ажилгүй, амьжиргааны түвшин доогуур, архинаас хамааралтай хүмүүс байна.

Зөрчил гаргасан хүнийг 7-30 хоног баривчлаад, албадан сургалтад хамруулдаг. Гэтэл гарч ирээд дахиад л хүүхдийн дэргэд архидан согтуурч, хүүхдээ үл хайхарч нөгөөх л зөрчлөө гаргасаар байдаг. Хэн нэгнийг шийтгэж явуулснаараа хүүхдийн эрхийг тухайн үед нь хамгаалаад байгаа боловч нөгөө талдаа зөрчил давтагдсаар байгаа бол асуудал шийдэгдэхгүй л байна гэсэн үг.

Монгол Улсын хүн амыг, нийгмийн сэтгэхүйн хувьд эрүүлжүүлэх, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хүчирхийлэл үйлдээд байгаа хүмүүсийг ажилтай болгох, архины хамаарлыг нь эмчлэх, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх гээд олон талт арга хэмжээ авах шаардлагатай байна. Тэгэхээр Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яам, Боловсрол шинжлэх ухааны яамны хамтын томоохон үйл ажиллагаа хэрэгтэй байгаа юм. Баг, хорооны хэмжээнд эрсдэлтэй бүлгийн судалгаанд тулгуурлан ийм ажлыг хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна. Цаашлаад аймаг, дүүрэгтээ ийм арга хэмжээг авч ажиллахгүй бол энэ төрлийн зөрчлийн тоо буурахгүй.

Прокурорын байгууллагаас энэхүү судалгаан дээр үндэслэн ямар арга хэмжээг авч ажиллаж байна вэ?

Прокурорын байгууллага Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтарч “Хүүхдийн эрх ба төрийн оролцоо” гэсэн хүүхдийн эрхийн ажилтнуудад зориулсан гарын авлагыг боловсруулсан. Мөн сэтгүүлчидтэй уулзалт хэлэлцүүлэг хийж, судалгааны үр дүнг танилцуулсан.

Одоо Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд заасан Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил гэж юу болох талаар цуврал шторк бэлтгэж олон нийтэд хүргэхээр ажиллаж байна.  Ингэснээр иргэд, олон нийт Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил гэж юу болох, энэхүү зөрчлийг гаргахгүйн тулд юун дээр анхаарах, энэ төрлийн зөрчлийн хэргийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах талаар тодорхой ойлголт, мэдээлэлтэй болно гэж найдаж байна.