Эхлэл Ярилцлага

2021-12-27 15:12:19.0

Б.ӨНӨРМАА: МӨРДӨГЧӨӨС ИРҮҮЛСЭН ЦАГДАН ХОРИХ САНАЛ БҮРИЙГ ПРОКУРОР ХҮЛЭЭЖ АВДАГГҮЙ

УЕПГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн хяналтын прокурор, Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаатай ярилцлаа.

- Прокурорын байгууллага хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ, сургалт, судалгааны ажилд хэрхэн анхаарч байна вэ?

- Прокурорын байгууллагын хүний нөөц сүүлийн үед их залуужиж байна. Боловсон хүчин залуужихын хэрээр тэднийг сургах, дадлагажуулах шаардлага бий болж байдаг. Мөн олон жил ажилласан, дадлага туршлагатай ч гэсэн мэдлэг боловсролоо дээшлүүлэх, байнга ахиж дэвших хэрэгцээ хүн бүрд байдаг.

Шинэчлэл гэдэг нь тасралтгүй хөгжих, хүнээ хөгжүүлэх, сургах дадлагажуулахыг хэлэх байх. Тиймээс Улсын Ерөнхий прокурорын газраас өнгөрсөн 2020 онд мэргэжлийн ур чадвар бүхий прокурор, ажилтныг төлөвшүүлж хөгжүүлэх зорилгоор “Прокурорын байгууллагаас сургалтын талаар баримтлах үзэл баримтлал”-ыг баталж, сургалтын хөтөлбөрөө боловсруулан хэрэгжүүлж байна.

Сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарч олон улсын нийтлэг жишигт тулгуурлан, орчин үеийн шинэлэг арга зүйг нэвтрүүлсэн хөтөлбөр гаргасан. Тухайлбал, сургалтын агуулгыг судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх шаардлага тавьж байна. Үүнтэй холбоотойгоор прокурорын байгууллагаас тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийг хүн ам, газар зүйн шинжээр нь болон шүүх, прокурорын шийдвэрт дүн шинжилгээ хийх зэргээр суурь судалгааг тогтмол хийж байна.

Мэдээж сургалтыг явуулахдаа прокурор, ажилтнуудын ажлын туршлага, чиг үүргийг нь харгалзан зохион байгуулах нь үр дүнтэй байдаг учраас прокурорын сургалтыг гэхэд анхан, үргэлжилсэн болон ахлах, орлогч, дээд шатны прокурорын сургалт зэргээр төрөлжүүлсэн. Мөн туслах ажилтнуудыг прокуророор томилогдохоос өмнө сургалтад хамруулж байна. Түүнчлэн хувь хүний хөгжлийг дэмжихэд чиглэсэн сэтгэл зүйн болоод гадаад хэлний сургалтуудыг зохион байгуулж байна.

Хэдийгээр цар тахлаас шалтгаалж сүүлийн хоёр жил танхимын сургалт зохион байгуулах боломжгүй байсан боловч зайны сургалтууд тогтмол явагдсан.

- Саяхан Хүний эрхийн өдөр болж өнгөрсөн. Прокурорын байгууллага хүний эрхийг хангагч нэг байгууллага болохынхоо хувьд хэрхэн ажиллаж байна вэ? Хүний эрхийн чиглэлээр хийсэн судалгааны ажлууд юу байдаг вэ?

- Прокурорын бүхий л ажиллагаа хүний эрхтэй холбогдсон байдаг. Үндсэн чиг үүргийнхээ хүрээнд эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд хүний эрхийг хангахаас гадна нийгэмд чиглэсэн буюу хүний эрх зөрчигдөж байгаа шалтгаан нөхцөлийг судалж цаашид дахин гаргахаас урьдчилан сэргийлэх, засаж залруулах арга хэмжээ авах боломж прокурорын байгууллагад бий. Тухайлбал, “Монгол Улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдол”-ын суурь судалгаа, “Арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн шалтгаан нөхцөл”-ийн суурь судалгаа, “Зам тээврийн ослын нөхцөл байдал”, “Шүүхээс оногдуулж буй ялын бодлого” гэх мэт судалгааг дурдаж болно.

Хамгийн сүүлд гэхэд “Зөрчлийн тухай хуульд заасан, хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөл”, “Ялгаварлан гадуурхах гэмт хэргийг шалгах, нотлоход анхаарах асуудал”-ыг судалж гарын авлага, зөвлөмж зэргийг боловсруулан, сургалтууд зохион байгууллаа. Судалгаа хийгээд зөвхөн алба хаагч нарт сургалт хийх нь бас хангалтгүй. Шаардлагатай бол бодлогын шинжтэй асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох яам, газруудад хандах арга хэмжээ авна. Нөгөө талаасаа, эдгээр арга хэмжээ нь бүхэлдээ л хүний эрхийг хамгаалахад чиглэгдэж байгаа юм.

- Прокурорын байгууллагыг зөвхөн яллах чиг үүрэгтэй гэж олон нийт хардаг.  Прокурор доод шатны прокурортоо нөлөөлдөг гэх ч хандлага байдаг. Энэ талаар таны бодол?

- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоос прокурорын гаргасан шийдвэрийн талаар дээд шатны прокурорт гомдол гаргаж байгаа нь хүний эрхийг хангах нэг баталгаа. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргадагтай л ижил процесс. Хяналтын прокурорын гаргасан шийдвэр хуульд нийцсэн эсэх, мөрдөгч, прокурор хууль бус үйлдэл гаргасан эсэхийг дээд шатны прокурор хянаж байгаа нь хүний эрхийг хангахад чиглэсэн ажил.

Прокурорыг яллах байр сууринаас хандаж байна гэдэг хандлага цөөнгүй байдаг. Гэвч тийм биш. Эрүүгийн болон зөрчлийн хэргийг шалгах явцад мөрдөгч хууль зөрчсөн бол тухайн шийдвэрийг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авдаг. Энгийн жишээгээр тайлбарлавал, мөрдөгчөөс хэн нэгэн иргэнийг баривчлах, цагдан хорих санал гаргахад тэр бүрийг хүлээж аваад байдаггүй. Үндэслэлгүй саналыг хүлээн авахаас татгалзана. Хэрвээ хууль бусаар баривчилсан бол даруй суллах арга хэмжээ авч, тухайн мөрдөгчид хариуцлага тооцох хүртэл асуудал яригддаг. Прокурор хяналтаараа тухайн зөрчлийг илрүүлж чадаагүй бол өөрөө ч мөн адил хариуцлага хүлээнэ.

Тухайлбал, энэ оны гуравдугаар улирлын байдлаар 13547 яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авсны 1,071 буюу 7.9 хувьд цагдан хорих, үлдсэн 90.2-92.1 хувьд нь хуульд заасан бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээг авсан.

Мөрдөгчөөс ирүүлсэн цагдан хорих санал бүрийг прокурор хүлээж авдаггүй. Өөрөөр хэлбэл, цагдан хорих шаардлагагүй байхад үндэслэлгүй санал гаргасан байна гэж прокурор дүгнэж байгаа нь хүнийг үндэслэлгүйгээр цагдан хорихоос урьдчилан сэргийлсэн арга хэмжээ. Мөн  гэмт хэргийн гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан гэдэг нь цаанаа мөн л хүнийг үндэслэлгүйгээр шалгахаас татгалзсан гэсэн үг.

Долоо хоногт дунджаар 300 хэрэг шүүхэд шилжүүллээ гэдэг нь цаанаа багадаа 400 хохирогчийн эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх шийдвэр гаргажээ гэдэг талаас нь хараасай гэж хүсдэг. Өөрөөр хэлбэл, хэрэг болгоны цаана хохирсон хүн байгаа гэж ойлгож болно.

- Мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа заавал прокуророос зөвшөөрөл авах нь хэр оновчтой юм бол? Зарим зөвшөөрлийг шүүхээс авах нь хүний эрхийг илүү хамгаалж чадна гэсэн хандлага байна. Энэ талаар та юу гэж бодож байна?

- Баривчлах, цагдан хорих, улсын хилээр нэвтрэх гэх мэт хүний эрхийг хязгаарлаж буй зөвшөөрлийг шүүхээс авч байгаа. Харин үзлэг нэгжлэг хийх, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах гэх мэт гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх, гэм буруутай эсэхийг тогтоох үүднээс хийгдэж буй тодорхой ажиллагааны зөвшөөрлийг шүүхээс авснаар мөрдөн шалгах ажиллагаанд буюу нотлох баримт цуглуулах ажиллагаанд шүүх оролцоно гэсэн үг. Ийнхүү хуульчлах нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимтай нийцэхгүй. Учир нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд прокурор хяналт тавьж, шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэнэ гэж тусгасныг анхаарах ёстой. Тодруулж хэлбэл, Үндсэн хуульд заасан прокурорын “хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд прокурор хяналт тавих” чиг үүргийг шүүх хэрэгжүүлээд эхэлнэ гэсэн үг.

Түүнчлэн уг мөрдөн шалгах ажиллагааг явуулах зөвшөөрөл өгч буй шүүгч нь эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэгтэй урьдчилан танилцаж, явц байдал, үр дүнг хянаад дараа нь энэ хэргээ шүүхэд ирэхээр нь хянан шийдвэрлэнэ гэдэг нь урьдчилаад тухайн хэргийн талаар дүгнэлт гаргахаас эхлээд  шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэсэн Үндсэн хуулийн зарчимтай зөрчилдөнө. Нөгөөтээгүүр эрүүгийн хэргийг хэн үйлдсэн бэ гэдгийг нотлох үүргийг улсын яллагч шүүхийн өмнө хүлээдэг. Гэтэл уг хэргийг нотлох ажиллагаанд оролцсон шүүх, шүүгч тухайн баримтыг яаж үнэлэх талаараа урьдчилаад төсөөлөлтэй болсон нь шүүх аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хөндлөнгийн байр сууринаас хандах зарчимд нийцэх эсэх гэх мэт олон асуудлыг дагуулах болно.

Нэг зүйлийг төгсгөлд нь хэлэхэд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах зөвшөөрөл нь өмгөөлөх талын оролцоогүй явагддаг тул шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодит байдлыг тогтооно гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчимтай ч агуулгын хувьд нийцэхгүй юм.