ДУНДГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН АХМАДУУДТАЙ УУЛЗАЖ, ДУРСАМЖ ЯРИА ӨРНҮҮЛЛЭЭ

707 2018/02/06

Дундговь аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор С.Гансэлэм биднийг тус аймгийн прокурорын газарт очих үеэр " Манайд өндөр насны гавьяаны амралтаа эдэлж байгаа 3 ахмад байдаг.Тэд маань 19-37 жил зөвхөн энэ аймгийн прокурорын газарт ажилласан, хийсэн ажил, ярих юм ихтэй хүмүүс..." гэснээр бид ахмадуудтай нь уулзахаар болсон билээ. Ахмадууд маань уулзалтын өрөөнд хүлээж байна гэснээр бид 1 давхарт бууж очиход "ахмад настан" гэж хэлэхээргүй инээд алдсан 3 бүсгүй зогсож байхыг хараад би үнэндээ гайхсанаа нуух юун. Ийнхүү "Алтан унжлагат" хэмээх Тахай жил улиран одож, "Тийн унжлагат" хэмээгч гал шороон Нохой жил гарахын босгон дээр Дундговь аймгийн прокурорын газрын ахмадуудын сонирхолтой ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

Ахмад прокурор Сэрээтэрийн Энхээ: Дундговь аймгийн прокурорын газарт 1976-2011 онуудад  Шүүх хяналтын туслах прокурор, аймгийн прокурорын орлогч, ШТТ хяналт хариуцсан туслах прокуророор 35 жил ажилласан. 1999 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2010 онд Алтан гадас одонгоор шагнагдсан.

Ахмад ажилтан Лувсанхайдавын Тунгалаг: 1980-2017 онуудад тус аймгийн прокурорын газарт  бичээч, бичиг хэргийн эрхлэгч, прокурорын туслан ажилтнаар 37 жил ажилласан.Байгууллагын оны тэргүүнээр 7 удаа шалгарч байсан. 2002 онд "Прокурорын хүндэт ажилтан" цол, тэмдгээр шагнагдсан.

Ахмад ажилтан Цэдэндоржийн Шура: 1994-2013 онуудад  оператарч, бичээчээр 19 жил ажилласан. Байгууллагын оны тэргүүнээр 3 удаа шалгарч байсан. 2003 онд "Прокурорын хүндэт ажилтан" цол, тэмдгээр шагнагдсан.

 - Прокурорын байгууллагатай анх хэрхэн ажил, амьдралаа холбосон талаар ярилцлагаа эхэлье?   

-С.Энхээ: Би 1972 онд Дундговь аймгийн 10 жилийн сургуулийг төгсөөд, Монгол Улсын Их сургуулийн хуулийн ангид орсон юм. Манай анги 34 хүүхэдтэй. Нэг өдөр манай ангийн Т.Жадамбаа,/ гавьяат хуульч/ Ш.Эрдэнэцэг бид 3-г  улсын прокурор дээр дуудаж байна гэлээ. Бид 3-г очход шууд улсын прокурорын коллегийн хурлаар оруулдаг юм байна. Улсын прокурор Ж.Авхай, орлогч нь Г.Иш гээд  л олон хүн сууж байсан. Тэгээд Ж.Авхай гуай " МУИС-ийн хуулийн ангид элсэгчдээс прокурорын байгууллагын нэр дээр сургахаар судалж байна.Та 3-г бид прокурорын байгууллагад авна,сайн  хичээж сураарай" гэлээ. Ингээд л   4 жил суралцаж, төгсөөд  прокурорын байгууллагын мэдэлд ирсэн юм. Намайг шууд Дундговь аймгийн  прокурорын газрын шүүхийн хяналтын туслахаар томилсон. Дөнгөж 22 настай сургууль төгссөн жаахан охин аймгийн шүүхийг хянана гэдэг үнэндээ анх хэцүү байсан. Мундаг настай шүүгч нарыг хянах нь байтугай эхэндээ ч хянуулах нь л холгүй байлаа. Ингэж л анх прокурор гэдэг нэр хүндтэй, чухал албыг хашиж, 35 жил ажилласан даа.   

-Л.Тунгалаг : Би 1980 онд Дундговийн 10 жилийн сургуулийг төгсөөд прокурорт орсон. Намайг анх прокурорт ажилд оруулах гэж манай нэг ах хөөцөлдсөн юм. Аймгийн прокурор нь жижиг Даамий, орлогч нь Адьяа гэж хүн байлаа. Би бичгийн машинаар ерөөсөө бичиж үзээгүй байсан ажилд ороод л бичиж сурсан даа.

-Ц.Шура: Би 1972 онд Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх 10 хурууны бичээч, нарийн бичгийн даргын 6 сарын курсэд сууж,10 хурууны бичээч болсон. Аймгийн Усны аж ахуйн удирдах газар ажиллаж байгаад гарч,  1994 оны 7 сард прокурорын газарт  бичээчээр орсон юм. Тунгалаг бичиг хэргийн эрхлэгч болж, би бичээч болсон юм. Бичгийн машин чинь  тэр үедээ л хамгийн сайн бичиг баримтыг боловсруулж гаргадаг, тоног төхөөрөмж минь байлаа шүү дээ.Олон хувь гаргах материалыг бичгийн машинаар гаргахдаа хортой цаас тавиад давхарлан бичнэ, хорын цаас муу нөхцөлд гарахгүй дахин бичнэ. Одоо цахим болохоор шууд л хувилаад гаргадаг өчнөөн давуу тал байна шүү дээ.

- Тунгаа, Шура эгч хоёр маань ямар учраас арван хурууны бичээч болов. Хэн нэгэн нөлөөлсөн үү
-Л.Тунгалаг: "Хүний эрхтэн бүхэн үүрэгтэй, арван хуруу чинь ажиллаж байвал ам дүүрэн тостой байна даа хүүхдүүд минь хүн ажлыг голдоггүй юм, ажил хүнийг голдог, чаддаг юм бүхэн сайхан, чаддаггүй бүхэн гавьдаггүй” гэж ээж, аав маань сургадаг  байсан. Ер нь хүн ажлыг голохгүй л хийх ёстой. 

-Ц.Шура: Би анх ээжийнхээ ажил дээр очоод бичгийн машин хараад их сонирхож, бичээч болохоор шийдсэн.  Тэгэхээр ээж маань нөлөөлсөн байж таарна. Ингээд л арван хуруу маань арвуулаа оролцдог энэ мэргэжлийг сонгосон доо. Миний 10 хуруу хэдэн хүүхдийг минь тэжээж өдий зэрэгтэй явж байна гэж бодохоор сайхан санагддаг.

-Л.Тунгалаг: Эхлээд хүний өгсөн бичгийг ерөөсөө гаргадаггүй байлаа. Хамгийн хэцүү бичигтэй нь С.Энхээ прокурор. Сүүлдээ ийм үгний дараа ийм үг байх ёстой гээд бараг мэддэг болчихдог юм билээ.

-С.Энхээ: Би их хурдан бичдэг.Оюутан байхдаа Чимэд багшийн лекцийг бүгдийг нь бичдэг хүн ангиасаа би л байлаа. Чимэд багш ярьж орж ирээд л ярьсаар байгаад гараад явчихдаг хүн байсан юм.  Хурдан бичдэг болохоор бичгийн хэв маань гаргацгүй байсан байх. Гэхдээ манай  2 буруу бичсэн тохиолдол байхгүй ээ.

-Энхээ  эгчээс асууя.  Шүүхийн хяналт ямар чиг үүргийг хэрэгжүүлдэг  байсан бэ. Сүүлд Шүүхэд төрийг төлөөлөх гэж нэрлэх болсон шүү дээ?.

-С.Энхээ: Тэр үед чинь прокурор шүүхийг бүрэн хянадаг байлаа. Шүүхийн хяналт хариуцсан прокурор эрүү, иргэний бүх хуралд өөрөө оролцоно, за тэгээд прокуроруудаа зохион байгуулж шүүх хуралдаанд оролцуулдаг, шүүхээс гарсан бүх шийдвэрийг хянаж, буруу бол зөвтгүүлэх чиг үүрэгтэй байсан. Жилдээ шүүхийн шийдвэрт 125 эсэргүүцэл бичиж байсан тохиолдол байдаг. 1993 оноос хойш л "Шүүхэд төрийг төлөөлөх" гэдэг болсон. Би Шүүх хяналт, шүүхэд төрийг төлөөлөх хяналтын туслахаар 14 жил дагнан ажилласан байна. Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан прокурор прокуроруудынхаа яллах ур чадварыг сайжруулах, шүүхийн хууль бус шийдвэрийг зөвтгүүлэх, яллагч прокуророор эсэргүүцэл бичүүлж, биелэлтийг хангах гээд их хариуцлагатай  хяналт шүү. Намайг ажиллаж байх үед хяналтын ажлыг "улсын дундаж"- тай харьцуулан дүгнэдэг байсан. Би хариуцсан ажлаараа 14 жил дараалан Улсын хэмжээнд тэргүүлж байлаа.

-Та 3 маань олон жил цуг ажиллажээ?. 

С.Энхээ:  1980 онд  Тунгалаг бичээчээр орж, түүнээс хойш 30 гаран жил хамт ажилласан. Шуратай 17 жил хамт ажиллажээ. Бид чинь бие биенээ бараг хамаатан садангаасаа илүү мэддэг болчихдог юм байна. Одоо манай энэ нярав, нягтлан хийж байгаа Цэрмаа,   Шура , Тунгалаг 3-г "прокурорын овжин хүүхнүүд" гэдэг. Яагаад тэгдэг байсан гэхээр энэ 3 маань байгууллагын ар талыг маш сайн авч явдаг, ямар нэгэн зочин ирэх, баяр ёслол тэмдэглэх бүх л асуудлыг маш сайхан зохион байгуулдаг  байсан. Аймгийн прокурорын газрыг нэг айл гэж бодвол энэ 3 маань " ааш , ажил сайтай эзэгтэйн  үүргийг гүйцэтгэдэг байлаа шүү дээ.

Ц.Шура: Би  прокурорт ажилд орчхоод  удаагүй  байхдаа нэг удаа Энхээ прокурорыг манай өрөөнд орж ирэхэд нь "Энхээ чи..." гэж билээ. Энхээ прокурор юм хэлэлгүй гараад явсан юм. Тэгээд дараа нь өрөөндөө дуудаж байна гэлээ, яваад ортол  " за прокурорын байгууллага чинь дэг журамтай, чи прокурорыг " та" гэж харьцах хэрэгтэй, би өөрийгөө хүндлүүлэх гэж байгаа хэрэг биш, энэ албан тушаал чинь хүндтэй алба" гэж билээ. Түүнээс хойш би нээрээ л прокурорын байгууллага гэдэг чинь хүссэн болгон  ороод байдаггүй, хүндтэй, нэр төртэй байгууллага гэдгийг ойлгосон доо. Би 5 хүүхэдтэй. Одоо миний хүү Хаш-Эрдэнэ энд хяналтын прокурор, хүргэн Б.Очбадар Хан-Уул дүүргийн прокурорын газарт орлогч прокуророор ажиллаж байна. Би прокурорын байгууллагад ажилд орсноор  үр хүүхэд маань ч энэ байгууллагын  алтан босгыг алхан орж, гэр бүл үр хүүхэд бүгд л "прокурор" гэдэг хүмүүжил, зан суртахуун, ёс зүйтэй болсон гэж  боддог.

Л.Тунгалаг:   Би чинь 8 хүүхэдтэй. Дээхэн үед чинь 45 хоноод л ажилдаа  ордог байлаа. Манай гэр ойрхон Одоо энэ прокурорын байрны өөдөөс харсан байранд байдаг байлаа. Орой үдэш их сууж ажиллана. Хадам ээж маань хүүхдүүдийг маань харж өгдөг байлаа. Цонхоор харж байгаад гэрийн чийдэн асвал, хүүхэд сэрчихлээ  гээд л гүйж гараад , хүүхдээ хөхүүлж, унтуулчхаад буцаж орж ирээд ажлаа хийдэг байлаа.

С.Энхээ: Бид 3 чинь 3-уулаа "Алдарт эх"-ийн I , II зэргийн одонтой хүмүүс шүү дээ. Би 5 хүүхэдтэй. Бид чинь  бие биенийхээ хүүхдийг харна, ажил дээрээ авчирч хөхүүлнэ. 1980-д он шиг санаж байна. Тэр үед прокурорууд мал тооллогод явдаг байсан юм. Манайхан мал тооллогод явчихсан, би ар талаа даагаад байгууллага дээрээ үлдсэн байсан юм. Тэгтэл улсын Ерөнхий прокурорын газраас   Шүүх хяналтын хэлтсийн дарга Янжмаа гуай  гэнэтхэн  ороод ирж билээ. Би 4 жижигхэн хүүхэд эгнүүлээд унтуулчихсан, хажууд нь хэргээ дэлгэчихсэн сууж байсан юм.  Янжмаа гуай хотод очоод Улсын прокурорын дэргэдэх Зөвлөлийн хурал дээр " Дундговийн Энхээг дэмжих юмсан, зайлуул, олон жижиг хүүхэдтэй хэцүү байна" гэж хэлсэн гэдэг. Бид чинь хүүхэдтэй гээд ажлаа хойш тавьдаггүй,ажил амьдралаа зохицуулаад л авч явдаг байлаа шүүдээ.

-Танай аймгийн прокурорын газар хэдэн оноос компьютертой болсон бэ. Компьютер хэрэглээнд сурах гэж хэцүү байв уу?

С.Энхээ: Ерөнхий прокурор байсан М.Алтанхуяг бид хоёр чинь нэг анги.Би нэг удаа хот орж Ерөнхийтэй уулзахдаа" манайх хэзээ компьютертой болох юм бэ,одоо цаг үеэ дагаад  компьютер хэрэглээнд орохгүй бол болохгүй боллоо.." гэх зэргээр нэлээн шаардаж ярьсан юм. Тэгсэн 2002 онд  АНУ-ын Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөрөөс  хамгийн түрүүнд манай аймагт иж бүрэн 6 компьютер өгч билээ. Тэгсэн нөгөөдөхөө ажиллуулж чаддаг хүн байдаггүй ээ. Бүгд л суралцах юм болсон. 

Ц.Шура: Би 5 жил бичгийн машинаар бичиж байгаад , компьютерт шилжсэн. Аймгийн прокурор  намайг ямар нэг байдлаар  компьютерын сургалтанд суу.  Аймагт суувал сургалтын зардлыг даана, хотод очиж суувал замын зардлаа өөрөө даагаарай гэж билээ . Манайхан бүгд аймагтаа  27 000 төгрөгөөр  анхан шатны дамжаанд сууж,  компьютер хэрэглээнд суралцсан.  

-Та 3 маань хамт ажиллаж байсан хамт олныхоо талаар дурсаж яриач?

-С.Энхээ: Би 11 аймгийн прокурорын удирдлага дор ажиллаж байжээ. Бүгд л мундаг сайхан хүмүүс байсан Аймгийн прокурор Л.Авирмэд гэж байлаа.  Их сургууль төгсөх жилдээ Дундговь аймгийн прокурорын газарт 1 сарын дадлага хийж билээ. Намайг дадлага хийж байх үед Мартын-8 болоод, Авирмэд прокурор надад тэр үед ховор байсан 25-ын үзэг, хошуу хоргой бэлэглээд "за чи төгсөөд аймагтаа л ирж ажиллана шүү. Та нар бол бидний хойч үе шүү" гэж билээ. Улсын Ерөнхий прокурор байсан М.Алтанхуяг бид хоёр  10 жилийн сургуульд байхдаа волейболын Г.Доржсүрэн багшийн ангид  хамт сурдаг байлаа. М.Алтанхуяг  манай ангийн цог золбоотой банди нарын л нэг байсан. 10 дугаар анги  төгсөөд тэр үеийн ЗХУ-д ТМС-д явсан юм. Тэгсэн намайг 2 курст байхад хойноос хуулийн сургуульд ороод ирсэн юм. Манай их сургуулийн ангиас прокурор Т.Жадамбаа, өмгөөлөгч Г.Оюунцэцэг , шүүгч Сарантуяа гээд 3 гавьяат хуульч төрсөн.

Би Дундговь аймгийн прокурорын газрын 80 жилийн ойн үеэр нэг дурсамж  ном бичихээр аймгийн архивд орж нэлээд зүйл судалсан юм. Дээхэн үеийн бичиг баримт бүгд хуучин монгол хэл дээр бичигдсэн байдаг юм билээ.  Хуучин монгол бичигт унших төдий л болохоор заримыг нь гаргахгүй байсан. Аймгийн прокурорыг анх 1942 онд Батбуян гэдэг хүн төлөөлж байж, дараа нь Дорноговь аймгийн харьяат  гавьяат хуульч Гэнэнгийн Дамдинсүрэн / Заазуур хочтой/ анхны аймгийн прокурор байсан юм билээ.   Эх орны дайны үед прокурор, шүүхийн байр тусгай хамгаалалттай , ар гэрийнхэн нь өдөр бүр ээлжээр жижүүрийн үүрэг гүйцэтгэдэг байсан гэх мэт сонирхолтой  зүйлүүд их байна лээ. Манай прокурорын байгууллага түүхээ их сайн гаргаж ирэх хэрэгтэй гэж бодох юм. 

-Л.Тунгалаг: Би ажиллах хугацаандаа 110-д хүнтэй цуг ажилласан байдаг юм. Аймгийн прокурор Ц.Дамдинсүрэн  намайг ажилд авч байсан юм. Хожим С.Дамчаасүрэн прокурор намайг нарйин бичгийн даргаар дэвшүүлэн томилсон. Х. Жамбал  гэж сайхан прокурор байлаа.Архи дарс барагтай бол хэрэглэдэггүй, хуучин монгол бичгээр ажлаа төлөвлөж бичдэг хүн байсан.  Сурагчын ширээнээс ирсэн жаахан охин намайг өндөр нэр хүндтэй байгууллагын ажилтны хэмжээнд хүргэсэн хүн бол аймгийн прокурор Ц.Дамдинсүрэн, туслах прокурор С.Энхээ, М.Дэлгэрнасан, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Дарьхүү нар гэж би боддог. 

-Ц.Шура: Би  Д.Бямбаа, Д.Алгаа, Д.Итгэл Ц.Сэлэнгэ, Х.Цагаанхүү гээд олон сайн прокурорын удирдлага дор ажиллаж байсан. Ц.Сэлэнгэ прокурорыг ажиллаж байх хугацаанд аймгийн шүүх шинэ байранд орж, прокурор дангаараа үлдсэнээр, бидэнд өрөө тасалгаа хүрэлцээтэй болж, бильярд, теннис, цайны өрөөг гарган тохижуулж билээ.

  -С.Энхээ эгч мөрдөн байцаалт хариуцсан орлогчоор ажиллаж байсан.  Тэр үед гарч байсан олны анхаарал татсан ямар хэргүүд  байв?

-С.Энхээ:1992-1998 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт эрхэлсэн аймгийн прокурорын орлогчоор ажиллаж байлаа. Хурандаа Ж.Бумнанжид, П.Лувсандорж даргатай Дундговь аймгийн Цагдаагийн хэлтсийн хамт олонтой гар сэтгэл нийлэн ажиллаж байсан. Манай аймгийн Цагдаагийн байгууллагын ажил тэр үед их сайн, ард олны дунд нэр хүнд сайтай, хурандаа Батдэлгэр даргатай мөрдөн байцаах тасгийн ажил 5 жил дараалан Улсын хэмжээнд эхний байр эзэлж байсан юм. Одоо Улсын прокурорын Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай  чинь манай аймагт  10-д жил ажилласан. Хачин сайхан залуу сургууль төгсөж ирж байлаа. Манай аймаг  ерөнхийдөө  тайван аймаг байлаа. Өмч ашиглалын хэргүүд нэлээн гардаг байсан. 1990-д  онд манай аймагт хүмүүс олноор амиа хорлох хэрэг гарч байсан.  Амиа хорлох гэж байгаа  бол Дундговьд очоорой гэсэн яриа хүртэл гарч байлаа шүү дээ. Нэг жилд 10 гаран амиа хорлолт гарч байсан шүү.

-Прокурорын байгууллагын хамт олондоо хандаж хэлэх зүйл юу байна?.

-С.Энхээ: Хүн ер нь өөрсдөө бие дааж  ихийг суралцах хэрэгтэй.Аливаа зүйлд хандах  чин сэтгэл л байвал болно доо. Дурсамж ярихад: Намайг томилогдож ирээд удаагүй байхад  аймгийн прокурор С.Мишигдорж дуудаад   нэг шүүхийн шийдвэр өгөөд "энд нэг алдаа байгаа олоод ир" гэлээ. Бүтэн 2 өдөр   харж, уншиж, уншиж нэг   юм олж билээ. Мөн нэг удаа Балсанлхүндэв прокурорын   хэрэг шүүхээс буцлаа. Аймгийн прокурор С.Мишигдорж дуудаад " за та 2 энэ хэрэгт Дээд шүүхэд эсэргүүцэл бич, биелэхгүй бол арга хэмжээ тооцно" гэлээ. Эсэргүүцэл бичээд л орно, дарга ураад хаячихна . Бүтэн 8 хоног 10-д удаа бичээд эсэргүүцэл бичих хугацаа дуусахын өмнөхөн   "за одоо явуул" гэж билээ. Бүтэн сар "нөгөө эсэргүүцэл маань яасан бол" гэж бодохоор нойр хүрдэггүй, их л түгшиж, хүлээж байсан санагдана. Нэг өдөр дарга дуудлаа. Яваад ортол " за өнөөдөр явж амар "гэлээ. Яасныг нь ч асууж зүрхэлсэнгүй, амарчхаад маргааш нь ирсэн чинь " та 2-ын эсэргүүцэл биелсэн , сайн байна " гэж хэлж байсан юм. Бид ингэж л ажиллаж , удирдлага маань ингэж л зааж, сургаж байлаа шүү дээ. Тэгэхээр аливаа ажилд чин сэтгэлээсээ хандаж, улам ихийг сурах гэж мэрийж байх хэрэгтэй л гэж хэлье дээ.

Дээхэн үед прокурорыг дэвшүүлэн томилох  асуудлыг их нарийн авч үздэг байлаа.  Намайг орлогч болгохын тулд жилд 3 хэрэг мөрдөнө, ерөнхий хяналтын 5-с доошгүй шалгалт хийх хэрэгтэй гэх мэтчилэн бүх хяналтын дадлага суулгаж байж билээ. Прокурор бүх хяналтыг хийж чаддаг чадвартай байх ёстой. Шүүхийг хүртэл эрүү,иргэн гээд байгаа нь буруу л гэж боддог.

-Л.Тунгалаг: Энэ нэр хүндтэй байгууллагаар  37 жил тэжээлгэлээ. Энд, тэнд хэрэг гарч   гэхээр санаа зовоод,  тэгж шийдэх байх ч гэх юм уу ер нь нэг багцаатай бодно шүү. Цагдаа, шүүх, прокурор гэхээр чих сортолзоод л явчихна.  2013 онд туслах ажилтны шалгалтад ороод 97 оноогоор тэнцэж байлаа.  Манай зарим прокурорууд  Тунгаа эгчээс сурсан зүйл их бий гэж ярихад  баярлаж л байдаг юм. Прокурорын байгууллагын захиргааны албыг мэргэжлийн ,тогтвор суурьшилтай ажиллах хүмүүсээс  сонгож авах хэрэгтэй . Байгууллагын бичиг хэрэг, архив гээд  нэг хүний гараар орвол эмх цэгцтэй байна л гэж боддог доо.

Ц.Шура:  Компьютертой болсноор хүмүүс залхуурахын үүд нээгдсэн болов уу гэж боддог. Хүн гараар бичихэд илүү сэтгэн бодох чадвар сайжирч, үг үсэг тогтож, найруулга зүй сайжирдаг. Намайг анх прокурорт орж байхад дарга нар  жижигхэн тоот бичээд ороход болоогүй байна гээд засаад өгдөг байлаа.Олон дахин засуулсан хүн чинь дахин алдаагаа давтахгүй шүү.

За баярлалаа. Та бүхэнд эрүүл энх , урт удаан насалж ирж байгаа гал шороон нохой  жилдээ аз жаргалтай, амар төвшин байхыг хүсэн ерөөе.

Ярилцсан: Хяналтын прокурор Ц.Өлзийжаргал

 

 

 

 


 

 

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА