Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын аргачилсан заавар

Улсын Ерөнхий прокурорын

2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаар тушаалын нэгдүгээр

хавсралт

 

 

 

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ТАВИХ

ПРОКУРОРЫН ХЯНАЛТЫН АРГАЧИЛСАН  ЗААВАР

 

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

 НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1.1. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хүн, хуулийн этгээд, төрийн хууль ёсны ашиг сонирхлыг хангахад чиглэсэн прокурорын хяналтыг хэрэгжүүлэхэд энэхүү зааврын зорилго оршино.

 

1.2. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих прокурорын хяналт нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Прокурорын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдана.

 

1.3. Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянаж өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар тогтоол гаргана.

 

1.4. Энэ зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэл журмын дагуу гаргасан прокурорын шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан, хүн, хуулийн этгээд, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй.

 

1.5. Эрх бүхий байгууллагын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр, үйл ажиллагаа прокурорын хяналтанд хамаарахгүй.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ЗӨРЧЛИЙН ТАЛААРХ ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ

ХҮЛЭЭН АВЧ БҮРТГЭХ, ШАЛГАХ АЖИЛЛАГААНД

ТАВИХ ПРОКУРОРЫН ХЯНАЛТ

 

2.1. Гомдол, мэдээллийг хүлээн авч бүртгэх ажиллагаа:

 

2.1.1. Прокурор нь эрх бүхий байгууллага, албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1, 6.2 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу гомдол мэдээллийг хүлээн авч бүртгэх ажиллагаа хууль ёсны шаардлагад нийцэж буй эсэхэд хяналт тавьж ажиллана.

 

2.1.2. Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч бүртгэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан эсэхэд прокурор дараах шалгуураар хяналтаа хэрэгжүүлнэ:

а/ Хуульд заасан үндэслэл журмын дагуу хүлээн авсан гомдол, мэдээллийг байгууллагын бүртгэлд бүртгүүлсэн эсэх;

б/ Бүртгэлд авсан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяалах нэгжийн удирдах албан тушаалтан танилцаж, эрх бүхий албан тушаалтанд шалгуулахаар даалгасан эсэх;

в/ Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл гаргагчид эрх, үүргийг нь танилцуулж, /Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйлд заасан/ хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол хүлээлгэх хариуцлагыг сануулж, энэ тухай тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зуруулсан эсэх;

г/ Зөрчил үйлдсэн этгээд зөрчлөө сайн дураар илчлэн ирсэн, амаар мэдэгдсэн, эрх бүхий албан тушаалтан өөрөө зөрчил илрүүлсэн тохиолдолд тэмдэглэл үйлдсэн эсэх;

 

2.1.3. Нэг этгээдэд хамаарах нэг үйл явдлын талаар 2 буюу түүнээс дээш гомдол, мэдээллийг хүлээн авсан тохиолдолд бүртгэлийн нэг дугаарт бүртгэсэн эсэхийг хянана.

 

2.1.4. Гомдол, мэдээлэл нь илтэд зөрчлийн шинжгүй бол хүлээн авахгүй. Энэ тухай тусгай бүртгэлд тэмдэглэж гомдол, мэдээлэл гаргагчид шалтгааныг тайлбарлан өгсөн эсэхийг хянана.

 

2.1.5. Зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг байгууллагын бусад үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, хүсэлт, гомдлын бүртгэлд бүртгэхгүй.

 

2.1.6. Эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь байгууллагын бүртгэлд бүртгэсэн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяалах прокурорын газрын нэгдсэн бүртгэлд даруй бүртгүүлнэ. /цаашид энэ зааварт заасан ”даруй” гэдгийг ЭХХШТХ-ийн 1.4 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар ойлгоно/.

 

2.1.7. Прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг тухайн нэгжийн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан дээд шатны болон ахлах прокурорууд хяналт тавих прокурорт хуваарилна.

 

2.1.8. Прокурор нь эрх бүхий байгууллагын зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн бүртгэлтэй сар тутам танилцана.

 

2.2. Гомдол, мэдээллийг шалгах ажиллагаа:

 

2.2.1. Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгах ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан эсэхийг прокурор дараах шалгуураар хяналтаа хэрэгжүүлнэ:

а/ Шалгаж буй үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан зөрчлийн шинжтэй эсэх;

б/ Зөрчлийн холбогдогч хэн болохыг албан ёсны баримт бичгээр шалгаж тогтоосон эсэх, шаардлагатай тохиолдолд иргэний бүртгэл мэдээллийн газраас лавлагаа авсан эсэх;

в/ Эрх бүхий албан тушаалтан нь гомдол, мэдээллийг шалгах явцад орчуулагч, хэлмэрч, хууль ёсны төлөөлөгчийг хуульд заасан үндэслэл журмын дагуу оролцуулсан эсэх;

г/ Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан даруй Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр бүлэг, 9.1 дүгээр зүйлд заасан шаардлагатай ажиллагааг явуулсан эсэх;

   д/ Хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлсэн эсэх;

   е/ Прокуророос зөвшөөрөл авах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан эсэх;

ё/ Эрх хязгаарлах арга хэмжээг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан эсэх,

ж/ Албадлагын арга хэмжээ авах үндэслэл байгаа эсэх,

з/ Эрх бүхий албан тушаалтан гомдол, мэдээллийг шалгах ажиллагаагаар тогтоогдсон нотлох баримтыг үнэлж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргаж прокурорын нэгдсэн бүртгэлд даруй бүртгүүлсэн эсэх;

 

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ.

ЗӨРЧЛИЙН ТАЛААРХ ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ

ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ПРОКУРОРЫН

ХЯНАЛТ

 

3.1. Прокурор нь эрх бүхий албан тушаалтны гомдол, мэдээллийг шалгаж, гаргасан шийдвэр нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4, 6.5, 6.6, 6.7 дугаар зүйлд заасан үндэслэл, журамд нийцэж буй эсэхэд хяналт тавьж ажиллана.

 

3.2. Гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх ажиллагаа:

 

3.2.1. Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл нь зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн болон зөрчил шалган шийдвэрлэх харьяаллын бус болох нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтны саналыг үндэслэн Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан харьяаллын дагуу шилжүүлэх тогтоол үйлдэж прокурорт даруй бүртгүүлж, тогтоолын нэг хувийг ирүүлсэн эсэхийг прокурор өөрийн бүрэн эрхийн хүрээнд болон гомдлын дагуу хянахдаа дараах асуудлыг анхаарна:

а/ Тогтоолд тухайн гомдол, мэдээллийг харьяаллын бус гэж үзэх хууль зүйн үндэслэл, нотлох баримтыг тодорхой дурдсан эсэх;

б/ Хэрэв зөрчлийг таслан зогсоох, ул мөрийг бэхжүүлэх, хамгаалах арга хэмжээ авсан бол энэ талаар дурдсан эсэх;

в/ Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгах явцад гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдвол харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал үйлдэж, холбогдох материалын хамт даруй прокурорт хүргүүлсэн эсэх;

г/ Харьяаллын дагуу шилжүүлсэн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан эрх бүхий байгууллага өөрийн байгууллагын зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн бүртгэлд бүртгэсэн эсэх.

 

3.2.2. Прокурор нь зааврын 3.2.1-ийн в/-д заасан эрх бүхий албан тушаалтны гаргасан саналын дагуу зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, холбогдох бичиг баримтыг даруй хянаж, гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэж, харьяаллыг тодорхой зааж шилжүүлнэ.

 

3.2.3. Тухайн гомдол, мэдээлэл нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэлгүй, өөр эрх бүхий байгууллагын харьяалан шийдвэрлэх зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл байвал прокурор нь албан бичгээр эрх бүхий байгууллагад харьяаллын дагуу хүргүүлнэ.

 

3.2.4. Прокурорын эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн шийдвэрийг тухайн нэгжийн дээд шатны болон ахлах прокурор танилцаж гарын үсэг зурна.

 

3.2.5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтны санал болон өөрийн санаачлагаар хяналт тавьж байгаа прокурор харьяалал тогтооход энэ зааврын 3.2.3-д заасан журмаар шийдвэрлэнэ.

 

3.2.6. Прокурор нь энэ зааврын 3.2.2, 3.2.4-д заасан шийдвэрийн талаар гомдол, мэдээлэл гаргагчид мэдэгдэнэ.

 

3.3. Гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах:

 

3.3.1. Гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах шийдвэрийг прокурор өөрийн бүрэн эрхийн хүрээнд болон гомдлын дагуу хянахдаа дараах шаардлагыг хангасан эсэхийг хянана:

а/ Эрх бүхий албан тушаалтан нь гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тогтоолдоо, татгалзаж буй үндэслэлийг тодорхой дурдсан эсэх;

б/ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасан ажиллагааг бүрэн хийж гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг тогтоосон эсэх;

в/ Эрх бүхий албан тушаалтан нь хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан, хураан авсан, битүүмжилсэн эд зүйл, баримт бичгийг хэрхэн шийдвэрлэх талаар шийдвэртээ тусгасан эсэх;

г/ Прокурорын зөвшөөрлөөр явуулсан ажиллагааг хэрхэн шийдвэрлэх талаар шийдвэртээ тусгасан эсэх;

д/ Эрх бүхий албан тушаалтан нь шийдвэрийг гомдол, мэдээлэл гаргагчид дараах арга хэлбэрээр мэдэгдсэн, танилцуулсан, энэ тухай тэмдэглэл үйлдсэн эсэх. Үүнд:

1/ Мэдэгдэх хуудсаар,

2/ Тогтоолын хувийг гардуулан өгөх хэлбэрээр,

3/ Гэрийн хаяг, цахим хаягаар хүргүүлэх,

4/ Холбоо, мэдээллийн хэрэгсэл ашиглан мэдэгдэх,

е/ Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн материалыг дугаарлан үдэж хавтаслан, товъёоглож ирүүлсэн эсэх,

 

3.3.2. Ирүүлсэн материалыг прокурорын туслах ажилтан хүлээн авч дардас дарж баталгаажуулж, нэгдсэн бүртгэлд бүртгэсний дараа хяналт тавих прокурорт хүлээлгэн өгнө.

 

3.3.3. Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг ажлын 5 өдрийн дотор хянаад дараах шийдвэрийг гаргана.

а/ Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан  шийдвэрийг хэвээр үлдээх,

б/ Үндэслэлгүйгээр татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, даалгавар өгөх,

в/ Үндэслэлгүйгээр татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийн болон эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах,

/Тайлбар:ЗШШТХ-ийн 6.5-ийн 2, 1.12-ийн 8 болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7-ийн 3-т Гомдлыг хянасан албан тушаалтан, прокурорын зүгээс мөрдөгч, прокурорын шийдвэр, ажиллагааг хүчингүй болгох, өөрчлөх, эсхүл гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай шийдвэр гаргана/

3.3.4. Энэ зааврын 3.3.3-ын а/-д заасан тохиолдолд хяналт тавих прокурор эрх бүхий албан тушаалтны тогтоолд хянаж, бүртгэсэн талаар тэмдэглэгээ хийнэ.

 

3.4. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ажиллагаа:

 

3.4.1. Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаад хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ажиллагаанд прокурор хуульд заасан үндэслэл журмын дагуу хяналт тавьж, эрх бүхий байгууллагаас  сар тутам шийдвэрлэлтийн мэдээ авна.

 

3.5. Зөрчлийн хэрэг нээх:

 

3.5.1. Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэг нээх шийдвэр, холбогдох баримтыг прокурор хүлээн авч дараах асуудлыг хянана:

а/ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.5-т заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол байгаа эсэх;

б/ Зөрчил шалгах тодорхой ажиллагаа хийсэн эсэх;

в/ Нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай эсэх;

г/ Үйлдэгдсэн зөрчил нь тухайн эрх бүхий байгууллага, албан тушаалтны харьяалан шалгах зөрчил мөн эсэх;

д/ Зөрчлийн хэрэг нээх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй, батлагдсан загварын дагуу үйлдсэн эсэх.

 

3.5.2. Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол, холбогдох материалыг хянаад дараах шийдвэрийг даруй гаргана:

а/ Зөрчлийн хэрэгт дугаар олгон, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ;

б/ Үйлдэгдсэн зөрчил нь тухайн эрх бүхий байгууллага, албан тушаалтны харьяалан шалгах зөрчил биш бол хэргийн дугаар олгож, хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тогтоол үйлдэж шилжүүлнэ;

в/ Гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйд зөрчлийн хэрэг нээсэн тохиолдолд эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, харьяаллын дагуу шилжүүлнэ.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.

ЗӨРЧИЛ ШАЛГАХ ТОДОРХОЙ АЖИЛЛАГААНД

ТАВИХ ПРОКУРОРЫН ХЯНАЛТ

 

4.1. Эрх бүхий албан тушаалтнаас зөрчил шалгах тодорхой ажиллагааг явуулж, нотлох баримт цуглуулж бэхжүүлэхдээ хуулийг нэг мөр хэрэглэж, хүний хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөг хамгаалж, хүн, хуулийн этгээд, төрийн хууль ёсны ашиг сонирхлыг хангасан эсэхэд прокурор хяналт тавьж ажиллана.

 

4.1.1. Эрх бүхий албан тушаалтан прокурорын зөвшөөрлөөр болон хойшлуулшгүй тохиолдлоор зөрчил шалгах тодорхой ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан эсэхийг хянана:

а/ Эрх бүхий албан тушаалтан нь прокурорын зөвшөөрөлтэй явуулах ажиллагааны тухай саналыг 24 цагийн өмнө прокурорт ирүүлсэн эсэх;

б/ Прокуророос зөвшөөрөл авах ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд явуулсан бол прокурорт даруй мэдэгдсэн эсэх;

в/ Хойшлуулшгүй ажиллагаа дууссанаас хойш 24 цагийн дотор тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар хэрэг, материал, эрх бүхий албан тушаалтны хойшлуулшгүйгээр явуулах болсон тайлбарын хамт прокурорт ирүүлсэн эсэх;

г/ Прокурорын зөвшөөрлөөр эрх бүхий албан тушаалтны явуулах ажиллагааны санал болон хойшлуулшгүйгээр явуулсан ажиллагааны хэрэг, материал, тайлбарыг хүлээн авч 24 цагийн дотор шийдвэрлэнэ.

 

4.1.2. Энэ зааврын 4.1.1-ийн а/-д заасан зөрчил шалгах ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтны саналд дараах мэдээллийг тусгасан эсэхийг хянана.

а/ Санал гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр;

б/ Ажиллагааны төрөл;

в/ Ажиллагаа явуулах зорилго, үндэслэл;

г/ Ажиллагаанд хамрагдах хүн, хуулийн этгээд, байгууллага, объект;

д/ Ажиллагаа явуулах газар, нэвтрэх, дамжин орох орон байрны хаяг, эзэмшил газрын байршил;

е/ Ажиллагаа явуулах хугацаа;

ё/ Ажиллагааг шөнийн цагаар явуулах бол энэ тухай үндэслэл бүхий тайлбар;

 

4.1.3. Прокурор энэ зааврын 4.1.2-т заасан эрх бүхий албан тушаалтны саналыг хүлээн авч, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

а/ Зөвшөөрөл олгох;

б/ Зөвшөөрөл олгохоос татгалзах;

 

4.1.4. Прокурор зөвшөөрөл олгоогүй нь шинэ үндэслэл бий болж тухайн зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах санал гаргахад хамаарахгүй.

 

4.1.5. Прокурор энэ зааврын 4.1.1-н б, в/-д заасан хойшлуулшгүй ажиллагааны хэрэг, материал, тайлбарыг хүлээн авч, ажиллагааг хүчинтэйд тооцох, хүчингүйд тооцох шийдвэрийн аль нэгийг гаргана. Шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна. Тогтоолдоо үндэслэлээ тодорхой зааж өгнө.

 

4.2. Үзлэг хийх ажиллагаа:

 

4.2.1. Үзлэг хийх ажиллагаанд прокурор хяналт тавихдаа дараах асуудлыг хянана:

а/ Үзлэг хийх ажиллагаа нь зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой эсэх;

б/ Үзлэг хийх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан эсэх;

в/ Эрх бүхий албан тушаалтан нь үзлэг хийх ажиллагааны явц, дэс дараалал, илэрсэн нөхцөл байдал, авсан арга хэмжээ, үр дүнгийн талаар болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлд заасан нийтлэг журмыг баримтлан тэмдэглэл үйлдсэн эсэх, шаардлагатай тохиолдолд гэрэл зураг, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлсэн эсэх;

г/ Үзлэгийн явцад хойшлуулшгүй тохиолдлоор хураан авах, битүүмжлэх ажиллагаа хийсэн бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмыг баримталсан эсэх;

д/ Үзлэг хийх явцад хүний амь нас, эрүүл мэндэд аюул, орчинд хөнөөл учруулж болзошгүй, тэсэрч дэлбэрэх, химийн хортой болон аюултай бодис, бусад эд зүйл байна гэж үзвэл холбогдох мэргэжилтнийг оролцуулсан эсэх;

е/ Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулсан, эзэмшигч байх боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулсан, эсхүл гэрэл зураг, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлсэн эсэх;

ё/ Үзлэгийг зөрчил үйлдэгдсэн газрын хамгаалалтын бүсэд байгаа хүн, эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, мал, амьтан зэргийг хамруулан хийхдээ тухайн зөрчлийн нөхцөл байдлаас хамааран мэргэжлийн туслалцаа үзүүлэх шинжээч, мэргэжилтэнг оролцуулсан эсэх;

 

4.2.2. Эрх бүхий албан тушаалтан нь үзлэг эхлэх, дуусах болон үзлэгийн явцад, дор дурдсан хамгаалалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн эсэх. Үүнд:

а/ Шаардлагатай бол нэмэлт тусламж хүсэх;

б/ Зөрчлийг таслан зогсоох, холбогдогчийг саатуулах;

в/ Зөрчил үйлдэгдсэн газарт шаардлагатай тохиолдолд хамгаалалтын бүс тогтоож, хүмүүсийг нэвтрүүлэхгүй байх, бүсээс гарахад нь хязгаарлалт тогтоох, иргэдэд зөрчлийг шалгаж, холбогдогчийг олж тогтооход саад учруулахгүй байх арга хэмжээ авах;

г/ Хамгаалалтын бүсээс гаргах эсэхийг шийдвэрлэхийн тулд хүний бичиг баримт, бие, эд зүйлд үзлэг хийх, шаардлагатай бол эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх, эмнэлгийн яаралтай тусламж дуудах;

д/ Зөрчилд өртсөн объектын эзэмшигчид мэдэгдэх, дуудах;

е/ Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан устаж, арилж болох зөрчлийн ул мөрийг хамгаалах, бэхжүүлэх;

ё/ Тэсэрч дэлбэрэх болон химийн хорт бодис, хүний бие, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх зэрэг сэжигтэй зүйл илэрвэл түүнд хүрэхгүй, орчны хүмүүсийг нэн даруй холдуулж, нөхцөл байдлын талаар удирдах албан тушаалтан болон мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэх, заавар зөвлөмж авах;

ж/ Эрх бүхий албан тушаалтан нь шинжээч, мэргэжилтэн, бусад байлцсан хүмүүст эрх, үүрэг болон анхаарах асуудлын талаар тайлбарлаж өгөх;

з/ Тухайн зөрчил, хэрэг үйлдэгдсэн газарт байгаа бүх хүнд нэмэлт ул мөр үүсгэхгүй байхад анхааруулах, хэрэв нэмэлт ул мөр үлдээсэн бол тухай бүрт нь тэмдэглэлд тодорхой тусгах;

и/ Зөрчил, хэрэг үйлдэгдсэн газрын хамгаалалтын бүсэд үзлэгийн багийн бүрэлдэхүүнээс өөр хүн нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авах;

й/ Эрх бүхий албан тушаалтан шинжилгээнд зориулан холбогдогч, гэрч, хохирогч болон бусад хүн, зөрчил, хэргийн газар, эд зүйлээс дээж, сорьц авч, уг ажиллагааг гүйцэтгэсний дараа тэдгээрийн шинж чанарыг алдагдуулахгүйгээр савлаж, дугтуй, хайрцаг, боодол дээр тэмдэглэгээ хийн гарын үсэг зурж, битүүмжлэн тэмдэглэлд хавсаргах;

к/ Гал түймрийн хэрэг зөрчлийн газар, химийн хортой болон аюултай бодис асгарсан осол, гэмтлийн газраас холбогдох байгууллагын мэргэжилтэний дэмжлэгтэйгээр дээж, сорьц авч битүүмжлэн савлаж хүргэх;

 

4.2.3. Мэргэжлийн байгууллага хяналт шалгалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийсэн үзлэг, хураан авсан, битүүмжилсэн ажиллагааг явуулсан бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох тул энэ тохиолдолд дээрх ажиллагааг дахин хийхийг шаардахгүй.

 

4.3. Мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах ажиллагаа:

 

4.3.1. Мэдээлэл баримт бичиг гаргуулан авах ажиллагаанд прокурор хяналт тавихдаа дараах асуудлыг хянана:

а/ Гаргуулан авсан мэдээлэл, баримт бичиг нь зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой эсэх;

б/ Баримт бичгийг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол тэмдэглэл үйлдэн хуулбарлан авсан эсэх;

в/ Мэдээлэл, баримт бичгийг гаргуулан авахдаа хуульд заасан нотлох баримтын шаардлага хангуулсан эсэх;

г/ Төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баримт бичиг нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэх;

д/ Гаргуулан авсан мэдээлэл, баримт бичиг нь эд мөрийн баримтын шинжтэй бол эрх бүхий албан тушаалтан нотлох баримтаар тооцсон эсэх;

е/ Мэдээлэл, баримт бичиг гарган ирүүлэх хугацааг зааж өгсөн эсэх;

ё/ Мэдээлэл, баримт бичиг гаргуулан авсан талаар бусдад мэдээлэхгүй байх буюу нууцлалыг хадгалах асуудлыг даалгасан эсэх.

 

4.4. Эд зүйл, баримт бичиг хураан авах ажиллагаа:

 

4.4.1. Эд зүйл, баримт бичиг хураан авах ажиллагаанд прокурор хяналт тавихдаа дараах асуудлыг хянана:

а/ Хураан авсан эд зүйл, баримт бичиг нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой эд мөрийн баримт мөн эсэх;

б/ Эд зүйл, баримт бичиг нь эд мөрийн баримтын шинжтэй бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар саналаа прокурорт ирүүлж хураан авах ажиллагаа явуулсан эсэх;

в/ Эд зүйл, баримт бичиг хураан авах ажиллагааг хойшлуулшгүйгээр явуулсан бол прокурорт мэдэгдэж хүчинтэйд тооцуулсан эсэх;

г/ Эд зүйл, баримт бичгийг хураан авахдаа хуульд заасан журмын дагуу явуулж, тэмдэглэл үйлдсэн эсэх, хураан авсан эд зүйл, баримт бичгийн бүртгэл, жагсаалтыг үйлдэж, жагсаалтыг тэмдэглэлд хавсаргасан эсэх, хураалгасан болон тухайн ажиллагаанд байлцсан хүнээр гарын үсэг зуруулсан эсэх, хувийг эд зүйлийн эзэмшигч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид  өгсөн эсэх;

д/ Эд зүйл, баримт бичиг хураан авах ажиллагааны үед хуулиар хамгаалагдсан нууц баримт бичиг, бусад зүйл илэрвэл эрх бүхий албан тушаалтан түүнийг задруулахгүй байх арга хэмжээ авсан эсэх;

е/ Эд зүйл, баримт бичиг хураан авах ажиллагааг эхлэхийн өмнө   прокурорын зөвшөөрлийг танилцуулсан, тухайн хүнд нь сайн дураараа гаргаж өгөх талаар тайлбарлан өгч, тэмдэглэлд тусгасан эсэх;

 

4.4.2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хураан авсан баримт бичиг нь дээрх ажиллагаанд хамаарахгүй.

 

4.5. Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа:

 

4.5.1. Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд прокурор хяналт тавихдаа дараах асуудлыг хянана:

   а/ Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулсан эсэх;

   б/ Хойшлуулшгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүй явуулсан тохиолдолд ажиллагаа дууссанаас хойш 24 цагийн дотор тухайн ажиллагааг хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлүүлэхээр нотлох баримт, тайлбарын хамт прокурорт ирүүлсэн эсэх

в/ Эд хөрөнгийг битүүмжлэхдээ хуульд заасан журмын дагуу явуулж, тэмдэглэл үйлдсэн эсэх, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтыг үйлдэж,  тэмдэглэлд хавсаргасан эсэх, битүүмжилсэн эд хөрөнгийг хадгалах, бүрэн бүтэн байлгах асуудлыг шийдвэрлэсэн эсэх

г/ Эд хөрөнгийг битүүмжилж буй тохиолдолд гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зөрчлийн холбогдогчид сануулж, зохих арга хэмжээг авахуулан, энэ талаар тэмдэглэл үйлдсэн эсэх

д/ Зөрчлийн холбогдогчид гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тодорхой арга хэмжээ аваагүйгээс үүсэх эрсдэлийг хариуцахыг зөрчлийн холбогдогчид сануулсан талаар тэмдэглэлд тусгасан эсэх

 

4.5.2. Эд хөрөнгийг битүүмжлэхдээ хүний өдөр тутмын зайлшгүй хэрэгцээний зүйлийг битүүмжлэхгүй.

 

4.6. Эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах ажиллагаа:

 

4.6.1. Эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах ажиллагаанд прокурор зөвшөөрөл өгөхдөө дараах асуудлыг хянана:

а/ Эрх бүхий албан тушаалтан эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах ажиллагааны саналаа прокурорт 24 цагийн өмнө ирүүлсэн эсэх;

б/ Эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах эрх бүхий албан тушаалтны санал нь хууль зүйн үндэслэлтэй эсэх;

в/ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах ажиллагааг явуулах зайлшгүй шаардлагатай эсэх;

г/ Хуульд зааснаар төлбөрт гаргуулж болохгүй эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах санал гаргасан эсэх.

           

            4.7. Мэдүүлэг авах ажиллагаа:

 

4.7.1. Мэдүүлэг авах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан эсэхэд прокурор хяналт тавихдаа дараах асуудлыг анхаарна:

а/ Эрх бүхий албан тушаалтан мэдүүлгийг тэмдэглэлээр бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдэх журмыг баримталсан эсэх;

б/ Мэдүүлэг авахдаа тулгасан, хөтөлсөн, зөрчилд ач холбогдолгүй агуулга бүхий асуулт тавьсан эсэх;

в/ Эрх бүхий албан тушаалтан мэдүүлгийн эхэнд тухайн хүний хувийн бичиг баримтыг шалгаж, мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд  өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг /эх/, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарласан эсэх;

г/ Хохирогчид мэдүүлэг авахын өмнө хуульд заасан эрх үүргийг нь танилцуулж, зөрчлийн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэйг танилцуулж, хуульд заасан үүргээ зөрчвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар сануулсан эсэх;

д/ Холбогдогчоос мэдүүлэг авахын өмнө хуульд заасан эрх үүргийг нь танилцуулж, үнэн зөв мэдүүлэг өгөхийн ач холбогдлыг тайлбарлаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нууцыг хадгалах талаар мэдэгдсэн эсэх;

е/ Гэрчээс мэдүүлэг авахын өмнө холбогдох хуульд заасан эрхийг нь танилцуулж, зөрчлийн хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүргийг нь сануулсан эсэх; 

ё/ Мэдүүлэг авч байгаа явц байдлыг дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж байгааг мэдүүлэг өгч байгаа хүнд мэдэгдэн, тэмдэглэлд тусгасан эсэх;

ж/ Мэдүүлэг авч дуусмагц мэдүүлэг зөв бичигдсэн эсэхийг мэдүүлэг авахад оролцсон хүнд танилцуулж, гарын үсэг зуруулсан эсэх;

з/ Тэмдэглэлд нэмэлт оруулсан, засвар хийсэн бол оруулсан засвар, өөрчлөлтийн талаар тэмдэглэж, тухайн мэдүүлэг өгсөн хүнээр гарын үсэг зуруулж баталгаажуулсан эсэх;

 

4.7.2. Насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авахад түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл өмгөөлөгч, сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтны аль нэгийг оролцуулсан эсэх, тэдэнд эрх, үүргийг нь тайлбарлан өгч энэ тухай тэмдэглэлд тусгасан эсэх;

 

4.7.3. Насанд хүрээгүй холбогдогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг эрх бүхий албан тушаалтан тогтоолоор тогтоосон эсэх;

 

4.7.4. “Хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон эсэх.

           

           

            4.8.  Шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах ажиллагаа:

 

4.8.1. Шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах ажиллагаанд прокурор хяналт тавихдаа дараах асуудлыг хянана:

а/ Эрх бүхий албан тушаалтан шинжилгээ хийх зорилгоор хүний бие, эд зүйл, ургамал, мал, амьтан, хөрс, ус агаараас дээж, хэв загвар авахдаа тэмдэглэл үйлдэж бэхжүүлсэн эсэх;

б/ Хэв загвар, дээж авах ажиллагаанд гэрэл зураг, эсхүл дуу-дүрсний бичлэг хийх, хэвлэх, хувилах техник хэрэгслийг ашигласан эсэх;

в/ 18 насанд хүрээгүй хүний биеэс биологийн дээж авах тохиолдолд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг заавал байлцуулсан эсэх.

 

4.9. Шинжилгээ хийлгэх ажиллагаа:

 

4.9.1. Шинжилгээ хийлгэх ажиллагаанд прокурор хяналт тавихдаа дараах асуудлыг хянана:

а/ Эрх бүхий албан тушаалтан шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг гаргасан даруй оролцогч нарт танилцуулж, гаргасан санал, хүсэлтийг нь шийдвэрлэж, тогтоолд гарын үсэг зуруулсан эсэх;

б/ Шинжилгээ хийлгэх тухай тогтоолтой танилцсан оролцогч нараас гаргасан санал, хүсэлтийг бичгээр гаргуулан авч зөрчлийн хэргийн материалд хавсарган, шийдвэрлэсэн эсэх;

в/ Оролцогч нь шинжээчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан журмын дагуу хянаж хариу өгсөн эсэх;

г/ Оролцогч шинжээчид нэмэлт асуулт тавих хүсэлт гаргасан нь үндэслэлтэй бол тогтоолд нэмж тусгасан эсэх;

д/ Эрх бүхий албан тушаалтан нь шинжилгээ хийх эрх бүхий байгууллага, шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг шинжлүүлэх эд зүйл, харьцуулах эд зүйлийн хамт хүргүүлсэн эсэх;

е/ Шинжилгээг шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэж байгаа тохиолдолд эрх бүхий албан тушаалтан нь тусгай мэдлэг бүхий хүнд тогтоолыг гардуулан өгч, хуульд заасан эрх, үүргийг сануулан тогтоолд гарын үсэг зуруулсан эсэх;

ё/ Дахин шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах талаар оролцогч гомдол, хүсэлт гаргасан эсэх, эрх бүхий албан тушаалтан хүлээн авч шийдвэрлэсэн эсэх;

ж/ Тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн эрх бүхий албан тушаалтан нь шинжилгээг шинжээч томилж шинжилгээ хийлгэх шаардлагагүй, өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл дүгнэлт гаргасан эсэх;

з/ Шинжилгээнд зориулж авсан хэв, загвар дээжийг хадгалах, шинжилгээний байгууллагад хүргүүлэхдээ “Шинжилгээнд зориулж авсан хэв загвар, дээжийн хадгалалт, тээвэрлэлтийн горим”-д заасан журмыг баримталсан эсэх.

 

4.10. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал:

 

4.10.1. Прокурор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавихдаа УЕП-ын тушаалаар батлагдсан хяналтын харьяаллыг баримтална.

 

4.10.2. Дараах тохиолдолд зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх эсэх асуудлыг прокурор хянаж шийдвэрлэнэ. Үүнд:

а/ Хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илрүүлсэн болон шалгаж буй  зөрчил нь өөр нутаг дэвсгэрт үйлдэгдсэн;

б/ Хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад бусад эрх бүхий албан тушаалтанд хуулиар харьяалуулсан зөрчлийг илрүүлсэн.

 

4.10.3. Прокурор нь эрх бүхий албан тушаалтны саналаас гадна зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавих явцад өөрийн санаачлагаар хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэж болно.

 

4.10.4. Прокурор нь зөрчлийг шалган шийдвэрлэх харьяаллыг тогтоохдоо үндэслэл бүхий тогтоол үйлдэнэ.

 

4.10.5. Зөрчил шалган шийдвэрлэх болон прокурорын хяналтын харьяаллын талаар гарсан маргааныг Улсын Ерөнхий прокурорын газар, Нийслэлийн дүүргүүд хооронд зөрчил шалган шийдвэрлэх болон хяналтын харьяаллын талаар гарсан маргааныг Нийслэлийн прокурорын газар, сум дундын прокурорын газруудад гарсан маргааныг аймгийн прокурорын газар тус тус даруй шийдвэрлэнэ.

 

4.10.6. Шаардлагатай гэж үзвэл зарим эрх бүхий байгууллага, албан тушаалтны  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын харьяаллыг Улсын Ерөнхий прокурорын тушаалаар тогтооно.

 

4.10.7. Прокурор эрх бүхий албан тушаалтнаас гаргасан харьяаллын дагуу шилжүүлэх саналыг үндэслэн зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хянаад эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тохиолдолд хэргийн харьяаллыг тогтоолдоо тодорхой зааж харьяаллын дагуу шилжүүлнэ.

 

4.11. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах хугацаа:

 

4.11.1. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг хэрхэн баримталж байгаа, хугацаа сунгах асуудлыг хянаж шийдвэрлэхдээ прокурор дараах шаардлагыг хангуулна:

а/ Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан зөрчлийн хэргийн хугацааг сунгасан даруй прокурорт мэдэгдэж бүртгүүлсэн эсэх,

б/ Эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай гэж үзвэл хэргийн хугацаа дуусахаас өмнө прокурорт танилцуулж, хугацааг сунгуулсан эсэх,

 

4.11.2. Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурор нь зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгахдаа зөрчлийн хэрэгт хийгдэх ажиллагаанаас хамаарч хэсэгчлэн, эсхүл бүтнээр нь тогтоож болно.

 

4.11.3. Эрх бүхий албан тушаалтан, прокурор нь зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгасан талаарх мэдээллийг прокурорын нэгдсэн бүртгэлд даруй бүртгүүлнэ.

 

4.11.4. Зөрчлийн хэргийн хугацааг сунгахдаа шаардлагатай гэж үзвэл прокурор цаашид хийх ажиллагааны талаар даалгаврыг бичгээр өгч болно.

 

4.12. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих прокурорын хяналт:

 

4.12.1. Прокурор нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг удирдамж төлөвлөгөөний дагуу улиралд 3-с доошгүй удаа шалгана.

 

4.12.2. Прокурор хяналт, шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар эрх бүхий байгууллагад шаардлага бичсэн тохиолдолд прокурорын шаардлагын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, зохиосон ажлын талаар тогтоосон хугацаанд бичгээр хариу ирүүлсэн эсэх, албан тушаалтанд хариуцлага тооцсон бол тухайн шийдвэрийн хувийг хавсаргаж ирүүлсэн эсэхийг танилцана.

 

4.12.3. Прокурор шаардлагын хариуг хүлээн авч, шаардлагатай бол зөрчил, түүний шалтгаан нөхцлийг бүрэн арилгасан эсэхийг биечлэн шалгаж болно.

 

4.12.4. Зөрчил шалгах ажиллагаанд хуулийн заалтыг хангуулах, хуулийг зөв хэрэглэх, зайлшгүй шаардлагатай ажиллагааг цаг тухайд нь бүрэн, бодитой явуулах зорилгоор прокурор даалгавар бичих ба даалгаврыг зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан хууль зүйн үндэслэлтэй бичиж, хийгдэх ажиллагааг ойлгомжтой, тодорхой зааж өгнө.

 

4.12.5. Даалгаврыг эрх бүхий албан тушаалтны нэр дээр бичнэ. Шаардлагатай бол харьяалах дээд шатны албан тушаалтны нэр дээр бичиж болно. Эрх бүхий тушаалтан прокурорын даалгаврыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарт танилцуулахгүй бөгөөд зөрчлийн хэрэг, материалд хавсаргахгүй.

 

4.12.6. Хяналт тавьж буй прокурор нь тухайн зөрчлийн хэрэгт бичигдсэн даалгаврын биелэлт, үр дүнд хяналт тавьж ажиллана.

 

4.12.7. Прокурорын тогтоол нь тодорхой асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн хууль ёсны, үндэслэлтэй байна. Дээд шатны прокурорт гомдол гаргах эрх, хугацааг тогтоолд заавал тусгана.

 

4.12.8. Прокурорын зөвшөөрөл нь Прокурорын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх бөгөөд зөрчил шалгах тодорхой ажиллагаанд өгч байгаа прокурорын зөвшөөрөл нь мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих прокуророос үйлдэж буй эрх зүйн хэлбэрийн загвартай нийцсэн байна.

 

4.12.9. Дээд шатны прокурор нь прокурорын тогтоолыг хууль бус, үндэслэлгүй гэж үзвэл өөрчлөх, хүчингүй болгох шийдвэр гаргана.

 

4.12.10. Прокурор тогтоолыг 2 хувь үйлдэж, хувийг зөрчлийн хэргийн материал болон байгууллагын бичиг хэрэгт хадгална.

 

4.12.11. Тогтоолд он, сар, өдрийн дарааллаар нэгдсэн дугаар олгож, нэгдсэн бүртгэлд бүртгэнэ.

 

ТАВДУГААР БҮЛЭГ.

ЗӨРЧИЛ ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ДУУСГАХ,

ТҮҮНД ТАВИХ ПРОКУРОРЫН ХЯНАЛТ

 

5.1. Зөрчил шалгах ажиллагааг дуусгаж, зөрчлийн хэргийн материалыг танилцуулах:

 

5.1.1. Зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгах ажиллагаанд прокурор хяналт тавихдаа дараах асуудлыг хянана:

а/ Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн бүх ажиллагааг хийж, хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид /цаашид оролцогч гэх/ мэдэгдэж, зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангасан эсэх;

б/ Насанд хүрээгүй оролцогчид зөрчлийн хэргийг танилцуулахад түүний хууль ёсны төлөөлөгч эсхүл өмгөөлөгчийг оролцуулсан эсэх;

в/ Зөрчлийн хэргийн оролцогч биечлэн танилцсан тохиолдолд танилцуулсан тухай тэмдэглэл үйлдсэн эсэх, тэмдэглэлд зөрчлийн хэрэгтэй танилцсан оролцогчоор гарын үсэг зуруулсан эсэх, хэрэв оролцогч нараас танилцахгүй талаар мэдэгдсэн тохиолдолд энэ талаар тэмдэглэлд тусгасан эсэх;

г/ Зөрчлийн оролцогчоос ажиллагааны явцад болон зөрчлийн хэргийн материалтай танилцах үед бичгээр  хүсэлт, гомдол гаргасан эсэх, зөрчлийн хэргийн материалд хавсаргасан эсэх, хүсэлт, гомдлыг эрх бүхий албан тушаалтан хүлээн авах үндэслэлтэй гэж үзвэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, хангахаас татгалзаж шийдвэрлэсэн эсэх, /Энэ зүйлд заасан гомдол, хүсэлтэд эрх бүхий албан тушаалтнаас шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан гомдлыг хамааруулахгүй бөгөөд хүлээн авсан тохиолдолд даруй  шүүхэд шилжүүлнэ.

д/ Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгаж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлд заасан шийдвэрийг гаргаж, шийдвэрийг прокурорын нэгдсэн бүртгэлд даруй бүртгүүлсэн эсэх;

е/ Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан эрх бүхий албан тушаалтан нь хэргийн материалыг дугаарлан үдэж хавтаслан, товъёоглож ирүүлсэн эсэх;

ё/ Эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан гэрэл зураг авах, зураглал үйлдэх, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, мэдээлэл /илтгэх хуудас/ өгөх ажиллагааг хэрэгжүүлсэн эсэх.

5.1.2. Прокуророос зөрчлийн хэрэг, материалыг эрх бүхий байгууллагууд архивын нэгж болгосон эсэх, хэрэг материалыг архивын нэгж болгон хадгалахдаа Архив, албан хэрэг хөтлөлтийн журам, холбогдох хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэсэн эсэхийг хяналт шалгалтын явцад танилцсан байвал зохино.

 

5.2. Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох:

 

5.2.1. Хэрэгсэхгүй болгосон хэрэгт прокурор дараах байдлаар хяналт тавина:

а/ Эрх бүхий албан тушаалтан нь хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолдоо шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдал, хэрэгсэхгүй болгож буй үндэслэлийг тодорхой дурдсан эсэх;

б/ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсон эсэх;

в/ Эрх бүхий албан тушаалтан нь хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан, хураан авсан, битүүмжилсэн эд зүйл, баримт бичгийг хэрхэн шийдвэрлэх талаар саналаа тусгасан эсэх;

г/ Прокурорын зөвшөөрлөөр явуулсан ажиллагааг хэрхэн шийдвэрлэх талаар саналаа тусгасан эсэх;

д/ Эрх бүхий албан тушаалтан нь шийдвэрийг гомдол, мэдээлэл гаргагч, холбогдогчид ажлын 3 өдрийн дотор дараах арга хэлбэрээр мэдэгдсэн, танилцуулсан, энэ тухай тэмдэглэл үйлдсэн эсэх, Үүнд:

1/ Мэдэгдэх хуудсаар;

2/ Тогтоолын хувийг гардуулан өгөх хэлбэрээр;

3/ Гэрийн хаяг, цахим хаягаар хүргүүлэх;

4/ Холбоо мэдээллийн хэрэгсэл ашиглан мэдэгдэх;

5/ Оролцогчдын гомдол гаргах эрхийг нь хангасан эсэх;

ё/ Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэргийн материалыг дугаарлан үдэж хавтаслан, товъёоглож даруй хугацаанд прокурорт ирүүлсэн эсэх;

 

5.2.2. Хэрэгсэхгүй болгосон хэргийн материалыг прокурорын туслах ажилтан хүлээн авч дардас дарж баталгаажуулан, нэгдсэн бүртгэлд бүртгэсний дараа хяналт тавих прокурорт хүлээлгэн өгнө.

 

5.2.3. Прокурор нь эрх бүхий албан тушаалтны хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шийдвэрийг ажлын 5 өдрийн дотор хянаж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана. Үүнд:

а/ Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээнэ. Энэ тохиолдолд тогтоолд прокурор хянасан тухай тэмдэглэл үйлдэнэ.

б/ Шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг бүртгэлтэнд буцаах;

в/ Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх;

г/ Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад шилжүүлэх.

 

5.2.4. Прокурор хэргийг хянахдаа эрх бүхий албан тушаалтнаас прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл баримт бичиг гаргуулан авсан, эд зүйл, баримт бичиг хураан авсан, битүүмжилсэн, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан зэрэг ажиллагааг хэрхэн шийдвэрлүүлэхээр гаргасан саналыг шийдвэрлэнэ.

 

5.2.5. Прокурор нь энэ зааврын 5.2.3 дахь хэсгийн б/-д зааснаар эрх бүхий албан тушаалтны тогтоолыг хүчингүй болгосон тохиолдолд зөрчлийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр даалгавар бичиж, илтэд зөрчлийн шинжтэй байвал холбогдогчид  шийтгэл оногдуулахаар хэргийг буцаана.

 

5.3. Шийтгэл оногдуулах:

 

5.3.1. Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг прокурор дараах байдлаар хянана:

а/ Эрх бүхий албан тушаалтан нь шийтгэл оногдуулсан шийдвэртээ шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулж буй үндэслэлийг тодорхой дурдсан эсэх;

б/ Зөрчлийг бүрэн гүйцэт шалгаж нотлох баримтаар тогтоосон эсэх, шийтгэл оногдуулсан хуулийн зүйл заалт, шийтгэлийн төрөл, хэмжээ тохирсон эсэх; 

в/ Шийтгэл оногдуулах тухай шийдвэрийг Засгийн газраас баталсан загвар, маягтын дагуу үйлдсэн эсэх, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан эсэх;

г/ Эрх бүхий албан тушаалтан нь зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан даруй харьяалах прокурорын газрын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн эсэх;

д/ Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд шийдвэр гарсанаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулсан эсэх, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлсэн эсэх, биечлэн танилцуулсан бол шийтгэлийн хуудсанд гарын үсэг зуруулж танилцсан хугацааг тэмдэглэсэн эсэх, шийтгэлийн хуудсыг харилцаа холбооны хэрэгсэлээр хүргүүлсэн тухай баримтыг хэрэг материалд хавсаргасан эсэх;

е/ Эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуульд заасан албадлагын арга хэмжээ авах үндэслэл байгаа эсэхийг шалган тогтоосон эсэх;

ё/ Албадлагын арга хэмжээ авахуулах хүсэлтээ шүүхэд 24 цагийн дотор хүргүүлсэн эсэх;

ж/ Албадлагын арга хэмжээний хүрээнд хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгсэлийг Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 195 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу шийдвэрлэсэн эсэх;

з/ Зөрчлийн үр дагаврыг арилгуулах талаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан арга хэмжээ авсан эсэх;

и/ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шийтгэлээс чөлөөлсөн нь үндэслэлтэй эсэх.

 

5.3.2. Прокурор нь эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн хэрэг, материалыг ажлын 5 өдрийн дотор хянаж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана. Үүнд:

а/ Шийтгэл оногдуулсан шийдвэрийг хэвээр үлдээж, бүртгэлд авах. Энэ тохиолдолд тогтоолд прокурор хянасан тухай тэмдэглэл үйлдэнэ;

б/ Шийдвэрийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичих;

 

5.3.3. Прокурор шийтгэл оногдуулсан зөрчлийн хэргийг хянаад даруй хугацаанд зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан эрх бүхий байгууллагад хадгалуулахаар буцаан хүргүүлнэ.

 

5.3.4. Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах тухай даалгаврыг гаргасан даруйд зөрчил үйлдсэн хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, хуулийн этгээдэд хүргүүлсэн эсэхэд прокурор хяналт тавьж ажиллана.

 

ЗУРГААДУГААР БҮЛЭГ.

ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫ ШИЙДВЭР,

ҮЙЛ АЖИЛЛАГААНД ГАРГАСАН ГОМДЛЫГ

ПРОКУРОР ХҮЛЭЭН АВЧ  ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА

 

6.1. Прокурор нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчоос гаргасан гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэх:

 

6.1.1. Прокурор нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчоос гаргасан гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэх ажиллагаанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, энэ зааварт заасан журмыг тус тус баримтална.

 

6.1.2. Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ авсантай холбогдуулан оролцогчоос гаргасан гомдлыг прокурор хүлээн авч шийдвэрлэхгүй болно.

 

6.1.3. Эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар гаргасан оролцогчийн гомдлыг хяналтын прокурор ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэнэ. Гаргасан шийдвэрийн талаар мэдэгдэхдээ дээд шатны прокурорт гомдол гаргах эрх болон хугацааг заавал тодорхой зааж өгнө.

 

6.1.4. Хяналтын прокурорын шийдвэрт оролцогч гомдол гаргавал тухайн нэгжийн дээд шатны прокурор шийдвэрлэх бөгөөд энэхүү шийдвэр нь эцсийн шийдвэр болно. Дээд шатны прокурорын шийдвэрт гомдол гаргах эрхгүй болохыг тодорхой тусгана.

 

6.1.5. Эрх бүхий албан тушаалтан нь прокурорын шийдвэрт ажлын 3 өдрийн дотор гомдол гаргасан тохиолдолд тухайн нэгжийн дээд шатны прокурор ажлын 5 өдрийн дотор хянан шийдвэрлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргах эрхийн талаар дурдаж өгнө.

 

6.1.6. Оролцогч болон эрх бүхий албан тушаалтнаас гаргасан гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэх прокурор нь гомдлыг хуульд заасан хугацааны дотор гаргасан эсэхийг заавал нягтална. Хэрэв хуульд заасан хугацааг хэтрүүлж гомдол гаргасан бол хүлээн авахаас татгалзах үндэслэл болно.

 

6.1.7. Шуудангаар дамжуулан ирсэн гомдол нь тухайн прокурорын харьяалан шийдвэрлэх гомдол биш бол бүртгэлд авахгүйгаар харьяаллын дагуу шилжүүлнэ. Харьяалал нь тодорхойгүй, прокурорын байгууллагад хамаарахгүй гомдлыг ирсэн хаягаар нь буцаана.

 

ДОЛООДУГААР БҮЛЭГ.

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ

БОЛОН ПРОКУРОРЫН ХЯНАЛТЫН АЖЛЫН БҮРТГЭЛ,

МЭДЭЭ, ТАЙЛАН

 

7.1. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа болон прокурорын хяналтын ажилд хөтлөгдөх бүртгэл:

 

7.1.1. Прокурорын байгууллага нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны нэгдсэн бүртгэлийг хөтөлнө.

 

7.1.2. Улс, Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Сум дундын прокурорын газар нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд тавьсан прокурорын хяналтын ажлын мэдээг өссөн дүнгээр улирал, хагас, бүтэн жилээр гаргаж, дүн шинжилгээ хийж ажиллана.

 

7.1.3. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд тавьсан прокурорын хяналтын ажлын мэдээ нь тухайн прокурорын газарт хөтлөгдсөн бүртгэлд үндэслэнэ.

 

7.1.4. Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Сум дундын прокурорын газар нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд тавьсан хяналтын ажлын тайланг хагас, бүтэн жилээр бичиж, Улсын Ерөнхий прокурорын газарт хүргүүлнэ.

 

 

 

 

 

----- о0о -----

 

Санал асуулга
Статистик мэдээ
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
62
Өчигдөр
71
7 хоногт
1309
Сүүлийн сард
5461
Сүүлийн жилд
98894
Нийт хандалт
98894