Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл
Журам

Улсын ерөнхий прокурорын 2017 оны

08 дугаар сарын 22-ны өдрийн

 А/96 дугаар тушаалын хавсралт

 

 

МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ПРОКУРОРЫН

ХЯНАЛТЫН АЖЛЫН АРГАЧИЛСАН ЗААВАР

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1. Энэ аргачилсан зааврын зорилго нь мөрдөн шалгах ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтын ажилд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангахад оршино.

2. Мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналт нь Монгол Улсын Прокурорын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчмуудын үндсэн дээр хэрэгжих бөгөөд гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас эхэлж хэргийг шалгаж шийдвэрлэх бүхий л явцад байнга, тасралтгүй байна.

3. Мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой хуулийн заалтыг нэг мөр хэрэглэх, мөрдөгч, прокурорын шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн байх, хууль хэрэглэх, прокурорын хяналттай холбоотой эргэлзээ бүхий асуудлыг нэгдсэн байдлаар зохицуулах, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг шуурхай, бүрэн гүйцэд, бодитойгоор явуулахад  энэхүү аргачилсан зааврын заалт чиглэгдэнэ.

4. Прокурор нь гадаад улсын, олон улсын байгууллагын дипломат эрх ямба, дархан эрх эдэлж байгаа хүн, түүний гэр бүлийн гишүүдийн бие, хувийн өргөө, төлөөлөгчийн газар, захидал харилцааны халдашгүй байдал хөндөгдсөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаархи зөвшөөрлийг Улсын ерөнхий прокурорын газраар дамжуулан шийдвэрлүүлнэ.

5. Прокурор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоос гаргасан гомдол, хүсэлтийг хүлээн авах, хянан шийдвэрлэх ажиллагааг Улсын ерөнхий прокурорын тушаалаар баталсан тусгай журмаар зохицуулна.

6. Прокурор энэхүү аргачилсан зааврын заалтыг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэрэгжүүлээгүй, зөрчсөн нь хариуцлага тооцох үндэслэл болно.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ. ХЭРЭГ БҮРТГЭЛТ, МӨРДӨН БАЙЦААЛТ

ЯВУУЛАХ ХАРЬЯАЛАЛ, ТҮҮНД ТАВИХ

ПРОКУРОРЫН ХЯНАЛТ

 

2.1 дүгээр зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяалал

1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд тавих прокурорын хяналт нь гэмт хэрэг гарсан нутаг дэвсгэрийн зарчмаар хэрэгжинэ.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт, 30.7 дугаар зүйлийн 2.2, 2.3, 2.7 дахь хэсэгт заасан хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааны материалд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд тавих прокурорын хяналтын харьяаллыг Улсын ерөнхий прокурорын тушаалаар баталсан тусгай журмаар зохицуулна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан харьяаллаас гадна Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэс, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн алба, Замын цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн газар, Төмөр зам дахь Цагдаагийн газар, Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтэст хүлээн авч шалгах гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг, түүнд тавих прокурорын хяналтын харьяаллыг Улсын ерөнхий прокурорын тушаалаар тогтооно.

4. Эрүүгийн хэргийг харьяаллын дагуу өөр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагад шилжүүлэхдээ тухайн нутаг дэвсгэрт хийгдвэл зохих хойшлуулшгүй болон бусад шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна.

5. Төрийн нууцын зэрэглэлд хамаарах эрүүгийн хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавина.

6. Мөрдөгч нь илтэд харьяаллын бус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бол прокурор тогтоол үйлдэж, харьяалах мөрдөн шалгах байгууллагад даруй шилжүүлнэ.

7. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх эсэхийг хяналт тавьж буй прокурор хянаж шийдвэрлэнэ.

8. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд тавих прокурорын хяналтын харьяаллын талаар прокурорууд болон мөрдөгч, прокурор хоорондоо маргахгүй.

2.2 дугаар зүйл. Хэргийн харьяалал тогтоох

1. Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд тавих прокурорын хяналтын харьяаллыг энэ зааварт заасны дагуу тогтооно.

2. Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар нь дээд шатны прокурорын хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд, эсхүл хэрэгт хяналт тавьж байгаа прокурорын газрын саналыг үндэслэн харьяаллыг тогтооно.

3. Прокурорын газар нь харьяалал тогтоолгох саналаа албан бичгээр ирүүлнэ.

4. Албан бичигт дараахь зүйлийг тусгана:

4.1.гэмт хэрэг гарсан байдал, түүнийг нотолж буй нотлох баримт;

4.2.хэрэг бүртгэлт нээсэн, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан он, сар, өдөр, хуулийн зүйл, хэсэг,

4.3.холбогдсон хүн, хуулийн этгээдийн нэр;

4.4.харьяалал тогтоолгох үндэслэл, санал;

4.5.хэрэгт хураагдсан хөрөнгө, орлого, эд зүйл, эд мөрийн баримт;

4.6.яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээ, хугацаа. 

5. Улсын ерөнхий прокурорын газарт Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор нь харьяалал тогтоолгохоор ирүүлсэн хэргийг хуульд заасан хугацаанд хянан, хариуцсан хэлтсийн даргад танилцуулж, шийдвэрлүүлнэ.

6. Нийслэлийн прокурорын газарт харьяалал тогтоолгохоор ирүүлсэн хэргийг тус газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор нь хуульд заасан хугацаанд хянан, тус прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчид танилцуулж, шийдвэрлүүлнэ.

7. Харьяалал тогтоох хугацааг байгууллагын бүртгэлд хэргийг бүртгэсэн өдрөөс эхэлж тоолно.

8. Улсын ерөнхий прокурорын газраас дараахь хэрэг, материал, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийн харьяаллыг тогтооно:

8.1.аймаг хооронд болон аймаг, нийслэлийн дүүрэг дамжсан үйлдэлтэй хэрэг;

8.2.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг шуурхай, бүрэн гүйцэд явуулахын тулд гэмт хэрэг илэрсэн, эсхүл оролцогч, гэрч, хохирогчийн олонхи байгаа газарт, түүнчлэн дагнасан чиг үүрэгтэй алба, нэгжид хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хэрэг;

8.3.хэргийг үнэн зөвөөр шалгаж шийдвэрлэхэд хөндлөнгийн нөлөөлөлд автаж болзошгүй, оролцогчдын зүгээс удаа дараа үндэслэл бүхий хүсэлт, гомдол гаргасан зэргээр тухайн орон нутагт шалгах боломжгүй гэж үзсэн хэрэг;

8.4.Тагнуулын байгууллага, Цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газар нь хамтран шалгах, эсхүл хуулиар хэд хэдэн байгууллагын эрх хэмжээнд харьяалагдах гэмт хэрэг;

8.5.Монгол Улсын хилийн гадна үйлдэгдсэн хэрэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл;

8.6.гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг тогтоох боломжгүй гэмт хэрэг;

8.7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 2.2, 2.3, 2.7 дахь хэсэгт заасан хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааны материал;

8.8.гадаад улсаас шилжүүлж ирүүлсэн хэрэг.

9. Энэ зүйлийн 8.3-т заасан хэргийн харьяаллыг Улсын ерөнхий прокурорын, бусад хэргийн харьяаллыг Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргын тогтоолоор шийдвэрлэнэ.

10. Мөрдөн байцаалт явуулах харьяаллыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасныг үндэслэн тогтооно.

11. Хэд хэдэн байгууллагад шалгагдаж байгаа хэргүүдийг нэгтгэн шалгах үндэслэл байгаа тохиолдолд мөрдөн байцаалт явуулах харьяаллыг тогтоохдоо тухайн гэмт хэргийн шинж, онцлог, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг зэргийг харгалзана.

12. Нийслэлийн дүүргүүд дамжсан үйлдэлтэй эрүүгийн хэргийн харьяаллыг Нийслэлийн прокурорын газар хянаж шийдвэрлэнэ.

13. Харьяалал тогтоосон хэрэг, материал, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг харьяалах прокурорын газраар дамжуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагад даруй хүргүүлнэ.

2.3 дугаар зүйл. Хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх

1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа хэрэг нь харьяаллын бус болох нь тогтоогдвол хяналт тавьж буй прокурор өөрийн санаачилгаар, эсхүл мөрдөгчийн саналыг үндэслэн гэмт хэрэг гарсан нутаг дэвсгэрийн зарчмаар хэргийг харьяаллын дагуу шилжүүлнэ.

2. Прокурор хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл энэ тухай тогтоол үйлдэж, хэргийг харьяа прокурорын байгууллагаар дамжуулан даруй хүргүүлнэ.

3. Прокурор мөрдөгчийн саналыг үндэслэлгүй гэж үзвэл тогтоолоор хэрэгсэхгүй болгож, нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг мөрдөгчид даруй буцаана. 

4. Мөрдөн байцаалтыг дуусган харьяаллын дагуу шилжүүлэх саналтай ирүүлсэн хэргийг прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааны дотор хянаж шийдвэрлэнэ.

5. Хэрэгт хяналт тавьж буй прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх мөрдөгчийн саналтай ирүүлсэн хэргийг ажлын 3 хоногийн дотор хянаж шийдвэрлэнэ.

2.4 дүгээр зүйл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн                                     харьяаллыг тогтоолгох

1. Тухайн прокурорын газрын дээд шатны прокурор нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг хэргийн оролцогч, гэрчийн олонхи байгаа газарт, эсхүл дагнасан чиг үүрэгтэй алба, нэгж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан үндэслэлээр өөрчлөн тогтоолгох тухай саналыг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнд хүргүүлнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ. ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ХУГАЦАА, ЗАРДАЛ, БАРИМТ БИЧИГ

3.1 дүгээр зүйл. Прокурор хэтэрсэн хугацааг сэргээх

1. Галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл газар хөдлөлт, хүчтэй салхи, түймэр, аянга, үер, ган зэрэг байгалийн гамшиг, цацраг идэвхт бодисын хордуулалт, олон улсын шинжтэй хилийн боомт хаагдах /хоёр орны аль нэг талдаа/, хөдөлмөрийн маргаанаас үүдсэн өргөн хэмжээний эмх замбараагүй байдал, тахал, дайн, дайн бүхий байдал, хүн амьтны халдварт өвчин, хорио цээр зэрэг нийгмийн онцгой байдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг хэтрүүлсэн бол сонирхогч этгээдийн хүсэлтээр прокурор хэтэрсэн хугацааг сэргээх тухай тогтоол гаргана.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нь хүнд өвчний улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, ар гэрт гачигдал гарсан, өөр орон нутагт болон гадаадад томилолтоор ажилласан зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг хэтрүүлсэн бол хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулж болно.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоос хэтэрсэн хугацааг сэргээлгэх хүсэлтийг мөрдөгчид гаргасан бол хүсэлтийг прокурорт даруй хүргүүлнэ.

4. Прокурор хэтэрсэн хугацааг сэргээх хүсэлтийг хянан шийдвэрлэхдээ оролцогчоос хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой баримт, тайлбарыг гаргуулан авна.

5. Хэтэрсэн хугацааг сэргээсэн шийдвэр, хүсэлт, холбогдох баримтыг хавтаст хэрэгт хавсаргана.

3.2 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг гаргуулах талаар прокуророос авах арга хэмжээ

1. Прокурор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг гаргуулах үндэслэлтэй гэж үзвэл холбогдох баримтыг бүрдүүлэхийг мөрдөгчид даалгана.

2. Прокурорын яллах дүгнэлтийн орчуулга хийлгэх, шинжилгээ хийлгэх болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, прокурорын хянан шалгах ажиллагаатай холбогдон гарах бусад зардлын холбогдох материалыг бүрдүүлэн шүүхээр шийдвэрлүүлнэ.

3. Энэ зүйлийн 1, 2-т заасан зардлыг гаргуулах үндэслэл, зардлын хэмжээг яллах дүгнэлтийн хавсралтад тусгана.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг гаргуулахаас өмнө яллагдагчийн хөрөнгө, түүний эх үүсвэрийг шалгаж, тогтоосон байвал зохино.

5. Прокурор хэргийн талаар шийдвэр гаргаагүй, яллагдагч гэм буруутай болох нь тогтоогдоогүй байхад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэх арга хэмжээ авахгүй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх асуудлыг Засгийн газрын газраас тогтоосон журмын дагуу шийдвэрлүүлнэ.

3.3 дугаар зүйл. Прокурорын шийдвэр, бусад баримт бичгийг хүргэх

1. Прокурорын байгууллагын туслах ажилтан, захиргааны ажилтан нь прокурорын шийдвэр, бусад баримт бичгийг хүлээн авах хүнд гардуулан өгч, тэмдэглэлд гарын үсэг зуруулж, тэмдэглэлийг хариуцсан ажилтанд даруй хүлээлгэн өгнө.

2. Шуудангийн хаягаар хүргүүлж байгаа бол захиргааны ажилтан энэ тухай тэмдэглэлд тусгаж, хүлээн авсан шуудангийн ажилтнаар гарын үсэг зуруулна.

3. Прокурорын шийдвэр, бусад баримт бичгийг хүлээн авах хүнд гардуулж өгсөн тухай тэмдэглэлийг хавтаст хэргийн материалд хавсаргана.

4. Прокурорын хариу мэдэгдэх хуудас, мэдэгдэх хуудсыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид гардуулан өгөхдөө хариу мэдэгдэх хуудасны үндсэн болон хүлээлгэн өгсөн хувьд өгсөн он, сар, өдрийг тэмдэглэсэн дардас дарж, хүлээн авсан хүнээр овог, нэрийг гаргацтай бичүүлж, гарын үсэг зуруулна.

5. Прокурорын шийдвэр, бусад баримт бичгийг хүлээн авах хүн хүлээн авахаас зайлсхийсэн, татгалзсан бол туслах ажилтан, захиргааны ажилтан тэмдэглэлд тусгаж, шийдвэр гаргасан прокурорт даруй мэдэгдэнэ.

6. Прокурорын туслах ажилтан, захиргааны ажилтан хэрэг, материалыг эцэслэн шийдвэрлэсэн өсвөр насны, насанд хүрээгүй хүнд холбогдох болон төр, байгууллага, хувь хүний нууцад хамаарахаас бусад прокурорын шийдвэрийг шийдвэр гарснаас хойш хуульд заасан 3 хоногийн дотор байгууллагын цахим хуудсанд байршуулна.

7. Прокурор өөрийн гаргасан шийдвэрийг байгууллагын цахим хуудсанд үнэн зөв, бүрэн гүйцэд байршсан эсэхэд хяналт тавьж, тавигдсан шийдвэрийг солих шаардлагатай гэж үзвэл тухайн прокурорын газрын дээд шатны прокурорт танилцуулж даруй шийдвэрлүүлнэ.

3.4 дүгээр зүйл. Хэрэг, материалыг хүлээн авах, шилжүүлэх

1. Эрүүгийн хэргийн хавтаст хэргийг хүлээн авах, хадгалах, шилжүүлэхдээ Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны  06 дугаар сарын 30-ны өдрийн 36, А/68 өдрийн захирамж, тушаалаар батлагдсан “Хавтаст хэргийг хүлээн авах, хадгалах, шилжүүлэх журам”-ыг баримтална.

2. Прокурор, прокурорын туслах ажилтан, захиргааны ажилтан нь бүртгэлд авагдаагүй, үдэж хавтаслаагүй, хуудсыг дугаарлаагүй, товьёог хийгээгүй, шүүхэд шилжүүлэх саналтай ирсэн хэрэгт яллагдагчийн талаар мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, ял шийтгэлийн тэмдэглэлийг хавсаргаагүй хэрэг, материалыг хүлээн авахгүй.

3. Прокурор байгууллагын захиргааны ажилтнаар дамжуулаагүй, бүртгэлд авагдаагүй хэрэг, материалыг мөрдөгчөөс шууд хүлээн авч хянахгүй.

4. Прокурор хэрэг, материалыг хянаад харьяалах байгууллагад хүргүүлэхдээ бүртгэлд бүртгүүлж, прокурорын захиргааны ажилтнаар хүргүүлнэ.

5. Хэрэг, материалд төрийн нууц агуулсан баримт авагдсан бол нууцын ажилтнаар дамжуулна.

6. Захиргааны ажилтан хавтаст хэргийг дугаарлахдаа Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны  06 дугаар сарын 30-ны өдрийн 36, А/68 өдрийн захирамж, тушаалаар батлагдсан “Хавтаст хэргийг хүлээн авах, хадгалах, шилжүүлэх журам”-ыг баримтлахаас гадна дараахь журмыг үйл ажиллагаандаа баримтална:

6.1.хавтаст хэргийг хавтас тус бүрт эхний хуудаснаас сүүлчийн хуудас хүртэл баруун дээд буланд хажуу дээд захаас тус бүр 1 см зайтай хэсэгт дугаарлана.

6.2.нэгээс дээш хавтас бүхий хэрэг, материалыг дугаарлахдаа хавтас тус бүрийг нэгээс эхлэн дарааллын дагуу дугаарлах ба хавтас тус бүрийн бүрдлийг 1-250 хүртэл дугаарлаж, үднэ.

6.3.нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаж нэмэлт ажиллагаа хийгдсэн тохиолдолд сүүлчийн дугаарын дараагийн тооноос эхлэн үргэлжлүүлэн хавтас тус бүрт 250 хүртэл дугаарлах бөгөөд шинээр дугаарлахгүй.

6.4.хэрэг, материалын хуудас, баримт материал бүрийг давхардуулахгүй дугаарлана.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ДУУДАН ИРҮҮЛЭХ, АЛБАДАН ИРҮҮЛЭХ,

ЭРЭН СУРВАЛЖЛАХ АЖИЛЛАГААНД ТАВИХ

ПРОКУРОРЫН ХЯНАЛТ

4.1 дүгээр зүйл. Дуудан ирүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналт

1. Прокурор шаардлагатай үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогчийг тухайн байгууллагын албан ёсны харилцаа, холбооны хэрэгслээр, эсхүл мэдэгдэх хуудсаар дуудна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийг прокурорын мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлэх мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас бичиж мөрдөгчид даруй хүргүүлнэ.

3. Мөрдөгчийн саналыг үндэслэлгүй гэж үзвэл хэрэгсэхгүй болгох тогтоол үйлдэж, мөрдөгчид даруй мэдэгдэнэ.

4. Өсвөр насны яллагдагч, арван найман насанд хүрээгүй гэрч, хохирогчийг дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хууль ёсны төлөөлөгчид хүргүүлнэ.

5. Дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хүнээр буцах тасалбарт овог, нэрийг гаргацтай бичүүлж, гарын үсэг зуруулан, хэрэг, материалд хавсаргана.

 4.2 дугаар зүйл. Албадан ирүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналт 

 1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч, иргэний хариуцагч, шинжээч, яллагдагчийг албадан ирүүлэх шаардлага гарсан бол прокурор өөрийн санаачилгаар, эсхүл мөрдөгчийн саналыг үндэслэн хүсэлтээ шүүхэд бичгээр гаргана.

2. Хүсэлтэд албадан ирүүлэх шийдвэр гаргуулах үндэслэлийг тусгаж, холбогдох баримтыг хавсаргана.

3. Прокурор албадан ирүүлэх тухай шүүхийн шийдвэрийг тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй байгууллагад даруй хүргүүлнэ.

4. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга, мөрдөгч албадан ирүүлэх тухай шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга хэмжээ авсан эсэхэд прокурор хяналт тавина.

5. Прокурорын хүсэлт, албадан ирүүлэх тухай шүүхийн шийдвэрийг хэрэг, материалд хавсаргана.  

4.3 дугаар зүйл. Эрэн сурвалжлах ажиллагаанд тавих прокурорын хяналт

1. Прокурор эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэхээр мөрдөгчид даалгавар, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагад тогтоол үйлдэж, даруй хүргүүлнэ. 

2. Прокурор оргон зайлсан яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай даалгавар, тогтоолд дараахь зүйлийг тусгана:

2.1.оргон зайлсан яллагдагчийг эрэн сурвалжилж олох талаар хийгдэх ажиллагаа;

2.2.эрэн сурвалжлах ажлын явц, үр дүнг танилцуулах хугацаа.

3. Прокурор эрэн сурвалжлах ажлын явц, үр дүнг танилцуулах хугацааг даалгавар, тогтоолд заахдаа тухайн хэргийн нөхцөл байдал, оргон зайлсан яллагдагчийн хувийн байдал, эрэн сурвалжлах ажиллагааны цар хүрээ, хэмжээг харгалзан ялгамжтай тогтоож өгнө.

4. Тогтоосон хугацаанд мөрдөгчөөс бичгээр танилцуулга авч, эрэн сурвалжлах ажлын явц, үр дүнг танилцаж, цаашид авах арга хэмжээг тодорхойлоно. 

5. Шаардлагатай гэж үзсэн эрэн сурвалжлах ажиллагааны талаархи баримтыг хэрэгт хавсаргана. 

ТАВДУГААР БҮЛЭГ. ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ

АЖИЛЛАГААНД ТАВИХ ПРОКУРОРЫН ХЯНАЛТ

5.1 дүгээр зүйл. Гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах ажиллагаанд тавих прокурорын хяналт

1. Прокурор хуульд заасан үндэслэл байна гэж үзвэл өөрийн санаачилгаар, эсхүл мөрдөгчийн саналыг үндэслэн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-7.1.6-д заасан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ авах тухай тогтоол гаргана.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчийг нүүлгэн шилжүүлэх, баримт бичгийг солих, гадаад төрхийг өөрчлөх аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх шаардлага гарвал прокурор саналаа шүүхэд бичгээр хүргүүлнэ.

3. Мөрдөгч нь шүүхээр шийдвэр гаргуулах гэрч, хохирогчийн аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ авах саналыг прокурорт гаргана.

4. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах талаар мөрдөгч санал, прокурор шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадна Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан үндэслэл, журмыг баримтлана.

5. Нууцлалыг хамгаалах үүднээс гэрч, хохирогчийн аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ хэрэглэсэн шүүх, прокурорын шийдвэрийг хэрэгт хавсаргахгүй.

6. Шаардлагатай гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцоогүй боловч гэмт хэргийг илрүүлэхэд ач холдбогдол бүхий мэдээлэл, баримт сэлт гаргаж өгөх зэргээр туслалцаа үзүүлсэн хүнд болон гэрч, хохирогчийн хамаарал бүхий этгээдэд аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ хэрэглэж болно.

7. Хамаарал бүхий этгээд гэдгийг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар ойлгоно.

8. Прокурор гэрч, хохирогчийг хамгаалах талаар авсан арга хэмжээг цуцлах, шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах бол өөрийн санаачилгаар, эсхүл мөрдөгчийн санал, гэрч, хохирогчийн хүсэлтийг үндэслэн шийдвэрлэнэ.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ. ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНД 

ТАВИХ ПРОКУРОРЫН ХЯНАЛТ

6.1 дүгээр зүйл. Таслан сэргийлэх арга хэмжээ

1. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 1.6-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг авах, өөрчлөх, хүчингүй болгохдоо тогтоол үйлдэнэ.

2. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацаа сунгахдаа өөрийн санаачилгаар, эсхүл мөрдөгчийн саналыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор шүүхэд санал гаргана.

3. Прокурорын саналд яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацаа сунгах үндэслэлийг дурдаж, шүүхэд даруй хүргүүлнэ.

4. Прокурор нь мөрдөгчийн саналыг үндэслэлгүй гэж үзвэл саналыг хэрэгсэхгүй болгож, мөрдөгчид мэдэгдэнэ.

6.2 дугаар зүйл. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ

1. Прокурор хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг  харгалзан үзнэ.

2. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2, 14.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан яллагдагчийн үүрэг, таслан сэргийлэх арга хэмжээг зөрчвөл хүндрүүлэн өөрчлөхийг тайлбарласан талаар тусгана.

6.3 дугаар зүйл. Барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ

1. Барьцааны мөнгийг хүлээн авах, хадгалах, шилжүүлэх, шийдвэрлэхдээ Улсын ерөнхий прокурорын 2017 оны А/80 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүгийн хэрэгт хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримт, эд зүйлийг хураан авах, бэхжүүлэх, хадгалах, хамгаалах, шилжүүлэх, шийдвэрлэх журам”-ыг баримтална.

2. Барьцаа нь үндэсний мөнгөн тэмдэгт байна. /цаашид “Барьцааны мөнгө” гэх/

3.  Барьцааны мөнгийг бэлнээр хүлээн авахыг хориглоно.

4. Прокурор нь барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авахаас өмнө мөрдөгчид даалгаж барьцааны мөнгөний эх үүсвэрийг тодорхойлох арга хэмжээ авна.

5. Прокурор нь барьцааны мөнгөний эх үүсвэрийг тогтоолгосны дараа үндэслэлтэй гэж үзвэл яллагдагчид барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч, барьцааны мөнгийг тухайн прокурорын газрын банкин дахь дансанд шилжүүлэхийг яллагдагч, түүний өмнөөс барьцаа гаргасан этгээдэд даалгаж, баримтыг хавтаст хэрэгт хавсаргана.

6. Барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах үед уг таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөнөөс үүсэх үр дагавар болон барьцаалуулагч нь өөрийн үүргээс татгалзаж, барьцааны мөнгийг буцаан авах эрхтэй болохыг яллагдагч, барьцаалуулагч нарт танилцуулж тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулна.

7. Прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд банкинд хадгалагдаж байгаа барьцааны мөнгийг хэрхэх талаар тогтоолдоо тодорхой зааж өгнө.

8. Барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч нь прокурор, мөрдөгчийн дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхээс зайлсхийсэн, оршин суух газраасаа зөвшөөрөлгүйгээр түр, эсхүл бүр явсан бол прокурор өөрийн санаачилгаар, эсхүл мөрдөгчийн саналыг үндэслэн барьцааны мөнгийг улсын орлого болгуулах, цагдан хорих таслан таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг шүүхэд гаргаж шийдвэрлүүлнэ.

6.4 дүгээр зүйл. Цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээ

1. Онцгой байдлын байгууллага, цэргийн алба хаагч, цэргийн гэрээт алба хаагч, ахлагч, офицер, оюутан-цэрэг, цэргийн сургуулийн сурагч, сонсогч /цаашид “Цэргийн алба хаагч” гэх/ яллагдагчаар татагдсан бол мөрдөгч, прокуророос цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.

2. Яллагдагчийг хянан харгалзах албан тушаалтанд прокурорын тогтоолыг танилцуулж, яллагдагчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокуророос дуудсан цагт ирүүлж байх үүргийг хүлээлгэсэн тухай тайлбарлаж, хэрэв уг үүргийг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг танилцуулж, гарын үсэг зуруулна. 

3. Яллагдагчийг хянан харгалзах цэргийн ангийн удирдлагад тухайн цэргийн алба хаагчийг шууд захирах эрх бүхий албан тушаалтан, эсхүл тухайн цэргийн ангиас томилогдсон албан тушаалтныг хамааруулна.

6.5 дугаар зүйл. Тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ

1. Прокурорын саналд тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай үндэслэл, хугацааг тодорхой тусгана.

2. Яллагдагчийн эрхэлж буй ажил, албан тушаал, албан үүрэг, хуулийн этгээдийн тодорхой үйл ажиллагааны талаархи баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан эсэхийг прокурор хянана.

3. Прокурор шүүхийн шийдвэрийг мөрдөгчид даруй хүргүүлж, яллагдагч болон холбогдох байгууллага, хуулийн этгээдэд даруй хүлээлгэн өгөхийг мөрдөгчид даалгана.

6.6 дугаар зүйл. Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ

1. Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх саналыг шүүхэд гаргахын өмнө яллагдагчийн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчих хүрээ хязгаарыг тогтоож, яллагдагчийн болон холбогдох этгээдийн байршил, явах чиглэл зэрэг шаардлагатай нөхцөл байдлуудыг тогтоосон байвал зохино.

2. Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхдээ хүний эрх, эрх чөлөөг зөрчих, яллагдагчийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх болон эрүүл мэндийн үйлчилгээ авах зэрэг эрхийг зөрчихгүй байхад анхаарна.

3. Прокурор шүүхэд гаргах саналдаа яллагдагчийн оршин суух, ажиллах, зорчих газар, тодорхой хүнтэй уулзахгүй, харилцахгүй байх хэмжээ хязгаар, байршил, хугацаа, уг таслан сэргийлэх арга хэмжээний биелэлтэд хяналт тавих эрх бүхий байгууллагын талаар тодорхой тусгана.

4. Яллагдагчид хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавих шаардлагатай гэж үзвэл энэ талаар саналдаа тусгайлан зааж өгнө.

5. Яллагдагчид авсан хязгаарлалт тогтоох арга хэмжээнд хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавих бол уг таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөнөөс үүсэх үр дагаврыг яллагдагчид урьдчилан танилцуулж, тэмдэглэл үйлдэн, овог, нэрийг гаргацтай бичүүлж, гарын үсэг зуруулна.

6. Хяналтын төхөөрөмжөөр хангагдаагүй нөхцөлд прокурор хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх санал гаргахаас татгалзана.

7. Прокурор шүүхийн шийдвэрийг мөрдөгчид даруй хүргүүлж, яллагдагч болон хяналт тавих байгууллагад даруй хүлээлгэн өгөхийг мөрдөгчид даалгана.

8. Яллагдагч нь хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн нь уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл болно.

6.7 дугаар зүйл. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ

1. Прокурор өөрийн санаачилгаар, эсхүл мөрдөгчийн саналыг үндэслэн яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл болох нотлох баримтыг танилцуулна.

2. Прокурор хэргийн ээдрээ төвөгтэй байдал, яллагдагчийн хувийн байдал зэргийг харгалзан хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө цагдан хорих хугацааг сунгуулах саналыг шүүхэд хүргүүлнэ.

3. Прокурор өөрийн санаачилгаар, эсхүл мөрдөгчийн саналыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасан үндэслэлээр цагдан хоригдож буй яллагдагчийн цагдан хорих байрыг өөрчилж, өөр цагдан хорих байранд шилжүүлэх тухай саналыг шүүхэд гаргаж болно.

4. Гадаадын иргэнд баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тохиолдолд Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэст хэргийн танилцуулгыг даруй хүргүүлнэ.

5. Прокурор нь цагдан хоригдож буй яллагдагчтай 14 хоног тутам, яллагдагч өлсгөлөн зарласан үед тухай бүр уулзаж яллагдагчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан гомдол, хүсэлтийг хүлээн авч, хэргийг шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авна.

6.8 дугаар зүйл. Яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацаа сунгах шүүхийн хэлэлцүүлэгт прокурор оролцох

1. Прокурор яллагдагчид тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар шүүхэд санал гаргасан бол яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлэгт оролцоно.

2. Прокурор хэрэгт авагдсан тодорхой нотлох баримтад тулгуурлан саналын үндэслэлээ шүүхэд тайлбарлана.

ДОЛДУГААР БҮЛЭГ. НОТЛОХ БАРИМТ

7.1 дүгээр зүйл. Нотлох баримтыг шалгах

1. Прокурор нь мөрдөгчийн цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг шалгахдаа тухайн нотлох баримтыг төдийгүй түүний эх сурвалжийг хууль ёсны үндэслэлтэй эсэхийг хянана.

2. Прокурор цугларсан нотлох баримтыг дараахь аргаар шалгана:

2.1.харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах;

2.2.шинэ нотлох баримт цуглуулах;

2.3.нотлох баримтын эх сурвалжийг магадлах.

3. Прокурор харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах аргыг хэрэглэхдээ бодит үнэний зарчмыг удирдлага болгох бөгөөд эргэлзээ төрвөл шинэ нотлох баримт цуглуулах аргыг хэрэглэвэл зохино.

4. Прокурор нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх бөгөөд дотоод итгэл нь хийсвэр байх ёсгүй, тухайн хэрэгт тогтоогдсон бүх байдлыг хянаж үзсэний үндсэн дээр хууль болон эрхийн ухамсрыг удирдлага болгосон итгэл үнэмшил байна.

5. Прокурор нь аливаа нотлох баримтыг бусад нотлох баримтаар батлагдсан эсэхийг хянавал зохино.

7.2 дугаар зүйл. Нотлох баримтыг үнэлэх

1. Прокурор нотлох баримтыг мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэхийг үнэлэхдээ дараахь шаардлагыг харгалзан үзнэ:

1.1.тухайн хэргийг шалгаж буй мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд баримтат мэдээллийг олж авсан байх;

1.2.нотлох баримт нь хуульд заасан нотлох баримтын эх сурвалжийн төрөлд агуулагдсан байх;

1.3.нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагаанд холбогдох хуульд заасан журмыг сахисан байх.

НАЙМДУГААР БҮЛЭГ. ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ПРОКУРОРЫН ХЯНАЛТ, ГАРГАХ ШИЙДВЭР

8.1 дүгээр зүйл. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх арга хэлбэр

1. Прокурор дараахь хэлбэрээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ:

1.1.хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнөх хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 8 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар зааснаас бусад гэмт хэргийн яллагдагч хүсэлт гаргасан;

1.2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд тусгайлан заасан гэмт хэрэгт.

2. Мөрдөгчөөс шилжүүлж ирүүлсэн хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийг прокурор хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргана.

3. Хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулах хугацаа дуусаагүй байхад хэргийг прокурорт шилжүүлсэн бол прокурор үлдсэн хугацаанд нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцааж болно.

8.2 дугаар зүйл. Яллагдагчийн хүсэлтээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа

1. Прокурор хүсэлтийг хүлээн авсан даруй хэргийн материалтай танилцаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас гадна дараахь нөхцөл байдлыг хянана:

1.1.Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэг эсэх;

1.2.гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх;

1.3.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсэх;

1.4.сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн эсэх;

1.5.гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон эсэх.

2. Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой эсэхийг 24 цагийн дотор хянаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

2.1.яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх;

2.2.хүсэлтийг хангахаас татгалзах. 

3. Прокурор яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргасан даруй яллагдагчид дараахь нөхцөл байдлыг танилцуулж, тогтоолд гарын үсэг зуруулж, хавтаст хэрэгт хавсаргана:

3.1. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл;

3.2.хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журам.

4. Яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол гарсан өдрөөс хойш мөрдөгч 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулах ба хэргийн хугацааг цааш сунгахгүй.

5. Прокурор яллагдагчийн хүсэлтийн дагуу хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулсан хэргийг хянаад шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн бол хэргийн зүйлчлэл, ялаас чөлөөлөх, оногдуулах ял, хэрэглэх албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээний талаархи саналаа бичиж, яллагдагчид даруй танилцуулна.

6. Прокурорын саналыг яллагдагч зөвшөөрвөл саналд овог, нэрийг гаргацтай бичүүлж, гарын үсэг зуруулан, яллах дүгнэлтэд хавсаргана.

7. Прокурор дараахь тохиолдолд хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргана:

7.1.яллагдагч нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан;

7.2.хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзсан;

7.3.хэргийн зүйлчлэл, оногдуулах ял, албадлагын арга хэмжээний талаар санал зөрсөн;

7.4.гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй бол.

8. Хэд хэдэн яллагдагчтай хэргийн зарим яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч зарим яллагдагч нь хүсэлт гаргаагүй бол мөрдөн шалгах ажиллагааг ердийн журмаар явуулна. 

9. Мөрдөгч 14 хоногийн хугацаанд мөрдөн байцаалтыг дуусгаагүй бол хэргийг ердийн журмаар шийдвэрлэнэ.

8.3 дугаар зүйл. Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх ажиллагаа

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хэргийн тухайд прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргахгүй.

2. Харин эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд тухайн хэрэгт мөрдөн байцаалтыг хялбаршуулсан журмаар явуулахыг зааж, мөрдөгчид даалгана.

3. Хуульд тусгайлан заасан зарим гэмт хэрэгт дараахь хугацаанд хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулна:

3.1.эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг танилцуулсан даруй;

3.2.нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг танилцуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор.

4. Хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулсан хуульд тусгайлан заасан зарим гэмт хэрэгт хэргийн хугацааг цааш сунгахгүй.

5. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг бүрэн гүйцэд явуулахад хяналтаа чиглүүлж ажиллавал зохино.

6. Прокурор хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хэргийг хянаад шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн бол хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналаа бичиж, яллагдагч, хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулан, овог, нэрийг гаргацтай бичүүлж, гарын үсэг зуруулан, яллах дүгнэлтэд хавсаргана.

7. Энэ тохиолдолд прокурор Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар санал гаргахгүй.

8. Яллагдагч, хохирогч нь хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаархи прокурорын саналыг зөвшөөрсөн эсэхээс үл хамааран прокурор хэргийг шүүхэд шилжүүлнэ

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ. ӨСВӨР НАСНЫ СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИД

ХОЛБОГДОХ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД

ТАВИХ ПРОКУРОРЫН ХЯНАЛТ

9.1 дүгээр зүйл. Өсвөр насны сэжигтэн, яллагдагчид холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

1. Прокурор өсвөр насны сэжигтэн, яллагдагчийг түүний хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагчаар дамжуулан мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлнэ. 

2. Сурган хүмүүжүүлэгч, эсхүл хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтныг дараахь тохиолдолд өсвөр насны сэжигтэн, яллагдагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байлцуулж болно:

2.1.өсвөр насны  сэжигтэн, яллагдагч гэр бүлийн хүчирхийлэл, эцэг, эхийн нөлөөлөлд автаж гэмт хэрэг үйлдсэн; 

2.2.өсвөр насны сэжигтэн, яллагдагч нь сэтгэцийн өвчингүй боловч ухаан санаа нь гүйцэд хөгжөөгүйн улмаас өөрийн үйлдэл холбогдлыг бүрэн ойлгож, болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх эсэхэд эргэлзээ төрвөл;

2.3.хууль ёсны төлөөлөгч нь өсвөр насны сэжигтэн, яллагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй гэж үзвэл.

3. Сурган хүмүүжүүлэгч нь Бага, дунд боловсролын тухай хуульд заасан багшлах эрхтэй хүн байна.

4. Прокурор, мөрдөгчийн зөвшөөрснөөр сурган хүмүүжүүлэгч, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтан нь мөрдөгч, прокурор, өмгөөлөгч, шинжээчийн тавьсан асуултыг зөв ойлгосон эсэхийг өсвөр насны сэжигтэн, яллагдагчаас тодруулан асууж, тайлбарлан, түүний тавьсан асуулт, өгсөн хариултыг үгчлэн тэмдэглэлд тусгана.

5. Өсвөр насны  сэжигтэн, яллагдагч гэр бүлийн хүчирхийлэл, эцэг, эхийн нөлөөлөлд автаж гэмт хэрэг үйлдсэн бол тэднийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохгүй.

6. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд заасан хүнийг хууль ёсны төлөөлөгчийг тогтоохдоо тогтоол үйлдэнэ.

7. Сэжигтэн, яллагдагчийн төрсөн он, сар, өдөр, насыг тогтоохдоо иргэний баримт бичиг /төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, иргэний бүртгэл мэдээллийн лавлагаа, гадаад паспорт/-ийг үндэслэнэ.

8. Насыг тодорхойлох баримт бичиг байхгүй, эсхүл бичиг баримтыг хуурамч гэж үзэх үндэслэл байвал шинжээчийн дүгнэлт гаргуулна.

9. Өсвөр насны сэжигтэн, яллагдагч нь сэтгэцийн өвчингүй боловч ухаан санаа нь гүйцэд хөгжөөгүйн улмаас өөрийн үйлдэл холбогдлыг бүрэн ойлгож, болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх эсэхэд эргэлзээ төрвөл прокурор, мөрдөгч сэтгэц, эмгэг судлалын шинжээч томилж, дүгнэлт гаргуулна.

10. Амьдралын нөхцөл байдал, хүмүүжилтэй холбоотой мэдээллийг тогтоохдоо ам бүл, амьжиргааны түвшинг нь тодорхойлсон харьяа нутаг дэвсгэрийн засаг захиргааны нэгжийн тодорхойлолт, хэрэв сургуульд сурдаг бол сургуулийн тодорхойлолтыг гаргуулан, амьдарч буй орчин, хүмүүжлийн талаар эцэг, эх, сурган хүмүүжүүлэгч болон хөрш зэргэлдээ амьдардаг бусад хүмүүсийг гэрчээр байцаах зэргээр тодорхойлно.

11. Өсвөр насны сэжигтэн, яллагдагчийн амьжиргааны түвшин, гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтуурал, найз нөхдийн хүрээлэл, сургууль завсардалт, гэр бүлийн орчин, хараа хяналтгүй байсан эсэх, эцэг, эхийн буруу үлгэр дуурайлал зэрэг нөхцөл байдал гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн эсэхийг шалгаж тогтооно.

12. Өсвөр насны яллагдагчид хавтаст хэргийн материалыг танилцуулахдаа өмгөөлөгчийг заавал оролцуулах бөгөөд түүний ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүйгээс бусад тохиолдолд хууль ёсны төлөөлөгчийг оролцуулна.

13. Прокурор нь өсвөр насны яллагдагч гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон дараа биеэ хэрхэн авч явж байсан зан байдал, гэмт хэрэг үйлдэх үедээ ямар нөхцөл байдалд байсан талаар “Өсвөр насны хүүхдийн зан байдлын тодорхойлолт”-ыг мөрдөгчөөр үйлдүүлж, хавтаст хэрэгт хавсаргана.

9.2 дугаар зүйл. Өсвөр насны яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах

1. Өсвөр насны яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан цагдан хорихоос бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээг авбал зохино.

2. Өсвөр насны яллагдагчид цагдан хорихоос бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авсан тохиолдолд ерөнхий боловсролын мэдлэг олгох хичээлийг таслуулахгүй байхаар мөрдөн байцаалтыг төлөвлөнө.

3. Өсвөр насны сэжигтэн, яллагдагчийг албадан ирүүлсэн, баривчилсан, цагдан хорьсон тухай түүний гэр бүлийн гишүүн, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид  прокурор, мөрдөгч 2 цагийн дотор амаар болон харилцаа, холбооны хэрэгсэл ашиглан мэдэгдэж, энэ тухай тэмдэглэл үйлдэн хавтаст хэрэгт хавсаргана.

4. Эрүүгийн хуульд найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, дахин гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан өсвөр насны яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.

5. Өсвөр насны яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахад хуульд заасан дараахь хугацааг баримтална.

Өсвөр насны яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа 1 сар байна.

Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт

3 сар хүртэл

Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт

6 сар хүртэл

6. Цагдан хоригдсон өсвөр насны яллагдагчтай хэрэгт хяналт тавьж буй прокурор 10 хоног тутамд уулзаж, гаргасан санал, хүсэлт, гомдлыг шийдвэрлэнэ.

АРАВДУГААР БҮЛЭГ. ЭМНЭЛГИЙН ЧАНАРТАЙ АЛБАДЛАГЫН

 АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЛЭХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ПРОКУРОРЫН

 ХЯНАЛТ, ГАРГАХ ШИЙДВЭР

10.1 дүгээр зүйл. Сэтгэцийн өвчтэй сэжигтэн, яллагдагчид холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тавих прокурорын хяналт

1. Яллагдагчийн сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзэх үндэслэл байвал прокурор өөрийн санаачилгаар, эсхүл мөрдөгчийн саналыг үндэслэн сэтгэц, эмгэг судлалын шинжилгээ хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргана.

2. Прокурор нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй, сэтгэцийн эмгэг, эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүн гэмт хэрэг үйлдсэн, эсхүл гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн өвчнөөр өвчилсний улмаас хэрэг хариуцах чадваргүй болсон яллагдагчид холбогдох хэргийн талаар дараахь асуудлыг хянана:

2.1.гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон эсэх;

2.2.гэмт хэргийг өөр этгээд үйлдсэн байж болох нөхцөл байдал байгаа эсэх;

2.3.тухайн хүн урьд сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан эсэх, гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчтэй байсан, эсхүл үйлдсэний дараа өвчилсөн эсэх;

2.4.сэтгэцийн өвчний шинж байдлыг өвчний түүх, сэтгэцийн эмгэг судлалын эмчийн магадлагаа, сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоосон эсэх;

2.5.сэтгэцийн өвчнөөр өвчилсөн хүн гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон үйлдсэний дараа түүний зан байдал, өвчний шинж, явц ямар байдалтай байсныг шалгаж тогтоосон эсэх;

2.6.яллагдагчийн сэтгэцийн байдал нь өөртөө, эсхүл бусдад аюул учруулах эсэхийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон эсэх;

2.7.мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчийг оролцуулсан эсэх.

3. Гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн өвчнөөр өвчилсөн яллагдагчийн сэтгэцийн байдал нь өөртөө, эсхүл бусдад аюул учруулахааргүй бол прокурор хэргийн мөрдөн байцаалтыг түдгэлзүүлнэ.

4. Энэ зүйлийн 3 дахь хэсэгт яллагдагчийн сэтгэцийн өвчин эдгэрсэн бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулна.

10.2 дугаар зүйл. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх санал, шийдвэр

1. Прокурор хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааны дотор хянаж яллагдагчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай бол энэ тухай саналаа тусгасан яллах дүгнэлт үйлдэн, хэргийг даруй шүүхэд шилжүүлнэ.

2. Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ энэ зааврын 16.5 дугаар зүйлд заасан прокурорын хяналтын эрх зүйн хэлбэрт тавигдах шаардлагыг хангаж үйлдэнэ.

АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД

ХОЛБОГДОХ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД

ТАВИХ ПРОКУРОРЫН ХЯНАЛТ

11.1 дүгээр зүйл. Хуулийн этгээдэд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тавих прокурорын хяналт

1. Хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд хуулийн этгээдийн нэр, албан ёсны хаяг, байршил, улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаарыг тодорхой тусгана.

2. Хуулийн этгээдийг төлөөлөх хүн байхгүй бол тогтоосон хугацааны дотор өөр этгээдийг хууль ёсны төлөөлөгчөөр томилохыг прокурор, мөрдөгч хуулийн этгээдэд албан бичгээр мэдэгдэнэ.

3. Албан бичигт дараахь зүйлийг тусгана:

3.1.хууль ёсны төлөөлөгчийг томилж ирүүлэх хугацаа;

3.2.томилогдох хүнд тавигдах шаардлага, үндэслэл;

3.3.томилогдсон хүний тухайн ажил, албан тушаалд томилогдсон баримт бичгийг хавсаргаж ирүүлэх талаар.

4. Хуулийн этгээдийн болон хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон хүний талаархи холбогдох баримт бичгийг прокурор хүлээн авч, хавтаст хэрэгт хавсаргана.

5. Хуулийн этгээд нь прокурор, мөрдөгчөөс тогтоосон хугацаанд хууль ёсны төлөөлөгчийг томилоогүй бол прокурор тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын нэрс, холбогдох баримт бичгийг даруй гаргуулан авч, хууль ёсны төлөөлөгчийг томилох тухай тогтоол гаргана.

6. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хуулийн этгээдтэй холбоотой мэдээллийг өөрчлөхгүй, хасахгүй байхыг холбогдох байгууллагад албан бичгээр мэдэгдэж, биелэлтэд хяналт тавина.

АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ. МӨРДӨН ШАЛГАХ ТОДОРХОЙ

АЖИЛЛАГАА ЯВУУЛАХАД ТАВИХ ПРОКУРОРЫН ХЯНАЛТ

12.1 дүгээр зүйл. Мөрдөн шалгах тодорхой ажиллагаанд тавих прокурорын хяналт

1. Прокурор мөрдөн шалгах тодорхой ажиллагаанд хөндлөнгийн байр сууринаас бус, хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнг мөрдөгчөөс танилцаж чиглэл, даалгавар өгөх, гаргасан саналыг шийдвэрлэх, зөвшөөрөл өгөх, мөрдөн шалгах ажиллагаанд биечлэн оролцох зэрэг арга хэлбэрээр хяналтыг хэрэгжүүлнэ.

2. Прокурор нь мөрдөн шалгах тодорхой ажиллагаанд дараахь асуудлыг хянана:

2.1.мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах үндэслэл, шаардлага байгаа эсэх;

2.2.мөрдөгчийн бие даан явуулах, эсхүл прокурорын зөвшөөрлөөр явуулах мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан эсэх;

2.3.мөрдөн шалгах тодорхой ажиллагааг явуулах явцад оролцогчийн эрх, үүргийг хангаж байгаа эсэх;

2.4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч заавал оролцох хэрэг мөн эсэх;

2.5.хууль ёсны төлөөлөгчийг заавал оролцуулах хэрэг мөн эсэх. 

3. Прокурор өөрийн санаачилгаар, эсхүл мөрдөгч, оролцогчийн хүсэлтээр мөрдөгчийн бие даан явуулах болон прокурорын зөвшөөрлөөр явуулах мөрдөн шалгах ажиллагаанд биечлэн оролцож болно.

4. Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, түүний орлогч, ахлах прокурор, Сум дундын ерөнхий прокурор өөрийн санаачилгаар, эсхүл мөрдөгчийн хүсэлтээр дараахь хүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд биечлэн оролцож болно.

4.1.дипломат дархан эрх ямба эдэлж байгаа;

4.2.улс төрд нөлөө бүхий;

4.3.шүүгч, прокурор;

4.4.авлигатай тэмцэх, хил хамгаалах, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах албан тушаалтан.

5. Прокурор нь Улсын ерөнхий прокурорын 2017 оны А/57 дугаар тушаалаар баталсан “Мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлага”-ыг хангасан, прокурорын зөвшөөрөлтэй өрөөнд мэдүүлэг авсан эсэхийг хянана.

6. Эд зүйл, баримт бичиг, эд мөрийн баримтыг хураан авах ажиллагааг Улсын ерөнхий прокурорын баталсан 2017 оны А/80 дугаар тушаалаар батлагдсан журмыг баримтална. 

12.2 дугаар зүйл. Прокурорын зөвшөөрлөөр хийгдэх мөрдөн шалгах ажиллагаа

1. Прокурор дараахь мөрдөн шалгах ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгоно:

1.1.нэгжлэг хийх;

1.2.эд зүйл, баримт бичиг хураан авах;

1.3.эд зүйлийг шуудан-цахилгаан харилцааны байгууллагад байх үед үзлэг хийх;

1.4.хөрөнгийн шилжилт, хөдөлгөөнийг хянах, хязгаарлах;

1.5.харилцаа холбооны сүлжээнд нэвтэрч хяналт тогтоох;

1.6.харилцаа холбооны сүлжээгээр дамжсан мэдээллийн агуулгыг холбогдох байгууллагаас гаргуулан авах;

1.7.харилцаа холбооны сүлжээний хэрэглэгч, эзэмшигч хэн болох, тэдгээрийн байршил, холбогдсон цаг хугацаа, техник хэрэгсэл, төхөөрөмж болон хандалт зэрэг мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулан авах;

1.8.харилцаа холбооны сүлжээгээр дамжсан мэдээллийн агуулгад хамаарахгүй бусад мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулан авах;

1.9.харилцаа холбооны сүлжээнд нэвтрэх боломжийг хязгаарлах талаар холбогдох байгууллагад даалгах;

1.10.хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах;

1.11.оршуулсан цогцсыг гарган шинжлэх;

1.12.мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах;

1.13.үзлэгийг нууцаар хийх;

1.14.хяналттай хүргэлт;

1.15.хяналтын худалдан авалт;

1.16.мөрдөн шалгах нууц туршилт;

1.17.нууц ажиглалт;

1.18.таньж олуулах ажиллагааг нууцаар хийх;

1.19.гэрч, хохирогч, дүгнэлт гаргасан шинжээчийг хуульд заасан тохиолдолд дуу-дүрсний бичлэг ашиглан мэдүүлэг авах.

2. Энэ зүйлийн 1.6, 1.7-д заасан мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох асуудлыг тухайн прокурорын газрын дээд шатны прокурор шийдвэрлэнэ.

3. Энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.8, 1.10, 1.11, 1.12, 1.19-д заасан мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох асуудлыг тухайн хэрэгт хяналт тавьж буй прокурор шийдвэрлэнэ.

4. Энэ зүйлийн 1.4, 1.5, 1.9, 1.13, 1.14, 1.15, 1.16, 1.17, 1.18-д  заасан мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох асуудлыг мөрдөн шалгах нууц ажиллагааны  тусгай журмаар зохицуулна.

5. Прокурор мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгохдоо Улсын ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан эрх зүйн хэлбэрийн загвар ПХ-63-д заасан загварын дагуу зөвшөөрлийг бичгээр үйлдэнэ.

6. Прокурор нь арилжааны банкин дахь дансны талаархи мэдээлэл авах тухай зөвшөөрлийг олгохдоо мөрдөгчийн тогтоолыг зөвшөөрч батлах хэлбэрээр, үүрэн телефоны оператор компаниас мэдээлэл авах тухай зөвшөөрлийг олгохдоо албан бичигт зөвшөөрсөн тухай тэмдэглэж, гарын үсэг зурах хэлбэрээр олгоно.

7. Прокурор нь мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах тухай мөрдөгчийн саналыг хүлээн авч хянаад дараахь шийдвэрийн аль нэгийг даруй гаргана:

7.1.үндэслэлгүй бол саналыг хэрэгсэхгүй болгох;

7.2.үндэслэлтэй бол зөвшөөрөл олгох.

8. Тухайн прокурорын газрын дээд шатны прокурор нь мөрдөгчийн саналыг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг эс зөвшөөрч гаргасан мөрдөгчийн саналыг хүлээн авч хянаад дараахь шийдвэрийн аль нэгийг даруй гаргана:

8.1.мөрдөгчийн саналыг хэрэгсэхгүй болгох;

8.2.прокурорын шийдвэрийг хүчингүй болгож, зөвшөөрөл олгох.

9. Тухайн прокурорын газрын дээд шатны прокурор нь мөрдөгчийн саналыг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг хүчингүй болгох тогтоол үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах зөвшөөрлийг тусад нь олгоно.

10. Прокурор нь прокурорын зөвшөөрлөөр явуулах мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх тухай оролцогчийн хүсэлтийг мөрдөгчөөс танилцаад, дараах шийдвэрийн аль нэгийг даруй гаргана:

10.1.мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох;

10.2.хүсэлтийг хангахаас татгалзах.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.

12. Прокурор мөрдөгчийн хойшлуулшгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүй явуулсан мөрдөн шалгах ажиллагаа, нотлох баримтыг хүчингүй болгох тухай тогтоолд хураан авсан эд зүйл, баримт бичгийг эзэмшигчид эргүүлэн олгох, тогтоолыг ажиллагаанд оролцогчид танилцуулах талаар тусгаж, мөрдөгчид даалгана.

13. Прокурор өөрийн зөвшөөрлөөр хийгдсэн мөрдөн шалгах тодорхой ажиллагааны тэмдэглэл, холбогдох баримт бичигтэй тухай бүр танилцана.

12.3 дугаар зүйл. Мөрдөгч бие даан явуулах мөрдөн шалгах ажиллагаа

1. Мөрдөгч дараахь мөрдөн шалгах тодорхой ажиллагааг бие даан явуулна:

1.1.үзлэг хийх;

1.2.хүний биед үзлэг хийх;

1.3.хэргийн газрын үзлэг хийх;

1.4.цогцост үзлэг хийх;

1.5.мөрдөн шалгах туршилт хийх;

1.6.хуульд заасан үндэслэлээр прокурорын зөвшөөрөлгүйгээр хүний биед нэгжлэг хийх;

1.7.мэдүүлэг авах;

1.8.нүүрэлдүүлж мэдүүлэг авах;

1.9.мэдүүлгийг газар дээр нь шалгах;

1.10.таньж олуулах;

1.11.ердийн ажиглалт явуулах;

1.12.шинжилгээ хийлгэх;

1.13.хэв загвар, дээж авах.

12.4 дүгээр зүйл. Үзлэг хийх ажиллагаанд тавих прокурорын хяналт

1. Хэргийн газрын үзлэгт оролцож буй прокурор нь мөрдөгчөөр хэргийн газрын үзлэг хийхэд авах арга хэмжээг бүрэн авахуулах, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг олж илрүүлэх, бэхжүүлэх, хураан авах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг бүрэн тодруулахад анхаарч, мөрдөгчийн үзлэгийг хуульд заасан журмын дагуу явуулж байгаа эсэхийг хянаж оролцоно.

2. Нас барагчийн гэр бүлийн гишүүд, үр хүүхэд, садангийн хүнээс цогцост задлан шинжилгээ хийлгэхгүй байх, цогцсыг чандарлах үйл ажиллагааны талаар гаргасан хүсэлтэд прокурор зөвшөөрөл олгохгүй.

3. Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх ажиллагаанд прокурор дараахь асуудлыг хянана:

3.1.үзлэг хийх ажиллагаанд эзэмшигчийг байлцуулсан эсэх;

3.2.эзэмшигчийг байлцуулах боломжгүй байсан үндэслэл шалтгаан;

3.3.хөндлөнгийн хоёр гэрч байлцуулсан эсэх;

3.4.үзлэгт оролцуулах хөндлөнгийн гэрч олдохгүй, оролцох нөхцөл боломж байхгүй байсан тохиолдолд үзлэгийн явцыг дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлсэн эсэх.

12.5 дугаар зүйл. Нэгжлэг хийх ажиллагаанд тавих прокурорын хяналт

1. Прокурор нэгжлэг хийх зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэхдээ дараахь үндэсэлийг хянана:

1.1.нэгжлэг хийх шаардлагатай гэж үзсэн хүний биед тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зүйл байгаа гэх үндэслэл,

1.2.орон байр, бусад газарт хэргийн эд мөрийн баримт, бичмэл нотлох баримт, эсхүл эрэн сурвалжилж байгаа хүн, эд зүйл байна гэх үндэслэл,

1.3.зөвшөөрөл олгох бодит баримтад тулгуурласан нөхцөл үүссэн үндэслэл;

1.4.байгууллага, албан тушаалтан, хүнд тухайн хэрэгт хамааралтай байгууллага, хувь хүний нууцтай холбоотой эрүүгийн хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл, баримт бичиг байна гэх үндэслэл.

2. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хийгдсэн нэгжлэгийн тэмдэглэл, баримттай ажиллагаа дууссан даруй танилцсан байвал зохино.

12.6 дугаар зүйл. Шинжилгээ хийлгэх ажиллагаанд тавих прокурорын хяналт

1. Прокурор хүн нас барсан тохиолдол бүрт хэргийн газрын болон цогцосны үзлэгийн тэмдэглэл, бусад баримттай ажиллагаа дууссан даруй танилцаж, шинжилгээ заавал хийлгэх үндэслэл байгаа эсэхийг хянана.

2. Эдгэшгүй хүнд өвчний улмаас удаан хугацаагаар бусдын асаргаанд байхдаа гэртээ нас барсан нь өвчний түүх, эмчийн тодорхойлолтоор тогтоогдвол төрөл төрөгсдийнх нь бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийлгэхгүй байж болно.

3. Прокурор, мөрдөгч шинжилгээ хийх хугацааг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасны дагуу шинжилгээнд хамрагдах обьектын хэмжээ, шинжилгээний цар хүрээ, онцлогийг харгалзан тогтоох бөгөөд хугацааг тогтоол хүлээн авсан өдрөөс эхлэн тоолно.

4. Прокурор, мөрдөгч нь шинжээчийн шинжилгээ хийх хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авч хугацаа сунгуулах үндэслэл, шинжилгээний цар хүрээ, явц байдалтай танилцан тогтоол үйлдэн хугацааг сунгаж, шийдвэр гаргасан даруй тогтоолын хувийг шинжээч, шинжилгээний байгууллагад  хүргүүлнэ.

5. Прокурор, мөрдөгч шинжилгээг шинжээчдийн багаар хийлгэх шийдвэр гаргасан тохиолдолд шинжээчдийн багийн бүрэлдэхүүнд тухайн байгууллагад ажилладаггүй, тусгай мэдлэг эзэмшсэн хүнийг шинжээчээр оролцуулсан тухайгаа даруй мэдэгдэхийг Шүүхийн шинжилгээний байгууллагад даалгана. 

6. Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэхдээ тухайн хүн шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэх, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг гэрчийн мэдүүлэг авч урьдчилан тодруулахыг мөрдөгчид даалгана.

7. Прокурор нь хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах ажиллагаанд хүний эрхийг зөрчих, хуурч мэхлэх, айлган сүрдүүлэх, хуулиар хориглосон арга хэрэглэх, хүний биед туршилт хийх, шаардлагатай тохиолдолд хүний биеэс шинжилгээнд зориулж авсан биологийн дээжийг мөрдөн шалгах ажиллагаанд ашиглах зориулалтаар шинжилгээний нэгдсэн санд авсан эсэхийг хянана.

8. Прокурор нь мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлттэй дүгнэлт гарсан даруй танилцаж, шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд нэмэлт шинжилгээ хийлгэх тухай даалгаврыг мөрдөгчид өгнө.

9. Прокурор шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзвэл дахин шинжилгээг өөр шинжээчээр хийлгэхээр даалгасан тогтоол үйлдэж, мөрдөгчид даруй хүргүүлнэ.

12.7 дугаар зүйл. Мөрдөгчийн магадлагааг шийдвэрлэх

1. Прокурор нь мөрдөгчийн магадлагаа гаргасан асуудалд дараахь үндэслэл байвал шинжээч томилж, дүгнэлт гаргуулна:

1.1.мөрдөгч шинжээч томилж шинжилгээ хийлгэх шаардлагатай асуудлаар магадлагаа гаргасан;

1.2.мөрдөгч нь шинжлэх ухаан, түүх, соёл, техник, технологи, урлаг, гар урлалын салбарын болон хэргийн бодит байдлыг тогтооход шаардагдах тусгай мэдлэгийг эзэмшсэн болохыг нотолсон баримт бичиг байхгүй;

1.3.мөрдөгч магадлагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.6-д заасан шаардлагыг хангаагүй.

АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ. ХЭРЭГ БҮРТГЭЛТ, МӨРДӨН

БАЙЦААЛТАД ТАВИХ ПРОКУРОРЫН ХЯНАЛТ 

13.1 дүгээр зүйл. Прокурорын хяналтыг хэрэгжүүлэх арга хэлбэр

1. Прокурор мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Прокурорын тухай хуульд заасан прокурорын хяналтыг хэрэгжүүлэх явцад дараахь  хяналтад анхаарал чиглүүлнэ:

1.1.мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн эсэх;

1.2.мөрдөн шалгах ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангасан эсэх.

2. Прокурор нь мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналтыг Прокурорын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан арга хэлбэрээр хэрэгжүүлнэ.

3. Прокурор нь эрүүгийн хэрэг, материалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2, 32.3 дугаар зүйлд зааснаас гадна дараахь асуудлыг хянана:

3.1. гэмт хэрэг үйлдэгдсэн арга, ашигласан зэвсэг, хэрэгсэл, гэмт хэргийн шалтгаант холбоо зэргийг бүрэн гүйцэд шалгаж тогтоосон эсэх;

3.2.сэжигтэн, яллагдагчийн хувийн байдлыг шалгаж тогтоосон эсэх, гэмт хэрэг үйлдэх үедээ Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлд заасан насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай эсэх;

3.3.Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэх;

3.4.гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл тогтоогдсон эсэх;

3.5.гэмт хэргийн нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх;

3.6.мөрдөгч хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон эсэх.

4. Прокурор хэрэг, материалыг хянахдаа түүвэр хийнэ. Шаардлагатай тохиолдолд хавтаст хэргээс нотлох баримтыг хуулбарлан авч болно.

5. Прокурор хавтаст хэргээс хуулбарласан нотлох баримтуудыг “... дугаартай хэргийн хяналтын хавтас” болгон зөвхөн хяналтын болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох, шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцох чиг үүргээ хэрэгжүүлэхэд ашиглана.

6. Прокурор хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа “... дугаартай хэргийн хяналтын хавтас”-ыг архивын нэгж болгоно.

13.2 дугаар зүйл. Прокурорын зэрэгцэн хяналт

1. Ээдрээ төвөгтэй, онц ноцтой аргаар үйлдэгдсэн, олны анхаарал татсан, олон холбогдогч, хохирогчтой, олон үйлдэлтэй, зохион байгуулалттай үйлдэгдсэн хэргийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тал бүрээс нь бүрэн, гүйцэд шалгуулах, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргах зорилгоор 2 буюу түүнээс дээш прокурор зэрэгцэн хяналт тавина.

2. Дээд шатны прокурор нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн санаачилгаар, эсхүл прокурорын саналыг үндэслэн зэрэгцэн хяналт тавих прокуроруудыг тогтоолоор томилно. 

3. Дээд шатны прокурор нь зэрэгцэн хяналтыг үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзвэл нэг прокурор дангаар хяналт тавьж, хэргийг эцэслэн шийдвэрлэхийг даалгасан тогтоол гаргана.

4. Зэрэгцэн хяналтыг хэрэгжүүлж буй прокурорууд хэргийг бүхэлд нь хянаж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй байхаар ажлаа зохион байгуулна.

5. Эрүүгийн хэрэгт зэрэгцэн хяналт тавих явцад аль нэг прокурор нь давуу эрх эдлэхгүй, албан тушаалаар ахлахгүй.

6. Зэрэгцэн хяналт тавьж буй прокурорууд эрүүгийн хэргийн нотлох баримтыг үнэлэх, хэргийн талаархи аливаа шийдвэрийг гаргахдаа хууль зүйн үндэслэл бүхий өөрийн дотоод итгэлд тулгуурлан харилцан санал солилцож, шийдвэрлэнэ.

7. Зэрэгцэн хяналт тавьж буй прокурорууд мөрдөн шалгах ажиллагааны явц дахь шийдвэрийг харилцан зөвшилцсөний үндсэн дээр гаргаж, нэг нь гарын үсэг зурна.

8. Зэрэгцэн хяналт тавьж буй прокурорууд мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусгасан хэргийн шийдвэрт бүгд гарын үсэг зурна.

9. Зэрэгцэн хяналт тавьж буй прокурорууд гаргах шийдвэрийн талаар санал зөрсөн тохиолдолд дээд шатны прокурорт танилцуулж шийдвэрлэнэ.

10. Тухайн прокурорын газрын дээд шатны прокурор, түүний орлогч, ахлах прокурор эрүүгийн хэрэгт зэрэгцэн хяналтыг хэрэгжүүлж болно.

13.3 дугаар зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хугацаанд тавих прокурорын хяналт

            1. Прокурор хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үндсэн хугацааны дотор шалгуулахад хяналтаа чиглүүлж ажиллана.

            2. Хэрэг бүртгэлтийн үндсэн хугацаа нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн өдрөөс, мөрдөн байцаалтын үндсэн хугацаа нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн өдрөөс эхлэн тус тус тоологдох ба цаашид прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хугацааг үргэлжлүүлэн хуульд заасан ердийн журмаар сунгана.

            3. Мөрдөн байцаалтаас хэргийг хэрэг бүртгэлтэд шилжүүлсэн тохиолдолд хугацааг хэрэг бүртгэлтийн өмнөх хугацаанаас, хэрэг бүртгэлтээс мөрдөн байцаалтад хэргийг шилжүүлсэн тохиолдолд хугацааг мөрдөн байцаалтын өмнөх хугацаанаас тус тус үргэлжлүүлэн тоолно.

         4. Хэргийн хугацаа нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд тус тусдаа тоологдоно.

            5. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг шалгах 5 хоногийн хугацааг тухайн гэмт хэргийн хэрэг бүртгэлтийн үндсэн хугацаанд оруулж тооцохгүй. 

            6. Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хугацааг сунгуулах тухай мөрдөгчийн тогтоолыг хүлээн авч, дор дурьдсан асуудлыг хянаж танилцан

6.1.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үндсэн хугацаанд, эсхүл урьд сунгуулсан хугацаанд мөрдөн шалгах ямар ажиллагаанууд хийж гүйцэтгэсэн, түүний  биелэлт, үр дүн;

  6.2.мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хугацааг зөв тоолж, тооцсон эсэх;   6.3.цаашид хийгдэх мөрдөн шалгах ажиллагааны хэр хэмжээ, уг ажиллагааг зайлшгүй хийж гүйцэтгэх шаардлагатай эсэх.          

7. Прокурор хэргийн материалтай биечлэн танилцсаны үндсэн дээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хугацаа сунгах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

8. Прокурор нь мөрдөгчийн хамт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хугацааг зөв тоолж, тооцсон эсэхийг тулгаж, энэ тухай тэмдэглэл үйлдэн тогтоол, танилцуулгад хавсаргаж болно. 

9. Хэрэг бүртгэлтийн хугацааг тухайн хэрэгт хяналт тавьж буй прокурор сунгана.           

10. Хэрэгт хяналт тавьж буй прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу тухай бүр нь мөрдөгчийн тогтоолыг баталж, 3 сар хүртэл хугацаагаар хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор хэрэг бүртгэлтийн хугацааг сунгана.

11. Мөрдөн байцаалтын хугацаа сунгуулах тухай мөрдөгчийн тогтоолыг хүлээн авсан прокурор энэ зүйлийн 6, 7, 8 дахь хэсэгт заасан ажиллагааг хийж гүйцэтгэн, хугацаа сунгах эрх бүхий прокурорт танилцуулж, мөрдөн байцаалтын хугацааг сунгуулна.

12. Хугацаа сунгах эрх бүхий прокурор нь Улсын ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан эрх зүйн хэлбэрийн загвар ПХ-76-д заасан загварын дагуу мөрдөн байцаалтын хугацаа сунгах тухай тогтоол үйлдэж хэргийн хугацааг сунгана.

13. Мөрдөн байцаалтын хугацаа сунгах эрх бүхий прокурор нь хугацааг дараахь байдлаар сунгана: 

13.1 Мөрдөн байцаалтын хугацаа сунгах ажиллагааны товчоо:

Хэрэгт хяналт тавьж буй прокурорын газар

Мөрдөн байцаалтын хугацаа сунгах эрх бүхий прокурор

 

Хугацаа сунгах эрх хэмжээ

Мөрдөн байцаалтын хугацаа

Тайлбар

Сум дундын прокурорын газрын хяналтад байгаа хэрэгт

Сум дундын ерөнхий прокурор

5 сар хүртэл

1,2,3,4,5 дугаар хугацаа

Мөрдөн байцаалтын  хугацааг цаашид сунгах асуудлыг Улсын ерөнхий прокурор  шийдвэрлэнэ

Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор

7 сар хүртэл

6,7,8,9,10,11,12 дугаар хугацаа

ХБМБ ажил хариуцсан Улсын ерөнхий прокурорын туслах прокурор

7 сар хүртэл

13,14,15,16,17,

18,19 дүгээр хугацаа

Улсын ерөнхий прокурорын орлогч

3 сар хүртэл

20,21,22 дугаар хугацаа

Аймаг, Тээврийн прокурорын газрын хяналтад байгаа хэрэгт

Аймгийн, Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурор

16 сар хүртэл

1-16 дугаар хугацаа

ХБМБ ажил хариуцсан Улсын ерөнхий прокурорын туслах прокурор

3 сар хүртэл

17,18,19 дүгээр хугацаа

Улсын ерөнхий прокурорын орлогч

3 сар хүртэл

20,21,22 дугаар хугацаа

Дүүргийн прокурорын газрын хяналтад байгаа хэрэгт

Дүүргийн прокурорын газрын  ерөнхий прокурор

5 сар хүртэл

1,2,3,4,5 дугаар хугацаа

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч

4 сар хүртэл

6,7,8,9 дүгээр хугацаа

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор

3 сар хүртэл

10,11,12 дугаар хугацаа

ХБМБ ажил хариуцсан Улсын ерөнхий прокурорын туслах прокурор

7 сар хүртэл

13,14,15,16,17,

18,19 дүгээр хугацаа

Улсын ерөнхий прокурорын орлогч

3 сар хүртэл

20,21,22 дугаар хугацаа

Нийслэлийн прокурорын газрын хяналтад байгаа хэрэгт

Нийслэлийн прокурорын газрын ХБМБАХТ I хэлтсийн дарга, ахлах прокурор 

5 сар хүртэл

1,2,3,4,5 дугаар хугацаа

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч

6 сар хүртэл

6,7,8,9,10,11 дүгээр хугацаа

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор

5 сар хүртэл

12,13,14,15,16 дугаар хугацаа

ХБМБ ажил хариуцсан Улсын ерөнхий прокурорын туслах прокурор

3 сар хүртэл

17,18,19 дүгээр хугацаа

Улсын ерөнхий прокурорын орлогч

3 сар хүртэл

20,21,22 дугаар хугацаа

 

14. Улсын ерөнхий прокурор, түүний эрх олгосон прокуророор мөрдөн байцаалтын хугацааг цаашид сунгуулах асуудлыг шийдвэрлүүлэхдээ аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, сум дундын ерөнхий прокурор нь тухайн хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, мөрдөн байцаалт удаашрах болсон шалтгаан, нөхцөл, урьд нь сунгасан хугацаанд хийгдсэн мөрдөн шалгах ажиллагаа, мөрдөн байцаалтын хугацааг сунгуулах болсон үндэслэл, цаашид зайлшгүй хийгдэх ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга бичиж, мөрдөн байцаалтын хугацааг сунгуулах тухай мөрдөгчийн тогтоолын хамт Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэст ирүүлнэ.

15. Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор нь аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, сум дундын ерөнхий прокурорын танилцуулга, мөрдөн байцаалтын хугацааг сунгуулах тухай мөрдөгчийн тогтоол, шаардлагатай гэж үзвэл хэргийн материалыг хянаж танилцсаны үндсэн дээр эрх бүхий прокурорт танилцуулж, хугацаа сунгах асуудлыг шийдвэрлүүлнэ.

16. Дүүрэг, Нийслэл, Тээврийн прокурорын газрын хяналтад байгаа хэргийн мөрдөн байцаалтын хугацааг Нийслэлийн прокурорын газар болон Улсын ерөнхий прокурорын газрын эрх бүхий прокуророор сунгуулах ажиллагааг тухайн хэрэгт хяналт тавьж буй прокурор хариуцан гүйцэтгэнэ.

17. Прокурор мөрдөн байцаалт явуулах хугацааг сунгахдаа хэрэгт хяналт тавьж буй прокурор болон мөрдөгчийг байлцуулан хэрэгт хийгдэж буй мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнг танилцаж болно. 

18. Прокуророос хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаасан, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн хэргийн мөрдөн байцаалтыг сэргээсэн, хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээсэн бол тогтоолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын өмнөх хугацаанаас үлдсэн хугацааг, хэрэв үлдсэн хугацаа байхгүй бол хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын дараагийн хугацааг ердийн журмаар эрх бүхий прокуророор сунгуулах тухай тодорхой зааж өгнө.

19. Прокурор хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгох, түдгэлзүүлсэн хэргийн мөрдөн байцаалтыг сэргээх, хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээх тухай тогтоолоор тухайн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хугацааг тогтоож өгөхгүй.

20. Шүүхээс хэргийг прокурорт буцаасан бол хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хугацааг өмнөх хугацаанаас нь үргэлжлүүлэн тоолж, хугацааг ердийн журмаар сунгана.

21. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу хэргийн мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн хугацаа нь мөрдөн байцаалтын хугацаанд тооцогдохгүй.

22. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан прокурорын хяналтын хугацаа нь мөрдөн байцаалтын хугацаанд тооцогдохгүй.

23. Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шалгагдаж байгаа хэргийг татаж хянасан хугацааг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хугацаанд оруулж тооцно.

24. Хүнд ял оногдуулж болох эрүүгийн хэрэгт хөнгөн ял оногдуулж болох эрүүгийн хэргийг нэгтгэсэн бол мөрдөн байцаалтын хугацааг хүнд ял оногдуулж болох эрүүгийн хэргийн хугацаанаас үргэлжлүүлэн тоолж, цаашид ердийн журмаар хугацааг сунгана.

25. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээ ижил эрүүгийн хэргийг нэгтгэсэн бол мөрдөн байцаалтын хугацааг эхэлж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэргийн хугацаанаас үргэлжлүүлэн тоолж, цаашид ердийн журмаар хугацааг сунгана.

26. Эрүүгийн хэргийг тусгаарласан бол хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хугацааг тухайн хэргийн өмнөх хугацаанаас үргэлжлүүлэн тоолж, цаашид ердийн журмаар хугацааг сунгана. 

13.4 дүгээр зүйл. Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах

1. Прокурор өөрийн санаачилгаар, эсхүл мөрдөгчийн саналыг үндэслэн мөрдөн байцаалт явуулсан хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай үндэслэл бүхий тогтоол гаргана.

2. Прокурор мөрдөн байцаалт явуулсан хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай мөрдөгчийн саналыг үндэслэлгүй гэж үзвэл хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гаргана.

3. Прокурор тогтоолдоо эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах болсон үндэслэлийг нотлох баримтад тулгуурлан тодорхой тусгасан байвал зохино.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээ ижил эрүүгийн хэргийг нэгтгэх бол эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолын он, сар, өдөр, цаг, минутыг харгалзан үзэх ба эхэлж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэгт нэгтгэнэ.

13.5 дугаар зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын нууцлал, хэргийн талаар нийтэд мэдээлэх

1. Прокурор, прокурорын туслах ажилтан, захиргааны ажилтан нь эрүүгийн хэргийн талаархи нууцлалыг чанд хадгална.

2. Эрүүгийн хэрэг, материалыг сейфэнд лацдаж хадгалах ба шаардлагатай тохиолдолд сейф, өрөөний лацыг байгууллагын жижүүр, харуул хамгаалалтын ажилтанд үзүүлж хүлээлцэнэ.

3. Эрүүгийн хэрэг, материалыг дур мэдэн бусдад дамжуулах, албан өрөөнд ил задгай орхих, хэргийн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд зөвшөөрөлгүйгээр мэдээ, мэдээлэл, ярилцлага өгөхийг хориглоно.

4. Прокурор ээлжийн амралттай, өвчтэй, түр чөлөөтэй зэрэг шалтгаанаар эзгүй үед тухайн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, ахлах прокурор, эсхүл дээд шатны прокурорын шийдвэрээр эрүүгийн хэрэг, материалыг өөр прокурорт шилжүүлнэ. Энэ тухай байгууллагын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ.

5. Прокурор нь эрүүгийн хэргийг дээд шатны прокурорт танилцуулах, мөрдөн шалгах ажиллагаа явуулах зөвшөөрлийг шүүгчээс авахаас бусад тохиолдолд албаны байрнаас гадагш авч гарахыг хориглоно.

6. Эрүүгийн хэргийн материалыг оролцогчдод танилцуулах шаардлагатай бол прокурор өөрөө биечлэн, эсхүл прокурорын туслах ажилтныг байлцуулан албан ажлын өрөөнд, хуудсыг дугаарлан, үдэж товъёоглон танилцуулна.

7. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримтууд зөвхөн гарсан гэмт хэргийн бодит үнэнийг тогтоох ажиллагааны үр дүн байдаг тул нийтэд мэдээлэх шаардлагагүй бөгөөд тодорхой хэргийн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах, мэдээлэл тараах явдлыг гаргуулахгүй байх, төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой материалыг задруулахгүй байх үүргийг прокурор хариуцна.

8. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг нийтэд мэдээлэх талаар аливаа хүсэлт гарсан тохиолдолд мөрдөгч энэ тухай хэрэгт хяналт тавьж буй прокурорт танилцуулна.

9. Хэрэгт хяналт тавьж буй прокурор хүсэлтийг хүлээн авмагц эрүүгийн хэргийн материалтай танилцан нотлох баримтанд дүгнэлт хийж, эргэлзээгүй нотлогдсон, хэргийг цаашид шалгаж шийдвэрлэхэд сөрөг нөлөө үзүүлэхгүй нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг хянаж, дээд шатны прокурорт танилцуулан хүсэлтийг хангах эсэхийг шийдвэрлэнэ.

10. Хэрэгт хяналт тавьж буй прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг нийтэд мэдээлэх тухай зөвшөөрлийг албан бичгээр өгнө.

11. Зөвшөөрөлд эрүүгийн хэргийн талаар ямар зорилгоор, ямар хэмжээнд нийтэд мэдээлэхийг нэг бүрчлэн тодорхой тусгаж өгнө.

12. Дараахь агуулга бүхий мэдээллийг нийтэд мэдээлэхийг хориглоно.

12.1.хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж олон нийтэд мэдээлэх;

12.2.хүчирхийлэл, аллага, садар самууны холбогдолтой мэдээлэл;

12.3.гэмт хэрэг үйлдсэн арга хэрэгслийг нарийвчлан заасан мэдээлэл;

12.4.төр, байгууллага, хувь хүний нууц, нэр төр, алдар хүндтэй холбоотой хувийн мэдээлэл;

12.5.гэрч, хохирогчийн овог, эцэг, эхийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газар, өмчлөлд нь байгаа үл хөдлөх эд хөрөнгө, харилцах утасны дугаар, тээврийн хэрэгслийн улсын дугаар;

12.6.мөрдөн шалгах нууц ажиллагаатай холбоотой мэдээлэл;

12.7.хамтран ажиллах этгээдтэй холбоотой мэдээлэл;

12.8.хэргийг илрүүлэх, нотлох баримт цуглуулах ажиллагааны арга хэлбэртэй холбоотой мэдээлэл;

12.9.бүрэн шалгагдаж нотлогдоогүй, эргэлзээтэй хэрэг, нотлох баримтын талаар;

12.10.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээлэл;

12.11.өсвөр насны сэжигтэн, яллагдагчид холбогдох гэмт хэргийн талаархи мэдээлэл;

12.12.насанд хүрээгүй хүн хохирсон гэмт хэргийн талаархи мэдээлэл.

13. Энэ зүйлд заасан зохицуулалт нь хүсэлт, гомдлыг шалгасан материал, хэрэг, материалын хуулбар, хяналтын хавтас, хэргийн түүвэр, прокурорын даалгаварт нэгэн адил хамаарна.

13.6 дугаар зүйл. Мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах

1. Өмгөөлөгчийг тухайн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулахдаа өмгөөлөгчөөр оролцох болсон тухай өмгөөлөгчийн хүсэлтийг бичгээр гаргуулж, хавтаст хэрэгт хавсаргана.

2. Прокурор эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд томилогдсон өмгөөлөгч оролцуулах тохиолдолд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасны дагуу Монголын Хуульчдын Холбоонд албан бичиг хүргүүлэн, өмгөөлөгч томилуулна.

3. Албан бичигт дараахь зүйлийг тусгана:

            3.1.мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй байгууллага, мөрдөгчийн нэр;

            3.2.хяналт тавьж буй прокурорын газар, прокурорын нэр;

            3.3.хэргийн дугаар, хуулийн зүйл, хэсэг; 

            3.4.өмгөөлөгч томилуулах шаардлагатай оролцогчийн талаархи мэдээлэл;

            3.5.томилогдсон өмгөөлөгч оролцох мөрдөн шалгах ажиллагаа, явагдах газар, огноо, цаг, минут;

            3.6.өмгөөлөгч томилж, хариу ирүүлэх хугацаа.

4. Албан бичгийн хувийг хавтаст хэрэгт хавсаргана.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.6-д зааснаас бусад тохиолдолд сэжигтэн, яллагдагч өөрийгөө өмгөөлөх тухай хүсэлт гаргавал, хүсэлтийг бичгээр гаргуулан авч хавтаст хэрэгт хавсаргана.

13.7 дугаар зүйл. Татгалзан гаргах асуудлыг шийдвэрлэх

1. Хэрэгт хяналт тавьж буй прокурорыг татгалзан гаргах тухай хүсэлтийг дээд шатны прокурор шийдвэрлэж, тогтоол гаргана.

2. Оролцогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, өмгөөлөгч, орчуулагч, хэлмэрч, шинжээчийг татгалзан гаргах хүсэлтийг прокурорт гаргасан бол хэрэг, материалд хяналт тавьж буй прокурор хүсэлтийн үндэслэлийг шалгаж, шийдвэрлэнэ.

3. Орчуулагч, хэлмэрч, шинжээч, мэргэжилтэнийг татгалзан гаргасан тухай мөрдөгчийн шийдвэрийг эс зөвшөөрч прокурорт гомдол гаргасан бол хүсэлтийг хэрэг, материалд хяналт тавьж буй прокурор шийдвэрлэнэ.

13.8 дугаар зүйл. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний амь нас хохирсон хэрэгт гаргах прокурорын дүгнэлт

1. Прокурор гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний амь нас хохирсон хэргийг хянаж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгох, шүүхэд шилжүүлэх шийдвэрийн аль нэгийг гаргасан даруй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын дүгнэлт гаргаж, хавтаст хэрэгт хавсаргана.

2. Прокурорын дүгнэлтэд тухайн гэмт хэрэг гэр бүлийн хүчирхийллийн ямар арга хэлбэрээр үйлдэгдсэн, яллагдагч болон хохирогчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг нотолж буй нотлох баримтуудыг тусгана.

3. Прокурор гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний амь нас хохирсон тохиолдол бүрийг судалж, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоож, арилгуулах арга хэмжээ авсан байвал зохино.

4. Прокурор дүгнэлтээ тухайн прокурорын газрын дээд шатны прокурорт даруй танилцуулна. 

5. Тухайн прокурорын газрын дээд шатны прокурор дүгнэлтийн хувийг ажлын 3 өдөрт багтаан Улсын ерөнхий прокурорын газрын Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтэст албан бичгээр хүргүүлнэ. 

АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ХЭРЭГ БҮРТГЭЛТЭНД ТАВИХ

ПРОКУРОРЫН ХЯНАЛТ, ГАРГАХ ШИЙДВЭР

14.1 дүгээр зүйл. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгаж шийдвэрлэх ажиллагаанд тавих прокурорын хяналт

1. Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажил хариуцсан ахлах прокурор, сум дундын ерөнхий прокурор нь харьяалах мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагад хүлээн авсан гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг байгууллагын холбогдох бүртгэлд даруй бүртгүүлж, хяналт тавьж ажиллах прокурорт тойргийн журмаар хуваарилна.

2. Прокурор бүрэн эрхийнхээ хүрээнд мөрдөгч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтны гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгаж шийдвэрлэх ажиллагаа  хуулийн хүрээнд явагдсан эсэхэд дараахь асуудлыг хянана:

2.1.гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмын дагуу хүлээн авч байгаа эсэх;

2.2.гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй эсэх;

2.3.хүлээн авсан гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл нь тухайн Мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын харьяалан шалгах гомдол, мэдээлэл мөн эсэх;

            2.4.мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтан нь гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан даруйд гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох, гэмт хэргийн ул мөрийг хамгаалах, бэхжүүлэх, гэмт хэргийг илрүүлэх шаардлагатай бүх арга хэмжээг шуурхай авсан эсэх;

            2.5.гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан эсэх;

            2.6.гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд шалгасан эсэх;

            2.7.гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэлд дурдсан асуудлыг бүрэн гүйцэд шалгаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээх эсэх, эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдлыг тогтоосон эсэх.

3. Прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлийн 1, 2 дахь  заасны дагуу гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тохиолдолд харьяалах мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагад даруй шилжүүлж, энэ тухай гомдол, мэдээлэл гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

4. Прокурор гэмт хэргийн шинжийг өөрөө илрүүлсэн бол хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагад харьяаллын дагуу шилжүүлж шалгуулна.

5. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг шалгах явцад прокурор гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоолгох зорилгоор мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах заалт, чиглэл өгч болно

14.2 дугаар зүйл. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах

1. Мөрдөгчийн хүлээн авч шалгаж буй гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг прокурор ажиллагааны явцад нь хянаж, тухайн гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэл байхгүй, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдвол хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах шийдвэр гаргаж, энэ тухай гомдол, мэдээлэл гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүй,...” гэснийг “Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэл байхгүй,...” гэж ойлгож хэрэгжүүлнэ.  

3. Мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнаас гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг шалгаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж шилжүүлсэн материалыг прокурор хүлээн авч, 7 хоногийн дотор хянаж дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

3.1.мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны саналыг үндэслэлтэй гэж үзвэл хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол үйлдэх;

3.2.мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны саналыг үндэслэлгүй гэж үзвэл хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагад харьяаллын дагуу шилжүүлж шалгуулах.

4. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолд татгалзах болсон үндэслэлийг материалд авагдсан нотлох баримтад тулгуурлан тодорхой тусгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар бүлэгт заасны дагуу гомдол, мэдээлэл гаргагчаас дээд шатны прокурорт гомдол гаргах журмыг зааж өгнө.

5. Прокурор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай шийдвэрийг гомдол, мэдээлэл гаргагчид мэдэгдэх хуудсаар, эсхүл тогтоолыг танилцуулсан, тогтоолын хувийг гардуулж өгсөн талаар тэмдэглэл үйлдэж гарын үсэг зуруулах хэлбэрээр даруй мэдэгдэнэ.  

Мөн гомдол гаргагчийн цахим хаягаар мэдэгдэж болох ба энэ тохиолдолд гомдол гаргагч тухайн мэдээллийг хүлээж авсан эсэхийг сайтар нягталсан байвал зохино.

6. Прокурор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай шийдвэрийг гомдол, мэдээлэл гаргагчид хэзээ, хэрхэн мэдэгдсэн талаар тэмдэглэл үйлдэн бэхжүүлж, материалд хавсаргана.

7. Мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хянаж үзсэн даруй, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 5 хоногийн хугацаа дуусахаас өмнө хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай санал гаргаж ирүүлсэн нь үндэслэлгүй, гомдол мэдээллийг дутуу шалгасан тохиолдолд прокурор саналыг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол үйлдэж, даалгавар бичин, дутуу ажиллагааг гомдол, мэдээлэл шалгах үлдсэн хугацааны дотор гүйцэтгүүлж болно.

8. Хэрэв үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчлийн шинжтэй болох нь тогтоогдсон тохиолдолд прокурор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолд энэ талаар зааж, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд харьяаллын дагуу шилжүүлж шалгуулахыг мөрдөгчид даалгана.

9. Прокурор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан материалаас зөрчлийн талаархи холбогдох баримтыг хуулбарлан, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолын хамт мөрдөгчид хүргүүлнэ.

10. Мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол болон зөрчлийн талаархи холбогдох баримтын хуулбарыг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд харьяаллын дагуу шилжүүлж, энэ тухай прокурорт мэдэгдэн, нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ

11. Мөрдөгч хууль тогтоомжоор өөрт нь харьяалуулсан зөрчлийг шалгаж шийдвэрлэнэ.

12. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын шийдвэр гарсан өдрөөс эхлэн тухайн зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох ба уг хугацаанд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан эсэхийг прокурор хянаж, биелэлтийг хангуулах арга хэмжээ авч, холбогдох баримтын хуулбарыг материалд хавсаргана.

14.3 дугаар зүйл. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх

1. Мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнаас гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх санал гаргаж шилжүүлсэн материалыг прокурор хүлээн авч, 24 цагийн дотор хянаж дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

1.1.саналыг үндэслэлтэй гэж үзвэл гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоол үйлдэж, холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагад даруй шилжүүлэхийг мөрдөгчид даалгах;

1.2.саналыг үндэслэлгүй гэж үзвэл хэрэгсэхгүй болгож, гомдол, мэдээллийг шалгуулахаар мөрдөгч, эрх бүхий албан тушаалтанд даруй хүргүүлэх;

1.3.саналыг үндэслэлгүй гэж үзвэл хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэж, хэргийг мөрдөгчид даруй хүргүүлэх;

1.4.саналыг үндэслэлгүй гэж үзвэл хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах.

2. Мөрдөгч прокурорын шийдвэрийн дагуу гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэхдээ материалыг үдэж, дугаарлан, тухайн гомдол, мэдээлэлд хамааралтай баримтат мэдээлэл, эд зүйлийг хамтад нь шилжүүлнэ.

3. Мөрдөгч прокурорын шийдвэрээр харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авч, үлдсэн хугацаанд нь үргэлжлүүлэн шалгана.

4. Хэрэв харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг шалгах хугацаа дууссан бол мөрдөгч материалд авагдсан нотлох баримтанд тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана.

5. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага болон мөрдөгч нь прокурорын шийдвэрээр харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийн харьяаллын талаар маргахгүй.

14.4 дүгээр зүйл. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх

1. Прокурор хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны тогтоолыг хүлээн авч, дараахь асуудлуудыг даруй хянана:

            1.1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл байгаа эсэх;

            1.2.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол байгаа эсэх;

            1.3.гэмт хэрэг гарсныг нотлох баримтаар тогтоосон эсэх;

            1.4.гарсан гэмт хэрэг нь тухайн мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын харьяалан шалгах хэрэг мөн эсэх;

            1.5.хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан эсэх;

            1.6.хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааны дотор прокурорт танилцуулсан эсэх.  

2. Прокурор хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны тогтоолыг хянаад, дараахь шийдвэрийн аль нэгийг даруй гаргана:

            2.1.хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь үндэслэлтэй гэж үзвэл хэрэг бүртгэлтийн хэргийн дугаар олгох;

            2.2.хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь үндэслэлгүй гэж үзвэл мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоол үйлдэх.

3. Прокурор энэ зааврын 14.2 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолыг хүчингүй болгосон талаар гомдол, мэдээлэл гаргагчид мэдэгдэнэ.

4. Хэрэв үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчлийн шинжтэй болох нь тогтоогдсон тохиолдолд прокурор, мөрдөгч нь энэ зааврын 14.2 дугаар зүйлийн 8, 9, 10, 11, 12 дахь хэсэгт заасан журмыг хэрэгжүүлж ажиллана.

5. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан зүйлийг тусгахаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсгийг зааж өгнө.

14.5 дугаар зүйл. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татах хүн, хуулийн этгээд хаана байгаа нь тодорхой, хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй гэж үзвэл прокурор өөрийн санаачилгаар, эсхүл мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны саналаар гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэлд даруй эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэн, хэрэгт мөрдөн байцаалт явуулах үүргийг мөрдөгчид даалгана.

14.6 дугаар зүйл. Хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналт

1. Прокурор хэрэг бүртгэлтэд тавих хяналтыг Прокурорын тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаас гадна дараахь арга хэлбэрээр байнга, тасралтгүй хэрэгжүүлнэ:

1.1.байгууллагын холбогдох бүртгэлд хэрэг бүртгэлтийн хэргийн талаархи мэдээллийг тухай бүр бүртгүүлж, хэргийн ажиллагааны явц, үр дүнг хянах;

1.2.хэрэг бүртгэлтийн явцад мөрдөгчөөс гаргаж буй санал, тогтоолыг хянаж, танилцан, шийдвэрлэх;

1.3.хэрэг бүртгэлтийн хэргийн материалтай танилцах, хянах;

1.4.мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулахад биечлэн оролцох;

1.5.цаашид хийгдвэл зохих мөрдөн шалгах тодорхой ажиллагааны талаар амаар болон бичгээр заалт чиглэл, даалгавар өгөх;

1.6.хэрэг бүртгэлтэд илэрсэн зөрчлийг арилгуулахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын удирдлагад шаардлага бичих, зөрчлийг арилгуулах;

1.7.оролцогчдын гаргасан хүсэлт, гомдлыг хүлээн авч хянаж шийдвэрлэх;

1.8.хэрэг бүртгэлтэд холбогдох хуулийн хэрэгжилтийг судлах, шалгах.

14.7 дугаар зүйл. Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах

1. Мөрдөгчөөс хэрэг бүртгэлтийн хэргийг хаах санал гаргаж шилжүүлсэн хэргийн материалыг прокурор хүлээн авч, 14 хоногийн дотор хянаж дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

1.1.мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоол үйлдэх;

1.2.мөрдөгчийн саналыг үндэслэлгүй гэж үзвэл нэмэлт хэрэг бүртгэлт явуулахаар хэргийг буцаах тухай тогтоол үйлдэх;

1.3.мөрдөгчийн саналыг үндэслэлгүй гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэх.

2. Хэрэв үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчлийн шинжтэй болох нь тогтоогдсон тохиолдолд прокурор, мөрдөгч нь энэ зааврын 14.2 дугаар зүйлийн 8, 9, 10, 11, 12 дахь хэсэгт заасан журмыг хэрэгжүүлж ажиллана.

3. Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд прокурор хаах болсон үндэслэлийг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан тодорхой тусгаж, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс дээд шатны прокурорт гомдол гаргах журмыг зааж өгнө.

4. Прокурор энэ зааврын 14.2 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай шийдвэрийг хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ.

5. Прокурор хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай мөрдөгчийн саналыг үндэслэлгүй гэж үзэн, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэхдээ мөрдөгчийн саналыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой дурдсан байвал зохино.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдвол прокурор өөрийн санаачилгаар, эсхүл мөрдөгчийн саналаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах шийдвэр гаргана.

14.8 дугаар зүйл. Хэрэг бүртгэлтийн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах

1. Мөрдөгчөөс хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргаж ирүүлсэн хэргийн материалыг прокурор хүлээн авч, 14 хоногийн дотор хянаж дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

1.1.эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэх;

1.2.нэмэлт хэрэг бүртгэлт явуулахаар хэргийг буцаах;

1.3.хэрэг бүртгэлтийн хэргийг хаах.

2. Прокурор дараахь тохиолдолд үйлдэл тус бүрд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэн, мөрдөн байцаалтын хэргийн дугаар олгоно:

2.1.хэд хэдэн яллагдагч хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн бол;

2.2.нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол.

3. Хэд хэдэн яллагдагч нэг гэмт хэргийг хамтран үйлдсэн бол эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг яллагдагч тус бүрийн нэр дээр үйлдэж, мөрдөн байцаалтын хэргийн нэг дугаар олгоно.

4. Нэг гэмт хэргийг хамтран үйлдсэн хэд хэдэн яллагдагчийн үйлдэл харилцан адилгүй хугацаанд илэрч шалгагдсан бол яллагдагч тус бүрийн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэгдэн мөрдөн байцаалтын хэргийн дугаар олгогдсон тохиолдолд нэг гэмт хэрэг хамтран үйлдсэн хэд хэдэн яллагдагчийн хэргийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулж болно.

5. Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан зүйлийг тусгасан байвал зохино.

6. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол нь тэмдэглэх, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ

7. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолын тэмдэглэх хэсэгт дараахь зүйлийг тусгана:

7.1.тогтоол үйлдэж буй прокурорын нэр, албан тушаал;

7.2.хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байгууллага, албан тушаалтны нэр, албан тушаал, цол;

7.3.хэрэг бүртгэлтийн хэргийн дугаар;

7.4.эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай санал гаргасан он, сар, өдөр;

7.5.прокурорт шилжүүлэн ирүүлсэн хэргийг хүлээн авсан он, сар өдөр.

8. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолын тодорхойлох ”Олсон нь” гэсэн хэсэгт дараахь зүйлийг тусгана:

8.1.тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон нотлох баримтын жагсаалт;

8.2.нотлох баримт тус бүрд тусгагдсан мэдээллийн хэр хэмжээ;

8.3.нотлох баримтуудад үндэслэн тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн талаар прокуророос хийсэн хууль зүйн товч дүгнэлт.

9. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолын “Тогтоох нь” гэсэн хэсэгт дараахь зүйлийг тусгана:

9.1.хэрэг бүртгэлтийн хэргийн дугаар;

9.2.сэжигтний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээдийг яллагдагчаар татаж байгаа бол хуулийн этгээдийн нэр;

9.3.ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн;

9.4.Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа;

9.5.хэрэгт мөрдөн байцаалтын хэргийн дугаар авах талаар;

9.6.хэрэгт мөрдөн байцаалт явуулах байгууллагын талаар;

9.7.сэжигтнийг дуудан ирүүлж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг танилцуулахыг мөрдөгчид даалгах талаар.

10. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолын тодорхойлох хэсэгт тусгавал зохих “нотлох баримт тус бүрд тусгагдсан мэдээллийн хэр хэмжээ” гэснийг тухайн нотлох баримтад тусгагдсан мэдээллийг бүхэлд нь бус, харин нотлох баримтаас тухайн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахад хангалттай, хамааралтай, ач холбогдол бүхий мэдээллийг хэсэгчлэн авч тогтоолд тусгахыг ойлговол зохино.

11. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын тодорхойлох хэсэгт тусгах нотлох баримт тус бүрийн мэдээллийн хэр хэмжээг тогтоохдоо прокурор тухайн нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, тогтооно.

12. Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд мөрдөн байцаалтын хэргийн дугаар авч, байгууллагын нэгдсэн бүртгэлд даруй бүртгүүлнэ.

13. Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол үйлдсэн даруй мөрдөгчид хүргүүлнэ.

14.9 дүгээр зүйл. Нэмэлт хэрэг бүртгэлт явуулахаар хэргийг буцаах

1. Прокурор яллагдагчаар татагдах хүн, хуулийн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй гэж үзвэл нэмэлт хэрэг бүртгэлт явуулахаар хэргийг мөрдөгчид буцаах ба энэ тухай тогтоол үйлдэнэ.

2. Прокурор нэмэлт хэрэг бүртгэлт явуулахаар хэргийг мөрдөгчид буцаахдаа хийгдвэл зохих ажиллагааны талаар даалгавар бичиж болно.

14.10 дугаар зүйл. Амиа хорлох болон золгүй байдлаар хүн нас барсан тухай гомдол, мэдээлэл, хэргийг шалгаж, шийдвэрлэх

1. Эдгэшгүй хүнд өвчний улмаас удаан хугацаагаар бусдын асаргаанд байхдаа гэртээ нас барсан нь өвчний түүх, эмчийн тодорхойлолтоор тогтоогдвол төрөл төрөгсдийнх нь бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийлгэхгүй, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан шийдвэрлэнэ.

2. Хүн амиа хорлосон тохиолдолд Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” гэмт хэргийн шинж болох “байнга” хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсэн, үүний улмаас амиа хорлоход “гарцаагүй” хүргэсэн шинжийг шалгаж тогтоохоос гадна хэрэг бүртгэлтээр дараахь зүйлийг шалгаж тогтооно:

2.1.амь хохирогчийн хувийн байдал, амьдралын орчин, боловсрол, мэргэжил зэрэг хувийн байдал;

2.2.амь хохирогч сэтгэцийн өөрчлөлт, эмгэгтэй байсан эсэх, сэтгэл гутралд орсон эсэх, энэ нь үхэлд хүргэхэд нөлөөлсөн эсэх;

2.3.амь хохирогч нь архаг хууч өвчтэй эсэх, согтууруулах, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэх.

3. Амиа хорлосон тохиолдолд прокурор хэрэг, материалыг шийдвэрлэхдээ амь хохирогчийн амиа хорлоход хүргэсэн шалтгаан, нөлөөлөл, үйл баримтад дүгнэлт хийж, шийдвэртээ дэлгэрэнгүй тусгана.

АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ. МӨРДӨН БАЙЦААЛТАД ТАВИХ ПРОКУРОРЫН

ХЯНАЛТ, ГАРГАХ ШИЙДВЭР

15.1 дүгээр зүйл. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэний дараа хийгдэх ажиллагаанд тавих прокурорын хяналт

1. Прокурор мөрдөн байцаалтад тавих хяналтыг Прокурорын тухай хуулийн 16 дугаар зүйл, энэ зааврын 14.6 дугаар зүйлийн 1.1-1.8-д заасан арга хэлбэрээр байнга, тасралтгүй хэрэгжүүлнэ.

2. Мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй сэжигтнийг уг тогтоолтой танилцуулахад мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлнэ.

3. Хүндэтгэн үзэх шалтгаанаар ирэх боломжгүй тухайгаа мэдэгдэх хуудас хүлээн авсан сэжигтэн мөрдөгчид даруй мэдэгдэж, энэ тухай баримтаа ирүүлсэн бол яллагдагчаар татах тогтоол танилцуулах хугацааг прокурор 24 цаг хүртэл хугацаагаар хойшлуулах тогтоол гаргана.

4. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар дуудсан сэжигтэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзсан нь түүнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах үндэслэл болно.

5. Мөрдөгч, прокурор гадаад улсын иргэнийг сэжигтнээр дуудан ирүүлж байгаа, баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа тохиолдолд гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан тухайн улсын Дипломат төлөөлөгчийн газарт даруй мэдэгдэнэ. Энэ талаар гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад албан бичиг хүргүүлнэ.

6. Прокурор гадаад улсын иргэнийг сэжигтнээр дуудан ирүүлэх, баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа тухай дээд шатны прокурорт болон Улсын ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэст даруй мэдэгдэнэ.

15.2 дугаар зүйл. Сэжигтнийг баривчлах ажиллагаанд тавих прокурорын хяналт

1. Прокурор сэжигтнийг баривчлах тухай мөрдөгчийн саналыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл байгаа эсэхийг сайтар хянана.

2. Прокурор сэжигтнийг баривчлах тухай мөрдөгчийн саналыг хянаад, дараахь шийдвэрийн аль нэгийг даруй гаргана:

2.1.мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл сэжигтнийг баривчлах тухай прокурорын санал үйлдэж, шүүхэд даруй хүргүүлэх;

2.2.мөрдөгчийн саналыг үндэслэлгүй гэж үзвэл хэрэгсэхгүй болгох тогтоол үйлдэх.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл байвал мөрдөгч сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж, энэ тухай прокурорт даруй мэдэгдэж, холбогдох тогтоолыг прокурорт даруй хүргүүлнэ.

4. Прокурор сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоолыг хүлээн авч танилцаад үндэслэлтэй гэж үзвэл тогтоолд энэ тухай тэмдэглэл үйлдэн гарыг үсэг зурж, харьяалах шүүхэд даруй хүргүүлнэ.

5. Сэжигтэн гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай баримт байхгүй, эсхүл сэжигтнийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж баривчилсан бол прокурор сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, баривчлагдсан сэжигтнийг даруй суллана.

6. Мөрдөгч сэжигтнийг баривчлах ажиллагааны тэмдэглэлийг нөхөн үйлдэхдээ тухайн ажиллагааг явуулах үед тэмдэглэлийг үйлдэх боломжгүй байсан үндэслэл, шалтгааны талаар тэмдэглэлд тодорхой тусгана.

7. Прокурор сэжигтнийг баривчлах, баривчилсны дараа хийгдэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явагдаж байгаа эсэх, уг ажиллагаанд сэжигтний эрхийг хангаж байгаа эсэхэд хяналт тавина. 

15.3 дугаар зүйл. Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх, түдгэлзүүлсэн хэрэгт тавих прокурорын хяналт

1. Прокурор мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай мөрдөгчийн саналыг хүлээн авч дор дурдсан асуудлыг хянана:

1.1.мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдсон эсэх;

1.2.мөрдөгч мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэхийн өмнө яллагдагчийг байхгүйд гүйцэтгэж болох бүх ажиллагааг явуулсан эсэх;

1.3.оргон зайлсан этгээдийг олж илрүүлэх бүх арга хэмжээг авсан эсэх;

1.4.мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх үндэслэл нь хэргийн бүх яллагдагчид хамаарагдах эсэх. 

2. Прокурор мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай мөрдөгчийн саналтай хэргийг хүлээн авч, 14 хоногийн дотор хянаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

2.1.саналыг үндэслэлтэй гэж үзвэл мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тогтоол үйлдэх;

2.2.саналыг үндэслэлгүй гэж үзвэл нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах;

2.3.шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусад шийдвэрийн аль нэгийг гаргах.

3. Прокурор мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай тогтоолд уг шийдвэрийг гаргах болсон үндэслэлийг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан тодорхой бичихээс гадна яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээ, хураан авсан эд зүйл, эд мөрийн баримт, битүүмжилсэн эд хөрөнгийг хэрхэх талаар тодорхой зааж өгнө.

4. Прокурор түдгэлзүүлсэн хэргийг даруй мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагад хүргүүлнэ.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.14 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “сэтгэцийн, эсхүл хүнд өвчнөөр өвчилсний улмаас хүрэлцэн ирж чадахгүй болох нь шинжээчийн дүгнэлт, эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор нотлогдсон бол” гэсэн нөхцөл байдлыг зөвхөн яллагдагчид хамааралтай гэж ойлгож хэрэгжүүлнэ.

6. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.14 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “яллагдагч оргон зайлсан” гэсэн үндэслэлээр мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн бол оргон зайлсан яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэхдээ энэ зааврын 4.3 дугаар зүйлд заасныг баримтална.

7. Прокурор түдгэлзүүлсэн хэргийг тогтмол хугацаанд хянаж танилцан дор дурьдсан  асуудлыг хянана:

7.1.сэтгэцийн, эсхүл хүнд өвчнөөр өвчилсний улмаас хүрэлцэн ирж чадахгүй байгаа яллагдагчийн биеийн байдлын талаар холбогдох эмч, эмнэлгийн байгууллагаас тодруулж лавлагаа, баримт авсан эсэх;

7.2.оргон зайлсан яллагдагчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан эсэх;

7.3.эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай прокурорын даалгавар, тогтоолын биелэлт, үр дүнг тогтоосон хугацаанд танилцуулж байгаа эсэх;   

7.4.хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, эрэн сурвалжлагдаж буй яллагдагчийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байх, нэвтрэхийг завдсан тохиолдолд саатуулах арга хэмжээ авсан эсэх;

7.5.яллагдагчийн хуульд заасан халдашгүй байдал дуусгавар болсон эсэх;

7.6.мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилсан эсэх;

7.7.мөрдөн байцаалтыг сэргээж нэмэлт ажиллагаа хийлгэх, эсхүл хэргийг эцэслэн шийдвэрлэх үндэслэл, шаардлага байгаа эсэх.

8. Прокурор хэргийн мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн, сэргээсэн, түдгэлзүүлсэн хэргийг хянаж танилцан холбогдох арга хэмжээ авсан талаархи мэдээллийг тухай бүр байгууллагын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ.

9. Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилсан, эсхүл хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай бол прокурор өөрийн санаачилгаар, эсхүл мөрдөгчийн саналаар мөрдөн байцаалтыг сэргээх тухай тогтоол гаргана

10. Прокурор мөрдөн байцаалтыг сэргээх тухай тогтоолд сэргээсэн үндэслэлийг тодорхой тусгана.

15.4 дугаар зүйл. Мөрдөн байцаалтыг дуусгах, түүнд тавих прокурорын хяналт

1. Мөрдөгч мөрдөн байцаалтыг дуусган, хавтаст хэргийн материалыг оролцогч нарт танилцуулах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу явуулсан эсэхийг прокурор хянах үүрэгтэй ба доор дурдсан асуудлыг хянана:

1.1.мөрдөгч хавтаст хэргийн материалтай танилцахыг оролцогчдод хэзээ, хэрхэн мэдэгдсэн, энэ тухай тэмдэглэл үйлдсэн эсэх;

1.2.мөрдөгч оролцогчдыг хавтаст хэргийн материалтай танилцуулж, энэ тухай тэмдэглэл үйлдсэн эсэх, тэмдэглэл нь хуульд заасан шаардлага хангасан эсэх;

1.3.мөрдөгч оролцогчдод хавтаст хэргийн материалтай танилцах хугацааг тогтоож өгсөн эсэх, хугацааг оролцогчийн танилцах баримт, материалын цар хүрээ, хэмжээг харгалзан бодитой тогтоож өгсөн эсэх;

1.4.мөрдөгч нь оролцогч нарыг хавтаст хэргийн материалтай бүрэн гүйцэд танилцах боломжтой албаны тавилга бүхий байр, өрөө тасалгаагаар хангасан эсэх;

1.5.мөрдөгч оролцогчдоос хавтаст хэргийн материалтай танилцаад гаргасан хүсэлт, гомдлыг хууль зүйн үндэслэлтэй хянаж шийдвэрлэсэн эсэх, холбогдох шийдвэрийг хэргийн материалд хавсаргасан эсэх;

1.6.мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусгасан хэрэгт гаргасан саналдаа өөрийн саналын хууль зүйн үндэслэлийг нотолж байгаа нотлох баримтуудыг тодорхой дурдсан эсэх, яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээ, түүний хугацаа, эд мөрийн баримт, битүүмжилсэн хөрөнгө, учирсан хохирол, хохирол нөхөн төлүүлэхээр авсан арга хэмжээ зэргийг тодорхой тусгасан эсэх.

2. Мөрдөгчөөс мөрдөн байцаалтыг дуусган тодорхой санал гаргаж шилжүүлэн ирүүлсэн хэргийн материалыг прокурорын байгууллагад хүлээн авсан өдрөөс прокурорын хяналтын хугацааг тоолж эхэлнэ.

3. Прокурор мөрдөн байцаалт явуулж дууссан хэргийн материалыг 14 хоногийн дотор хянаж шийдвэрлэх боломжгүй тохиолдолд прокурорын хяналтын хугацааг сунгуулах тухай саналаа тухайн прокурорын газрын дээд шатны прокурорт танилцуулна.

4. Тухайн прокурорын газрын дээд шатны прокурор саналыг үндэслэлтэй гэж үзвэл прокурорын хяналтын хугацааг сунгах тухай тогтоол үйлдэнэ. Тогтоолд прокурорын хяналтын хугацааг сунгах болсон үндэслэл, хугацааг хэд хоногоор сунгасан зэргийг тодорхой тусгана.

5. Тухайн прокурорын газрын дээд шатны прокурор нь прокурорын хяналтын хугацааг 1 удаа сунгахдаа 14 хүртэл хоногоор сунгах ба зайлшгүй шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухай бүр нэмж сунгаж болно.

6. Тухайн прокурорын газрын дээд шатны прокурор нь прокурорын хяналтын хугацааг сунгахдаа дараахь асуудлуудыг харгалзан үзнэ:

6.1.хэрэг нь олон хохирогч, холбогдогчтой, ээдрээ төвөгтэй;

6.2.хэрэг нь олон хавтастай;

6.3.прокурорын ажлын ачаалал;

6.4.прокурорын хяналтын хугацааг зайлшгүй сунгах шаардлагатай бусад нөхцөл байдал.

7. Прокурор нь мөрдөгчөөс мөрдөн байцаалт явуулж дуусган тодорхой санал гарган шилжүүлж ирүүлсэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас гадна дараахь асуудлыг хянасан байвал зохино:

7.1.яллагдагчийн хувийн байдлыг шалгаж тогтоосон эсэх;

7.2.гэмт хэрэг үйлдэх үедээ Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлд заасан насанд хүрсэн эсэх;

7.3.хэрэг хариуцах чадвартай эсэх;

7.4.гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх.

8. Прокурор мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар хянавал зохих асуудлуудыг бүрэн гүйцэд хянасны үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргана.

15.5 дугаар зүйл. Хэргийг хэрэгсэхгүй болгох

1. Прокурор өөрийн санаачилгаар, эсхүл мөрдөгчийн саналыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 2, 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэр гаргаж, энэ тухай тогтоол үйлдэнэ.

2. Прокурор хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг гаргахдаа мөрдөгч хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлийг нотлох баримтаар шалгаж тогтоосон эсэхийг сайтар хянана. 

3. Прокурор хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд өөрийн шийдвэрийн үндэслэлийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан дэлгэрэнгүй, хууль зүйн үндэслэлтэй бичихээс гадна яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээ, хураан авсан эд зүйл, эд мөрийн баримт, битүүмжилсэн эд хөрөнгийг хэрхэх тухай, хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг оролцогч нарт гардуулах, гардан авахыг мэдэгдэх, гомдол гаргах журмыг тус тус тодорхой зааж өгнө.

4. Хэрэв үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчлийн шинжтэй болох нь тогтоогдсон тохиолдолд прокурор, мөрдөгч нь энэ зааврын 14.2 дугаар зүйлийн 8, 9, 10, 11, 12 дахь хэсэгт заасан журмыг хэрэгжүүлж ажиллана.

5. Прокурорын туслах ажилтан хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэр гарсан даруй оролцогч нарт мэдэгдэх хуудсаар, эсхүл харилцаа холбооны сүлжээгээр, эсхүл цахим хаягаар нь мэдэгдэж болно.

6. Цахим хаягаар мэдэгдсэн тохиолдолд оролцогч тухайн мэдээллийг хүлээж авсан эсэхийг сайтар нягталсан байвал зохино.

7. Прокурорын туслах ажилтан хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид тогтоол гарсан өдрөөс хойш 7 хоногийн дотор гардуулж, энэ тухай тэмдэглэл үйлдэн баталгаажуулж, хэргийн материалд хавсаргана.

8. Хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг авах хүсэлт гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад оролцогчид тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш 7 хоногийн дотор ирж гардан авахыг прокурорын туслах ажилтан мэдэгдэж, энэ тухай тэмдэглэл үйлдэн баталгаажуулж, хэргийн материалд хавсаргана.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасан оролцогч хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг хүлээн авахаас зайлсхийсэн, татгалзсан, эсхүл хууль, зааварт заасан хугацаанд гардаж аваагүй бол прокурорын туслах ажилтан энэ тухай тэмдэглэл үйлдэн баталгаажуулж, хэргийн материалд хавсаргана.

10. Прокурор төрийн нууцтай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид тогтоолыг гардуулахгүйгээр танилцуулах ба хэзээ, хэрхэн танилцуулсан талаар тэмдэглэл үйлдэн баталгаажуулж, хэргийн материалд хавсаргана.

11. Хэд хэдэн хүн яллагдагчаар татагдсан тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл нь нийт яллагдагчид хамаарахгүй байвал прокурор дараахь байдлаар шийдвэрлэнэ:

11.1.зарим яллагдагчид холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох тогтоол үйлдэх;

11.2.яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тогтоол үйлдэх. 

12. Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон боловч өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, яллагдагч насанд хүрээгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон хэрэгт төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг тухайн прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан прокурорт шилжүүлнэ.

15.6 дугаар зүйл. Хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэрийг хүчингүй болгох

1. Дээд шатны прокурор өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн гомдол, мөрдөгчийн саналаар хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол, хэргийн материалыг хянаж, дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад шилжүүлнэ:

            1.1.яллагдагч өөрийн гэм буруугүйг шүүхээр тогтоолгон цагаатгах шүүхийн шийдвэр гаргуулахаар дээд шатны прокурорт гомдол гаргасан;

            1.2.гэрч, шинжээчийн санаатай гаргасан худал мэдүүлэг, дүгнэлт, орчуулагч, хэлмэрчийн санаатай худал орчуулга, хуурамч нотлох баримт, тэмдэглэл, баримт бичгийг үндэслэж прокурорын шийдвэр гарсан нь тогтоогдсон;

            1.3.прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;

            1.4.хэрэг нь хэрэгсэхгүй болгогдсон яллагдагч, хуулийн этгээд гэм буруутай болохыг нотлох, прокурор шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн;

            1.5.хуулийг илт буруу хэрэглэсэн прокурорын шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн бол.

2. Дээд шатны прокурор энэ зүйлийн 1.2-1.5-д заасан шинэ нөхцөл байдлыг прокурорын хянан шалгах ажиллагаа явуулж тогтоосны эцэст хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэрийг хүчингүй болгох эсэхийг шийдвэрлэнэ.

3. Дээд шатны прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.6, 2.14, 2.16, 15.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэрийг хянаж, үндэслэлгүй гэж үзвэл тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад шилжүүлнэ.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан /32.5 дугаар зүйлийн 1.1, 1.5/ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч, мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3-т заасан /32.5 дугаар зүйлийн 1.4/ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосныг яллагдагчийн өмгөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүн эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу дээд шатны прокурор нь хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэрийг хүчингүй болгосон бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулна.

Прокурор энэ тохиолдолд яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлнэ.

5. Дээд шатны прокурор нь хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэрийг хүчингүй болгох тухай тогтоолд тухайн шийдвэрийг гаргах болсон үндэслэлээ нотлох баримтад тулгуурлан тодорхой тусгаж өгнө.

6. Дээд шатны прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд тухайн шийдвэрийг гаргасан прокурорын хяналтад хэргийг дахин хувиарлахгүй ба өөр прокурорын хяналтад өгнө.

15.7 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах

1. Прокурор өөрийн санаачлагаар, эсхүл мөрдөгчийн саналыг үндэслэн дараахь тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүчингүй болгож, хавтаст хэргийн материалыг хэрэг бүртгэлтэд буцаана:

1.1.мөрдөн шалгах ажиллагааг явуулсан боловч яллагдагчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй бол эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүчингүй болгож, хавтаст хэргийн материалыг хэрэг бүртгэлтэд буцаах;

1.2.нэгтгэн шалгаж байгаа хэд хэдэн гэмт хэргийн аль нэг нь нотлогдохгүй байвал прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухайн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тусгаарлан хавтаст хэргийн материалыг хэрэг бүртгэлтэд буцаах.

 

2. Хэд хэдэн хүн яллагдагчаар татагдсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүчингүй болгох үндэслэл нь нийт яллагдагчид хамаарахгүй байвал прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолоос зөвхөн тухайн яллагдагчид холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай тогтоол үйлдэнэ.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн байцаалт явуулсан хэрэгт яллагдагчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй бол прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэнэ.

4. Прокурор энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол тогтоолд хэрэг бүртгэлтийн хэргийн дугаар олгохгүй, мөрдөн байцаалтын дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд шилжүүлнэ.    

5. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг оролцогч нарт мэдэгдэх, тогтоолыг гардуулах ажиллагаанд энэ зааврын 14.2 дугаар зүйлийн 5, 6, 7, 8, 9 дэх хэсэгт заасан журмыг баримтална.

6. Дээд шатны прокурор өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн гомдол, мөрдөгчийн саналаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг хянаж дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

6.1.үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хүлээн авахаас татгалзах, эсхүл мөрдөгчийн саналыг хэрэгсэхгүй болгох;

6.2.үндэслэлгүй гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг хүчингүй болгох.

15.8 дугаар зүйл. Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах

1. Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт, эсхүл нэмэлт оруулах тухай тогтоол үйлдэнэ.

2. Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт, эсхүл нэмэлт оруулсан тогтоолыг яллагдагч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид даруй танилцуулахыг мөрдөгчид даалгана.

3. Мөрдөгч прокурорын даалгасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт, эсхүл нэмэлт оруулсан тогтоолыг яллагдагчид танилцуулан, эрхийг нь тайлбарлан өгч, энэ тухай тэмдэглэлд тусган гарын үсэг зуруулна.

4. Яллагдагч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт, эсхүл нэмэлт оруулсан тогтоолтой танилцахаас татгалзвал түүнд тогтоолыг уншиж, энэ талаар тэмдэглэл хөтөлж, шаардлагатай бол дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3, 7.4 дүгээр зүйлд зааснаар яллагдагч нь сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй тул түүнд урьд нь яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт, эсхүл нэмэлт оруулсан тогтоолыг танилцуулаад мэдүүлэг өгөх эсэхийг тодруулна.

6. Яллагдагч мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн бол мөрдөгч яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт, эсхүл нэмэлт оруулсан талаар мэдүүлэг авч болно.

15.9 дүгээр зүйл. Яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх

1. Прокурор мөрдөн байцаалт явуулж дуусган тодорхой санал гаргаж шилжүүлэн ирүүлсэн хэргийг хянаж, өөрийн санаачилгаар, эсхүл мөрдөгчийн саналыг үндэслэн шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэнэ.

2. Прокуророос яллах дүгнэлт үйлдэх хугацааг прокурорын хяналтын хугацаанд оруулж тоолно.

3. Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ энэ зааврын 16.5 дугаар зүйлд заасан прокурорын хяналтын эрх зүйн хэлбэрт тавигдах шаардлагыг хангаж үйлдэнэ.

4. Прокурор яллах дүгнэлтийг 2 хувь үйлдэж, 1 хувийг тухайн прокурорын газрын бичиг хэргийн нэгж болгон дугаарын дэс дарааллаар хадгалж, 1 хувийг хэргийн материалд хавсаргах ба яллагдагчид хувийг гардуулж өгнө.

5. Хэрэгт хэд хэдэн хүн яллагдагчаар татагдсан бол яллагдагч тус бүрд яллах дүгнэлтийн хувийг гардуулж өгнө.

6. Прокурор яллах дүгнэлт үйлдсэн даруй хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэн, энэ тухай тэмдэглэл үйлдэн баталгаажуулж хэргийн материалд хавсаргана.

7. Прокурор, прокурорын туслах ажилтан цагдан хоригдож буй яллагдагчид цагдан хорих байрны захиргаагаар дамжуулан яллах дүгнэлтийн хувийг гардуулж өгнө.

8. Прокурор, прокурорын туслах ажилтан яллах дүгнэлтийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл үйлдэж, яллагдагчаар овог, нэрийг гаргацтай бичүүлж, гарын үсэг зуруулна.

9. Захиргааны ажилтан яллах дүгнэлт үйлдсэн хэргийн материалыг даруй харьяалах шүүхэд хүргэнэ. 

10. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийн материалыг шүүхэд хүргүүлэх ажиллагааг тусгай журмаар зохицуулна.

АРВАН ЗУРГАДУГААР БҮЛЭГ. ПРОКУРОРЫН ХЯНАЛТЫН ЭРХ ЗҮЙН ХЭЛБЭР

                АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ. ДЭЭД ШАТНЫ ПРОКУРОРЫН

ДАВХАР ХЯНАЛТ, ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭЛБЭР

17.1 дүгээр зүйл. Дээд шатны прокурорын давхар хяналт

1. Дээд шатны прокурор нь дараахь үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд давхар хяналтыг хэрэгжүүлнэ:

1.1.Прокурорын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар;

1.2.Улсын ерөнхий прокурорын тушаал, зааварт зааснаар.

2. Дээд шатны прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокуроруудын ажлыг өдөр тутмын мэргэжлийн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд хяналт тавина.  

3. Дээд шатны прокуророос хэрэгжүүлж буй давхар хяналт нь гэмт хэргийн талаархи зарим гомдол, мэдээлэл, хэргийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шуурхай шалгаж шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

4. Дээд шатны прокурор Прокурорын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасан шийдвэрийг хянахдаа доод шатны прокуророос хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалтын хэргийг хэрэгсэхгүй болгосон, түдгэлзүүлсэн тогтоол гаргасан даруй хянана.

5. Дээд шатны прокурор шаардлагатай гэж үзвэл доод шатны прокурорын хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалтын хэргийг хэрэгсэхгүй болгосон, түдгэлзүүлсэн хэргийг тогтоол гарснаас хойш 14 хоногийн дотор хянана.

6. Дээд шатны прокурор нь мөрдөгчөөс санал гаргаж ирүүлсэн хэргийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хянана.

7. Дээд шатны прокурор Прокурорын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-10.1.8-д заасан шийдвэрийг шүүхийн шийдвэр гарсан даруй хянаж танилцана.

17.2 дугаар зүйл. Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, туслах прокуророос хэрэгжүүлэх давхар хяналт

1. Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан туслах прокуророос дор дурьдсан хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явц, үр дүн, шийдвэрлэлтэнд давхар хяналт тавина: 

1.1.улс төрд нөлөө бүхий хүн, төрийн өндөр албан тушаалтан, дипломат дархан эрх ямба эдэлж байгаа хүн, шүүгч, прокурор болон авлигатай тэмцэх, хил хамгаалах, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах албан тушаалтанд холбогдох хэрэг;

1.2.Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан туслах прокуророор мөрдөн байцаалтын хугацаа сунгуулсан хэрэг;

1.3.Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан туслах прокуророос тэдгээрийн давхар хяналтанд оруулахыг даалгасан хэрэг.

17.3 дугаар зүйл. Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, Сум дундын ерөнхий прокуророос хэрэгжүүлэх давхар хяналт

1. Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор нь Нийслэл, дүүргийн прокурорын газрын хяналтанд байгаа дор дурьдсан хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явц, үр дүн, шийдвэрлэлтэнд давхар хяналт тавина: 

1.1.энэ зааврын 17.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан хэрэг;

1.2.нийслэлийн прокуророос давхар хяналтанд оруулахыг даалгасан хэрэг.

2. Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор нь Аймаг, Сум дундын прокурорын газрын хяналтанд байгаа энэ зааврын 17.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явц, үр дүн, шийдвэрлэлтэнд давхар хяналт тавина.

3. Тээвэр, Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, Сум дундын ерөнхий прокурор нь тухайн хариуцсан прокурорын газрын хяналтанд байгаа энэ зааврын 17.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явц, үр дүн, шийдвэрлэлтэнд давхар хяналт тавина.

17.4 дүгээр зүйл. Дээд шатны прокурорын давхар хяналтыг хэрэгжүүлэх арга хэлбэр

1. Дээд шатны прокурор нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд давхар хяналтыг дараахь арга хэлбэрээр хэрэгжүүлнэ:

            1.1.гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, эрүүгийн хэргийн тухай мэдээллийг харилцан шуурхай солилцох;

            1.2.прокурорын хяналтын ажлын нэгдсэн бүртгэлээр хяналт тавих;

            1.3.эрүүгийн хэрэг, материалыг танилцах, хянах;

            1.4.давхар хяналтанд орсон хэргийн талаархи судалгаа, танилцуулга, прокурорын эрх зүйн хэлбэрүүд, холбогдох бусад бичиг баримтыг гаргуулан авч хянаж танилцах;

            1.5.оролцогчдын гаргасан гомдол, хүсэлтийг хянаж шийдвэрлэх;

            1.6.мөрдөгчийн гаргасан саналыг хянаж шийдвэрлэх; 

            1.7.мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага, прокурорын газрын ажлыг иж бүрэн, хэсэгчлэн шалгах.

2. Улсын ерөнхий прокурорын газрын болон Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хэлтэс нь Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, туслах прокурор, Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокуророос давхар хяналтанд оруулахыг даалгасан хэргийн талаар харьяалах прокурорын газарт албан бичгээр даруй мэдэгдэнэ.

3. Прокурор энэ зааврын 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай, түүнчлэн давхар хяналтанд оруулсан хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явц, үр дүн, шийдвэрлэлтийн талаархи мэдээллийг тухай бүр нь дээд шатны прокурорт амаар болон бичгээр шуурхай танилцуулна.

4. Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Сум дундын прокурорын газар нь дээд шатны прокурорын давхар хяналтанд орсон хэргийн холбогдох мэдээллийг прокурорын нэгдсэн бүртгэлд тухай бүр үнэн зөв, бүрэн гүйцэд бүртгэнэ.

5. Дээд шатны прокурор нь давхар хяналтанд орсон хэрэгтэй хянаж, танилцаад, хэргийг шуурхай шийдвэрлүүлэх зорилгоор цаашид хийгдэх мөрдөн шалгах ажиллагаа, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг, чиглэл өгч биелэлт үр дүнг тооцно.

6. Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, сум дундын ерөнхий прокурор нь давхар хяналтад орсон хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явц байдалтай тогтмол танилцаж, хэргийг үндэслэлтэй зөв, шуурхай шийдвэрлүүлэх үүрэг хүлээнэ.

7. Дээд шатны прокурор өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчдын гаргасан хүсэлт, гомдол, эсхүл мөрдөгчийн гаргасан саналаар давхар хяналтанд орсон хэрэг, материалыг хянаж, үндэслэлгүй гэж үзвэл прокурорын гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, өөрчилж, буцаан авна.

8. Прокурорын газрууд харьяа мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын, Улсын ерөнхий прокурорын газар болон Аймаг, Нийслэлийн прокурорын газар нь харьяалах прокурорын газрын ажлыг иж бүрэн, хэсэгчлэн шалгах үед дээд шатны прокурорын давхар хяналтад орсон хэргийг хянаж танилцан, шуурхай шийдвэрлүүлэх зорилгоор даалгавар, чиглэл өгч, биелэлт үр дүнг тооцно.

9. Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Сум дундын прокурорын газар нь давхар хяналтад орсон хэргийг прокурор, шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд уг шийдвэрийн талаар холбогдох дээд шатны прокурорт харилцаа холбооны сүлжээгээр даруй мэдэгдэж, 7 хоногийн дотор бичгээр танилцуулга хүргүүлнэ.

10. Улсын ерөнхий прокурорын шийдвэрээр эрх бүхий прокурор нь дээд шатны прокурорын давхар хяналтын зарим бүрэн эрхийг хэрэгжүүлж болно.

11. Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Сум дундын прокурорын газар нь Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан туслах прокурорын давхар хяналтанд оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн хэргийн талаар тухай бүр албан бичгээр хүсэлтээ хүргүүлж, шийдвэрлүүлж болно.

17.5 дугаар зүйл. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай шуурхай мэдээлэх

1. Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Сум дундын прокурорын газар нь дор дурьдсан гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авмагц Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, туслах прокурор, Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорт  харилцаа, холбооны хэрэгсэл ашиглан даруй мэдэгдэж, 3 хоногийн дотор бичгээр танилцуулга хүргүүлнэ:

            1.1.хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах /Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/

            1.2.Бэлгийн мөлжлөг /Эрүүгийн хуулийн 12.3/, Хүн худалдаалах /Эрүүгийн хуулийн 13.1/, Хүн хулгайлах /Эрүүгийн хуулийн 13.2/, Хүн барьцаалах /Эрүүгийн хуулийн 13.3/, Хүнийг хүчээр алга болгох /Эрүүгийн хуулийн 13.4/, Хүний цус, эд эрхтнийг хууль бусаар авах /Эрүүгийн хуулийн 15.3/, Хүүхэд худалдах /Эрүүгийн хуулийн 16.6/

            1.3.Мөнгө угаах /Эрүүгийн хуулийн 18.6/

            1.4.Эрүү шүүлт тулгах /Эрүүгийн хуулийн 21.12/

            1.5.Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах /Эрүүгийн хуулийн 24.3/

            1.6.Цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийг хууль бус эргэлтэд оруулах

            1.7.Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах /Эрүүгийн хуулийн 25.5/,

            1.8.Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюултайгаар халдах /Эрүүгийн хуулийн 27.1/, Агаарын хөлгийг авч зугтаах /Эрүүгийн хуулийн 27.8/ гэмт хэрэг;

            1.9.Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн 14.6, 14.7, 14.8, 14.9/,

            1.10.Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн 19.1-ээс 19.13/,

            1.11.Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн 20.1, 20.2, 20.3/,

            1.12.Хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг;

            1.13.улс төрд нөлөө бүхий этгээд, гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат ажилтны бие, орон байр, автомашинд халдсан гэмт хэрэг;

            1.14.улс төрд нөлөө бүхий этгээд, дипломат дархан эрх ямба эдэлж байгаа хүн, шүүгч, прокурор болон авлигатай тэмцэх, хил хамгаалах, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах албан тушаалтнуудын холбогдсон, үйлдсэн гэмт хэрэг;

            1.15.байлдааны галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис болон химийн хорт бодистой холбоотой гэмт хэрэг;

            1.16.гадаадын иргэн, харьяалалгүй хүнд халдсан хүнд гэмт хэрэг;

            1.17.цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байгаа улсын онц чухал обьектод гэмт халдлага гарсан, халдан довтолсон, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан талаархи мэдээлэл;

            1.18.мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын өрөө, тээврийн хэрэгсэл болон баривчлах, цагдан хорих байр, хорих байгууллагад хүн нас барсан талаархи мэдээлэл;

            1.19.гал түймэр, усны үер, газар хөдлөлт, хүн малын гоц халдварт өвчин зэрэг байгалийн гамшиг болон үйлдвэрлэлийн болон техникийн томоохон осол аваар, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болсон төр, засгийн байгууллагад хандан шаардлага тавьж буй өлсгөлөн, суулт, жагсаал цуглаан бүхий нөхцөл байдлын талаархи мэдээлэл;

            1.20.шуурхай мэдээлэх шаардлагатай гэж үзсэн бусад гэмт хэрэг, мэдээлэл;

2. Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс нь аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газраас ирүүлсэн шуурхай мэдээний танилцуулгыг прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, туслах прокурорт танилцуулна.

3. Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан туслах прокуророос шуурхай мэдээгээр ирүүүлсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэлтэй танилцаад, дээд шатны прокурорын давхар хяналтанд оруулахыг даалгасан бол Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс нь холбогдох бүртгэлд тусгаж, тухайн прокурорын газарт нь албан бичгээр мэдэгдэнэ.

АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ. ПРОКУРОРЫН

ХЯНАН ШАЛГАХ АЖИЛЛАГАА

18.1 дүгээр зүйл. Прокурорын хянан шалгах ажиллагаа

1. Прокурор өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн гаргасан гомдлын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлд заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хянана.

2. Прокурор хэргийг хянаад прокурорын хянан шалгах ажиллагаа явуулах үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай тогтоол үйлдэж, гомдол гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

3. Прокурор хянан шалгах ажиллагаа явуулах үндэслэл байна гэж үзвэл энэ тухай дээд шатны прокурорт танилцуулж, шийдвэрлэнэ.

4. Хянан шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоолд дараахь зүйлийг тусгана:

            4.1.хэргийн дугаар, хүн, хуулийн этгээдийн нэр;

            4.2.хянан шалгах ажиллагаа явуулах үндэслэл;

            4.3.хийж гүйцэтгэх ажиллагаа;

            4.4.хянан шалгах ажиллагаа явуулах хугацаа.

5. Хянан шалгах ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдалтай холбогдуулан тогтоолд зааснаас өөр ажиллагаа явуулж болно.

6. Хянан шалгах ажиллагааг хөнгөн гэмт хэрэгт 14 хоног, хүнд гэмт хэрэгт 1 сарын дотор явуулах ба үргэлжлүүлэн шалгах бол хугацааг ердийн журмаар сунгуулна.

7. Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан болон хэрэгсэхгүй болгосон, түдгэлзүүлсэн хэрэгт тухайн шийдвэрийг хүчингүй болгосны дараа хянан шалгах ажиллагаа явуулна.

8. Хянан шалгах ажиллагааг тухайн хэргийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор явуулна.

9. Прокурор хянан шалгах ажиллагаа явуулж дуусган үр дүнг дээд шатны прокурорт танилцуулж, шийдвэрлэнэ.

10. Мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй, хуулийг илт буруу хэрэглэсний улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн нь тогтоогдвол прокурор хэргийг өөр мөрдөгчид шилжүүлэх тухай тогтоол гаргаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагад хүргүүлж, хууль зөрчсөн мөрдөгчид хариуцлага тооцуулна.

11. Хянан шалгах ажиллагааны үр дүнгээр тогтоогдсон нөхцөл байдал нь өөр гэмт хэргийн шинжтэй бол хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэж, харьяалах мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагад шалгуулахаар шилжүүлнэ.

12. Мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан бол хянан шалгах ажиллагааг зогсоох тухай тогтоол гаргаж, гомдол гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

13. Хянан шалгах ажиллагаа явуулах болсон үндэслэл тогтоогдсон эсэхээс үл хамаарч цугларсан бүхий л нотлох баримтыг хэрэгт хавсаргана.

АРВАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ. ПРОКУРОР, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА

ЯВУУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

19.1 дүгээр зүйл. Хамтарсан зөвлөгөөн хийх

1. Прокурорын газрууд хяналтын харьяа мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагатай жилд 2-оос доошгүй удаа хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулж болно.

2. Хамтарсан зөвлөгөөнөөр дор дурьдсан асуудлыг хэлэлцэнэ:

            2.1.тухайн нутаг дэвсгэрийн эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргийн гаралт, хөдөлгөөн, шинж чанар, анхаарах асуудлууд;

            2.2.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авах арга хэмжээ, үр дүн;

            2.3.мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүн, анхаарах асуудал;

            2.4.удаан хугацаагаар цагдан хоригдож буй яллагдагчид холбогдох хэргийн талаар;

            2.5.мөрдөн байцаалтын хугацаа сунган удааширч буй хэрэг, түдгэлзүүлсэн хэргийг шуурхай шийдвэрлэх талаар;

            2.6.эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэж буй байдал;

            2.7.мөрдөн шалгах ажиллагааны явцад учирч буй хүндрэл, бэрхшээл, шийдвэрлэх арга зам;

            2.8.хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн бусад асуудал;

3. Хамтарсан зөвлөгөөний үйл явцыг тэмдэглэлд тусгах ба зөвлөгөөнөөс тодорхой асуудлын талаар шийдвэр гаргаж болно.

4. Хамтарсан зөвлөгөөний тэмдэглэл, шийдвэрийг 2 хувь үйлдэж, талууд хадгална.

5. Прокурорын газар болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын удирдлага нь хамтарсан зөвлөгөөнөөс гаргасан шийдвэрийн биелэлтийг тооцож, дараагийн хамтарсан зөвлөгөөн дээр танилцуулна.

19.2 дугаар зүйл. Хамтын ажиллагааны бусад хэлбэр

1. Прокурорын газрууд харьяалах мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагатай дараахь хэлбэрээр хамтран ажиллана:

            1.1.мэдээлэл солилцох, гаргуулан авах;

            1.2.хамтарсан хурал, семинар, уулзалт ярилцлага зохион байгуулах;

            1.3.хамтарсан сургалт зохион байгуулах.

2. Прокурорын газрууд нь гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад  харьяалах мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагатай мэдээллийг харилцан шуурхай солилцож, шаардлагатай гэж үзвэл холбогдох мэдээллийг тухай бүр гаргуулан авна.

3. Прокурорын газар болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага нь хамтарсан хурал, семинар, уулзалт ярилцлагаар тодорхой төрлийн гэмт хэргийг шалгаж шийдвэрлэх арга тактик, зүйлчлэлийн асуудал, хэрэг шалгах ажиллагаа удааширч буй шалтгаан нөхцөл, түүнийг арилгах арга замуудын талаар харилцан ярилцаж шийдвэрлэж байвал зохино. 

ХОРЬДУГААР БҮЛЭГ. ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХ ЗҮЙН

 ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ АЖИЛЛАГАА

20.1 дүгээр зүйл. Олон улсын хамтын ажиллагаа

1. Прокурорын байгууллага нь эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиг үүргийн хүрээнд гадаадын бусад улс оронтой Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд дараахь хэлбэрээр хамтран ажиллана:

1.1. эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх; 

1.2. гэмт хэрэгт холбогдсон хүнийг шилжүүлэн авах, өгөх;

1.3. хорих ял шийтгүүлсэн хүнийг шилжүүлэн өгөх, авах.

2. Хууль, олон улсын гэрээ, хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, гэмт этгээд, хорих ял шийтгүүлсэн хүнийг шилжүүлэн авах, шилжүүлэн өгөхтэй холбогдсон аливаа ажиллагааг Улсын ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэс  хариуцан зохион байгуулна.

3. Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцааг олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу үзүүлэх бөгөөд олон улсын гэрээгээр тусгайлан зохицуулагдаагүй тохиолдолд харилцан эрх тэгш байх зарчимд тулгуурлан гүйцэтгэж байна.

20.2 дугаар зүйл. Гадаад улсын нутаг дэвсгэрт мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах талаархи хүсэлт

1. Мөрдөгч, прокурор нь гадаад улсын нутаг дэвсгэрт мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах талаархи хүсэлтийг утга агуулга, хэлбэрийн хувьд олон улсын гэрээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, хүлээн авагч улсын тухайн харилцааг зохицуулж буй хууль тогтоомжид заасан шаардлагад нийцүүлэн үйлдэнэ.

2. Хүсэлтэд дараахь зүйлийг тусгана:

2.1.хүсэлтийн утга;

2.2.тухайн хэргийг шалгаж буй байгууллага, албан тушаалтны нэр, албан тушаал;

2.3.хүсэлтийг хүлээн авагч улс, түүний эрх бүхий байгууллагын нэр;

2.4.хүсэлтийн болон хэргийн товч утга, учирсан хохирол, хор уршгийн талаархи мэдээлэл;

2.5.хүсэлтийг хүргүүлж буй эрх зүйн үндэслэл;

2.6.эрүүгийн хэрэгт холбогдсон этгээдийн талаархи мэдээлэл;

2.7.Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсэг, оногдуулах ял шийтгэлийн талаархи мэдээлэл;

2.8.мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлууд;

2.9.хүсэлт илгээх болсон зорилго;

2.10.хүсэлт болгож байгаа эрх зүйн туслалцаа, тухайн улсын нутаг дэвсгэрт хийгдэх мөрдөн шалгах тодорхой ажиллагаа, түүнийг хийх журмыг зохицуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалт;

2.11.хүсэлтэд дурдсан хүний талаархи мэдээлэл /овог, нэр, хүйс, төрсөн огноо, иргэний харьяалал, паспортын дугаар, эрхэлсэн ажил, байнга болон түр оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаар, цахим хаяг, фото зураг, хурууны хээ, холбогдох бусад мэдээлэл/;

2.12.хүсэлтэд дурьдсан хуулийн этгээдийн нэр, улсын бүртгэлийн дугаар, бүртгэлийн болон тогтмол үйл ажиллагаа явуулдаг нутаг дэвсгэр, хаяг, холбоо барих утасны дугаар, цахим хаяг, бусад мэдээлэл;

2.13.шаардлагатай тохиолдолд хүсэлт, түүнд агуулагдаж байгаа мэдээллийн нууцлалыг хангаж, бусдад задруулахгүй ажиллах санамж, хүсэлт;

2.14.хүлээн авсан баримт материалыг ашиглах зорилго, тэдгээрийг зөвхөн тухайн зорилгод нийцүүлэн ашиглах, хүсэлтийг хүлээн авагч улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахгүй байдлаар ашиглах тухай баталгаа;

2.15.зардал шаардагдах мөрдөн шалгах тодорхой ажиллагааг гүйцэтгүүлэх тохиолдолд зардлыг хэрхэн шийдвэрлэх талаархи санал;

2.16.шаардлагатай тохиолдолд хүсэлтийг шуурхай гүйцэтгэх шаардлагыг тайлбарлаж, боломжит хугацааны дотор гүйцэтгэх хүсэлт;

2.17.хүсэлтийг хүлээн авсан улсын эрх бүхий албан тушаалтан нь хүсэлттэй холбоотой нэмэлт мэдээлэл шаардсан тохиолдолд тухайн улсын, эсхүл англи хэлээр шууд харилцах албан тушаалтны утасны дугаар, цахим шуудангийн хаяг;

2.18.хүсэлтийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзсэн бусад мэдээлэл.

3. Хүсэлтэд Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээ, мэдээллийг тусгах, хавсаргахыг хориглоно.

4. Шаардлагатай тохиолдолд хүсэлтэд заагдсан ажиллагааг хийж гүйцэтгүүлэх талаар эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр / мөрдөгч, прокурорын тогтоол, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол/-ийн эх хувь, эсхүл баталгаажуулсан хуулбарыг хавсаргана.

5. Хүсэлтэд хавсаргасан материалыг Мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын тамга, тэмдгээр баталгаажуулж, хуудсыг нь үдэж дугаарлан товъёоглож, албан ёсны орчуулгын хамт битүүмжлэн харьяа прокурорын газраар дамжуулан Улсын ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэст хүргүүлнэ.

6. Эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон гадаад улсын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт байхгүй бөгөөд тухайн хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдсэн бол харьяа прокурорын газар нь шийдвэрийн хувийг орчуулгын хамт Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэст хүргүүлнэ.

20.3 дугаар зүйл. Прокуророос хянавал зохих асуудлууд 

1. Прокурор нь мөрдөгчөөс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч дараахь асуудлыг хянана:

1.1.хүсэлтийг олон улсын гэрээ, хуулийн шаардлагад нийцүүлэн боловсруулсан байдал;

1.2.эрх зүйн туслалцаа авах шаардлага, эрүүгийн хэргийн мөрдөх ажиллагаанд хүсч байгаа туслалцааны хамааралтай байдал;

1.3.шаардлагатай нотлох баримт, мэдээлэл, бичиг баримтыг хавсарган  хүргүүлсэн байдал. 

2. Хүсэлтийг хууль, гэрээний шаардлага хангасан гэж үзвэл хүсэлт, түүнд хавсарган хүргүүлж буй баримт бичгийг олон улсын гэрээнд заасан хэлээр, эсхүл хүсэлтийг илгээж байгаа улсын хэл, эсхүл англи хэл дээр орчуулахыг мөрдөгчид  даалгана.

3. Прокурор хүсэлтийг хянаж үзээд шаардлага хангагдсан гэж үзвэл түүнийг гадаад улсын холбогдох байгууллагад уламжлуулахаар Улсын ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэст  хүргүүлнэ.

4. Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэс  хүсэлтийг хүлээн авч, олон улсын гэрээ, хууль, энэ зааврын шаардлагыг хангасан тохиолдолд хүсэлтийг гадаад улсын эрх бүхий байгууллагад хүргүүлэх арга хэмжээ авна. Хүсэлт нь шаардлага хангаагүй тохиолдолд нэмэж хийх ажиллагааг тодорхой дурдаж, хүсэлтийг тухай прокурорын газарт буцаан хүргүүлнэ.

5. Улсын ерөнхий прокурорын газар нь Монгол Улсаас гадаад улсын эрх бүхий байгууллагад хүргүүлсэн хүсэлтийн биелэлтийг хангуулах талаар хууль зүй, дотоод хэрэг болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүнчлэн тухайн гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газартай харилцан мэдээлэл солилцож хамтран ажиллана.

6. Шаардлагатай тохиолдолд хүсэлт хүргүүлэхтэй холбогдуулан гадаад улсын байгууллага, албан тушаалтантай харилцан мэдээлэл солилцоно.

7. Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэс  нь гадаад улсын эрх бүхий байгууллагаас хүлээн авсан хүсэлтийн хариуг цахим бүртгэлд тусгаж, харьяа прокурорын газарт хүргүүлнэ. Мөрдөгч нь прокурорын байгууллагаар дамжигдан ирээгүй хүсэлтийн хариуг шууд хүлээн авсан, эсхүл мөрдөн шалгах тодорхой ажиллагаа хийгдэлгүй гадаад улсаас буцаасан хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд энэ тухай хяналт тавьж буй прокурорын газарт шуурхай мэдэгдэж, цахим бүртгэлд тусгуулна.

8. Гадаад улсын нутаг дэвсгэрт хийгдэх мөрдөн шалгах тодорхой ажиллагаанд мөрдөгч зайлшгүй оролцох шаардлагатай тохиолдолд энэ тухай хүсэлтийг Улсын ерөнхий прокурорын газраар дамжуулж урьдчилан хүргүүлэх ба тухайн гадаад улсын эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөр байлцаж болно.

9. Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол улсын хил орчмын нутаг дэвсгэрийг харьяалах прокурорын газар нь мэдээ, мэдээлэл харилцан солилцох зорилгоор Улсын ерөнхий прокурорын зөвшөөрснөөр гадаад улсын ижил мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж болно.

20.4 дүгээр зүйл. Гадаад улсын эрх бүхий байгууллагаас Монгол Улсын нутаг дэвсгэрт тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг хүссэн хүсэлтийг биелүүлэх

1. Гадаад улсаас эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа авахаар ирүүлсэн хүсэлтийг олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Улсын ерөнхий прокурорын газар хүлээн авна.

2. Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэс  нь хүлээн авсан хүсэлтийг цахим бүртгэлд бүртгэн, олон улсын гэрээ, Монгол Улсын хууль тогтоомжийн шаардлагад нийцсэн тохиолдолд түүнийг гүйцэтгүүлэхээр холбогдох байгууллагад шилжүүлж, шаардлага хангаагүй хүсэлтийг тухайн гадаад улсад буцаана.

3. Улсын ерөнхий прокурорын газраас хүсэлтийг гүйцэтгэх хугацааг прокурорын тогтоолоор тогтоож өгөх бөгөөд тогтоож өгсөн хугацаанд хүсэлтийг гүйцэтгэж дуусаагүй бол хугацаа сунгуулах талаар мөрдөгч нь хийж гүйцэтгэсэн ажиллагаа, цаашид хийх ажиллагааны талаар үндэслэл бүхий  саналаа харьяа прокурорын газраар дамжуулан Улсын ерөнхий прокурорын газарт гаргах ба  түүнээс цаашид хийгдэх ажиллагааг харгалзан гүйцэтгэх хугацааг прокурорын тогтоолоор сунгана.

4. Харьяа прокурорын газар нь хүсэлтийн биелэлтэнд хяналт тавьж, хангуулах ажиллагааг хариуцна.

5. Хүсэлт илгээгч тал нь өөрийн улсын хууль тогтоомжид заасан хэм хэмжээг хэрэглэхийг хүсэлт болгосон нь Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол хүсэлтэд дурдсанаар хэрэгжүүлж болно.

6. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага гадаад улсаас ирүүлсэн хүсэлтийн дагуу холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэн, орчуулгын хамт хяналт тавьж буй прокурорын газарт хүргүүлнэ.

7. Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх хүсэлтийг биелүүлэх ажиллагааны явцад байгууллага хооронд солилцсон мэдээллийг үндэслэн гэмт хэргийг илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэсэн, эрүүгийн хэргийн мөрдөн шалгах, шүүн таслан ажиллагаанд ашигласан бол энэ талаархи мэдээллийг Улсын ерөнхий прокурорын газарт ирүүлж, Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэс  нь туслалцаа авсан улсын холбогдох байгууллагад энэ талаар мэдэгдэнэ. 

20.5 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг, материалыг гадаад улсад шилжүүлэх, Монгол Улсад хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулах

1. Гадаад улсын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа оргон зайлж, Монгол Улсаас гарч явсан бол уг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэн шийдвэрлэх боломжтой эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр харьяа прокурорын газар нь хэргийн танилцуулгыг Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэст хүргүүлнэ.

2. Хууль, гэрээнд заасны дагуу хэргийг гадаад улсад шилжүүлэн шалгуулах үндэслэлтэй гэж үзвэл хэрэгт хяналт тавьж буй прокурор хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тогтоол үйлдэж, хавтаст хэргийн материал, эд мөрийн баримтыг орчуулгын хамт Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэст хүргүүлж, гадаад улсын эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.

3. Баримт, материалыг шилжүүлэх тогтоолд дараахь баримтуудыг хавсаргаж ирүүлнэ:

3.1.гэмт хэрэгт холбогдсон этгээд нь тухайн улсын иргэн болохыг баталсан баримт бичиг, эрх бүхий байгууллагын тодорхойлолт;

3.2.тухайн улсад оршин сууж байгаа тухай тодорхойлолт;

3.3.Монгол Улсаас гарч явсан тухай тодорхойлолт;

3.4.холбогдсон гэмт хэрэг нь тухайн улсад гэмт хэрэгт тооцогддог эсэх;

3.5.хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтын талаархи мэдээлэл;

3.6.Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд төлөх хохирол төлбөргүй, гэмт хэрэг, зөрчилд шалгагдаагүй болохыг баримтаар тогтоосон байна.

4. Мөрдөгч шилжүүлэх баримт, материалыг хуулбарлан баталгаажуулж,  хадгална.

 

5. Гадаад улсад шилжүүлсэн хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тухайн улсын эрх бүхий байгууллагаас Улсын ерөнхий прокурорын газарт ирүүлсэн баримт, шийдвэрийг Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэс  нь уг хэргийг харьяалах прокурорын газарт уламжилна.

6. Гадаад улсад гэмт хэрэг үйлдэж, Монгол Улсад ирсэн этгээдэд холбогдох гадаад улсаас шилжүүлэн ирүүлсэн хэргийг Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэс  хүлээн авч олон улсын гэрээ, хуулийн шаардлагад нийцсэн тохиолдолд, Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэст шалгах харьяаллыг тогтоолгохоор шилжүүлнэ.

7. Гадаад улсаас шилжүүлэн ирүүлсэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эцсийн шийдвэр гарсан бол энэ талаар  харьяа прокурорын газар мэдэгдсэний дагуу Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэс  нь гадаад улсын эрх бүхий байгууллагад уламжилна.

20.6 дугаар зүйл. Гэмт этгээдийг шилжүүлэн авах, шилжүүлэн өгөх

1. Зааврын энэхүү зүйлээр гэмт этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авах, эсхүл гадаад улсад шилжүүлэн өгөх харилцааг зохицуулна.

2. Энэ хэсэгт байгаа нэр томъёог Монгол Улсын олон улсын гэрээ, конвенцид заасны дагуу дараахь байдлаар ойлгоно:

2.1.“тогтоол биелүүлэх зорилгоор хүнийг шилжүүлэн авах, шилжүүлэн өгөх” гэсэн ойлголтод “гэмт этгээдийг шилжүүлэн авах, шилжүүлэн өгөх ажиллагаа хамаарна.

2.2 “ялаас чөлөөлөгдөх хүртэл шилжүүлэн өгөхийг  хойшлуулах” гэсэн ойлголтонд шилжүүлэн өгвөл зохих этгээдэд өөр хэргийн учир “шүүхийн шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан бүхий л төрлийн ял оногдуулсан этгээдийг ялаас чөлөөлөх” ойлголтыг хамааруулна.

2.3.“гэмт этгээд” гэдэгт шилжүүлэн авах Монгол улсын иргэн, шилжүүлэн өгөх гадаад улсын иргэн, давхар харьяалалтай ба Монгол Улсад байнга оршин суудаггүй харьяалалгүй хүнийг хамааруулна. Дүрвэгсэд, Монгол Улсад орогнох эрх олгосон, Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугч гадаад улсын иргэн үүнд хамаарахгүй. 

2.4.“давхар харьяалалтай хүн” гэдэгт зөвхөн гадаад улсад давхар харьяалалтай гадаад улсын иргэд хамаарна.

3. Дараахь асуудлыг Улсын ерөнхий прокурорын тогтоолоор олгосон зөвшөөрлийн дагуу шийдвэрлэнэ:

3.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэгт холбогдсоны дараа гадаад улсад зорчин гарсан Монгол Улсын иргэнийг гадаад улсад эрэн сурвалжлах;

3.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдэн гадаад улсад зорчин гарсан Монгол Улсын иргэнийг гадаад улсаас шилжүүлэн авах;

3.3.Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна гэмт хэрэг үйлдсэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, давхар харьяалалтай ба харьяалалгүй хүнийг харьяат улсад нь шилжүүлэн өгөх, шилжүүлэн өгөх ажиллагааг хойшлуулах тухай;

3.4.Хууль, олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенцид өөрөөр зохицуулаагүй бол гуравдагч орны иргэнийг харьяат улс нь зөвшөөрсөн тохиолдолд шилжүүлэн авах, шилжүүлэн өгөх, шилжүүлэн өгөхийг хойшлуулах.

4. Гадаад улсаас шилжүүлэн авах Монгол Улсын иргэнийг гадаад улсын нутаг дэвсгэрт эрэн сурвалжлах ажиллагааг явуулах тухай хүсэлтийг бусад холбогдох материалын хамт мөрдөгч нь харьяа прокурорын газраар дамжуулан Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэст  ирүүлнэ.

5. Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэс нь Монгол Улсын иргэнийг гадаад улсад эрэн сурвалжлах тухай холбогдох материалыг хүлээн авч хянаад, Улсын ерөнхий прокурорт танилцуулж шийдвэрлүүлнэ.

6. Гадаад улсын нутаг дэвсгэрт эрэн сурвалжлагдаж, хаяг, байршил нь тогтоогдсон Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авах тухай хүсэлтийг хууль, олон улсын гэрээ, хэлэлцээрт заасны дагуу үйлдэн, гэмт этгээдийг баривчилсан, цагдан хорьсон шүүхийн шийдвэр, бусад холбогдох материал, тэдгээрийн орчуулгын хамт харьяа прокурорын газар нь Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэст ирүүлнэ.

7. Монгол Улсын нутаг дэвсгэрт зорчин орж ирсэн гадаад улсын иргэн гэмт этгээдийг эрэн сурвалжилж хаяг, байршил нь тогтоогдмогц түүнийг баривчилж, цагдан хорьсон шүүхийн шийдвэр, бусад холбогдох материал, тэдгээрийн орчуулгын хамт холбогдох прокурорын газар нь Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэст ирүүлнэ.

8. Гадаад улсад гэмт хэрэг үйлдэн Монгол Улсад зорчин орж ирсэн гадаад улсын иргэн, давхар харьяалалтай ба харьяалалгүй хүнийг шилжүүлэн авах тухай гадаад улсын эрх бүхий байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэс хүлээн авч хянаад харьяалах прокурорын газраар дамжуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагад шилжүүлнэ.

9. Шилжүүлэн авах, шилжүүлэн өгөх хүсэлтийг Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэс хянан үзэхдээ хүсэлтэд тухайн этгээд нь хүсэлт гаргасан тухайн улсын иргэн болохыг нотолсон паспорт, бусад баримт бичгийн баталгаат хуулбар, эрх бүхий байгууллагын лавлагаа, албан бичиг болон Монгол Улсын хилээр орсон, гарсан талаархи лавлагаа, тус улсад байх хугацаандаа өөр бусад гэмт хэрэг үйлдсэн, холбогдсон эсэх, өөр эрүүгийн болон иргэний хэрэгт хохирол, нөхөн төлбөр төлөх эсэх  талаар бичгийн баримтуудыг хавсаргасан, гэмт этгээдийг шилжүүлэн өгөхөөс татгалзах үндэслэл байгаа эсэхийг шалгана.

10. Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авах, гадаад улсын иргэнийг шилжүүлэн өгөх хүсэлтийг Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэс хүлээн авч, уг этгээдийг шилжүүлэн өгөх, авах цаг хугацаа, газар, зардал, шилжүүлэн авах ажиллагаанд оролцох бүрэлдэхүүний талаар цагдаагийн байгууллагатай хэлэлцэн тохиролцож гүйцэтгүүлнэ.

11. Гадаад улсын иргэн, давхар харьяалалтай ба харьяалалгүй хүнийг шилжүүлэн өгөх хүсэлтийг хангах боломжтой тухай мэдэгдлийг хүсэлт гаргасан улсын эрх бүхий байгууллагад Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэс илгээснээс хойш хууль, олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан хугацааны дотор хариу ирүүлээгүй, шилжүүлэн аваагүй, уг этгээдийг хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрээр сулласан бол Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэс нь энэ талаар хүсэлт гаргагч талд мэдэгдэнэ.

12. Монгол Улсын иргэнийг гадаад улсад шилжүүлэн өгөхөөс,  гадаад улсын иргэн, давхар харьяалалтай ба харьяалалгүй хүнийг шилжүүлэн авах тухай хүсэлтийг хангахаас тус тус татгалзсан бол Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэс татгалзсан үндэслэлийг тайлбарлаж, хүсэлт гаргагч талд бичгээр мэдэгдэнэ.

13. Шилжүүлбэл зохих хүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт өөр гэмт хэрэг үйлдсэн бол хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл, мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт хорих ял шийтгүүлж, уг ялаа эдэлж дуустал, эсхүл ялаас чөлөөлөгдөх хүртэл  шилжүүлэн өгөхийг Улсын ерөнхий прокуророос олгосон зөвшөөрлийн дагуу хойшлуулсан бол Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэс энэ талаар хүсэлт гаргагч талд мэдэгдэнэ.

14. Шилжүүлбэл зохих хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт өөр гэмт хэрэг үйлдэж, хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдсэн, мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт хорих ял шийтгүүлж, уг ялаа эдэлж дууссан, хорих ялаас хугацааны өмнө суллагдсан, ялыг өөр төрлийн хөнгөн ялаар сольсон, өршөөл, уучлал үзүүлсэн, гэм буруугүйд тооцогдсон, ял эдэлж дуусаагүй байхдаа хорих байгууллагаас оргон зайлсан, нас барсан, эсхүл ялаас чөлөөлөгдсөн, түүнчлэн иргэний хэрэгт хариуцагчаар татагдаж, шүүхийн шийдвэр гарсан бол шийдвэрийн хувийг тухайн хэргийг харьяалан хянаж байгаа прокурорын газар нь Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэст хүргүүлнэ.

15. Шилжүүлэн өгөхийг хойшлуулсан үндэслэл арилсан бол  Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэс нь шилжүүлэн өгөх ажиллагааг хууль, олон улсын гэрээ, хэлэлцээрт заасны дагуу зохион байгуулна.

 

 

----oOo----

Санал асуулга
Статистик мэдээ
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
64
Өчигдөр
100
7 хоногт
1864
Сүүлийн сард
10526
Сүүлийн жилд
79573
Нийт хандалт
79573