БНМАУ-ын Ардын засгийн газраас хувьсгалт хуулийг нарийн чанд сахиулах явдал нь ардын хувьсгалт байгууллыг бэхжүүлэх, хөдөлмөрчид хувьсгалыг хэрэгжүүлэх үндсэн нөхцлийн нэг гэж үзэж, түүнийг бэхжүүлэх тухай асуудлыг ямагт өөрийн анхаарлын төвд байлгах зүйтэй гэсэн бодлогыг баримталж байжээ.

БНМАУ-д 1930 он хүртэл биеэ даасан прокурорын газар байгаагүй бөгөөд энэ тухай анхдугаар Үндсэн хуульд дурдаагүй юм. Дээр хэлсэн ёсоор хууль ёсны биелэлтэнд хяналт тавих үүргийг Шүүх яам хэрэгжүүлж байлаа.

Монгол Ард Улсын Улаан цэргийн шүүх таслах газрын дүрмийг 1928 оны 4 дүгээр сарын 20-нд Монгол Улсын Засгийн газрын 11 дүгээр хурлын 1 дүгээр зүйлд, БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 54 дүгээр хурлын тогтоолын 2 дугаар зүйлд баталжээ.

Уг дүрэмд “Нийтийн хууль ба цэргийн дүрмийг дагаж буй үгүйг хянах ба хэрэгтэнг урьдаар байцаах явдлыг хэрхэн гүйцэтгэж буйг, бас хэрэг тохиолдвол яллах явдлыг гүйцэтгэхийн тулд бүх цэргийн прокурорын тушаалыг байгуулж, цэргийн прокурорын гүйцэтгэх зүйлүүд ба эрх үүргийг тусгай зохиож, зохих газраар батлуулан дагаж шийтгүүлнэ” гэж заасан бөгөөд бүх цэргийн прокурорыг энэхүү дүрмийн 10 дугаар зүйлийн ёсоор томилон байгуулах талаар тусгаж өгсөн байна.

Цэргийн шүүх таслах газруудад орон тоо бүхий байцаагч байж болох бөгөөд тэд нар бол шүүх таслах газрын дарга буюу хэрэв прокурор буй аваас түүнээс даалгасан ёсоор хэргийг байцаах явдлыг гүйцэтгэнэ.

Бүх цэргийн прокуророос мэдүүлсэн ёсоор Бүх цэргийн зөвлөлийн газраас баталсан тусгай орон тоогоор байцаагч нарыг томилон, Цэргийн шүүх таслах газрын байцаагч нараас ногдсон албаны хэргийг гүйцэтгэхдээ ардын шүүх таслах газрын байцаагч нарын тухай заасан зүйлүүд ба цэргийн шүүх таслах газрын тухай дүрэм зааврыг баримтлан явуулж, Цэргийн шүүх таслах газрын байцаагч нарын гүйцэтгэж буй хэргийг хянах явдлыг цэргийн прокурорт даалгасан байна.

1928 онд хуралдсан Улсын V их хурлын тогтоолд улсын байгууллагын зарим албан тушаалтнаас хувьсгалт хууль ёс зөрчсөн тухай баримтыг эрс буруушааж, “Дотоодыг хамгаалах газрын албан хаагчид хэргийн учир чанарыг хянан шинжилж боловсруулахгүйгээр зарим этгээдийг хилсээр хэрэгт холбогдуулан барих, хорих буюу хэргийг даруй түргэн нэгэн тийш болгохгүй удтал хорьж хүлээлгэх ба харьяат олон газруудад үл зохилдох этгээдийг үлэмжхэнээр хэрэглэн байгаа бөгөөд тэдгээр албан хаагчид нь албан тушаалд эрдэж, тус газрын хүнд нэр сүрээр ард олныг айлган дарлах зэргийн үл зохилдох явдал үлэмжхэн гаргасан тул үүнээс хойш засгийн газраас Дотоодыг хамгаалах элдэв явдал ба албан хаагчдыг сайнаар хянаж сайжруулан, нийт хувьсгалын ба улс төрийн хийгээд ард олны эрх чөлөөнд халдах харшлах зэргийн үл зохилдох явдлыг хянаж сэргийлэхийг нарийн чанга болгож хувьсгалын эрх журам[1]-ыг бат сахиулах хэрэгтэй” гэж заажээ.

Түүнчлэн улс, олон нийтийн байгууллагын томилолтоор орон нутагт явж байсан зарим хүмүүс албан тушаалаараа далимдуулан ардуудыг айлгах, аашилж загнах, хууль бус шаардлага тавьдаг явдал байсныг мөн тогтоолоор буруутгасан байна.

Хувьсгалт хууль ёсыг зөрчиж байсан өөр нэг хэлбэр нь “төв, орон нутгийн улс, олон нийтийн зарим байгууллагаас ард иргэдийн эрэлт хүсэлт, өргөдөл, гомдолд хүнд суртлын байр сууринаас хандаж, чирэгдүүлдэг явдал байв[2]” гэж тухайн нөхцөл байдлыг дүгнэж байсан бөгөөд хувьсгалт хууль ёсыг өчүүхэн ч гэсэн зөрчих явдал хувьсгалын хэрэгт хохирол учруулна гэж үзжээ.

Дээр дурдсан нөхцөл шалтгаанаар МАХН, Ардын засгийн газраас хувьсгалт хууль ёсныг цаашид бэхжүүлэх талаар авсан чухал арга хэмжээнүүдийн нэг нь 1930 онд БНМАУ-ын прокурорын газрыг байгуулсан явдал юм.

Прокурорын газрыг эхлээд шүүх яамны харьяанд байгуулж, Улсын прокурорын үүргийг шүүх яамны орлогч сайдад хавсруулжээ. 1930-1931 онуудад Аймаг, хотын прокурорыг байгуулсан байна. Аймаг, хотын прокурорыг улсын прокуророос томилж байв.

Монгол Улсын 1930 оны 7 дугаар сарын 25-нд Засгийн газрын 24 дүгээр хурлын тогтоолын 4 дүгээр зүйл ба 1930 оны 8 дугаар сарын 14-нд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 25 дугаар хурлын тогтоолын 1 дүгээр зүйлээр анх “Прокуроруудын тухай дүрэм”-ийг батласан юм.

Уг дүрэмд улсын прокуроруудаас гүйцэтгэх эрх, үүргийг Бүх улсын доторх аливаа яам, албаны ба ард олноор байгуулсан аж ахуйн хэргүүдийг явуулах газрууд, мөн энгийн худалдаа үйлдвэрийн зэрэг газрууд, энгийн этгээдүүдээс улсын хууль цаазыг хэрхэн ёсоор дагаж байгааг улсын нэрийн өмнөөс хянахын хамт, хэрэв зөрчсөн зүйл байх ахул даруй зохих тушаалыг гаргаж, холбогдогсдын хэргийг байцааж үзээд эрүүгийн ба захирах тушаах хууль дүрмийн ёсоор байцаалган шийтгүүлэх явдлыг удирдан үүсгэж гүйцэтгүүлнэ” гэж заажээ.

Прокурорууд нь аливаа эрүүгийн хэргийг байцаах этгээдүүд ба цагдан сэргийлэх газруудын хэрэг явууллагыг хянах ба удирдах, Улсын дотоодыг хамгаалах газар ба түүнд харьяалагдах салбаруудын хэрэг явууллагыг хянахаас гадна аливаа байцаах хэргийг удирдан гүйцэтгүүлэх, шүүх таслах газруудын хэрэг явууллагыг хянан гүйцэтгүүлэх, шүүх таслах газруудад аливаа хэргийг байцаан тодорхойлон шийтгэхэд улсын өмнөөс туслалцаж, ял оноох хэрэгт оролцохоос гадна, ард олны өмнөөс мөн хэргийн учир байдлыг илтгэх, шүүмжлэх ял хэлэлцэх явдлыг удирдан байгуулах, жич хоёрдугаар ангийн шүүх таслах газраа заалдан мэдүүлсэн аливаа эрүүгийн хэргийг байцаан шийтгэхэд тухайн саналыг гаргах талаарх чиг үүргийг нь тодорхойлсон бөгөөд өөрөөр хэлбэл Улс, олон нийт, хоршооллын бүх байгууллага, түүнчлэн ард иргэдээс хууль ёсыг хэрхэн биелүүлж байгаад тавих хяналтыг улсын нэрийн өмнөөс хэрэгжүүлэх ба хууль зөрчсөн этгээдийг мөрдөн байцаах замаар түүний гэм бурууг тогтоож шүүхэд шилжүүлэх талаар тусгасан байна.

Түүнчлэн Улсын санхүү ба ажлын ардын ашиг тусад холбогдох аливаа иргэний хэргийг шийтгэхэд суулцан хамгаалах талаар заасан одоо гүйцэтгэж байгаа үүрэгтэй нь харьцуулбал төр, нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хийх ажлыг тусгасан байна гэж хэлж болно.

Мөн хэргийг шийтгэн тасалсан тогтоолыг ёсоор гүйцэтгэх ба аливаа хэрэгтэн ялтанг хорих явдлыг хууль ёсоор гүйцэтгэж буй эсэхийг, мөн хэрэгтэн ялтанг хорих газруудын байдал ба албадан ажил хийлгэх явдлыг хэрхэн гүйцэтгэж байгааг ерөнхийлэн хянахаар тусгасан шүүхийн тогтоолын гүйцэтгэл ба хорих газрын үйл ажиллагаанд хяналт тавих ажил байжээ.

Монгол улсын дотор аливаа гэмт явдлыг өдүүлэх хэрэгтэй тэмцэх, цөөтгөх явдлыг эрхлэх газруудын хэрэг явууллагыг ерөнхийд нь хянах ба түүнийг нэг мөр замаар явуулахыг удирдан гүйцэтгүүлнэ гэж гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг заасан бөгөөд прокурорын ерөнхий хяналтыг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс анхлан бий болсон байна.

Мөн дүрмээр шүүхийн тогтоол, шийдвэрт эсэргүүцэл бичиж байх эрх прокурорт олгогдсон байна.

Улсын 7-р их хурал төрийн аппаратын ажлыг үндсээр нь сайжруулахын тулд хүнд суртал гаргах, чирэгдүүлэх, хувьсгалт хуулийн байгууллагууд түүний дотор прокурорын байгууллагад зөрчих явдалтай шийдвэртэй тэмцэл явуулахыг улсын прокурорт үүрэг болгосон байна.

Их хурал энэ хүртэл прокурорын хяналт зөвхөн мөрдөн байцаах ба шүүн таслах ажлаар хязгаарлагдаж байсныг буруушааж “...үүнээс хойш аймгийн яам, хотын захиргаа ба сум хороодын захиргаадаас ард түмэнд хууль дүрмийг таниулах явдлыг чангатгах хийгээд ба хууль цааз зөрчих явдлуудыг эрс хатуугаар тэмцвэл зохино[3]” гэж заажээ.

Их хурлын шийдвэрийн үндсэн дээр прокурорын хяналтыг цаашид хүчтэй болгох зорилгоор 1934 оны 5-р сарын 25-нд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 19-р хурлын 5-р зүйлд “Шүүх таслах ба прокурорын газруудаас дагаж явах дүрэм”-ийг шинэчлэн баталжээ.

Энд прокурорын хяналтын үндсэн чиглэлийг 1930 оны дүрмийн дагуу заахдаа зарим асуудлын талаар улсын прокурорын эрхийг ихээхэн өргөтгөж, мөн прокурорын байгууллагын зохион байгуулалтын зарчмыг тодорхойлсон юм.

Үүнд:

1. Улсын прокурор нь аймгийн прокурор ба мөрдөн байцаах байгууллагын бүх ажил явууллагыг удирдах ба хянах,

2. Яам, тусгай газрын сайд, дарга нараас гаргасан дүрэм, заавар хууль зүйд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, хэрэв дагаж мөрдөж байгаа хуульд харшилбал түүнийг хянуулахаар Сайд нарын Зөвлөлд мэдэгдэж байх

3. Хэрэв 1930 оны дүрэмд прокурор нь дотоодыг хамгаалах газрын бүх үйл ажиллагаанд хяналт тавьж байхаар заагдсан бол шинэ дүрэмд дотоодыг хамгаалах газрын зөвхөн мөрдөн байцаах ажилд тавих хяналтыг хэрэгжүүлэхээр заагджээ.

4. Улсын прокурор нь дээд шүүхээр таслан шийтгэгдэж байгаа хэргүүдэд улсын яллагчаар оролцож байна гэж заажээ.

Шинэ дүрмийн нэг онцлог бол аймгийн прокуроруудын үүргийг тодорхойлсон явдал мөн. Үүнд:

1. Аймгийн прокурор нь улсын прокурорын хяналтын үүргүүдийг түүний даалгавраар аймгийнхаа дэвсгэр нутаг дээр хэрэгжүүлэх,

2. Аймгийн прокурор нь хэрэв аймгийн яамнаас гаргасан тогтоол, тушаал дагаж мөрдөж байгаа хуульд харш байвал түүнийг өөрчлөх тухай асуудлыг улсын прокуророор дамжуулж тавих,

3. Прокурор өөрийн үүргийг гүйцэтгэх явдалтай холбогдсон баримт материалыг албан үйлдвэрийн газруудаас гаргуулан авч байх,

4. Прокурор аймгийн яамны хурлуудад зөвлөх эрхтэй суулцаж байх эрхтэй гэжээ.

Шинэ дүрэм мөрдөн байцаагч аливаа эрүүгийн хэргийг мөрдөхдөө гагцхүү эрүүгийн байцаан шийтгэх хуульд тогтоосон журмыг баримтална гэж онцлон заасан байна.

1939 онд хуралдсан Улсын 22-р бага хурлын шийдвэр хувьсгалт хууль ёсны биелэлтэд тавих прокурорын хяналтыг хүчтэй болгох, ард иргэдийн эрхийг хамгаалахад зарчмын ач холбогдолтой гэж үзсэн байна.

Энэ тогтоолоор “Албан тушаалтнуудаас ардын эрх ашигт зүй бусаар халдаж, хууль бусаар баривчлах, нэгжих, мал хөрөнгийг албадан хураан авах зэрэг хууль бус байдлыг гаргах хийгээд ширүүн догшин дүрийг үзүүлж, хүнд суртлыг гаргах мэтээр хувьсгалт хуулийг эвдэн зөрчигчдөд хатуу хэмжээг үзүүлэн шийтгэж байх”-ыг прокурор, шүүхийн байгууллагуудад даалгажээ.

Түүнчлэн иргэдийн эрэлт хүсэлт, өргөдөл гомдолд анхааралгүй хандаж чирэгдүүлсэн албан тушаалтанд захиргааны арга хэмжээ авахуулахаар зохих байгууллагад нь шилжүүлэх буюу шүүхийн хариуцлагад татаж байх эрхийг прокурорт олгосон байна.

Ялангуяа энэ тогтоолд прокурорын зөвшөөрөл буюу шүүхийн тогтоолгүйгээр ямар нэгэн хүнийг баривчлах явдлыг хатуу хориглохын хамт энэ журмыг зөрчсөн албан тушаалтныг шүүхийн хариуцлагад татаж байхыг прокурорт даалгасан нь хууль ёсыг цаашид бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой байлаа. [4]

Түүнчлэн прокурор хувьсгалт хууль ёсны биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлэхийн хамт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ба тус улсын хууль, тогтоомжийг ард түмэнд байнга тайлбарлан танилцуулахад өөрийн үйл ажиллагааг чиглүүлэхийг даалгасан байна.

                                                                                                           

 Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор, Хууль зүйн ухааны доктор /Ph.D/

                                    М.Гантулга


                                                                                                                  

1]БНМАУ-ын их, бага хурлын тогтоол, үндсэн хууль, тунхгууд 1956 он. 90 дэх тал

[2]Мөн тэнд 91 дэх тал

[3]БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчид ба Сайд нарын Зөвлөлийн хуулиуд хийгээд тушаалуудыг эмхтгэн хавсруулсан сэтгүүл. №2 (75) 240-253 дахь тал

[4]БНМАУ-ын их, бага хурлын тогтоол, үндсэн хууль, тунхгууд 1936 он. 367-368 дахь тал