Тэртээ 1930 оны 4 дүгээр сард хуралдсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 6 дугаар Их Хурлын шийдвэрийн дагуу Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1930 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар тогтоолоор “Улсын прокуроруудаас гүйцэтгэх эрх, үүргийн дүрэм”-ийг баталснаар Монгол Улсад Прокурорын байгууллага анх үүсч хөгжсөн түүхтэй.


Энэхүү дүрмээр прокурор нь бүх яамд, аж ахуй, худалдаа, үйлдвэрийн байгууллагууд, ард, иргэдээс хууль цаазыг хэрхэн дагаж буйг хянах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагуудын ажлыг хянаж удирдах, бүх шүүхүүдийн ажлыг хянах, иргэний хэргийг шүүхээр шийдвэрлэхэд оролцож, улс, олон нийтийн ба ард иргэдийн эрх ашгийг хамгаалах, хүнийг хорих, албадан хөдөлмөр хийлгэх болон шүүхийн тогтоолын биелэлтийг хянах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэхээр тогтоожээ.


Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1976 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 253 дугаар зарлигаар Прокурорын хяналтын хуулийг анх удаа батлан гаргаж, прокурорын байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг баталгаажуулсан байна.


1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд прокурорын байгууллагын чиг үүргийг “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох” гэж заасан нь өнөөгийн прокурорын байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлсон чухал алхам болсон.


Прокурорын хяналтын хуулийг 1993, 2002, 2017 онд тус тус шинэчлэн баталсан бөгөөд эдгээр хуулиуд нь нийгмийн харилцааны өөрчлөлт, хөгжил, эрх зүйн шинэчлэлтэй уялдан прокурорын байгууллагыг бэхжүүлэх, прокурорын эрх, үүрэг, хяналтын арга хэлбэр, үйл ажиллагааны баталгаа, хариуцлагын тогтолцоо зэргийг тухай бүр нь шинэчлэн зохицуулж байснаараа онцлогтой юм.